Jump to content

Манзушир (Дархан чин ван)

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Манзушир (монгол бичиг:ᠮᠠᠩᠵᠤᠰᠢᠷᠢ; ?-1665) нь Хиад Боржигин овгийн Хавт Хасарын удамчир Хорчин аймгийн Зайсан бөх тайжийн хөвгүүн. Манжийн Чин гүрэнд дагаар орсны дараа Хорчины баруун гарын дунд хошууны засаг ноён, үе улиран залгамжлах хошой дархан баатар чин ван цол хэргэмийг хүртэж, Чин гүрний төлөө зүтгэсэн монгол ноён. Мөн Эеэр засагч хааны ээж Бумбутай хатны ах эсвэл дүү.

Тэрээр Жочи Хасарын удамчир Намсай дурал ноёны хүү Мангус заргачын хүү Зайсан тайжийн 4-р хөвгүүн ба том ах нь хошой зоригт чин ван Угшан, хоёр дахь ах нь төрийн дархан бэйл Цагаан, гурав дахь ах нь төрийн жүн ван Соном, хоёр эгч нь Абахай хааны бага хатад Харжол, Бумбутай нар болно.

Ах Угшаны хамт Цолмон хотыг сахиж, Цахарын эсрэг тулж, олзлон олсон тэмээ, морийг өргөж дагаар оров.[1] 1628 онд Абахай хааныг дагаж Цахарыг дайлсанд Дархан баатар цол соёрхож, ли чин ван Дайшаний хүү бэйл Ёотогийн охиныг хошой гүнж өргөмжилж, Манзуширд өгснөөр хошой эфү болов. 1632 онд Мин улсын Датун, Сюаньфугийн хязгаарыг дайлж, 10 харуул, 40 морийг олзлож, 6 хотыг эзлэв.[1]

1636 онд засаг, үе улиран залгамжлах төрийн баатар жүн ван өргөмжлөн, хорчин баруун гарын дундад хошууны засаг ноён болгож, түүний гурван ах Угшан, Цагаан, Соном нарыг Дархан вангийн хошуунд хамааруулж, засаг бус сул ноён болгов. 1637 онд Засагт жүн ван Будачийн хамт амбан Никаныг дагаж, Чосон улсын Варка нэрт газрыг дайлахуйд Гимхайгийн газар хүрч, Пёняны өмөг цэргийг дарав. 1638 онд Мин улсын Ижоу хот руу давшин байлдаж хэсэг газрыг эзлээд сахин суув. 1640 онд хуяг дуулга, нум шагнав. 1641 онд зоригт чин ван Угшантай хамт Синшань уул, Гаоцяогийн газрыг довтлон байлдав. 1644 онд Эеэр засагч хааны зарлигаар Хошой Дархан баатар жүн ван болгож дэвшүүлэв. 1646 онд Сөнидийн Тэнгис ван Халх руу зугтсанд манжийн эрх чин ван Додог дагаж, Халхын нутаг руу цөмрөн байлдаж, Өтөг ууланд Тэнгисийн эм хөвүүдийг олзлон, Зажибулагийн байлдаанд Халхын цэргийг дарав.[1] 1659 онд байгуулсан гавъяа зүтгэлийг нь нягтлаад үе улиран залгамжлах Хошой Дархан баатар чин ван цолоор шагнав. 1665 онд нас барав.

  • Хатан: Нэр тодорхойгүй анхны хатан[2], Хошой гүнж хатан (1615-1637), Тати гэгэ[2]

Илтгэл шастирын Манзушир чин вангийн олдворын шастирт Худа чин ван, Мани туслагч гүн, Жарбу туслагч гүн, Эрх Очир тайж, Эрдэнэ Очир тайж[1] гэсэн 5 хөвгүүнтэй гэсэн байдгаас, Хута нь эцгийн суурийг залгамжлав гэжээ.

Харин Рашпунцагийн Болор эрих хэмээх монгол сурвалж бичигт: "... урьд хатнаас дархан чин ван Хуту, улсын гүнжээс Мани, Жалбу, Багчи, Тати гэгэ, Эрх-Очир, Эрдэнэ-Очир, Авид-Очир, Ачит-Очир есүүл буюу..."[2], Хасарын удмын Мэргэн гэгээний зохиосон Алтан товчид "...Манзушир вангийн хөвгүүн Худа ван, Жалбу, Мани, Тадай, Багши, Эрх, Эрдэнэ, Авидан, Ачит ес..."[3] гэсэн монгол хэлээрх эх сурвалжыг үзвэл Манзушир ван 9 хүүтэй байжээ.

Өмнөх
Шинээр байгуулсан
Засаг, Хошой Дархан чин ван
1636-1665
Дараах
Худа
  1. 1.0 1.1 1.2 1.3 Ц, Цэрэндорж нар (2006). Зарлигаар тогтоосон Гадаад Монгол, Хотон аймгийн ван гүнгүүдийн илтгэл шастир. Улаанбаатар. pp. 147–150.
  2. 2.0 2.1 2.2 ., Рашпунцаг (2006). Болор эрих. Vol. 2. Translated by М, Баярсайхан нар. Улаанбаатар. p. 599.{{cite book}}: CS1 maint: numeric names: authors list (link)
  3. Мэргэн гэгээн, Лувсандамбийжалцан (2006). Алтан товч. Translated by Д, Бүрнээ. Улаанбаатар. p. 89.