Jump to content

Линкин Парк

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Линкин Парк
Линкин Парк Living Things 2012
Ерөнхий мэдээлэл
ГаралАгоура Хиллс, Калифорни, АНУ
Хөгжмийн урсгалАлтернатив рок, ну метал, реп рок, алтернатив метал, электроник рок, поп рок
Идэвхтэй1996-2017, 2023-Одоо
СтудиWarner, Machine Shop
Цахим хуудасlinkinpark.com
Гишүүдийн нэрс
Майк Шинода
Брад Делсон
Жое Хан
Дэйв Фаррелл
Эмили Армстронг
Колин Бриттайн
Өмнөх гишүүд
Роб Боурдон
Марк Уэйкфилд
Честер Беннингтон


Линкин Парк нь 1996 онд Калифорни мужийн Агоура Хиллс хотод байгуулагдсан Америкийн рок хамтлаг юм. Хамтлагийн одоогийн бүрэлдэхүүнд дуучин, хэмнэлт гитарчин, кейборд хөгжимчин Майк Шинода, гоцлол гитарчин Брад Делсон, басс гитарчин Дэйв Фаррелл, DJ Жое Хан, гоцлол дуучин Эмили Армстронг, бөмбөрчин Колин Бриттайн нар багтана. Хамтлагийн өмнөх бүрэлдэхүүнд гоцлол дуучин Честер Беннингтон, бөмбөрчнөөр Роб Боурдон нар байсан бөгөөд улмаар 2017 оны 07 дугаар сард гоцлол дуучин Беннингтон амиа хоролж нас барснаар хамтлаг тодорхойгүй хугацаанд завсарлага авсан байна. алтернатив рок жанрт ангилагддаг Линкин Парк хамтлаг өмнө нь хүнд метал болон хип хоп-ыг нэгтгэж уран бүтээлээ туурвидаг байсан бол хожим нь электроник болон поп элементүүдийг нэмж ашиглаж эхэлсэн. 2024 оны 09 дүгээр сард Армстронг, Бриттайн нар хамтлагт нэгдэж, Линкин Паркийн шинэчлэлийг зарласан билээ.

Линкин Парк нь анхны студийн цомог болох Hybrid Theory (2000) цомгоороо олон улсад алдаршиж, мөн энэ нь Америкийн дуу бичлэг, үйлдвэрлэлийн холбоо (RIAA)-оос Diamond гэрчилгээгээр баталгаажсан байна. ну метал урсгалын оргил үед гарч байсан энэ цомгийн "One Step Closer", "Crawling", "In the End" зэрэг сингл дуунууд нь MTV болон АНУ-ын Mainstream Rock зэрэг чартуудыг тэргүүлжээ. "In the End" нь Billboard Hot 100 жагсаалтын хоёрдугаар байрыг эзэлсэн байна. Тэдний хоёр дахь студийн цомог Meteora (2003) нь хамтлагийн амжилтыг үргэлжлүүлсэн юм. Хамтлагийнхан Minutes to Midnight (2007) хэмээх гурав дахь цомгоороо өөр урсгал, хэв маягийг туршиж эхэлсэн байна. Арваны (арван жилийн хугацаанд) эцэс гэхэд Линкин Парк нь хамгийн амжилттай рок хамтлагуудын нэг болжээ.

Тус хамтлаг дөрөв дэх цомог болох A Thousand Suns (2010) цомгоо хөгжмийн илүү өргөн хүрээтэй хувилбаруудыг үргэлжлүүлэн судалж, хөгжмөө илүү электрон дуугаралттай хослуулан гаргасан байна. Тав дахь студийн цомог Living Things (2012)-ийг өмнөх бүх хөгжмийн элементүүдийг нэгтгэж гаргажээ. Тэдний зургаа дахь цомог болох The Hunting Party (2014) нь илүү хүнд рок дуутай болж эхэлсэн бол, долоо дахь цомог One More Light (2017) нь поп урсгалыг шинээр оруулж ирсэн цомог болжээ. Хамтлагийн удахгүй гарах найм дахь цомог From Zero нэртэйгээр 2024 оны 11 дүгээр сард худалдаанд гарах гэж байна.

Линкин Парк нь дэлхий даяар 100 гаруй сая цомог борлуулж, 21-р зууны хамгийн их борлуулалттай хамтлаг, дэлхий даяар хамгийн их борлуулалттай хөгжмийн уран бүтээлчдийн нэг билээ. Тэд Грэммийн шагнал 2, Америкийн хөгжмийн шагнал 6, Billboard хөгжмийн шагнал 2, MTV-ийн хөгжмийн шагнал 4, MTV Европын хөгжмийн шагнал 10, Дэлхийн хөгжмийн шагнал 3 зэргийг тус тус хүртсэн байна. 2003 онд MTV2 Линкин Паркийг хөгжмийн видеоны үеийн зургаа дахь шилдэг хамтлаг, шинэ мянганы гурав дахь шилдэг хамтлагаар өргөмжилжээ. Харин Billboard-оос "Арваны шилдэг уран бүтээлчид"-ийн жагсаалтын 19-р байранд оруулсан байна. 2012 онд тус хамтлаг VH1 сувгийн Bracket Madness санал асуулгаар 2000-аад оны шилдэг уран бүтээлчээр шалгарчээ. 2014 онд Kerrang!-аас одоо цагийн дэлхийн хамгийн том рок хамтлагаар зарласан байна.

1996-2000: Эхний жилүүд

[засварлах | кодоор засварлах]

Линкин Паркийг Майк Шинода, Роб Боурдон, Брад Делсон гэсэн ахлах сургуулийн гурван найз үүсгэн байгуулжээ. Тэд Лос Анжелес хотын захын Калифорни мужийн Агоура Хиллс дэх Агоура ахлах сургууль-д суралцдаг байжээ. Ахлах сургуулиа төгсөөд тэд хөгжмийн сонирхлоо илүү нухацтай авч Жое Хан, Дэйв "Финикс" Фаррелл, Марк Уэйкфилд нарыг олж Xero гэдэг хамтлагтаа элсүүлэн авсан байна. Тоног төхөөрөмж, нөөц бололцоо хязгаарлагдмал байсан учир тэд 1996 онд Шинодагийн унтлагын өрөөний студид дуу бичиж, продюсер хийж эхэлсэн бөгөөд үүний үр дүнд 1997 оны 11 дүгээр сард Xero нэртэй дөрвөн дуунаас бүрдсэн демо цомог гаргажээ. Хамтлаг анхны тоглолтоо 11 дүгээр сард Эс Экс-10, System of a Down хамтлагуудтай Баруун Холливуд-ын Whiskey a Go Go шөнийн клубт хийсэн байна. Дараа нь Делсон коллежид байхдаа дадлага хийж байсан A&R-ын Zomba Music-ийн дэд ерөнийлөгч Жефф Блю-д хамтлагаа танилцуулжээ. Блю дуу бичлэгийн брэндүүдийн анхаарлыг татахын тулд хамтлагт бүтээлч байдлаар хэрэгтэй санал шүүмжүүдийг хэлсэн байна. Дараа нь Блю өөрөө 1998 онд тэдний амьд тоглолтыг үзсэнийхээ дараа хамтлагт өөр гоцлол дуучин хэрэгтэй гэж үзжээ. Дараагаар нь тэдний дунд бичлэгийн гэрээ хийж чадахгүй байгаагийн улмаас хамтлаг дотор үл ойлголцол, бухимдал бий болж эхэлжээ. Амжилтад хүрээгүй, зогсонги байдалд орсон нь тухайн үед хамтлагийн гоцлол дуучин байсан Уэйкфилд нь өөр төслүүд хайж, хамтлагаа орхисон бол басс гитарчин Фаррелл нь Христ-ийн шашны панк, ска урсгалын Тэсти Снакс хамтлагтай тоглолт хийхээр явсан байна.

