Ижил хүйстэн хүмүүс
Ижил хүйсийнхээ хүмүүст татагддаг хүмүүс (лесбиян, гей, бисексуал) нь ижил хүйсийхээ хүнийг сонирхож, зүрх сэтгэлийн хувьд татагдаж, дурлаж, бэлгийн харилцаанд ордог хүмүүсийг заасан бэлгийн чиг баримжаа юм. Бэлгийн чиг баримжаа нь бие махбод, хайр дурлал, зүрх сэтгэлийн хувьд аль нэг, эсвэл аль аль хүйсийн хүмүүст татагдах төрөлхийн мөн чанарыг бэлгийн чиг баримжаа гэнэ. Бэлгийн чиг баримжаа ерөнхийлөн гурван төрөл байдаг. Гетеросексуал буюу эсрэг хүйсийнхээ хүмүүст татагддаг бэлгийн чиг баримжаа (стрейт), лесбиян, гей буюу ижил хийсийнхээ хүмүүст татагддаг бэлгийн чиг баримжаа, бисексуал буюу аль аль хүйсийн хүмүүст татагддаг бэлгийн чиг баримжаа багтана. Өөрөөр хэлбэл, эр хүнийг сонирхож, тэдэнд зүрх сэтгэлийн хувьд татагддаг эр хүн буюу гей (Gay), эсвэл эмэгтэй хүнийг сонирхож,тэдэнд зүрх сэтгэлийн хувьд татагддаг эмэгтэй буюу лесбиян (Lesbian), эр эм аль аль хүйсэнд татагддаг буюу бисексуал бэлгийн чиг баримжаа хамаарна.
Оршил
[засварлах | кодоор засварлах]Хүн болгон бэлгийн чиг баримжаатай төрдөг. Хүний бэлгийн чиг баримжааг эсрэг хүйсийн хүнд татагддаг буюу гетеросексуал (Heterosexual), ижил хүйсийн хүнд татагдах буюу гей, лесбиян, болон аль аль хүйсийн хүмүүст татагддаг буюу бисексуал (Bisexual) гэж гурав ангилан нэрлэдэг. Мөн ямар нэг бэлгийн дур хүсэлгүй буюу "асексуал" (аsexual) гэж бас хуваагддаг.
Бидний сонин хэвлэл дээрээс их уншдаг гомо гэсэн товчилсон хэллэг нь ижил хүйстэн хүмүүсийн дунд бус гетеросексуал /эсрэг хvйсийнхээ хүнийг сонирхдог/ хүмүүсийн дунд өргөн ашиглагддаг ба хэсэг бүлэг гетеросексуал /эсрэг хүйстнээ сонирхдог/ хүмүүс гей, лесбиян хүмүүсийг доромжлох хэллэг болгон хэрэглэх нь их байдгаас болж (ялангуяа, эрэгтэй хүмүүс дээр хэрэглэдэг) ялгаварлан гадуурхсан утга агуулагддаг болсон (гомофобиа (Homophobia)г хар.- Ижил хүйстэн хүмүүсээс айх, үзэн ядах үзэл).
Ижил хүйсийнхээ хүнд татагдах нь өвчин мөн үү?
[засварлах | кодоор засварлах]Хүн төрөлхтөн 19-р зууны сүүлчээс ижил хүйсийн бэлгийн чиг баримжааг судалж эхэлсэн ба ихэнхи эртэмтэд гомосексуал байна гэсэг бол өвчин гэж үзэж байсан. Түүгээр ч барахгүй сэтгэцийн эмгэг гэж үзэн эмчлэх гэж оролдож эхэлсэн. Харин 1970-д оноос Америкийн Сэтгэл Мэдрэлийн Нийгэмлэгээс ижил хүйстнээ сонирхох нь өвчин биш гэдгийг нотолсон юм. Улмаар 1990 онд Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллага ижил хүйстнээ сонирхох нь ямар нэг өвчин биш бөгөөд хүний бэлгийн чиг баримжааны нэг юм хэмээн сэтгэцийн өвчний жагсаалтаас хассан юм.
