Жон фон Нейман
Жон фон Нейман | |
---|---|
Төрсөн огноо | Neumann János Lajos 1903 оны 12 сарын 28 Будапешт, Австри-Унгар |
Нас барсан огноо | February 8, 1957 Вольтер Рийдийн ерөнхий эмнэлэг Вашингтон (Колумбийн тойрог), АНУ | (53 насалсан)
Оршин суугаа улс | АНУ |
Үндэс | Унгар ба Америк |
Салбар | Компьютерийн онол, эдийн засаг, математик, физик |
Байгууллага | Берлиний их сургууль Принстоны их сургууль Тусгай судалгааны институт Лос Аламос үндэсний лаборатори |
Жон фон Не́йман (Англи: John von Neumann; эсвэл Иоган фон Нейман, Герман: Johann von Neumann; төрөхдөө Я́нош Ла́йош Не́йман, Унгар: Neumann János Lajos гэсэн нэртэй; 1903 оны 12 сарын 28-нд Будапешт хотод төрсөн — 1957 оны 2 сарын 8-нд нас барсан, Вашингтон) — еврей гаралтай Австри-Унгарын болон америкийн математикч, квант физик, квант логик, функциональ анализ, олонлогийн онол, мэдээлэл зүй, эдийн засаг болон бусад шинжлэх ухаанд чухал хувь нэмэр оруулсан суут эрдэмтэн.
Орчин үеийн компьютерийн архитектурыг зохиосон ба энэ архитектурыг фон Нейманы архитектур гэнэ, операторын онолыг квант механикт хэрэглэх (фон Нейманы алгебр) түүнчлэн Манхэттены төсөлд оролцож явсан ба тоглоомын онол болон үүрэн автоматийн (cellular automaton) концепцийг зохиосон гэдгээрээ дэлхийд алдартай хүн юм.
Намтар
[засварлах | кодоор засварлах]Янош Лайош Нейман нь Австри-Унгарын эзэнт улсын Будапешт хотод хөрөнгөтэй еврей гэр бүлийн 3 эрэгтэй хүүхдийн том нь болон мэндэлсэн.[1]. Түүний эцэг Макс Нейман (Унгар: Neumann Miksa, 1870—1929), 1880-аад оны сүүлээр Унгарын Печ хотоос Будапештэд ирж суурьшсан ба хуулийн чиглэлээр докторын зэрэг хамгаалж өмгөөлөгчөөр банкинд ажиллаж байв. Түүний эх Маргарет Канн нь (Унгар: Kann Margit, 1880—1956), гэрийн эзэгтэй байсан бөгөөд «Kann—Heller» үйлдвэрийн партнёр Якоб Канны (2 дахь гэрлэлтийн) том охин болон мэндэлсэн.
Янош(эсвэл зүгээр л Янчи) нь үнэхээр гоц хүүхэд байсан ба 6 настайдаа тэрээр хоёр 8 оронтой тоог цээжээр хувааж эцэгтэйгээ эртний грек хэлээр харилцаж чаддаг байв. Янош байнга математик, тооны шинж чанар болон ертөнцийн зүй тогтлыг сонирхдог байжээ. 8 настайдаа математик анализийн талаар хангалттай мэдлэгтэй байсан.
1911 онд тэрээр Лютераны гимназид элсэн суралцсан.
1913 онд түүний эцэг тайжийн хэргэм хүртсэн ба австрийн овгуудын авдаг фон (von) болон унгарийнхны авдаг Маргиттаи хэмээх цол авжээ. Тэгээд түүнийг Янош фон Нейман эсвэл Нейман Маргиттаи Янош Лайош болсон байна.
Берлин болон Xамбургт багшилж байхад нь түүнийг Иоган фон Нейман хэмээн нэрлэдэг байв. Хожим 1930-аад оны үед АНУ-д очсоны дараа нэр нь англиар Жон болжээ. Сонирхолтой нь түүний дүү нар АНУ-д ирсэний дараа өөр өөр овог авцгаасан байна: Vonneumann болон Newman. Эхнийх нь овог цол хоёрыг нийлүүлсэн ба хоёр дахь нь германаас англи руу шууд орчуулсан орчуулга байв.