Тэд Уэйкфилдийг орлох хүнийг хайж багагүй хугацаа зарцуулсны дараа 1999 оны 03 дугаар сард Жефф Блюгийн санал болгосон Аризонагийн Честер Беннингтон-г хамтлагтаа элсүүлж авчээ. Беннингтон нь өмнө нь Грей Дэйз хамтлагийн гишүүн байсан бөгөөд дуулах хэв маяг нь эрч хүчтэй байсан тул санал тавигчдын дунд онцгойрч харагддаг байжээ. Дараа нь хамтлаг нэрээ Xero-оос Hybrid Theory болгон өөрчлөхөөр тохиролцов; Шинода болон шинэ гоцлол дуучин Беннингтон нарын дундаас бий болсон шинэ дуу нь хамтлагийг эргэн сэргээхэд тусалж, шинэ материалууд дээр ажиллахад түлхэц болсон юм. Нэмж дурдахад тус хамтлаг басс гитарчин Фарреллийг орлуулж Каил Кристер гэгчийг түр элсүүлсэн байна. 1999 оны 05 дугаар сард тэд хамтлагийнхаа нэрээр нэрлэсэн EP (өргөтгөсөн цомог)-ээ гаргаж, онлайн сурталчилгааны Street Team-ийн тусламжтайгаар интернэт чат, форумуудаар тараасан байна. 1999 оны 10 дугаар сард Кристнерийг Скотт Козил, Иан Хорнбек нараар сольсон бөгөөд Делсон тэдэнд хамтлагийн бичлэгийн басс дуунуудыг өгчээ.

Хамтлагийнхан дуу бичлэгийн гэрээ байгуулах гэж тэмцсээр байлаа. Тэд хэд хэдэн томоохон дуу бичлэгийн компаниас олон татгалзсан хариунуудыг авснаар нэмэлт тусламж авахаар Жефф Блюд ханджээ. Өмнөх гурван удаагийн хандалтаар тэд Warner Bros. Records-ыг ятгаж чадаагүй байсан тул тэнд дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Блю нь 1999 онд тэднийг хөгжиж буй уран бүтээлчид гэдгээр урмыг нь бодож тус компанитай гэрээ байгуулахад тусалсан байна. Гэсэн хэдий ч лэйбл дээр хамтлагийн нэр нь Британийн Hybrid гэх хамтлагтай андуурагдахаар байсан тул тэднийг нэрээ өөрчлөхийг хүсчээ. Тэд эхлээд "Plear", "Platinum Lotus Foundation" гэх нэрүүдийг өгөх гэж үзсэн байна. Дараа нь Санта Моника дах Линколны цэцэрлэгт хүрээлэн (одоо Christine Emerson Reed Park болон өөрчлөгдсөн)-ээр зугаалж байхдаа уг нэр бүхий цэцэрлэгт хүрээлэн (Lincoln Park)-ийн нэрийг авахыг хүссэн боловч тэдэнд интернэт орчинд домайн авах шаардлагатай болсон тул эхний хэсгийг нь "Linkin" болгож өөрчилжээ.

Warner Bros. Records Линкин Паркийн анхны бичлэгүүдэд итгэл найдваргүй, эргэлзэж байжээ. Мөн A&R (уран бүтээлчид, дуу зохиогчдын дуу бичлэг, уран сайхны хөгжлийг хянадаг газар)-аас хамтлагийн хип хоп, рок стилийн хосолсон хандлагад сэтгэл хангалуун бус байв. A&R-ын төлөөлөгч Беннингтонд Шинодагийн хэмнэлийг багасгах эсвэл бүр халж, дан ганц рок бичлэг хийхийг санал болгосон байна. Харин Беннингтон Шинодагийн хэмнэлийг дэмжиж, Линкин Паркийн алсын харааг үгүйсгэхээс татгалзжээ. 2000 оны сүүлээр Фаррелл хамтлагтаа эргэн ирсэн бөгөөд хамтлаг тэр жилдээ Hybrid Theory хэмээх анхны цомгоо гаргасан байна.

2000-2002: Hybrid Theory ба Reanimation

[засварлах | кодоор засварлах]

Линкин Парк 2000 оны 10 дугаар сарын 24-нд Hybrid Theory цомгоо гаргасан. Хамтлагийн хагас арван жилийн хөдөлмөрийг харуулсан уг цомгийг Дон Гилмор найруулжээ. Hybrid Theory нь арилжааны асар их амжилт байсан бөгөөд тэр жилдээ 4.8 сая хувь борлогдож, 2001 оны шилдэг борлуулаттай цомгийн статусыг авсан байна. "Crawling", "One Step Closer" зэрэг синглүүд нь жилийн турш алтернатив рок радиогийн дууны жагсаалтад нэр хүндтэй болж, In the End нь АНУ-ын Billboard Hot 100-д хоёрдугаар байранд орж хамтлагийн хамгийн өндөр амжилтыг авчирчээ. Мөн цомгийн бусад синглүүд нь "Dracula 2000", "Little Nicky", "Valentine" зэрэг кинонуудын дуу болсон байна. Hybrid Theory нь "Crawling" дуугаараа "Шилдэг хүнд рок үзүүлбэр" номинацид Грэммийн шагнал хүртэж, мөн "Шилдэг шинэ уран бүтээлч", "Шилдэг рок цомог" номинациудад нэр дэвшсэн байна. MTV-ээс тус хамтлагт "In the End" дуугаар нь "Шилдэг рок клип", "Шилдэг найруулга" зэрэг шагналуудыг гардуулжээ. Нэмж дурдахад Hybrid Theory цомог нь RIAA (Америкийн дуу бичлэг, үйлдвэрлэлийн холбоо)-ны шилдэг 100 цомогт багтдаг аж.