Өдгөө дэлхийн ихэнх оронд дээрхтэй адил өвчин эмгэг биш хэмээн үзэж, өөрийн орны эрүүл мэндийн салбарын өвчний жагсаалтаас хассан.
Монгол улсын хувьд 2000 он гарснаас хойш гомосексуал бэлгийн чиг баримжааг сэтгэцийн өвчин гэж үзэхээ больсон юм.
Яагаад ижил хүйсийнхээ хүнийг сонирхдог вэ?
[засварлах | кодоор засварлах]Ижил хүйсийнхээ хүнийг сонирхдог болно гэдэг бол хэн нэгэнд уруу татагдах, эсвэл өөрийн дур хүслээр ижил хүйстэн болдог гэсэн ойлголт өнөөг хүртэл их байдаг буруу ойлголт юм. Ялангуяа Монгол улсын хувьд 1990-д оны сүүлчээр хэвлэл мэдээлэл, хошин шог, кино зохиолын хэрэгслээр нийтэлсэн буруу ташаа мэдээллээс болж иймэрхүү байдлаар буруу ойлгох ойлголт газар авсан. Гэвч орчин үеийн шинжлэх ухаан дээрх энэхүү "болдог" гэх ойлголт нь ямар ч ор үндэслэлгүй гэдгийг нотолсон. Өөрөөр хэлбэл, хэн нэгэнд уруу татагдаад, эсвэл өөрийн дур хүслээр ижил хүйсийнхээ хүнийг сонирхдог, татагддаг болно гэж байхгүй. Ижил хүйсийнхээ хүнийг сонирхох бэлгийн чиг баримжаа гэдэг бол 100% төрөлхийн болох нь нотлогдсон. Хэнд дурлаж, таалахаа хүн өөрөө сонгох боломжгүй, харин цаанаасаа мэдэрдэг.
Олон жилийн судалгаа эцэг, эхийн бэлгийн зан үйл хүүхдэд нь нөлөөлснийг баталсан буюу хүүхдийнхээ ижил хүйстэнтэй бэлгийн харилцаанд орох зан үйлийн шалтгаан нь эцэг, эх нь байсан тохиолдлыг олж тогтоосон нь үгүй байна. Ижил хүйсийн хүнтэй бэлгийн харьцаанд ордог гэр бүлээс гаралтай хүүхдүүдийн 90 гаруй хувь нь эсрэг хүйстнээ сонирхдог байжээ. Түүнчлэн ижил хүйстнүүдийн ихэнх хувь нь гетеросексуал /эсрэг хүйстнээ сонирхдог/ гэр бүлд төрж, өссөн байдаг. Хүн судлаач нар гомосексуал зан үйлийг нэлээд анхааралтай судалсны эцэст сүүн тэжээлт аймгийн бүх амьтанд энэ харилцаа байдаг болохыг тогтоосон байна. Хүн төрөлхтний хөгжлийн бүхий л үе шатанд ан амьтан, хорхой шавьж ижил хүйстэнтэйгээ бэлгийн харилцаанд орж байсан бөгөөд ийм өргөн хэмжээний үзэгдлийг гаж гэж үзэх үндэслэлгүй хэмээжээ.
Хүмүүс бэлгийн чиг баримжаагаа сонгох /өөрчлөх/ боломжтой юу?
[засварлах | кодоор засварлах]Хүн өөрийнхөө бэлгийн чиг баримжааг сонгох юм уу өөрчилж чадахгүй. Дээр дурьдсанчлан 100% төрөлхийн мэдрэмж юм. Түүнчлэн ижил хүйстэн хүмүүс чин сэтгэлээсээ хүсч, чармайвал гетеросексуал чиг баримжаатай болох боломжтой гэж боддог болон асуудаг хүмүүс нилээдгүй байдаг. Харин мэргэжилтнүүд үүнд дараах байдлаар хариулжээ.