Фон Нейман философийн доктор цолыг математикийн (туршилтийн физик болон химийн хэсгүүдтэй) ажлаараа Будапештийн их сургуульд 23 насандаа хамгаалжээ. Суралцаж байх хугацаандаа давхар химийн инженерчлэлийн чиглэлээр Цюрихт сурж байв (түүний эцэг нь математикч байх нь хүүгийн ирээдүйг баталгаатай хангаж чадахгүй гэж үзсэн).
1926-1930 онуудад Жон фон Нейман нь Берлинд орон тооны бус багш (Приватдоцент) байв.
1930 онд фон Нейманыг Принстоны их сургуульд багшийн ажлын урилга ирэв. 1930 оны үед Принстон дахь Тусгай судалгааны институтд (Institute of Advanced Study) судалгааны ажлаар гаднаас уригдаж ирсэн анхны эрдэмтдийн нэг байсан тэрбээр 1933 оноос энд нас барах хүртлээ профессорын ажил хашиж байжээ.
1936—1938 онуудад Алан Тьюринг Принстоны институтэд ирж Алонзо Чёрчагийн удирдлаган дор докторын диссертацаа хамгаалав. 1936 онд хэвлүүлсэн Тьюрингийн ажил "Шийдвэрийн проблемд хэрэглэх тооцоологдом тоонуудын тухай"(Англи: On Computable Numbers with an Application to the Entscheidungs problem) нь дотроо логик загварчлал болон универсал машины талаарх агуулгатай байв. Тэгээд фон Нейман түүнд хамтран ажиллах санал тавьсан боловч Алан Тьюринг татгалзаад Англируугаа явж Германчуудын нууц код тайлагч болсон. Фон Нейман нь Тьюрингийн санаатай танилцсан байсан ба IAS-машиныг 10 жилийн дараа загварчлахад тэр санааг ашигласан эсэх нь тодорхойгүй.
1937 онд Фон Нейман нь АНУ-н иргэн болсон ба 1938 онд анализийн салбарт хийсэн ажлынхаа төлөө М. Бохерийн нэрэмжит шагналаар шагнагджээ.
1950 онд ENIAC машины тусламжтай хийгдсэн анхны амжилттай цаг агаарын урьдчилсан тооцоолол нь америкийн цаг уурчид болон Жон фон Неймантай хамт хийгдсэн юм.[2].
1954 оны 10 сард фон Нейман нь цөмийн энергийн хорооны гишүүн болсон ба энэхүү хороо нь цөмийн зэвсгийн хөгжлийн талаар ажиллагаагаа явуулдаг байв.
1955 оны 3 сарын 15-д АНУ-гийн сенатаар дэмжигдсэн ба 5 сард эхнэртэйгээ хамт Вашингтоны Жоржтаунд ирцгээжээ. Амьдралын сүүлчийн жилүүдийн турш фон Нейман нь цөмийн энерги, цөмийн зэвсэг болон тив хоорондын баллистик зэвсгийн ерөнхий зөвлөх байсан. Өөрийн гарал үүслээс эсвэл Унгарт өнгөрүүлсэн амьдралаас үүдсэн үү фон Нейман өөрийн барууны үзлээ хэт хамгаалдаг байв. Түүнийг өөд болсоны дараах 1957 оны 2 сарын 25-ны LIFE сэтгүүлд гарсан нийтлэлд ЗХУ-тай хийж болох анхааруулах дайны талаарх түүний үзэл баримтлалыг дэлгэсэн байна.
1954 оны зун унахдаа фон Нейман зүүн мөрөө гэмтээсэн. Өвчин нь эдгэхгүй байсаар мэс засалчид ясны хэлбэрийн хорт хавдар байна хэмээн оношилжээ. Энэ хорт хавдар нь түүний цөмийн зэвсэгтэй ажилласнаас болсон хэмээн үздэг бөгөөд Номхон далайд хийсэн цөмийн зэвсгийн туршилтууд эсвэл магадгүй Лос-Аламос дахь ажлаас үүдсэн байж мэдэх (түүний хамтран ажиллагч Энрико Ферми ходоодны хорт хавдраар 54 насандаа нас барсан). Өвчин улам хүндэрсэн ба долоо хоногт 3 удаа очих ёстой цөмийн энергийн хорооны хурал нь маш их хүч шаардаж байв. Онош тавьснаас хэдхэн сарын дараа фон Нейман нас нөхчсөн байна. Хорт хавдар нь тархинд нь хүртэл нөлөөлж бодож чадахгүйд хүрсэн. Тэрээр Волтер Рийдийн эмнэлэгт хэвтэж байхдаа өөрийн найз болон таньдаг хүмүүсээс католикийн ламтантай уулзуулж өгөхийг гуйж байснаараа гайхшруулжээ.