Энэ хугацаанд Линкин Парк хамтлаг Ozzfest, Family Values Tour, KROQ Almost Acoustic Christmas зэрэг олон алдартай аялан тоглолт, концертуудад оролцох урилгыг хүлээн авчээ. Тус хамтлаг нь 2001 оны 11 дүгээр сард Жессика Склартай хамтран албан ёсны фэн клуб болон сурталчилгааны клуб болох "Linkin Park Underground"-ийг үүсгэн байгуулсан байна. Тэд мөн Саипресс Хилл, Адема, Снуп Догг зэрэг бусад уран бүтээлчдийг оролцуулсан Projekt Revolution нэртэй өөрсдийн аялан тоглолтоо эхлүүлжээ. Жилийн дотор Линкин Парк 320 гаруй концертод оролцсон байна. 2001 оны 11 дүгээр сард Frat Party at the Pankake Festival нэртэй DVD-г гаргаж, үүнд хамтлагийн дебютээ гаргаж байх үеийн бичлэг, үзүүлбэрүүд багтсан байна. Дараа жилээс нь тэд Reanimation нэртэй ремикс цомгийн ажилдаа ханцуй шамлан орсон бөгөөд үүнд Hybrid Theory-ийн дуунууд болон бусад дан дуунуудын ремиксүүд багтжээ. Reanimation нь 2002 оны 07 дугаар сарын 30-нд нээлтээ хийсэн бөгөөд цомогт Блак Тоут, Жонатан Дэвис, Аарон Луис болон бусад олон уран бүтээлчид оролцсон байна. Reanimation нь Billboard 200-ын хоёрдугаар байрыг эзэлж, эхний долоо хоногтоо 270,000 гаруй хувь борлуулалтыг хийжээ.

Hybrid Theory, Reanimation нар амжилттай болсноор дараагаар нь Линкин Парк АНУ-ыг тойрон аялан тоглолт хийж багагүй хугацааг зарцуулжээ. Аялан тоглолтын үеэр чөлөөт цагаараа хамтлагийн гишүүд шинэ материал дээр ажиллаж эхэлсэн байна. Дараа нь 2002 оны 12 дугаар сард хамтлаг шинэ цомог гаргахаа албан ёсоор зарлаж, энэхүү бүтээлээ хадны орой дээр олон тооны сүм хийдүүд барьсан Грекийн Метеора хэмээх хадны нэрээр нэрлэжээ. Meteora-д ну метал болон реп металын хэв маягийг хольж, шакухачи (хулс модоор хийсэн япон лимбэ) болон бусад хөгжмийн зэмсгүүдээр бүтээсэн шинэлэг эффектүүдийг оруулсан байна. Энэхүү Линкин Паркийн хоёр дахь цомог 2003 оны 03 дугаар сарын 25-нд нээлтээ хийсэн бөгөөд тэр даруйдаа дэлхий даяар байлдан дагуулж, рок & метал цомгийн чартад нэгдүгээр байранд оржээ.

Meteora цомог нь эхний долоо хоногтоо 800,000 гаруй хувь борлогдсон бөгөөд Billboard чартуудад хамгийн их борлуулалттай цомог болжээ. Цомгийн "Somewhere I Belong", "Breaking the Habit", "Faint", "Numb" зэрэг сингл дуунууд нь радиогоор олны анхаарлыг ихээр татсан байна. 2003 оны 10 дугаар сар гэхэд Meteora цомог 3 сая гаруй хувь борлуулалтыг хийжээ. Цомгийн амжилт нь Линкин Парк-д Мадвэйн, Блайндсайд, Эксзибит зэрэг бусад хамтлаг, уран бүтээлчдийг оролцуулсан дахин өөр нэг Projekt Revolution-ийг зохион байгуулах боломжийг олгожээ. Мөн Линкин Парк-д Металлика, Лимп Бизкит, Мадвэйн, Дефтонес зэрэг хамтлагуудыг багтаасан Summer Sanitarium 2003 аялан тоглолтод оролцох урилгыг илгээсэн байна. Дараагаар нь тус хамтлаг Техас мужид хийсэн тоглолтын зарим дуу, видео бичлэгийг багтаасан Live in Texas нэртэй цомог болон DVD-г гаргажээ. Дараа жилээс буюу 2004 оны эхээр тэд Meteora World Tour нэртэй аялан тоглолтоо эхлүүлжээ. Аялан тоглолтод Хообастанк, Пи Өү Ди, Story of the Year зэрэг хамтлагууд оролцсон байна.

Meteora нь хамтлагт олон шагнал, өргөмжлөлүүдийг авчирчсан. "Somewhere I Belong" дуугаараа MTV-ийн "Шилдэг рок клип", "Breaking the Habit" дуугаараа "Үзэгчдийн сонголт" шагналуудыг авсан байна. Линкин Парк мөн 2004 оны Радио хөгжмийн шагнал гардуулах ёслол-оос "Оны шилдэг уран бүтээлч", Оны шилдэг дуу шагнал"-уудыг "Numb" дуугаараа авчээ. Хэдийгээр Meteora нь Hybrid Theory-ийн амжилтыг даваагүй ч 2003 онд АНУ-д хамгийн их борлуулалттай цомгийн гуравдугаарт бичигдэж байв. Хамтлаг 2004 оныг ерөнхийдөө аялан тоглолт хийж өнгөрүүлсэн бөгөөд эхний хэдэн сард АНУ болон Европын орнуудаар хийж, дараагаар нь "Projekt Revolution" гурав дахь аялан тоглолтоо эхлүүлсэн байна. Гэвч үүний хажуугаар хамтлаг болон Warner Bros. Records-ын хооронд итгэлцэл болон санхүүгийн хэд хэдэн асуудлууд бий болж, үүнээс үүдэж тэдний харилцаа хурцадмал байдалд шилжжээ. Хэдэн сар үргэлжилсэн маргааны эцэст 2005 оны 12 дугаар сард хоёр тал тохиролцоонд хүрсэн байна.

2004-2006: Уран бүтээлээс гадуурх ажлууд

[засварлах | кодоор засварлах]

Meteora-ийн амжилтын дараа хамтлаг олон талын төслүүд дээр ажиллажээ. Беннингтон Dead by Sunrise хамтлагтай өөр уран бүтээлүүд ажиллаж бас DJ Летал-тай "State of the Art" нэртэй дууг гаргасан бол Шинода Депеч Мод-той хамтран "Enjoy the Silence 04" гэх ремикс дууг тус тус гаргацгаажээ. 2004 онд тус хамтлаг Жэй-Зи-тэй хамтран Collision Course хэмээх ремикс цомог гаргахаар ажиллаж эхэлсэн байна. Энэ нь хоёр уран бүтээлчдийн өөр өөрсдийн дуунуудын үг, аяыг хооронд нь хольсон хэмнэлтэй цомог болсон бөгөөд энэ нь 2004 оны 11 дүгээр сард нээлтээ хийжээ. Дараагаар нь Шинода хувийн төсөл болох Форт Майнор хамтлагаа байгуулж, Жэй-Зигийн тусламжтайгаар анхны цомог болох The Rising Tied-ийг гаргаснаар энэ нь шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авчээ.

