Эрүүл Мэндийн Яам (Монгол)

Монгол Улсын Эрүүл Мэндийн Яам
Ерөнхий мэдээлэл
СайдСэрээжавын Энхболд
Дэд СайдШижирбаатарын Анхмаа
Төрийн Нарийн Бичгийн ДаргаЯ.Амаржаргал
Хаяг, БайршилЗасгийн газрын VIII байр, Олимпийн гудамж - 2 Сүхбаатар дүүрэг 14210, Улаанбаатар хот Монгол улс
Цахим хуудас

Эрүүл Мэндийн Яам (МУЭМЯ) нь монголын эрүүл мэндийн байгууллагуудын хамгийн дээд захиргааны байгууллага юм.

Түүх[засварлах | кодоор засварлах]

Монгол улсад шинжлэх ухааны эмнэлэгт тулгуурласан эрүүл мэндийн албаны үүсэл, хөгжил, түүхэн замналыг:

  • 1921-1940 оны үе буюу БНМАУ-д орчин цагийн анагаах ухаанд суурилсан эрүүл мэндийн албыг бүрдүүлж эхэлсэн үе,
  • 1941-1990 оны үе буюу Социалист эрүүлийг хамгаалах номлолоор замнасан үе,
  • 1991 оноос одоог хүртэлх үе буюу Монгол улс зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжих үеийн эрүүл мэндийн албаны хөгжил гэсэн гурван томхон үе болгон авч үзэж болох юм.

1921-1940 оны үе[засварлах | кодоор засварлах]

1924 онд батлагдсан БНМАУ-ын анхны Үндсэн хуульд хүн амаа үнэ төлбөргүй эрүүл мэндийн тусламжид бүрэн хамруулахаар шийдвэрлэсэн нь нэн зоримог, алсын хараатай, зөв шийдэл байжээ. Үндсэн хуулийн заалтыг хэрэгжүүлэх үүднээс эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагыг 1925 онд анх Дотоод яамны бүрэлдэхүүнд Ардын эрүүлийг хамгаалах газар нэртэйгээр байгуулж, 1930 онд бие даасан Яам болгон өргөтгөсөн байна.

Төв, орон нутагт шат дараалсан бүтэцтэй эмнэлгүүдийг байгуулах, шинжлэх ухааны эмнэлгийн мэдлэг бүхий мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх их ажил өрнүүлсний үр дүнд 1940 он болоход үндэсний 12 их эмч, 159 бага эмч, эмийн тусгай дунд боловсролтой 38 мэргэжилтэн, 269 сувилагчтай болж, хөдөөд багийн бага эмчийн 157 салбар, аймаг, хотод 37 эмнэлэг ажиллах болсноос гадна 1923 оноос бага эмчийн болон сувилагчийн курсуудыг зохион байгуулж, улмаар 1934 онд Хүн эмнэлгийн техникум байгуулан эрүүл мэндийн үндэсний боловсон хүчнийг эх орондоо бэлтгэж эхэлсэн нь эрүүл мэндийн албаны шинэ үеийн эхлэл болжээ.

Энэ үеийн төгсгөл гэхэд бөөсний хижиг, цагаан цэцэг өвчин Монгол улсад бүртгэгдэхээ больж, хүн амын тоо жил тутам 0.2-0.5 хувиар өсч эхэлсэн нь хүн амын эрүүл мэндэд гарч эхэлсэн эерэг өөрчлөлтийн анхны дохио байлаа.

1941-1990 оны үе[засварлах | кодоор засварлах]

1941-1990 оны хоорондох 50 жил бол БНМАУ-д социалист эрүүлийг хамгаалахын зарчмуудыг тууштай хэрэгжүүлсэн он жилүүд бөгөөд төрийн бодлогын хүрээнд авч хэрэгжүүлсэн дэс дараатай арга хэмжээнүүдийн үр дүнд тус улсын хот, аймаг, сум, сангийн аж ахуйн төв зэрэг төвлөрсөн суурин газрын хүн амыг их эмчийн ерөнхий мэргэжлийн тусламжаар үндсэнд нь бүрэн хамарч, анагаах ухааны гол салбаруудаар эмнэлгийн төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламжийг хөгжүүлж, үндэстний мэргэжилтгүүд цээжний хөндийн болон тархины мэс засал, сэхээн амьдруулахын тусламжийг үзүүлэх арга барил, ур чадварыг эзэмшиж, дотуур дурандалт, дүрс оношлогоо, хүний генетик, вирус болон дархлал судлалын аргуудыг эмнэлгийн практикт нэвтрүүлж эхэлсэн байлаа.

