Ока гол

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search
Энэхүү нийтлэлд Ижил мөрний нэгэн цутгалын тухай өгүүлнэ. Өөр ижил нэртэй гарчгуудыг Ока салаа утгаас үзнэ үү!
Ока гол
орос. Ока
Ока гол
Ока гол, Ижил мөрний ай савд усаа цуглуулах нутаг дэвсгэр
Эх Глазуновкагаас баруун урагш ≈ 15 км
52°21′45″N 36°13′20″E / 52.36250°N 36.22222°E / 52.36250; 36.22222
Адаг Ока голИжил мөрөнКаспийн тэнгис
56°19′55″N 43°58′53″E / 56.33194°N 43.98139°E / 56.33194; 43.98139
Усаа цуглуулдаг орнууд Оросын Холбооны УлсОросын Холбооны Улс Оросын Холбооны Улс
Байршил Оросын Холбооны УлсОросын Холбооны Улс Орёл муж
Оросын Холбооны УлсОросын Холбооны Улс Тула муж
Оросын Холбооны УлсОросын Холбооны Улс Калуга муж
Оросын Холбооны УлсОросын Холбооны Улс Москва муж
Оросын Холбооны УлсОросын Холбооны Улс Рязань муж
Оросын Холбооны УлсОросын Холбооны Улс Владимир муж
Оросын Холбооны УлсОросын Холбооны Улс Доод Новгород муж
Урт 1500 км[1][2]
Эхийн өндөр 226 м (Балтын тэнгисийн түвшнээс дээш)
Адгийн өндөр ≈ 67 м (Балтын тэнгисийн түвшнээс дээш)
Өндрийн ялгаа ≈ 159 м
Урсац 1258 м³/с (дундаж)
12.500 м³/с (дээд)[3]
Ус цуглуулах талбай 245.000 км²[1][2]
Голын систем Ижил мөрөн
Зүүн цутгалууд Угра, Жиздра, Протва, Нара, Москва, Пра, Клязьма
Баруун цутгалууд Упа, Осётр, Проня, Пара, Мокша, Тёша

Ока гол (орос. Ока́) нь Оросын Холбооны Улсын Европ тив дэх нутгийн Ижил мөрний баруун цутгал бөгөөд нийт 1480 км урттай гол юм. Ока гол нь Ижил мөрөнд цутгадаг гол мөрнөөс Кама мөрний дараа ордог хоёр дахь том цутгал юм.

Нэрийн гарал ба түүх[засварлах | edit source]

Ока голын нэрийг литва хэлний aka („эх булаг“) гэх үгнээс гаралтай эсвэл фин хэлний joki („гол“) гэсэн үгнээс гаралтай байж магадгүй гэдэг ба учир нь эртний оросууд энэ нутагт суурьшихаас өмнө балтын голядь овгийнхон Ока голын эхээр, харин голын адгаар мещёра, меря, мурома овгууд нутаглан амьдарч байжээ.

Русийн феодалын задралын үед Ока голын эх хавиар Черниговын Вант Улсаас гаралтай Дээд Окагийн Вант Улсууд оршиж байв. Харин голын дунд ба адаг хэсгээр Рязанийн Вант Улс ба Владимир-Суздалийн Вант Улсууд оршдог байжээ. 1221 онд Владимирын их ван II Юрий стратегийн чухал газар болох Ижил мөрөнд цутгах Ока голын бэлчирийг хамгаалах зорилгоор Доод Новгородыг байгуулжээ. Энэхүү вант улсууд нь XIII зуунд Бат хааны удирдсан Алтан Ордны Улсын мэдэлд байв.