Линкин Парк нь 2004 онд Чарли хар салхи, 2005 онд болсон Катрина хар салхи-нд нэрвэгдсдэд туслах зорилгоор мөнгөн тусламж цуглуулах зэрэг олон буяны арга хэмжээнд оролцсон байна. Мөн тус хамтлаг 2004 оны 03 дугаар сард Тусгай ажиллагааны дайчдын сан-д 75,000 ам.доллар хандивлажээ. Мөн 2004 онд Энэтхэгийн далай-д болсон цунамид нэрвэгдсдэд тусламж үзүүлэх ажилд оролцож хэд хэдэн тоглолтуудыг зохион байгуулж, мөн Music for Relief хэмээх нэмэлт сан байгуулжээ. Хамтлагийнхан 2005 онд дэлхий нийтийн анхаарлыг татах зорилгоор зохион байгуулсан Live 8 буяны тоглолтод оролцжээ. Уг арга хэмжээнд Жэй-Зитэй хамт Пеннсилвани мужийн Филадельфи дах тайзан дээр хуваарилагдаж тоглосон байна. Хамтлагийнхан 2006 оны Грэммийн шагнал гардуулах ёслол дээр Жэй-Зитэй хамт Numb/Encore дуугаа толилуулж, үүний араас тэдэнтэй хамт тайзан дээр Пол Маккартни Yesterday дуугаа дуулснаар олны анхаарлыг ихэд татсан байна. Мөн тэдний "Numb/Encore" дуу нь "Шилдэг реп/дуу хамтын бүтээл"-ээр Грэммийн шагнал хүртжээ. Дараа нь 2006 онд хамтлаг Японд Металлика хамтлагийн зохион байгуулсан Summer Sonic хөгжмийн наадамд оролцсон.

2006-2008: Minutes to Midnight

[засварлах | кодоор засварлах]

Линкин Парк 2006 онд дуу бичлэгийн студидээ эргэн ирж, шинэ цомог дээрээ ажиллаж эхэллээ. Цомгийг бүтээхэд продюсер Рик Рубин-тэй хамтарсан байна. Цомгийг анх 2006 онд гарна гэж мэдэгдэж байсан ч 2007 он хүртэл хойшлуулсан байна. 2006 оны 08 дугаар сард хамтлаг 30-50 дуу бичүүлсэн бөгөөд Шинода цомгийн ажлын хагасыг дуусгасан гэж мэдэгджээ. Дараа нь Беннингтон шинэ цомог өмнөх ну метал хэмнэлээс тэс өөр болно гэж нэмж хэлсэн байна. Warner Bros. Records-оос хамтлагийн гурав дахь студийн цомог Minutes to Midnight нэртэйгээр 2007 оны 05 дугаар сарын 15-нд АНУ-д худалдаанд гарна гэж мэдэгджээ. Цомог дээр арван дөрвөн сар ажилласны дараа хамтлагийн гишүүд цомог арван долоон дуутай гарахаас тавыг нь хасч цомгоо боловсронгуй болгохыг хичээсэн байна. Цомгийн нэр нь мөхөл, сүйрлийн тухай утга агуулгатай бөгөөд үүнд тэдний цоо шинэ уянгын хэв маягтай дуунууд багтжээ. Minutes to Midnight эхний долоо хоногтоо 623,000 гаруй хувь борлогдсон нь сүүлийн жилүүдэд гарсан хамгийн амжилттай цомгуудын нэг болсон байна. Мөн тус цомог нь Billboard чартын тэргүүн байранд орсон.

Цомгийн анхны сингл What I've Done нь 04 дүгээр сарын 02-нд MTV болон Fuse дээр нээлтээ хийж, энэ нь Billboard Hot 100-ийн долдугаар байранд оржээ. Энэ дуу нь мөн 2007 онд гарсан Трансформерс киноны дуугаар сонгогдсон. Мөн Майк Шинода нь уг киноны Styles of Beyond хамтлагийн "Second to None" дуунд оролцсон байна. Дараа жил нь тус хамтлаг Америкийн хөгжмийн шагнал гардуулах ёслол-оос "Дуртай алтернатив уран бүтээлч" шагналыг хүртжээ. Цомгийн 2007-2008 оны хооронд гарсан "Bleed It Out", "Shadow of the Day", "Given Up", "Leave Out All the Rest" зэрэг сингл дуунууд нь мөн чамлахааргүй амжилтад хүрсэн байна. Мөн дээрээс нь хамтлаг 2008 оны 04 дүгээр сарын 29-нд реппер Буста Раимс-тай хамтран We Made It хэмээх шинэ дууг гаргасан.

Линкин Парк Minutes to Midnight World Tour нэртэй дэлхийн аялан тоглолтоо эхлүүлэв. Хажуугаар нь Projekt Revolution арга хэмжээг АНУ-д дөрөв дэх удаагаа зохион байгуулж, аялан тоглолтод "My Chemical Romance", "Taking Back Sunday", "HIM", "Placebo" болон бусад хөгжмийн уран бүтээлчид оролцжээ. Хамтлагийн аялан тоглолт цааш Европ, Австрали, Азид үргэлжилсэн байна. Мөн тэд 2007 оны 07 дугаар сарын 07-нд дэлхийн 12 оронд уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх зорилгоор зохион байгуулсан Live Earth арга хэмжээнд, Английн Донингтон хот дах Download Festival, Канадын Торонто хот дах Edgefest зэрэг олон фестивалуудад тоглосон юм. Хамтлаг дөрөв дэх удаагийн Projekt Revolution аялан тоглолтоо Английн "Ноттингем", "Шеффилд", "Манчестер" хотуудын спорт цогцолборуудад тоглож хөтөлбөрийн энэ удаагийн хэсгийг дуусгасан байна. Дараа нь тэд 2008 оны Projekt Revolution-ийн ээлжит аялан тоглолтоо эхлүүлсэн бөгөөд, үүний АНУ-д хийсэн аялан тоглолтод "Крис Корнелл", "Брэвэри", "Ашис Дивайд", "Стрит Драм Корпс" болон бусад хамтлаг, уран бүтээлчид оролцжээ. Майк Шинода аялан тоглолтын нэг хэсэг болох 2008 оны 06 дугаар сарын 29-нд хийсэн Milton Keynes Bowl-д оролцсон тоглолтын шууд бичлэгийг Road to Revolution: Live at Milton Keynes нэртэйгээр диск болон DVD-г гаргахаа зарласан бөгөөд үүнийг 2008 оны 11 дүгээр сарын 24-нд гаргасан.

2009 оны 05 дугаар сард Линкин Парк хамтлаг дөрөв дэх студийн цомог дээрээ ажиллаж байгаа, мөн үүнийг 2010 онд гаргахаар төлөвлөж байгаагаа зарлав. Шинода IGN-д өгсөн ярилцлагадаа шинэ цомог маань Minutes to Midnight дээр тулгуурлаж хийгдэж байгаа бөгөөд мөн илүү шинэлэг байх болно гэж мэдэгджээ. Беннингтон мөн хэвлэл мэдээллийнхэнд Рик Рубин шинэ цомгийн продюсероор дахин ажиллаж байгааг мэдэгдсэн байна. Дараа нь хамтлаг тус цомгийн нэрийг A Thousand Suns гэж зарлажээ. Тэд шинэ цомгийн ажлынхаа хажуугаар Ханс Зиммер-тэй хамтран Transformers: Revenge of the Fallen киноны найруулга дээр ажиллажээ. Мөн тус кинонд зориулж New Divide гэх шинэ дууг гаргасан. Уг дууны клипийг Жое Хан бүтээсэн байна. 06 дугаар сарын 22-нд Линкин Парк киноны нээлтийн өдөрт зориулж Вествуд тосгонд богино хэмжээний тоглолт хийжээ. "Transformers: Revenge of the Fallen" киноны ажил дууссаны дараагаар хамтлаг цомгийнхоо ажилд эргэн орцгоосон байна.