1989 оны төгсгөлд 10000 хүн амд 27.4 их эмч, тусгай дунд боловсролтой 87.3 мэргэжилтэн, 117.9 эмнэлгийн ор ногдох болсон нь 1940 оныхтой харьцуулахад 10000 хүн амд ногдох их эмч 18 дахин, дунд шатны мэргэжилтэн 2 дахин, эмнэлгийн орны тоо 5 дахин өссөн гэсэн хэрэг бөгөөд дэлхийн хөгжингүй орнуудын жишигт хүрсэн үзүүлэлтүүд байв.

Монгол улс тэр үеийн ЗСБНХОУ, ЗХУ-ын шууд оролцоо, дэмжлэгтэйгээр хүн амынхаа эрүүл мэндийг хамгаалах социалист хэвшинжийн тогтолцоог бий болгон хөгжүүлсэн 70 орчим жил нь Монголын хүн амыг эрүүлжүүлж, биологийн мөхлөөс аварсан боловч, уг тогтолцоо нь 1980-аад оноос нөөц бололцоогоо шавхаж, шинэ эрэл хайгуулыг эхлүүлсэн юм. Тиймээс БНМАУ-д 1990 оны 4 дүгээр сард байгуулагдсан олон намын тогтолцооны анхны Засгийн газар “… улс орны нийгэм, эдийн засгийн амьдралд удаан хугацаагаар ноёрхсон захиргаадан тушаах арга барил, хэт төвлөрсөн удирдлага, төлөвлөлтийн хүнд сурталт механизм нь эрүүлийг хамгаалах салбарын ажилд ч нэн муугаар нөлөөлж, эмнэлэг-ариун цэврийн тусламжийн чанар, үйлчилгээний соёлын түвшин нь хүн амын өсөн нэмэгдэж буй шаардлагаас ихээхэн хоцорч, нийгмийн бухимдлын нэг шалтгаан болох болжээ…” хэмээн үзэж, “… Тус орныг төрийн зохицуулалттай зах зээлийн харилцаанд шилжих явцад нэг талаас улс, хоршоолол, олон нийтийн байгууллага, хамт олон, иргэн бүрээс эрүүл мэнддээ тавих анхаарал халамж, нөгөө талаас хүн амд үзүүлэх эмнэлэг-ариун цэврийн үйлчилгээний чанар, хүрэлцээ нь байнга боловсронгуй болон сайжирч байх нөхцөлийг хангасан удирдлага зохион байгуулалтын арга хэмжээ, эдийн засгийн механизмыг боловсруулан хэрэгжүүлэх замаар эрүүл монгол үндэстэн өсч хөгжих бололцоог бүрдүүлэхэд эрүүлийг хамгаалах албаны үйл ажиллагааг чиглүүлж, манай улсын иргэн бүрд тэдний оршин сууж байгаа газар, эрхэлж байгаа ажлын онцлогоос үл хамааран эмнэлгийн тусламжийг жигд, хүртээмжтэйгээр дэлхийн түвшинд үзүүлж чадах монгол үндэсний эрүүлийг хамгаалахын боловсронгуй систем бий болгохыг зорино.

Ингэхдээ одоогийн манай эрүүлийг хамгаалах албаны гол дутагдал болох, байгууллага, хамт олон, хувь хүний зүгээс нийгмийн болон хувийн эрүүл мэндээ ухамсартайгаар хамгаалах хөшүүрэг болж чадахгүйгээс эрүүл мэндийг эзэнгүйдэхэд хүргэж байгаа эдийн засгийн харилцаа, хуваарилалтын зарчим, өвчтөний эмчээ сонгож авах эрх, эмч , эмнэлгийн ажилтны мэдлэг чадвараараа чөлөөтэй өрсөлдөх нөхцөлийг боогдуулснаас эмнэлгийн материаллаг бааз, техникжилтийн түвшингийн хоцрогдолд хүргэж байгаа эмнэлэг-ариун цэврийн тусламжин дахь улсын монополыг халж, шинэчлэгдэж буй эдийн засгийн харьцаанаас үүсч болох эрүүл мэндийн сөрөг үр дагавар, шинээр аж үйлдвэржсэн орнуудад ихэсдэг зүй тогтолтой зарим өвчин, эмгэгээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг цаг алдалгүй зохион байгуулан хэрэгжүүлэх хэрэгтэй болох юм …”1 гэж үзэж байлаа.

