Зарлигаар тогтоосон Гадаад Монгол, Хотон аймгийн ван гүнгүүдийн илтгэл шастир
Зарлигаар тогтоосон гадаад монгол, хотон аймгийн ван гүнгүүдийн илтгэл шастир | |
---|---|
Зохиолч | Чин улсын бичгийн утгачийн хүрээлэн |
Улс | Манж Чин улс |
Хэл | манж хэл, монгол хэл, хятад хэл |
Цуврал | 216 дэвтэр |
Урсгал | Түүхийн сурвалж бичиг |
Хэвлэсэн огноо | 1795, 1822-1824, 1836-1839, 1849-1851, 1855 |
"Зарлигаар тогтоосон (залгаж зохиосон) Гадаад Монгол, Хотон аймгийн ван гүнгүүдийн илтгэл шастир", товчоор "Илтгэл шастир" (хятад: 欽定(續纂)外藩蒙古回部王公表傳; пиньинь: Qīndìng (Xù zuǎn) wàifān ménggǔ huí bù wáng gōngbiǎo chuán) нь Манжийн Чин Улсын Тэнгэрийн тэтгэсэн хааны зарлигаар монгол, хотон, төвөд аймаг, хошуудын угсаа залгамжилсан ноёдын намтар, нутаг орны түүхийг бичсэн 216 дэвтэр түүхийн эх сурвалж юм. Илтгэл шастирыг Монгол ноёдын үе үед залган бичиж байсан гэрийн түүх, угийн тэмдэглэлүүд болон XVII-XIX зууны эхэн үеийн монгол, манж, хятад, түвэд албан бичиг, данс хараанд тулгуурлан[1] найруулан бичсэн.
Бүтэц
[засварлах | кодоор засварлах]Энэхүү зохиолыг 1779 оноос манжийн Тэнгэрийн тэтгэсэн хааны зарлигаар бичгийн утгачийн хүрээлэнгийн хятад түшмэл Ци Юньши тэргүүтэй сударч түшмэд бичиж эхлээд 1789 онд манж, хятад хэлээр эмхэтгэж дуусаад, монгол хэл рүү орчуулж, 1795 онд 120 дэвтэр зохиолыг манж, монгол, хятад хэл, бичгээр олон хувь барлаж, Чин улс даяар тараасан.
Хожим 1822-1824, 1836-1839, 1849-1851, 1855 онд дөрвөн удаа нэмэлтээр 96 дэвтэрийг бичиж[1], манж, монгол, хятад хэл бичгээр барлаж тараасныг "Зарлигаар тогтоосон залгаж зохиосон Гадаад мужийн Монгол, Хотон аймгийн ван гүнгүүдийн илтгэл шастир" гэж нэрлэдэг. Тус зохиолын эхний 120 дэвтэрд 16-р зуунаас 1790-ээд он хүртлэх үйл явдал, сүүлд зохиосон 96 дэвтэрд 1790-ээд оноос хойшх үеийн ноёдын намтар, нутаг орны цадиг түүх багтана.
Энэ бүтээл нь Илтгэл, Шастир гэсэн хоёр хэсгээс бүрдэнэ. “Илтгэл” хэсэгт зөвхөн аймаг бүрийн хэргэм залгамжилсан засаг, засаг бус ноёдын намтар, түүхэн үйл ажиллагааг хүн тус бүрээр хүснэгтлэн товч тодорхой оруулсан байдаг. Шастир хэсэг нь Шастирын хураангуй, Олдворын шастир гэх хоёр бүлэгт хуваагддаг.
“Шастирын хураангуй” гэж нэгэн аймгийн ноёдын угсаа гарал, үе удмын сүлжээ, тус аймгийн ноёдын улс төрийн үйл ажиллагааг бүхэлд нь хураангуйлан өгүүлснийг хэлжээ. Харин “Олдворын шастир” гэж хэргэм бүхий ноён нэг бүрийн намтрыг хэлэх аж.[2] “Олдворын шастир” гэдэг үг нь “олон /дараалсан/ шастир” гэсэн утгатай. Гэвч зарим багавтар аймагт “Шастирын хураангуй” гэсэн хэсэг байхгүй. Өмнө өгүүлсэн “Илтгэл” гэдэг бол үндсэндээ “Олдворын шастир”-ыг хураангуйлан, хүснэгтэд оруулсан хэлбэр гэж ойлгож болно.[2]
Судлагдсан байдал
[засварлах | кодоор засварлах]Илтгэл шастирыг 2006-2007 онд Ц.Цэрэндорж, Л.Эрдэнэболд, Д.Баржав, Н.Ганбат нарын эрдэмтэд монгол бичгээс кирилл үсэгт хөрвүүлж 1-78 хүртлэх дэвтэрийг 2 боть, 2022 онд 79-120 хүртлэх дэвтэрийг 1 ботьд багтаан тус тус хэвлүүлсэн.