Үүрэн автомат ба амьд эс(cell)
[засварлах | кодоор засварлах]Үүрэн (эсийн бүтэцтэй) автомат бүтээх концепц нь үхмэл материас амьдрал бий болгох антивиталист санаа байв. XIX зууны дэлхийг өөрчилж болох виталистуудын аргумент нь үхмэл матерт мэдээлэл-програмууд хадгалж болох талаар авч үзээгүй байна. (жишээ нь Жакарын машин — үз Ханс Дриш).
Үүрэн автомат нь дэлхийг өөрчилсөн гэж хэлж болохгүй ч энэ нь орчин цагийн шинжлэх ухааны ихэнх салбарт хэрэглэгдэж байгаа билээ.
Нейман өөрийн оюун ухааны боломжит хязгаарыг тод харж байсан ба зарим нэгэн математикийн болон философийн санааг ухаарч (хүлээж авахгүй) чадахгүй байна гэдгээ мэдэрч байсан юм.
Хувийн амьдрал
[засварлах | кодоор засварлах]Нейман 2 удаа гэрлэсэн. Эхний удаа Мариэтте Кёвешитэй 1930 онд хуримласан ба 1937 онд тэд салцгаасан, харин 1938 онд Кларе Дэнтэй суужээ. Эхний гэрлэлтээс Марина охин төрсөн ба дараа нь алдартай эдийн засагч болсон юм.
Ном
[засварлах | кодоор засварлах]- Квант механикийн математикийн үндэс. М.: Наука, 1964. ЗХУ
- Тоглоомын онол ба эдийн засгийн харьцаа. М.: Наука, 1970. ЗХУ
Ашигласан ном
[засварлах | кодоор засварлах]- Данилов Ю. А. Джон фон Нейман. — М.: Знание, 1981.
- Монастырский М. И. Джон фон Нейман — математик и человек. // Историко-математические исследования. — М.: Янус-К, 2006. — № 46 (11). — С. 240-266..
- Улам С. М. Приключения математика. — Ижевск: R&C Dynamics, 272 с. ISBN 5-93972-084-6.
Түүнчлэн
[засварлах | кодоор засварлах]Холбоос
[засварлах | кодоор засварлах]- Перельман М., Амусья М. Самый быстрый ум эпохи (к столетию Джона фон Неймана) // Сетевой журнал «Заметки по еврейской истории».
- Guenter Albrecht-Buehler. Cell Intelligence.
Зүүлт тайлбар
[засварлах | кодоор засварлах]- ↑ Научная биография
- ↑ American Institute of Physics. Atmospheric General Circulation Modeling. (Memento 25. Гуравдугаар сар 2008 цахим архивт) 2008-01-13.
- 20-р зууны математикч
- 20-р зууны физикч
- 20-р зууны химич
- Логик судлаач
- Информатикч
- Химийн инженер
- Манхэттен төслийн хүн
- Тоглоомын онол
- Берлиний Хумбольдтын их сургуулийн багш
- АНУ-ын Урлаг ба Шинжлэх Ухааны Академийн гишүүн
- АНУ-ын Үндэсний Шинжлэх Ухааны Академийн гишүүн
- Мюнхений техникийн их сургуулийн хүндэт доктор
- Нидерландын Ханы Шинжлэх Ухааны Академийн гишүүн
- Гавьяаны Медаль шагналтан
- Эрх Чөлөөний Медаль шагналтан (1945)
- Нацизмын үед Германы эзэнт гүрнээс дүрвэгч
- АНУ дахь Унгарын цагаач
- Транслейтанийн хүн
- АНУ-ын хүн
- Унгарчууд
- 1903 онд төрсөн
- 1957 онд өнгөрсөн