II Мехмед
Султан II Мехмед (Fatih Sultan Mehmed, 1432 оны 3 сарын 30 - 1481 оны 5 сарын 3) нь Османы эзэнт гүрний 7 дахь султан (1444 - 1446, 1451 - 1481). Константинополь (өдгөөгийн Стамбул)-ийг эзэлж, Османы эзэнт улсын хил хязгаарыг ихээр өргөтгөсөн учраас "байлдан дагуулагч" ("Fatih") хэмээх хочоороо алдаршжээ. Зүүн Ромын эзэнт гүрнийг мөхөөсөн гэдгээрээ баруунд алдартай.
Намтар
[засварлах | кодоор засварлах]1432 онд 6 дахь султан II Муратын хүү болон мэндэлжээ. Суфи болохыг хүсдэг байсан эцгээ даяанчилж байх хооронд нэг хэсэг хаан ширээнд сууж байв. 1451 онд эцгээ нас бармагц ах дүүсээ хороон, хаан ширээнд суужээ. Хоёр дахь удаагаа хаан ширээнд суумагц Анатоли дахь Караманы вант улсыг сөнөөгөөд 1452 онд буцах замдаа Босфорын хоолойд Румелихисарыг байгуулан Зүүн Ромын эзэнт гүрэнд шахалт үзүүлж байв. Улмаар 1453 онд Константинополийг эзэлж, Зүүн Ромын эзэнт гүрнийг мөхөөжээ. Түүний дараа Балканы хойг ба Анатолид үлдсэн Зүүн Ромын цэргийн үлдэгдлийг устгаад 1461 онд Анатолийн баруун хойд хэсэгт 200 гаруй жил оршин тогтносон Трапезундыг сөнөөв.
Үүний зэрэгцээ Балканы хойгт Венецийн Бүгд Найрамдах Улс зэрэгтэй байлдаж, Пелопоннесын хойг, Сербийг хүртэл давшсан байна. Мөн Рум Сельжукийн султанатаас хойш жижиг цэргийн эрхтнүүдийн хуваан захирч, тархай бутархай болоод байсан Анатоли буюу өдгөөгийн Туркийн нутаг дэвсгэрийг бүхэлд нь нэгтгэжээ. 1475 онд Крымын хойгт орших, Их Монгол Улсын үлдэгдэл болох Крымын ханлигийг бут цохиж, Хар тэнгист ноёрхлоо тогтоожээ. Үүний үр дүнд Осман нь эзэнт гүрэн гэж нэрлэгдэхүйц болтлоо томорч хүчирхэгжсэн юм.
Тэрээр нийслэлээ Эдирнегээс Константинополь руу зөөж, муслим түрэгүүдийг тус хотод цуглуулж, мечетүүд барьж байгуулан олон зуун жилийн турш христийн шашинтнуудын мэдэлд байсан тус хотод исламын соёлыг дэлгэрүүлэхийн зэрэгцээ католик, Армений үнэн алдартны шашин болон Йудайн шашин шүтлэгтнүүдэд ч өршөөнгүй ханддаг байв.
Сүүлийн жилүүддээ Италийн Отранто руу цэрэг илгээж, Апеннины хойгийн өмнөд хэсгийн нэг хэсгийг эзэлсэн ч (Отрантогийн тулалдаан) Мехмед нас эцэслэснээр уг аян дайн дуусчээ. Түүнийг хордуулж алсан гэдэг.
II Мехмед нь перс хэлээр шүлэг зохиодог, араб хэлээр ойлгодог, исламын шашинтан байсан ч барууны соёлд шимтэж, урчуудыг цуглуулан, өөрийн хөргийг Венецийн зураач Жентиле Беллинигээр зуруулах зэргээр Исламын улсын хэв маягт баригдалгүй, космополитан гүрнийг бий болгосон юм. Отрантогийн тулааны дараа өөрийгөө Ромын эзэнт гүрний цезарь хэмээн зарлаж байсан аж.
Өмнөх II Мурат |
Османы эзэнт гүрний султан 1451-1481 |
Дараах II Баязид |
Мөн үзэх
[засварлах | кодоор засварлах]Энэ цэргийн тухай өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.
Энэ шашны хүний тухай өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.
Энэ Исламын шашны тухай өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.