Гарчиг
[засварлах | кодоор засварлах]№ | Гарчиг |
---|---|
Илтгэл бүлэг | |
1 | Хорчин, Жалайд, Дөрвөд, Горлос аймгийн илтгэл |
2 | Харчин, Түмэд аймгийн илтгэл |
3 | Аухан, Найман, Баарин, Жаруд, Ар Хорчин, Онниуд, Хэшигтэн, Халхын зүүн гар аймгийн илтгэл |
4 | Үзэмчин, Хуучид аймгийн илтгэл |
5 | Дөрвөн хүүхэд, Муумянган, Урад, Халхын баруун гарын хошуу зэрэг аймгийн илтгэл |
6 | Ордос аймгийн илтгэл |
7 | Халхын Түшээт хан аймгийн илтгэл |
8 | Халхын Сэцэн хан аймгийн илтгэл |
9 | Халхын Засагт хан аймгийн илтгэл |
10 | Халхын Сайн ноён аймгийн илтгэл |
11 | Алашаагийн Ойрад, Хөхнуурын Ойрад аймгийн илтгэл |
12 | Төвөдийн Монгол, Цорос, Дөрвөд аймгийн илтгэл |
13 | Торгууд, Хошууд аймгийн илтгэл |
14 | Хами, Турфаны хотон аймгийн илтгэл |
15 | Хөх хотын Түмэд, Цахарын Хошууд, Хармөрөн мужид суусан Ойрад, Ховдод суусан Захчины илтгэл |
16 | Нийслэл хотод суусан Хотон, Шинжаанд суусан Хотон аймгийн илтгэл |
Шастир бүлэг | |
17 | Хорчин аймгийн шастирын хураангуй, Түшээт хан Уубагийн олдворын шастир |
18 | Хорчины засаг хошой дархан баатар чин ван Манжушир, зоригт чин ван Угшаан нарын олдворын шастир |
19 | Хорчины төрийн жүн ван Хятад, бэйл Цорж нарын олдворын шастир |
20 | Хорчины төрийн жүн ван Бутач, бинтү жүн ван Хонгор нарын олдворын шастир |
21 | Жалайд, Дөрвөд аймгийн шастирын хураангуй, бэйс Сэрэнгийн олдворын шастир |
22 | Горлос аймгийн шастирын хураангуй, түшээ гүн Бумба нарын олдворын шастир |
23 | Харчин аймгийн шастирын хураангуй, дүүрэн бэйл Гүрүхив нарын олдворын шастир |
24 | Харчины засаг түшээ гүн Сэрэн, засаг тэргүүн зэргийн тавнан Гэрэл нарын олдворын шастир |
25 | Түмэд аймгийн шастирын хураангуй, засаг дархан түшээ гүн Шамба нарын олдворын шастир |
26 | Аухан аймгийн шастирын хураангуй, засаг төрийн жүн ван Бинт нарын олдворын шастир |
27 | Найман аймгийн шастирын хураангуй, засаг төрийн дархан жүн ван Гүнцогийн олдворын шастир |
28 | Баарин аймгийн шастирын хураангуй, засаг төрийн жүн ван Сэвдэн нарын олдворын хураангуй |
29 | Жарууд аймгийн шастирын хураангуй, засаг бэйл Нэйжи нарын олдворын шастир |
30 | Ар хорчин аймгийн шастирын хураангуй, засаг бэйс Мужангийн олдворын шастир |
31 | Онниуд аймгийн шастирын хураангуй |
32 | Онниудын бэйс Очир нарын олдворын шастир |
33 | Хэшигтэн, Халхын зүүн гар аймгийн шастирын хураангуй, засаг тайж Соном, бэйл Гүмбү нарын шастир |
34 | Үзэмчин аймгийн шастирын хураангуй, засаг хошой сэцэн чин ван Дорж нарын олдворын шастир |
35 | Хуучид аймгийн шастирын хураангуй, засаг жүн ван Болд нарын олдворын шастир |
36 | Сөнид аймгийн шастирын хураангуй, засаг жүн ван Тонхин нарын олдворын шастир |
37 | Авга аймгийн шастирын хураангуй, засаг жүн ван Дорж нарын олдворын шастир |