“Хэдийгээр гей буюу лесбиян хүмүүс өөрсдийгөө өөрчлөхийг эрмэлзэн, хүч гаргаж байсан ч энэ чармайлт нь талаар өнгөрдөг. Хүмүүс ижил хүйстэнтэй хавьтахыг гаж зуршил буюу сэтгэцийн өвчин гэж үзэж, эмчлэхийг оролдож байсан ч энэ нь дэмий оролдлого байлаа. Учир нь энэ бол өвчин биш. Харин гомосексуал бэлгийн чиг баримжаатай хүмүүсийн хувьд бэлгийн амьдралынхаа зан үйлийг л өөрчлөх боломжтойгоос бус бэлгийн чиг баримжаагаа өөрчлөх боломжгүй юм. Тэгэхээр гей эсвэл лесбиян хvн эсрэг хүйсийнхээ хүнийг сонирхох гэж өөрийгөө хүчлэх нь дотоод мэдрэмжтэй зөрчилдөхөд хүргэж, ихэвчлэн сэтгэл зүйн гүн хямрал, жинхэнэ сэтгэцийн өвчлөл үүсгэдэг аж.“
Судалгаагаар ижил хүйстнээ сонирходог өсвөр насныхны дунд амиа хорлох явдал гурав дахин илүү тохиолддогийг тогтоожээ. Магадгүй бусад хүмүүс ойлгоогүйгээс, шоолж доромжлон, ялгаварлан гадуурхсанаас, өөрийгөө гаж, хэвийн бус гэж бодсоноос гэх мэт сэтгэл зүйн дарамт нөлөөлсөн байж болох юм (Монгол улсад одоогоор иймэрхүү нарийн судалгаа хийгдээгүй).
Ижил хүйсийнхээ хүмүүст татагддаг хүмүүсийн харилцаа холбоо
[засварлах | кодоор засварлах]Гомосексуал бэлгийн чиг баримжаатай хүмүүс нь дотроо олон янзаар тодорхойлогддог ба зарим нь зан авир, биеээ авч яваа байдлаараа танигддаг. Харилцаа холбооны хувьд ихэнх нь ѳѳртэйгѳѳ ижил хүйсийн хүнтэй бэлгийн болон хайр сэтгэлийн харилцаа холбоотой байдаг боловч зарим нь эсрэг хүйстэндээ давхар татагддаг бисексуал (Bisexual) мѳн зарим нь огт хайр сэтгэлийн холбоо үүсгэлгүй ганцаараа байдаг. Судалгаагаар Кинсэйгийн хуваарь нь гей (Gay), лесбиян (Lesbian) хүмүүсийн ихэнх нь чин үнэнч, бат бѳх хайр сэтгэлийн холбоог хүсдэг нь батлагдсан ба гей эрчүүдийн 40%-60%, лесбиян эмэгтэйчүүдийн 45%-80% нь одоогоор энэ харьцаанд байна. Судлаачдын олж тогтоосноор ижил хүйсийн, эсрэг хүйсийн хосууд нь хайр сэтгэл болон дотно харьцаа холбооны сэтгэл ханамж дээр тэнцүү харьцаатай байна.
Хүн амд эзлэх хувь
[засварлах | кодоор засварлах]Өнөөг хүртэл гей, лесбиян, бисексуал хүмүүс нь бэлгийн цөөнх хэмээн ирсэн. Үнэхээр цөөнх мөн үү гэдэг бас эргэлзээтэй. Энэ талаар хийсэн судалгаа дэлхийд олон байдаг. Ерөнхийдөө хүн амын 2-13% эзэлдэг. Өөрөөр хэлбэл Монгол Улсын хувьд, 2% гэж бодвол 60.000 орчим, 13% гэж бодвол 300.000 орчим байх магадлалтай. Энэ бол бага тоо биш. Нөгөөтэйгүүр хэт цөөнх ч бас биш бөгөөд ихэнх тохиолдолд нууцлагдмал далд амьдралд байдал нь цөөнх мэт санагдуулж буй нэг шалтгаан юм. Доор хэд хэдэн орны хийсэн судалгааны дүн,
- Англи улсад 1992 онд хийсэн судалгаагаар эрэгтэйчүүдийн 3.6%, эмэгтэйчүүдийн 1.7% нь гомосекс болон бисекс байдаг. Бисексуал хүмүүсийг хасвал эрэгтэй 1%, эмэгтэйчүүдийн 0.5% гэж үзсэн гарсан байна.