2010 оны 04 дүгээр сарын 26-нд тус хамтлаг IPhone, iPod Touch, iPad-д зориулсан 8-Bit Rebellion! хэмээх тоглоом анх удаагаа гаргалаа. Энэ нь хамтлагийн гишүүдээс сонгон тоглох боломжтойгоор бүтээгдсэн байна. Тоглоомын дуунд зориулж "Blackbirds" хэмээх дууг гаргасан. Энэ дууг дараагаар нь A Thousand Suns цомгийн iTunes хувилбарт нэмэлт дуугаар оруулжээ.

A Thousand Suns цомог 09 дүгээр сарын 14-нд гарч, анхны сингл The Catalyst нь 08 дугаар сарын 02-нд гарчээ. Дараагаар нь тус хамтлаг 2010 оны 10 дугаар сард шинэ аялан тоглолтоо эхлүүлж энэхүү цомгоо сурталчилжээ. Цомгийн дараагийн синглүүдээр "Waiting for the End", "Burning in the Skies", "Iridescent" зэрэг бүтээлүүд орсон. Мөн дээрээс нь тэд энэхүү цомгийн үйлдвэрлэлийн тухай Meeting of A Thousand Suns нэртэй баримтат киног гаргажээ. 2010 оны 08 дугаар сарын 31-нд хамтлаг 2010 оны 09 дүгээр сарын 12-нд болох 2010 оны MTV-ийн хөгжмийн шагнал гардуулах ёслол-д зориулж "The Catalyst" дуугаа дуулах гэж байгаагаа зарлажээ.

Линкин Парк дэлхийд тэргүүлэгч олон нийтийн сүлжээ, сайтуудын хамгийн идэвхтэй уран бүтээлчдийн жагсаалтыг тодруулдаг Billboard Social 50 жагсаалтын 9-р байранд оржээ. Мөн Billboard-ын бусад жилийн эцсийн жагсаалтуудад “Шилдэг уран бүтээлчид” жагсаалтын 92-рт, "Billboard-ын шилдэг 200 цомог" жагсаалтад A Thousand Suns цомгоор 53-рт, “Жилийн эцсийн шилдэг рок дуу” жагсаалтад "The Catalyst" дуугаар 40-р байранд тус тус оржээ.

2011 онд тус хамтлаг Billboard-ын "Шилдэг хамтлаг", "Шилдэг рок уран бүтээлч", "Шилдэг алтернатив уран бүтээлч", A Thousand Suns цомгоор "Шилдэг рок цомог" болон "Шилдэг алтернатив цомог", "Waiting for the End" дуугаар "Шилдэг алтернатив дуу"-аар тус тус нэр дэвшсэн ч ямар нэгэн шагнал авч чадаагүй байна. Гэсэн ч хамтлаг 2011 оны Billboard-ын жилийн эцсийн чартуудад багтсан байна. "Шилдэг уран бүтээлчид" жагсаалтад 39-рт, "Billboard 200 уран бүтээлчид" жагсаалтад 87-рт, "Social 50" жагсаалтад 11-рт, "Шилдэг рок уран бүтээлчид" жагсаалтын 6-рт, "Рок дууны уран бүтээлчид"-ийн 9-рт, "Рок цомог" жагсаалтын 16-рт, "Хүнд рок цомог"-ийн жагсаалтын 4-рт, "Алтернатив дуу"-ны жагсаалтын 7-рт тус тус орсон.

2011-2013: Living Things ба Recharged

[засварлах | кодоор засварлах]

2011 оны 07 дугаар сард Беннингтоны Rolling Stone-д өгсөн ярилцлагадаа Линкин Парк арван найман сар тутамд шинэ цомог гаргахаар зорьж байгаа бөгөөд хэрэв 2012 онд шинэ цомог гарахгүй бол надад сайхан санагдахгүй байх гэж хэлжээ. Мөн тэрээр 2011 оны 09 дүгээр сард хийсэн өөр нэгэн ярилцлагадаа “Бид дөнгөж эхэлж байгаа, бид бүтээлч байх дуртай, тиймээс бид үүнийг үргэлжлүүлэхийг хичээж байна, бид явж байгаа чиглэлдээ сэтгэл хангалуун байгаа” гэсэн байна. 2012 оны 03 дугаар сарын 28-нд Шинода Жое Ханын найруулсан Burn It Down дууны клипний зураг авалтыг хийж байгааг зарлажээ. Шинода "Co.Create"-д цомгийн гаднах зургийн талаар ярихдаа “Энэ нь фэнүүдийг маань гайхшруулах болно, жирийн хүн үүнийг хараад ойлгохгүй байх, энэ бол цоо шинэ зүйл гэдгийг би батална, ганц зураг ч биш дүрслэлийг бүтээх арга нь цоо шинэ юм” гэжээ.

2012 оны 04 дүгээр сард хамтлаг тав дахь студийн цомгийн нэр Living Things гэж зарлав. Шинода хэлэхдээ Living Things цомог нь хүмүүсийн харилцааны тухай хийгдсэн бөгөөд өмнөх цомгуудаас илүү хүний хувийн шинж чанарыг харуулсан онцлогтой учраас Living Things гэх нэрийг өгсөн гэжээ. Цомгийн анхны сингл "Burn It Down" нь 04 дүгээр сарын 16-нд гарсан. Тус хамтлаг 2012 онд Инкюбус хамтлагийн ахлагчтай хамтран Honda Civic Tour арга хэмжээнд тоглож, цомгоо сурталчилсан байна. Цомгийн бусад синглүүдэд "Lost in the Echo", "Powerless", "Castle of Glass" зэрэг дуунууд багтсан. Тус хамтлаг 2012 оны Billboard хөгжмийн шагнал гардуулах ёслол-д "Burn It Down" дуугаа толилуулжээ. 05 дугаар сарын 25-нд "Burn It Down" дууны клипийг гаргаж, дараа нь Living Things-ийн өөр нэгэн дуу болох Lies Greed Misery-г цацсан. Цомгийн сүүлийн дуу болох "Powerless" нь Abraham Lincoln: Vampire Hunter киноны дуугаар сонгогдсон.

Living Things 06 дугаар сарын 26-нд АНУ-д нээлтээ хийсэн. Энэхүү цомог нь нээлтээ хийсэн долоо хоногтоо 223,000 гаруй хувь борлогдож, АНУ-ын цомгийн жагсаалтад нэгдүгээрт оржээ. 12 дугаар сарын 07-нд 2012 оны Спайк видео тоглоомын шагнал гардуулах ёслол-д цомгийн "Castle of Glass" сингл нь "Шилдэг тоглоомын дуу" номинацид нэр дэвшсэн байна. Уг шагнал гардуулах ёслолд хамтлаг энэхүү дуугаа дуулж, харин шагналаа Бэк-ийн "Cities" дуунд алджээ. Дараа жил нь хамтлаг Металлика, Парамор, Блинк-182, Сам 41 хамтлагуудын хамт Австралид болсон Soundwave хөгжмийн наадамд тоглосон.