38 | Авга нар аймгийн шастирын хураангуй, засаг бэйл Сэрэн мэргэн нарын олдворын шастир |
39 | Дөрвөн хүүхэд аймгийн шастирын хураангуй, засаг жүн ван Омбу нарын олдворын шастир |
40 | Муу мянган аймгийн шастирын хураангуй, засаг тайж Сэнгэ нарын олдворын шастир |
41 | Урад аймгийн шастирын хураангуй, засаг түшээ гүн Бат нарын олдворын шастир |
42 | Халхын баруун гар аймгийн шастирын хураангуй, засаг чин ван Бунтар нарын олдворын шастир |
43-44 | Ордос аймгийн шастирын хураангуй, засаг жүн ван Ринчин нарын олдворын шастир |
45-52 | Халхын Түшээт хан аймгийн шастирын хураангуй, Түшээт хан Чахундорж нарын олдворын шастир |
53-60 | Халхын Сэцэн хан аймгийн шастирын хураангуй, Сэцэн хан Өмэхэй нарын олдворын шастир |
61-68 | Халхын Засагт хан аймгийн шастирын хураангуй, Засагт хан Цэвээнжав нарын олдворын шастир |
69-78 | Халхын Сайн ноён аймгийн шастирын хураангуй, хошой чин ван Шамба нарын олдворын шастир |
79-81 | Алашаагийн Ойрад аймгийн шастирын хураангуй, бэйл Хорол нарын олдворын шастир |
82-90 | Хөхнуурын Хошууд аймгийн шастирын хураангуй, чин ван Цагаанданзан нарын олдворын шастир |
91-93 | Баруун зуу (Төвөд) аймгийн шастирын хураангуй, засаг тайж Цэрэннамжил нарын олдворын шастир |
94 | Цоросын хошой чин ван Даваачийн олдворын шастир |
95-100 | Дөрвөд аймгийн шастирын хураангуй, засаг төгс хүлэг далай хан Цэрэн нарын олдворын шастир |
101-105 | Торгууд аймгийн шастирын хураангуй, зоригт хан Убаши нарын олдворын шастир |
106-107 | Хошууд аймгийн шастирын хураангуй, засаг бэйл Гунгаа нарын олдворын шастир |
108-109 | Хамийн Хотон аймгийн шастирын хураангуй, засаг дархан Эбэйдула нарын олдворын шастир |
110-111 | Турфаны Хотон аймгийн шастирын хураангуй, засаг жүн ван Эмин Хожа нарын олдворын шастир |
112 | Түмэдийн туслагч гүн Ламжав, Түмэдийн зүүн гарын хошуу захирах сайд Хүлүгийн олдворын шастир |
113 | Түмэдийн баруун гарын хошуу захирах сайд Товогийн олдворын шастир |
114 | Хошой бэйс Нагац, туслагч гүн Сэвдэн нарын олдворын шастир |
115 | Өөлдийн туслагч гүн Баасан, тэргүүн зэргийн тайж Авдаш нарын олдворын шастир |
116-120 | Нийслэл хот, Шинжааны Хотон аймгийн ноёдын олдворын шастир |
Эшлэл
[засварлах | кодоор засварлах]- ↑ 1.0 1.1 1.2 Ethnology, Institute of History And; Sciences, Mongolian Academy of (1995). ""ЗАРЛИГААР ТОГТООСОН ГАДААД МОНГОЛ, ХОТОН АЙМГИЙН ВАН ГҮНГҮҮДИЙН ИЛТГЭЛ ШАСТИР"-ЫН ГАРЧИГ". Түүхийн Судлал. 29: 93–110.
- ↑ 2.0 2.1 "Илтгэл шастир". mongoltoli.mn (англи хэлээр). Татаж авсан: 2024-05-04.
- ↑ Theobald, Ulrich. "Waifan Menggu Huibu wanggong biaozhuan 外藩蒙古回部王公表傳 (www.chinaknowledge.de)". www.chinaknowledge.de (англи хэлээр). Татаж авсан: 2024-05-04.