Jump to content

Артур Кёстлер

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Артур Кёстлер, 1969 он.

Артур Кёстлер (унгар. Kösztler Artúr, герман. Arthur Koestler, 1905—1983) — Еврей гаралтай, Унгарт төрсөн Их Британий зохиолч. "Үд дундын харанхуй" (англи. Darkness at Noon) гэж Зөвлөлт Холбоот Улсад болсон 1930-аад оны "их террорын " тухай 1940 онд бичсэн романаараа алдартай. Тэрээр мөн "Британика" толь бичигт өгүүлэг бичдэг байсан. 1967 болон 1971 онд Нобелийн уран зохиолын салбарын шагналд нэр дэвшиж байсан.

Кёстлер 1905 оны 9-р сарын 5-нд Будапешт хотод төрсөн. 1920 онд түүний гэр бүл Вена руу нүүж, тэндээ Политехникийн их сургуульд элсэн орж, сионист залуучуудын байгууллагад элссэн байна. 1925 онд Кёстлер их сургуулиа төгсөхөөсөө өмнө гэнэтхэн Палестин руу явахаар шийдэж 1926 онд Палестинд ирж, 1929 он хүртэл кибуц буюу хөдөө аж ахуйн хамтралд ажиллаж, Германы "Ульштайн" хэвлэлийн газрын сурвалжлагч байв. 1929-1930 онд Парист ажиллаж байсан.

1931 онд тэрээр Берлин рүү нүүж, тэндээ "Vossische Zeitung" сэтгүүлийн шинжлэх ухааны редактор болжээ. Тэр жилдээ тэрээр Германы "Граф Зеппелин" нисдэг агаарын бөмбөлөгөөр хойд туйл руу ниссэн. Мөн тэрээр коммунист үзэл суртлыг сонирхож, 1931 оны 12-р сард Германы Коммунист намд элссэн байна.

1930-аад оны дундуур зохиолч Төв Ази руу урт удаан аялал хийж, ЗХУ-д нэг жил амьдарсан.

1933 оны 9-р сард Германд нацистууд засгийн эрхэнд гарсны дараа тэрээр Парист буцаж ирээд коммунист суртал ухуулгын нийтлэл бичдэг байжээ.

1938 онд ЗХУ-д болсон "Их террор"-той холбогдуулан Кёстлер Коммунист намаас гарчээ. Дэлхийн 2-р дайн эхэлсний дараа Францын эрх баригчид түүнийг хориод байсан ч 1940 оны эхээр суллагджээ.

Тэрээр Францын Легионд элсэж Хойд Африкт очиж, тэндээсээ Лиссабонд хүрч, улмаар Их Британи руу онгоцоор нисч, тус улсад хууль бусаар нэвтэрсэн хэргээр зургаан долоо хоног шоронд хоригджээ.

Суллагдсаныхаа дараа тэрээр Британийн армид сайн дураараа ажилласан. Түүнийг сапёрын анги руу явуулсан. Долоо хоногт нэг удаа тэрээр Лондонд ирж герман хэл дээрх суртал ухуулгын радио нэвтрүүлэгт оролцож, Германы цэргүүдэд зориулж ухуулах хуудас бичиж, тоталитаризмын мөн чанарын талаар лекц уншдаг байв. Мөн агаарын дайралтын үеэр шөнийн цагаар үүрэг гүйцэтгэж, түргэн тусламжийн машин жолоодож байжээ.

1940 онд тэрээр Их Британид “Үд дундын харанхуй” романаа хэвлүүлсэн. Энэ романд хувьсгал гаргасан хүмүүсээ эдгээр хэрхэн тээрэмдэж нунтаглаж, устгадаг тухай өгүүлдэг.

1942 онд Кёстлерийг Мэдээллийн яамны мэдэлд шилжүүлж, баримтат киноны товхимол, скрипт бичиж, ВВС радиод үг хэлдэг болжээ.

Паркинсоны өвчин, цусны хорт хавдраар удаан хугацаанд шаналж байсан Кёстлер 1983 оны 3-р сарын 2-нд Лондонд нойрны эм ууж, амиа хорлож нас баржээ.