- 1995 онд Америк улсад хийсэн судалгаанд, эрэгтэй 6.2%, эмэгтэй 3.6% нь гомосекс байдаг гэсэн тооцоо гарчээ.
Дашрамд дурдахад Хятад улсад ойролцоогоор 100 саяас дээш гей хүмүүс байдаг гэсэн судалгаа байдаг.
Сүүлийн үед ДЭМБ-ийн болон бусад холбогдох байгууллагуудын тайланд дурдснаар бол "аливаа улсын хүн амын 10% нь ЛГБТИ буюу бэлгийн чиг баримжаа болон хүйсийн баримжаа, илэрхийллийн цөөнх хүн ам эзэлдэг" гэж үздэг болсон.
Ижил хүйсийнхээ хүмүүст татагддаг хүмүүсийн эрх ашиг ба ДОХ
[засварлах | кодоор засварлах]Ижил хүйсийнхээ хүмүүст татагддаг хүмүүс ялангуяа гей болон бисексуал эрчүүд эрсдэл өндөртэй бүлэгт хамрагддаг. Дэлхийн олон оронд, тухайлбал БНХАУ, Япон, Америк болон Европын орнууд гей хүмүүсийн тухайд тусгайлан анхааралд авч, төрөөс хууль эрх зүйн орчныг бүрдүүлэн энэ чиглэлийн сургалт, ажиллагааг Засгийн Газраас нь дэмжин явуулдаг. Сүүлийн үед БНХАУ ч энэ тал дээр дорвитой арга хэмжээ аван ажиллаж байгаа. Анх 1980-д оны дундуур гей хүмүүсийн дунд ДОХ/ХДХВ-н тархалт газар авч байснаас болж гей эрчүүдийн өвчин хэмээгдэн хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаж байсан нь нийгэмд гей хүмүүсийн эсрэг болоод таагүй сэтгэгдэл, мөн болгоомжлолыг үүсгэж байсан. Харин 1980-д оны сүүл үеэс өвчний талаар судалгаа шинжилгээний ажил эрчимтэй явагдсаны үр дүнд байдал өөрчлөгдсөн.
Монгол Улсын хувьд сүүлийн 2-3 жилийн хугацаанд гей хүмүүсийн дунд тархалт буй нь тогтоогдоод байгаа.ДОХ-той Тэмцэх Үндэсний Сан болоод хэд хэдэн ТББ гей хүмүүст сургалт сурталчилгаа явуулах, тэдгээр хүмүүсийг эрсдэлээс хамгаалах зэрэг олон арга хэмжээ авч байгаа. Нөгөөтэйгүүр энэ талын үйл ажиллагаанд төрөөс үзүүлэх арга хэмжээ болоод хуулийн орчин, туслалцаа дутмаг байгаа нь зарим талаар сөрөг нөлөө үзүүлж байгаа.
Мөн хэвлэл мэдээлэлийн хэрэгслийн хэт нэг талыг баримталсан мэдээлэлээс болж нийгэмд гомосексуал илүүтэйгээр гей хүмүүсийн эсрэг болон таагүй хандах хандлага хүчтэй болсон. Энэ нь цаашлаад гей хүмүүсийн эсрэг үзэн ядах гэмт хэрэг (Англи нэр:/хейт крайм/Hate crime) болоод аюулгүй байдал,түүнчлэн эрх ашиг нь хөндөгдөх том шалтгаан болж буй. Иймэрхүү асуудал нь цаашлаад Монголын ЛГБТ Хүмүүсийн нийтлэг эрх ашигт нөлөөлсөн асуудал болон хөндөгдөх хандлагатай болж буй. Жишээ нь; гей хүмүүсийг хүчээр ДОХ/ХДХВ-н шинжилгээ өгүүлэх, Цагдаагийн газраас гей, лесбиян хүмүүсийн цуглааныг ямар ч шалтгаангүй хүч хэрэглэн тараах зэрэг болно.