1990 оноос одоог хүртэлх үе[засварлах | кодоор засварлах]

Энэ чиглэл нь 1992 онд батлагдсан “Монгол улсын үндсэн хууль”-д “Монгол улсын иргэн … эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах, … эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж авах эрхтэй. Иргэдэд эмнэлгийн төлбөргүй тусламж үзүүлэх болзол, журмыг хуулиар тогтооно”, “… эрүүл мэндээ хамгаалах нь … иргэн бүрийн журамт үүрэг мөн”2 хэмээн тусчээ.

1980-1990-ээд он бол зөвхөн шилжилтийн гэгдэх манай мэтийн улс орнуудад төдийгүй, дэлхий дахинд, түүнд дотроо хөгжлийн өөр өөр үзэл баримтлалтай АНУ, Япон, Швед зэрэг өндөр хөгжилтэй орнуудад ч эрүүл мэндийн тогтолцоогоо шинэчлэх оролдлого хийж байсан үе юм. Энэхүү зурвас үеийн дэлхий дахины эрүүл мэндийн тогтолцооны өөрчлөлт, шинэчлэл нь орон бүрт өөрийн гэсэн зорилт, чиглэлтэй, ялгарах онцлогтой байсан боловч хоёр зүйл дээр бүгд санаа нэгдэж байсан юм.

Энэ нь:

Улсын төсөв дангаараа юм уу, хувь хүн дангаараа орчин үеийн эрүүл мэндийн зардлыг дийлэхгүй болсон, Төсвөөс эрүүл мэндэд зориулах зардал нь аль болох бага зардлаар хамгийн олон хүний эрүүл мэндийг хамгаалах, өөрөөр хэлбэл өвчлүүлэхгүй байхад зориулагдах ёстой гэсэн дүгнэлт болно. Харьцангуй бага зардлаар хүн амын эрүүл мэндийн сайн үзүүлэлтэд хүрсэн улс орнууд нь эмнэлгийн анхан шатны тусламжийн зардлыг улсынхаа төсвөөс гаргаж, орлогын түвшингээс нь хамааралгүйгээр бүх хүн амдаа жигд хүргэх, бусад зардлыг даатгал, хамт олны сан, шууд төлөх хэлбэрээр хувь хүнээс болон ажил олгогчоос гаргах механизм хэрэглэдгээс үзвэл манай эрүүл мэндийн тогтолцооны өөрчлөлтийг эрүүл мэндийн салбарын санхүүжилтын эх үүсвэрийг олон болгож, ашиглалтын үр дүнг нь сайжруулахаас эхлэх хэрэгтэй нь тодорхой байлаа.

Эрүүл мэндийн даатгалд хүн амаа аль болох бүрэн хамруулах үүднээс эв нэгдлийн буюу тэгшитгэх зарчимд үндэслэсэн албан журмын хэлбэртэйгээр, ажиллагч болон ажил олгогч хураамжийг тэгш хуваан хариуцах, хүүхэд, өндөр настан зэрэг нийгмийн эмзэг давхрынхны даатгалын хураамжийг төр хариуцахаар боловсруулсан нь уг даатгалыг нэвтрүүлж эхэлсэн 1994 ондоо хүн амынхаа 92.4%-ийг даатгалд хамруулах бололцоо олгосон юм.

Эрүүл мэндийн даатгалд хүн амаа бүрэн хамруулахын тулд эрүүл мэндийн албан журмын даатгалыг анх бий болгосон Герман улс 100 гаруй жил, энэ үзэл баримтлалыг хуулбарласан Япон улс 40 шахам жил, өмнөх бүх туршлагыг нямбай судалсан БНСУ 10 жил зарцуулсантай харьцуулбал энэ нь том амжилт байлаа.

Хүн амын эрүүл мэндийг хамгаалан бэхжүүлэх талаар авч хэрэгжүүлсэн иж бүрэн арга хэмжээний үр дүнд манай улсын хүн амын эрүүл мэндийн үзүүлэлтүүд өнгөрсөн 10 жилд үндсэндээ сайжирсан.

Сүүлийн 10 жилд амьд төрсөн 1000 хүүхэд тутамд ногдох нялхсын эндэгдэл 2.5 дахин, 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 2 дахин буурч, эдгээр үзүүлэлт цаашид тууштай сайжрах хандлага ажиглагдаж байгаа нь чухамхүү 1990-ээд оны эхнээс боловсруулж хэрэгжүүлсэн Засгийн газрын хөтөлбөрүүдийн бодит үр дүн гэж үзэх үндэстэй.