2013 оны 08 дугаар сарын 10-нд тус хамтлаг Америкийн хөгжимчин Стив Аоки-тэй хамтран LP Recharge онлайн тоглоомд зориулж A Light That Never Comes дууг бичүүлжээ. Дараа нь 2013 оны 09 дүгээр сарын 12-нд уг тоглоомын вэбсайтыг нээсэн. Энэ дуу нь дараа нь 2013 оны 10 дугаар сарын 29-нд гарсан хамтлагийн Recharged хэмээх ремикс цомогт багтсан байна. Reanimation-тэй адил болсон энэхүү цомогт Пуша Ти, Датсик, Киллсоник, Бан Би, Мони Марк, Рик Рубин зэрэг уран бүтээлчид оролцсон бөгөөд үүнд Living Things-ийн арван дууны ремикс хувилбарууд багтсан болно. Хамтлагийнхан дараа жил нь Жое Ханы найруулсан Mall кинонд зориулж дуу гаргасан.

2013-2015: The Hunting Party

[засварлах | кодоор засварлах]

Шинода Fuse-д өгсөн ярилцлагандаа 2013 оны 05 дугаар сард зургаа дахь студийн цомгоо бичиж эхэлсэнээ зарлав. Хамтлаг шинэ цомгийнхоо эхний сингл болох реппер Раким-тай хамтарсан Guilty All the Same дууг 2014 оны 03 дугаар сарын 06-нд Shazam-аар дамжуулж гаргасан. Дараа өдөр нь уг сингл нь Warner Bros. Records-оос гарсан бөгөөд дараагийн долоо хоногтоо Mainstream Rock чартын нэгдүгээр байранд орж, АНУ-ын Billboard Rock Play чартын 27-р байранд оржээ. Тус сингл гарсаны дараагаар хамтлаг зургаа дахь цомгийнхоо нэрийг The Hunting Party гэж зарлав. Энэхүү цомгийг Шинода, Делсон нар бүтээсэн бөгөөд үүнийг Hybrid Theory-ийн хөгжмийн элементүүд болон хамтлагийн өмнөх материалуудыг судалж үзсэний үндсэн дээр бүтээсэн байна. Шинода энэхүү цомгоо “90-ээд оны рок бичлэгийн хэв маяг” гэж тайлбарлажээ. Мөн тэрээр “Энэ цомог бол чанга сонсголтой рок хэв маягтай хэдий ч та нарын өмнө нь сонсож байсан шиг биш юм, гэхдээ 90-ээд оны хардкор-панк-трэштэй төстэй ” гэжээ. Цомогт Раким, Хелмет хамтлагийн гишүүн Пэйж Хамилтон, Rage Against the Machine хамтлагийн Том Морелло, System of a Down хамтлагийн Дарон Малакиан нартай хамтарсан дуунууд багтсан байна. Цомгийн дараагийн синглүүдээр "Until It’s Gone", "Wastelands", "Rebellion", "Final Masquerade" зэрэг дуунууд сингл хэлбэрээр гарсан. The Hunting Party нь олон орнуудад 2014 оны 06 дугаар сарын 13-нд гарч, АНУ-д 06 дугаар сарын 17-нд гарчээ.

Линкин Парк хамтлаг 2014 оны 06 дугаар сарын 14-нд Download Festival-д оролцож, үүнд Hybrid Theory цомгийн бүх дуунуудаа тогложээ. Мөн Металлика, Kings of Leon, Аирон Мэйдин хамтлагуудтай зэрэгцэн 2014 оны Rock am Ring, Rock im Park зэрэг тоглолтуудад оролцсон. Бас 06 дугаар сарын 22-нд Ишюс, The Devil Wears Prada, A Day To Remember, Yellowcard, Брит Каролина, Финч, Машин Ган Кэлли нартай Vans Warped Tour аялан тоглолтонд оролцжээ. 2015 оны 01 дүгээр сард хамтлаг The Hunting Party-г сурталцлах зорилгоор АНУ, Канад улсуудад 17 аялан тоглолт хийхээр төлөвлөжээ. Аялан тоглолтын үеэр гурван тоглолтын дараа Беннингтон шагайгаа гэмтээсний улмаас хамтлаг тус арга хэмжээг зогсоосон байна. Дараа нь тус оны 05 дугаар сарын 09-нд Линкин Парк хамтлаг Металлика-г дэмжиж Rock in Rio USA-д анх удаа тогложээ.

2014 оны 11 дүгээр сарын 09-нд болсон 2014 оны MTV Европын хөгжмийн шагнал гардуулах ёслол-д Линкин Парк хамтлаг “Шилдэг рок хамтлаг”-аар шалгарсан байна. Мөн тус хамтлаг 2014 оны Loudwire’s хөгжмийн шагнал гардуулах ёслол-оос “Шилдэг рок хамтлаг”, “Шилдэг амьд тоглолт” зэрэг шагналуудыг хүртсэн. Revolver сэтгүүлээс The Hunting Party цомгийг дөрөв дэхь шилдэг цомгоор шалгаруулсан. 05 дугаар сарын 04-ний өдөр Шинода Altwire-д өгсөн ярилцлагадаа The Hunting Party болон Линкин Паркийн ирээдүйн талаар тайлбар хийсэн байна. “The Hunting Party-д би сэтгэл хангалуун байгаа, бид дараагийн цомог дээрээ илүү шинэ зүйл рүү шилжихэд бэлдэж байгаа” гэжээ.

2015 оны 05 дугаар сард Стив Аоки-ийн Neon Future II цомгийн Darker Than Blood дуун дээр хамтран ажиллажээ. Тэрээр 2015 оны 02 дугаар сарын 28-нд Иллинойс мужийн Чикаго хотын Aragon бүжгийн танхимд хийсэн тоглолтынхоо үеэр дууны анхны үзүүлбэрийг хийжээ. Энэ дуу 04 дүгээр сарын 13-нд Twitch дээр тавигдаж, 04 дүгээр сарын 14-нд албан ёсоор гарсан.

Дараа нь Линкин Парк хамтлаг Blizzard видео тоглоомын чуулга болох BlizzCon 2015-ын хаалтын ажиллагаанд оролцож тоглолтоо хийсэн.

2015-2017: One More Light ба Беннингтоны үхэл

[засварлах | кодоор засварлах]

2015 оны 11 дүгээр сард Линкин Парк долоо дахь студийн цомог дээрээ ажиллаж эхэлснээ мэдэгдлээ. Честер Беннингтон цомгийн чиглэлийн талаар дурдахдаа “Бид маш олон сайхан материалуудыг бэлдсэн. Энэ нь бидний шүтэн бишрэгчдийг байлдан дагуулах байх гэж найдаж байна” гэжээ. 2017 оны 02 дугаар сард хамтлаг өөрсдийн нийгмийн сүлжээн дэх хуудсандаа цомгийн сурталчилгааны бичлэгүүдийг нийтэлж, Шинода, Беннингтон нар цомог доторх шинэ материалуудаа танилцуулав. Майк Шинода цомогт шинэ хэв маягуудыг оруулсан гэж мэдэгджээ. Харин Брад Делсон: “Бид маш олон бичлэг хийсэн, цомогт ямар материалуудаа оруулахаа шийдсэн байгаа, мөн энэ нь тийм ч амар хялбар байгаагүй” гэж хэлсэн байна.