Нөгөөтэйгүүр энэ нь өнөөдөр Монгол улсын хэмжээнд ДОХ/ХДХВ-н шинжилгээг гетеросексуал хүмүүсийн шинжилгээнд хамрагдах хувь бага бөгөөд бараг өгдөггүй гол төлөв гей хүмүүс шинжилгээнд хамааруулах болон өөрсдийн хүсэлтээр шинжилгээнд байнга хамрагддагтай холбоотойгоор зөвхөн гей хүмүүсээс халдвартай хүмүүс илэрч, гетеросексуал хүмүүс далд байдалд байсаар буйтай холбоотой.
Дэлхийн бусад орны хувьд АНУ-ын Вашингтон Д.С.-д явуулсан судалгаагаар гомосексуал болоод гетеросексуал хүмүүсийн бэлгийн замаар халдварласан харьцаа ойролцоогоор 4:3 байсан. Энэ нь гомосексуал болон гетеросексуал хүмүүсийн тусах магадлал тийм ч их хол ялгаа байхгүй гэдэгийг харуулж буй.
Азийн орнуудын хувьд Тайландад 80% нь эсрэг хүйсийн халдвар эзэлж, Хятад улсад ч эсрэг хүйсийн халдвар талаас илүү хувьтай байдаг байна. Мөн Япон улс манай улстай адилхан ижил хүйстэн хүмүүс шинжилгээнд хамрагдах нь их байдгаас ХДХВ-н 2008 онд шинээр илэрсэн тохиолдлын 43.9% нь ижил хүйсийн, 34.1% нь эсрэг хүйсийн халдвар байсан бол харин ДОХ-н шатанд шилжсэн үеийн харьцаа эсрэг хүйс 42%, ижил хүйс 28% болсон байна. Энэ нь гетеросексуал хүмүүс шинжилгээ өгөхгүй явсаар өвчин хүндэрч ДОХ-н шатанд шилжсэн үед илэрдэгтэй холбоотой байдаг байна.Үүнээс үзэхад ДОХ/ХДХВ нь дан гомосексуал хүмүүсийн өвчин биш гэдэг нь харагдаж байна.
Ижил хүйсийн гэрлэлт ба Хууль эрх зүйн орчин
[засварлах | кодоор засварлах]- Мөн үзэх: Үзэн ядах гэмт хэрэг болон Ижил хүйсийн гэрлэлт
Анх 2001 онд Нидерланд Улсад Ижил хүйсийн гэрлэлтийг (Same-sex marriage) хүлээн зөвшөөрснөөс хойш одоогийн байдлаар дэлхийн нийт 40 гаруй оронд Ижил хүйсийн гэрлэлт болон хамтран амьдрагчаар бүртгүүлэхийг зөвшөөрсөн байна.Үүнээс гадна хэд хэдэн улсад хуулийн төсөл нь хэлэлцэгдэж байгаа болно. Эдгээр орны ихэнх ньЕвроп, Америк тивийн орнууд (Испани, Голланд, Канад зэрэг гэрлэлтийг зөвшөөрсөн улс болоод Америк, Герман, Франц зэрэг хамтран амьдрахыг зөвшөөрсөн орнууд) бөгөөд Ази тивд одоохондоо зөвшөөрсөн улс нэг ч байхгүй.