Нялхсын эндэгдлийг 15 хувиар бууруулахад эдийн засгийн өсөлтийг 25 хувиар нэмэгдүүлэх бололцоо бий болно гэж Дэлхийн банкны экспертүүдийн тооцоолсноор үзвэл бид өнгөрсөн 10 жилд нялхсын эндэгдлийг бууруулахад оруулсан хөрөнгө оруулалтаараа улсынхаа эдийн засгийг 4.2 дахин өсгөх чадавхи бүтээжээ.

Эрүүл мэндийн салбарын бүтэц зохион байгуулалт[засварлах | кодоор засварлах]

Одоо улсын хэмжээгээр эрүүл мэндийн 1500 шахам байгууллага ажиллаж байгаагаас төрөлжсөн нарийн мэргэжлийн эмнэлэг болон төв 15, нэгдсэн эмнэлэг 32, сум дундын эмнэлэг 13, хөдөөгийн буюу сумын эмнэлэг 334, өрхийн эмнэлэг 178, эрүүл мэндийн төв 12, БГХӨЭСТ-13, хувийн эмнэлэг 466, түргэн тусламжийн станц 35, цусны төв ба станц 26, эмийн сан 319 тус тус ажиллаж байна.

Эрүүл мэндийн салбарт 6162 их эмч, эмнэлгийн тусгай дунд боловсролтой 13185 мэргэжилтэн, нийтдээ 30000 шахам хүн ажиллаж, эмнэлгийн 17877 ор бүхий хүчин чадалтай боллоо.

80 жилийн дотор 10000 хүн амд ногдох цочмог халдварт өвчний гаралт хэдэн арав дахин, шинэ төрсөн 1000 хүүхдээс нэг ой хүртлээ эндсэн нялхсын тоо 16 дахин, эхийн эндэгдэл бараг 100 дахин тус тус буурч, нийт хүн ам 4 дахин өсчээ.

Эрүүл мэндийн яамны нэр, бүтэц, зохион байгуулалт тухайн цаг үеийн байдлыг даган тодорхой хэмжээгээр өөрчлөгдөж ирлээ. Тухайлбал: 1930 оны 6-р сарын 1-ээс 1950 он хүртэл “Ардын эрүүлийг хамгаалах яам”, 1950-1990 он хүртэл “Эрүүлийг хамгаалах яам” 1990-1992 он хүртэл “Эрүүлийг хамгаалах, нийгэм халамжийн яам, 1991-1992 оны 10-р сар хүртэл “Эрүүл мэндийн яам” 1996-2000 он хүртэл “Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын яам”, 2000 оноос “Эрүүл мэндийн яам” болгон тус тус өөрчлөн зохион байгуулсан байна.

Сайд нар[засварлах | кодоор засварлах]

  1. Долгорын Пунцаг (1930-1933)
  2. Өлзийтийн Бадрах (1932-1934)
  3. Наваанцэрэнгийн Гонжоон (1934-1935)
  4. Цэндийн Баттөмөр (1936.03-1936.06)
  5. Далантайн Өлзийбат (1935-1937)
  6. Сойрын Галиндэв (1938-1939)
  7. Чойнпүрэнгийн Жүгдэрнамжил (1940-1941)
  8. Балжиннямын Гонгоржав (1941-1943)
  9. Ж. Шийнэн (1943-1946)
  10. Загдсүрэнгийн Дугар (1947-1950)
  11. Гүржавын Туваан (1950-1954)
  12. Загдсүрэнгийн Дугар (1954-1966)
  13. Базарын Дэмбэрэл (1966-1973)
  14. Дарьсүрэнгийн Ням-Осор (1973-1986)
  15. Чойжилжавын Цэрэннадмид (1986-1990)
  16. Пагважавын Нямдаваа (1990-1996)
  17. Лхагважавын Зориг (1996-1998)
  18. Шаравжамцын Батбаяр (1998-2000)
  19. Содовын Сонин (2000-2004)
  20. Төгсжаргалын Ганди (2004-2006)
  21. Ламжавын Гүндалай (2006-2007)
  22. Данзандаржаагийн Туяа (2007-2008)
  23. Самбуугийн Ламбаа (2008-2012)
  24. Нямдаваагийн Хүрэлбаатар (2012)
  25. Нацагийн Удвал (2012-2014)
  26. Аюушийн Цогцэцэг (2016-2018)
  27. Даваажанцангийн Сарангэрэл (2019-2020)
  28. Тогтмолын Мөнхсайхан (2020-2021)
  29. Сэрээжавын Энхболд (2021-)

Цахим холбоос[засварлах | кодоор засварлах]