Шинэ цомгийн анхны синглээр Heavy нэртэй дуу нь тодорч, үүнд поп дуучин Кииара-тай хамтарсан нь тус хамтлаг анх удаагаа цомогтоо эмэгтэй дуучинг зочин уран бүтээлчээр оролцуулсан нь энэ ажээ. Уг дууны үгийг хамтлаг Жулиа Майклс, Жастин Трантер нартай хамтран бичжээ. Сингл 02 дугаар сарын 16-нд гарсан. Цомгийн хавтас зурганд далайд тоглож буй зургаан хүүхдийг дүрсэлсэн агаад зургийг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дижитал оньсого болгож тавьсан байна. Энэхүү хамтлагийн долоо дахь студийн цомог One More Light нэртэйгээр 2017 оны 05 дугаар сарын 19-нд гарчээ. "Battle Symphony", "Good Goodbye" (Пуша Ти, Стормзи нартай хамтарсан), "Invisible" зэрэг дуунууд нь цомог гарахаас өмнө сурталчилгааны синглээр гарсан байна.

2017 оны 07 дугаар сарын 20-нд гоцлол дуучин Беннингтон нас барж, түүний үхлийг дүүжилж амиа хорлосон гэж үзжээ. Шинода Беннингтоныг нас барсныг баталж Твиттер хуудсандаа “Цочирдож байна, зүрх минь шархалж байна, энэ бол үнэн. Бидэнд тодорхой мэдээлэл ирсний дараа албан ёсны мэдэгдэл хийнэ” гэж жиргэсэн байна. Хамтлаг энэ өдөр Talking to Myself дууныхаа клипийг олон нийтэд цацсан юм. Беннингтоныг нас барснаас нэг өдрийн дараа хамтлаг One More Light World Tour аялан тоглолтынхоо Хойд Америк дахь аялалаа цуцалжээ. 07 дугаар сарын 24-нд Линкин Парк хамтлаг Беннингтонд хүндэтгэл үзүүлэх тухай мэдэгдлийг вэбсайтдаа нийтэлжээ. 07 дугаар сарын 28-нд Шинода хамтлагийн Music for Relief буяны санд цугларсан хандивыг Беннингтоны дурсгалд зориулан байгуулсан "One More Light Fund"-д шилжүүлнэ гэж мэдэгджээ. 08 дугаар сарын 04-нд хамтлаг “Good Morning America” нэвтрүүлэгт оролцох төлөвлөгөөтэй байсан бөгөөд тус дугаарт Саундгарден хамтлагийн гоцлол дуучин Крис Корнелл-ын 12 настай охин Тони OneRepublic-тэй хамт гарч ирэн Беннингтонд хүндэтгэл үзүүлж Hallelujah дууг дуулжээ. Беннингтон нас барахаасаа хоёр сарын өмнө дүүжилж амиа хорлосон Корнеллын оршуулга дээр мөн энэ дууг дуулж байсан.

08 дугаар сарын 22-нд Линкин Парк Лос Анжелес хотод Беннингтонд хүндэтгэл үзүүлэх тоглолт хийхээр төлөвлөж байгаагаа зарлав. Хамтлагийнхан үүнийг дэмжсэн фэнүүддээ талархал илэрхийлж “Бид тав Линкин Паркийн ирээдүйг эдгээж, бүтээхэд та бүхний дэмжлэгт талархаж байна” гэжээ. Үүнийг тохиолдуулж 10 дугаар сарын 03-нд шинэ цомгийн "One More Light" дууг сингл хэлбэрээр гаргажээ. Хамтлагийнхан Linkin Park and Friends: Celebrate Life in Honor of Chester Bennington нэртэй тоглолтыг 10 дугаар сарын 27-нд Hollywood Bowl-д хийхээ зарлажээ. Уг арга хэмжээнд Линкин Парк хамтлаг олон зочидтой хамтран дуунуудаа дуулсан байна. Тоглолт гурван цаг гаруй үргэлжилсэн бөгөөд YouTube-ээр шууд дамжуулсан. Уг тоглолтыг 2024 оны 09 дүгээр сарын байдлаар 25 сая хүн үзжээ.

Хамтлагийнхан хүндэтгэлийн тоглолтын дараа Японд хийх байсан аялан тоглолтоо 10 дугаар сарын 03-нд мөн цуцалжээ. 2017 оны 11 дүгээр сард Линкин Парк Беннингтонтой хийсэн сүүлчийн аялан тоглолтуудаасаа эмхтгэсэн One More Light Live нэртэй амьд цомгоо 12 дугаар сарын 15-нд гаргахаа зарлажээ. 11 дүгээр сарын 19-нд хамтлаг Америкийн хөгжмийн шагнал гардуулах ёслол-оос “Дуртай алтернатив уран бүтээлч” шагналыг хүртэж, уг шагналыг тэд Беннингтонд зориулсан байна.

2017-2023: Завсарлага ба Дахин хэвлэлтүүд

[засварлах | кодоор засварлах]

Беннингтоныг нас барсны дараагаар Линкин Парк завсарлага авч эхлэв.

2018 оны 01 дүгээр сарын 28-нд Шинода Линкин Паркийн ирээдүйн талаарх шүтэн бишрэгчдийнхээ асуултуудад хариулж “Би Линкин Паркийг үргэлжлүүлэх бодолтой байгаа, бидэнд хийж бүтээх ажил их байна, гэхдээ үүнд цаг хугацаа хэрэгтэй” гэж жиргэжээ. Дараа нь 03 дугаар сарын 29-нд Шинода Vulture-д өгсөн ярилцлагадаа Линкин Паркийн ирээдүйд нэг талаараа эргэлзэж байгаагаа мэдэгдсэн байна. 04 дүгээр сарын 17-нд Линкин Парк 2018 оны Биллбоард хөгжмийн шагнал гардуулах ёслол-д гурван шагналд нэр дэвшсэн ч ямар нэгэн шагнал авч чадаагүй байна. Дараа нь 05 дугаар сарын 18-нд UCLA-аас Жорж, Ира Гершвиний нэрэмжит шагнал-ыг тус хамтлагт гардуулжээ. 2019 оны 02 дугаар сарын 18-нд Шинода нэгэн ярилцлагадаа “Хамтлагаа үргэлжлүүлэх санаа байгаа ч ямар хэлбэрээр байх нь хараахан шийдэгдээгүй байна” гэж хэлжээ. Беннингтоныг орлох хүний талаар асуухад “Шинэ дуучин хайх нь миний зорилго биш. Хэрэв ийм дээрээ тулвал аяндаа болох л байх. Бид нэгэн авьяаслаг, стилийн хувьд сайн хүн оллоо ч би хэзээ ч түүнийг Честерийг оролж байгаа мэт мэдрэхгүй” гэжээ.

