Jump to content

Берлиний тулалдаан

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Берлиний тулалдаан
Хамаарах дайн: Дорнод фронт (Дэлхийн 2-р дайн)
Огноо1945 оны 4 сарын 16 – 5 сарын 2
(2 долоо хоног ба 2 хоног)
Байршил
Берлин, Герман
Үр дүн Зөвлөлтийн ялалт
Нутаг дэвсгэрийн
өөрчлөлт
Берлинийг Зөвлөлтийн эзэлсэн Германы бүсэд хураан авсан
Байлдагч талууд
 Зөвлөлт Холбоот Улс
 Польш
 Герман
Командлагч болон удирдагчид
Хохирол
Хүний хохирол: 361,367
  • 81,116 алагдсан эсвэл алга болсон[1]
  • 280,251 өвчтэй эсвэл шархадсан
Хүний хохирол: 917,000–925,000
  • 92,000–100,000 алагдсан (бүрэн бус архивын мэдээлэл)
  • 220,000+ шархадсан[2][d]
  • 480,000 олзлогдсон[3]
125,000 Германы энгийн иргэд нас барсан[4]

Берлиний тулалдаан бол Дэлхийн хоёрдугаар дайны төгсгөлийн операци юм. Энэхүү операцид Зөвлөлт Холбоот Улсын маршал Георгий Константинович Жуков, Константин Рокоссовский нарын командалсан Беларусийн 1, 2-р фронтууд, ЗХУ-ын маршал Иван Коневын Украины 1-р фронт оролцсон. Бранденбургийн хаалга, Райхстагийг эзлэх тулаан хамгийн хүнд байсан гэдэг.

Адольф Хитлер СС-ийн шилмэл дивиз, Югендольфийн гишүүд, Берлиний гарнизон зэргийг генерал-фельдмаршал Кейтелээр удирдуулсан бөгөөд 160 мм-ын миномёт, Барс, Ирвэс танкаар зэвсэглэсэн Германы арми бас л шаргуу эсэргүүцэж байсан боловч ЗХУ-ын баатар, дэслэгч генерал Михайл Катуковын гвардийн 1-р танкийн арми, хурандаа генерал Александр Горбатовын цохилтын 3-р арми, дэслэгч генерал Николай Берзарины цохилтын 5-р арми Берлин хотод цөмрөн орж ялалт байгуулсан юм. 1945 оны 5-р сарын 9-ны өдөр Английн фельдмаршал Б.Монтгомери, Францын армийн ерөнхий командлагч Делатр де Тассини, Америкийн Нэгдсэн Улсын армийн генерал Дуайт Эйзенхауэр, ЗХУ-ын маршал Георгий Жуков нар Карлхорстод Германыг үг дуугүй бууж өгөх гэрээнд гарын үсэг зуруулсан.

4-р сарын 16-ны өдөр Берлиний операц эхэлсэн. 19-ны өдөр Германы сүүлчийн түшиц газар Зеелов өндөрлөгийн хамгаалалтыг Белорусийн 1-р фронт давлаа. Гвардын 3-р арми, Гвардын танкын 3,4-р армиуд Берлиний зүүн хойд талаас давшиж эхлэв. Үүнтэй зэрэгцэн холбоотнууд Элба гол руу чиглэлээ.

Зөвлөлтийнхөн асар их хохирол амсаж байсан ч урагшилж байлаа. 4-р сарын 1-19нд 2800 орчим танкаа алдсан байна. Зөвлөлтийн маршалууд Берлин хүртэл уран нарийн арга хэрэглэж давшсан байна. Харин Германы тал зэвсэг барьж чадах бүх хүмүүсийг нас хүйс ялгалгүй дайнд оруулж байсан гэдэг.

4-р сарын 20-нд фюрерийн төрсөн өдрөөр Беларусийн 1-р арми хотыг их буугаар галлаж эхлэв. Украины 1-р фронт армийн Төв бүлгийн хойд жигүүрийг Ютерборг руу шахаж, Белорусийн 2-р фронт армийн Висла бүлгийн хойд жигүүрийг бут ниргэлээ. Зөвлөлтийн цэрэг Берлинийг бүсэлж, 9-р армийг устгах төлөвлөгөөтэй байв. 4-р сарын 22-нд 9-р арми болон генерал Штайнерын бүлэглэл зохион байгуулалттай хүч байхаа больсон.

4-р сарын 24-нд Германд үлдсэн сүүлчийн 12-р армийг Элба голоос ухарч Берлинийг хамгаалах тушаал өгчээ. Гэвч Берлин орох замд Зөвлөлтийн цэрэг бут ниргэснээр Германы талд цэргийн хүч гэхээр юм үлдсэнгүй. Энэ явдлыг Геббельс, Борман нар Хитлерт мэдэгдээгүй гэж үздэг. 4-р сарын 28-нд бүх зүйл тодорхой болж Хитлер генералуудынхаа өмнө дайнд ялагдсанаа хүлээн зөвшөөрч амиа хорлохоо мэдэгдэв. 30-ны өдрийн 15 цаг 30 минутанд фюрер шинэхэн эхнэрийн хамт амиа хорлосон. Түүний гэрээслэлийн дагуу адмирал Дениц рейхийн шинэ ерөнхийлөгчөөр томилогджээ.

5-р сарын 1-нд Герман гал зогсоох гэрээ байгуулахаар генерал Кребсийг төлөөлөгчөөр явуулсан байна. Гэвч Зөвлөлтийн командлал үг дуугүй бууж өгөхийг шаардаж байлаа. 13 цагт Рейхстагийн орой дээр Зөвлөлтийн улаан туг мандуулж, ЗХУ өөрийн ялалтыг батлав. 2-ны өглөө генерал Вайдлинг олзлогдож үлдэгдэл цэргүүдэд эсэргүүцлээ зогсоох тушаал өгснөөр цэрэг дайны ажиллагаа дуусгавар боллоо. 5-р сарын 7-ны өдөр Герман улс Үг дуугүй бууж өгөх гэрээнд гарын үсэг зурснаар европ тивд дайн төгсөв. Гэхдээ бууж өгөх тухай тушаал, хүлээж аваагүй,энэ тухай радиогоор сонсоогүй Чехословакийн Праг, Братиславын районд гол хүчнээсээ таслагдан үлдсэн Германы дорнод фронтын "Төв" бүлэглэлийн 3 арми бүслэлтийг сэтлэн ухрах гэж оролдон 5 дугаар сарын 20-ны өдөр хүртэл эсэргүүцэл үзүүлсэн байдаг байна.

  1. Krivosheev 1997, х. 157.
  2. Müller 2008, х. 673.
  3. Glantz 2001, х. 95.
  4. Antill 2005, х. 85.


Эш татахад гарсан алдаа: <ref> tags exist for a group named "lower-alpha", but no corresponding <references group="lower-alpha"/> tag was found