Дээрхийн адил ижил хүйстэн хүмүүсийн эрх ашгийг хамгаалж, хуулиар амьдрах баталгаа олгож байгаа улсууд олон болж буй хэдий ч Африк, Азийн нэлээд оронд бүх насаар нь хорих, цаашлаад цаазаар авах ял хүртэл оноох хуультай болон дэлхийн олон оронд ямар нэг хэмжээгээр гей хүмүүсийн эрх ашгийг хамгаалсан хууль байхгүй хэвээр л байна. Ялангуяа Баруун Азийн ислам шашинтай орнуудад хориглодог(Турк улс ЕХ-нд элсэх гэж нийгэм нь хүлээн зөвшөөрөөгүй ч хуулиар зөвшөөрсөн). Тухайлбал Либери шиг хөнгөн гэмт хэрэгт тооцдог орон бараг байхгүй бөгөөд ихэнхи нь хүнд гэмт хэрэгт тооцон насаар нь хорих ял оноодог орнууд (Сингапур болон Энэтхэг зэрэг) байдаг ба улмаар цаазаар авах ял оноодог орнууд (Иран, Саудын Араб зэрэг) ч байдаг.
Ташрамд дурдахад, 2008 оны 12-р сард НҮБ-ээс ижил хүйстэн хүмүүсийн эрх ашгийг хамгаалах, үзэн ядалт болоод гадуурхах байдлыг зогсоох талаар тунхаглал гаргасан. Тунхаглалыг дэмжсэн ихэнх улс нь Европоос байсан ба Азиас ганцхан Япон улс л дэмжжээ. АНУ, Хятад, Орос болон Монгол улс дэмжээгүй байна. Харин Америкт Барак Обама ерөнхийлөгч болсноор байдал өөрчлөгдөж, дэмжихээр болсон билээ.
Монгол Улсын хувьд ЛГБТ хүмүүсийн эрх ашгийг хамгаалсан хуулийн заалтыг 2016 онд анх удаа хуульчлан баталсан. Энэхүү заалт нь 2016 оны Эрүүгийн Хуулийн нэмэлт өөрчлөлтийн хүрээнд "Гомофоби буюу үзэн ядах гэмт хэргийг гэмт хэрэгт тооцох тухай " заалтыг оруулсан. Цаашид НҮБ-ын Хүний эрхийн Зөвлөлөөс гаргасан зөвлөмжүүдийг 2011-2014 онд хэрэгжүүлэх арга хэмжээний ерөнхий төлөвлөгөөний хүрээнд хэд хэдэн хуулийн өөрчлөлт, нэмэлт болон шинээр батлах төлөвтэй байгаа. Үүнд:
1. Бэлгийн чиг баримжаа болон хүйсийн баримжаа, илэрхийллээр алагчлахыг хатуу хориглосон хууль тогтоомж боловсруулан, хэрэгжилтийг хангах;
2. ХДХВ/ДОХ болон аливаа бусад байдлаар алагчлах явдлыг хориглох, устгах, түүнээс урьдчилан сэргийлэх, ийм хэрэг үйлдэгчдийг шийтгэхэд чиглэсэн хууль тогтоомжийн төсөл боловсруулах, шуурхай, үр нөлөөтэй арга хэмжээ авч хэрэгжүүлэх талаар ажиллаж байгаа болно.
Ташрамд дурдахад, Монгол Улс 1992 онд баталсан ардчилсан шинэ үндсэн хуулинд ЛГБТ хүмүүсийн тухай болоод бэлгийн чиг баримжаанаас шалтгаалан ялгаварлан гадуурхахгүй гэсэн заалт оруулаагүй хэвээр байгаа. Хэрвээ Үндсэн Хуулинд дээр дурдсан өөрчлөлтийг нэмж тусгавал Монгол Улс ЛГБТ иргэдийнхээ эрхийг хамгаалсан үндсэн заалтын нэг болох юм.
Социализмийн үе буюу хуучнаар БНМАУ-ын Засгийн Газар нийгэмд ёс суртахуунгүй байдлаар бэлгийн хүслээ хангах хэмээн Эрүүгийн хуулийн 113-р зүйл ангид оруулсан байсан заалтыг ОХУ болон ТУХН-ийн пост-социалист орнуудад ардчилал, өөрчлөн байгуулалттай хамт ижил төрлийн заалтуудаа хассанаар Монгол Улс ч 1996 онд хассан билээ.