2019 онд Шинода, Фаррел, Хан нар олон нийтэд зарлалгүйгээр шинэ хөгжим дээр хамтран ажиллаж эхэлсэн бөгөөд дараа нь Делсон үүнд нэгдэж, харин бөмбөрчин Боурдон оролцохгүй гэж шийдсэн байна. Дараа нь тус онд Дэйд Сара хамтлагийн гоцлол дуучин Эмили Армстронг-той танилцаж, мөн удалгүй бөмбөрчин Колин Бриттайн зэрэг бусад хөгжмийн уран бүтээлчидтэй хамтран шинэ хөгжим дээр ажиллаж эхэлжээ. 2020 оны 04 дүгээр сарын 28-нд басс гитарчин Дэйв Фаррел үүнийг баталж мэдэгдэл хийсэн байна. 08 дугаар сарын 13-нд хамтлаг 1999 онд бичсэн She Couldn’t дуугаа цацаж, 10 дугаар сарын 09-нд Hybrid Theory цомгийнхоо 20 жилийн ойн дахин хэвлэлтийг гаргажээ. 2021 оны 01 дүгээр сарын 08-нд Америкийн электрон дуэт 100 gecs-ээс "One Step Closer" дууны ремиксийг гаргасан. Хамтлагийн зүгээс үүнийг Reanimation дах ремиксүүдээс сонгогдсон анхны ремикс гэж мэдэгджээ. 10 дугаар сарын 29-нд хамтлаг дахин амьд тоглолтоо хийх талаар асуухад Шинода “Одоогоор хамтлаг эргэн ирэх цаг хараахан болоогүй байна. Бид үүнд анхаарлаа хандуулаагүй байгаа” гэжээ. 2022 оны 04 дүгээр сард Шинода хамтлаг аялан тоглолт, шинэ цомог, шинэ хөгжим дээр ажиллаагүй хэвээр байгаагаа дахин мэдэгдсэн байна.

2023 оны 02 дугаар сард хамтлаг Meteora цомгийн 20 жилийн ойд зориулж нэгэн тоглоомыг вэбсайтдаа тавив. 02 дугаар сарын 06-нд тэд 04 дүгээр сарын 07-нд гарах цомгийн дахин хэвлэлтийн эхний сингл болох Lost хэмээх далд дууг 02 дугаар сарын 10-нд цацахаа зарлажээ. Дараа нь хоёр дахь сингл Fighting Myself дууг 03 дугаар сарын 24-нд гаргасан.

2023-Одоо: Өөрчлөлт ба From Zero

[засварлах | кодоор засварлах]

2023 онд хамтлаг олон нийтэд мэдэгдэлгүйгээр Армстронг, Бриттайн нарыг хамтлагтаа элсүүлж шинэ хөгжим, уран бүтээл дээр ажиллаж эхэлсэн байна. 2024 оны 02 дугаар сарын 23-нд One More Light цомгийн ажлын үед бичигдэж байсан Friendly Fire дууг цацав. Үүний дараа 04 дүгээр сарын 12-нд хамтлагийн бүх хит дуунуудыг багтаасан Papercuts хэмээх эмхтгэлийг гаргажээ. Энэхүү эмхтгэлд дээрх "Friendly Fire" дуу болон 2006 онд гаргасан LP Underground 6.0-д орсон Qwerty дууны анхны албан ёсны хувилбар зэргийг нэмж оруулсан байна. 2024 оны 04 дүгээр сарын 30-нд Billboard-д мэдээллэснээр Линкин Паркийг WME-ээс 2025 онд болох хамтлагийг дахин нэгтгэх аялан тоглолт болон фестивалуудад оролцох саналыг тавьсан бөгөөд бүрэлдэхүүнд Шинода, Делсон, Фаррел болон гоцлол дуучин Беннингтонг оролж Армстронг нар багтжээ.

09 дүгээр сарын 05-нд шууд дамжуулалтын арга хэмжээний үеэр Линкин Паркийн эргэн ирэлт болон хамтлагт Армстронг, Бриттайн нар элссэн тухай зарлав. Мөн дээрээс нь тэд 2024 оны 11 дүгээр сарын 15-нд From Zero хэмээх найм дахь цомгоо гаргахаа зарлаж, бас цомгийн эхний сингл The Emptiness Machine дууг цацсан байна. Хамтлагийнхан Армстронгыг элсүүлэх болсон шийдвэр гаргасан нь түүний Сайентологийн сүм-тэй холбоотой байсан ба мөн хүчингийн хэрэгт буруутгагдаж байсан Дэнни Мастерсон-ыг дэмжиж байсантай холбоотойгоор зарим шүүмжлэлд өртсөн байна. Анх 2023 онд Армстронгыг буруутгаж байсан Марс Волта хамтлагийн гоцлол дуучин Седрик Бикслер-Завала хэлэхдээ “Линкин Парк түүнийг ажилд авахаасаа өмнө зохих шалгалт аваагүй” гэсэн бол Беннингтоны хөвгүүдийн нэг нь Линкин Паркийг “Тэд итгэлээсээ урвасан” гэж мэдэгдэл хийжээ. Эдгээр шүүмжлэлүүдэд Армстронг Instagram-ын түүхээрээ хариулж 2020 онд шүүх хуралдаанд оролцсоноос хойш Мастерсонтой холбоогүй байсан бөгөөд түүний гэмт хэргийг буруушааж байгаагаа мэдэгдсэн байна. Гэвч тэрээр Сайентологи дахь статусынхаа талаар дурдаагүй байна. Харин BBC-ээс түүнийг Дэйд Сарад байхдаа бичсэн дуунуудын агуулгаас харахад Армстронг тэдний сургаалаас татгалзаж байгааг харуулж байна гэж тэмдэглэжээ.

Линкин Парк 09 дүгээр сарын 11-нд Инглвуд дэх Kia Forum-д дөрвөн тивийг тойрсон аялан тоглолтоо эхлүүлэв. Делсон хамтлагийнхаа арын ажилд анхаарлаа хандуулж аялан тоглолтод оролцохгүй гэдгээ зарлажээ. Харин түүнийг Алекс Федер гэгч оролж аялан тоглолтод оролцож эхэлсэн байна. Уг аялан тоглолт 2024 оны 11 дүгээр сарын 16-нд Бразил-ийн Сан Пауло хотод дуусгахаар төлөвлөгджээ. Шинодагийн зүгээс “Линкин Парк 2025 онд өргөн цар хүрээтэй аялан тоглолт хийнэ” гэж мэдэгджээ. Цомгийн хоёр дахь сингл Heavy Is the Crown нь 2024 оны 09 дүгээр сарын 24-нд гарсан бөгөөд энэ нь Riot Games-ийн League of Legends тоглоомын 2024 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн-ий гол сэдэв дуу болгон ашиглагджээ. Цомгийн гурав дахь сингл Over Each Other 2024 оны 10 дугаар сарын 24-нд гарч, дөрөв дэхь сингл Two Faced нь 2024 оны 11 дүгээр сарын 13-нд гарсан.

Хамтлагийн гишүүд

[засварлах | кодоор засварлах]

Одоогийн гишүүд

Хуучин гишүүд

Аялан тоглолтоор явсан

  • Каил Кристнер - басс гитарчин (1998-1999)
  • Скотт Козиол - басс гитарчин (2000)
  • Иан Хорнбек - басс гитарчин (2000)
  • Алекс Федер - гоцлол гитарчин (2024)

Студийн цомгууд

Бие даасан

Хамтарсан

 Commons: Linkin Park – Викимедиа дуу дүрсний сан