Владимир-Суздалийн Вант Улс хэд хэдэн өөр хоорондоо дайсагнасан вант улсууд болон задран унасан ба тэдгээрийн дотроос шинээр байгуулагдсан Москвагийн Вант Улс голын дунд болон адаг хэсэгт өөрийн газар нутгийг бага багаар өргөтгөн тэлсээр гарч ирэв. 1480 онд Монголчуудын ноёрхол төгсгөл болсны дараа 1521 онд Москва Рязанийн Вант Улсыг өөртөө нэгтгэн авснаар их вант улс болжээ. 16-р зуунд Окагаас зэрлэг газар хэмээн нэрлэгдэх газар хүртэл Оросын өмнөд хил болж крымын татаруудаас болон бусад морьтон нүүдэлчдийн түрэмгийллээс хамгаалах цөөн тооны байгалийн саадын нэг болж байлаа. Газар нутгаа урагш нь тэлэхээс өмнө Ока голын дагуу маш олон тооны хэрэм ба бэхлэлтийн байгууламжуудыг барьсан байна. 16-р зуунд татаруудын дайралтаас сэргийлэх харуулыг береговая слушба (эргийн харуул) хэмээн нэрлэдэг байв. Энэхүү нэршил нь Ока голын хойд эрэгт хамаардаг байсан аж.

Урсгал[засварлах | edit source]

Ока гол нь Төв Оросын өндөрлөг дэх Орёл хотын өмнөд биеийн Александровка тосгон орчмоос эх аван урсана. Эхлээд умард зүгийг чиглэн Орёл, Тула, Калуга мужуудыг дайран өнгөрдөг. Угра голтой нийлснийхээ дараа Калуга хот орохын өмнөхөн дорно зүг рүү чигээ өөрчилдөг. Ойролцоогоор Алексин ба Протвино хотуудын хооронд Ока гол нь Тула ба Калуга мужуудын хоорондох хилийн заагийг бараг алдалгүй даган урсана.

Дараа нь Москва мужийг дайран өнгөрөх ба эндээ Москва голтой нийлэн цааш мурилзан зүүн урд ба зүүн зүг рүү Рязань мужийг дайрна. Шиловогоос эхлэн Ока нь умард ба зүүн умард зүгийг чиглэн урсдаг.

Владимир мужийг дайрч зүүн урд чигт бага зэрэг урссаны дараа Владимир ба Доод Новгород муж хоорондын нэлээд урт хил болдог. Төгсгөлд нь дахин дорно зүгт эргэн ижил нэртэй мужийнхаа төв нь болох Доод Новгород хот дундуур урсан Ижил мөрөнд цутгадаг.

Цутгал[засварлах | edit source]

Ока голд зүүнээс Клязьма ба Москва гол, баруунаас Мокша ба Упа голууд тус голын чухал цутгалуудад орно.

Зургийн цомог[засварлах | edit source]

Усан тээвэр түүний хэрэглээ[засварлах | edit source]

Ока нь Серпухов хотоос эхлэн 1200 км орчим зайд усан тээвэр хийх боломжтой. Москва голтой нийлэх бэлчирээс доош усны түвшин нам байх үед ч хэд хэдэн усны боолтыг нээн Коломна хүртэл усан тээвэр хийх нөхцлийг хангасан байна. 1960-аад оныг хүртэл хаврын их усны үеэр Ока голоор Орёл хүртэл усан онгоц явдаг байсан аж.

Ока гол нь Ижил мөрнөөр дамжин Каспийн тэнгистэй, Моска голоор дамжин Москвагийн суваг ба Ижил мөрөн-Балтын тэнгисийн сувагтай холбогддог. Ижил мөрөн-Балтын тэнгисийн сувгаас салаалах Цагаан тэнгис-Балтын тэнгисийн сувгаар дамжин Цагаан тэнгистэй бас холбогдоно. Мөн түүнчлэн Ижил мөрөн-Дон мөрний суваг болон Дон мөрнөөр дамжин Хар тэнгистэй буюу үүгээр Газар дундын тэнгистэй холбогдоно.

Цахим холбоос[засварлах | edit source]

 Commons: Ока гол – Викимедиа зураг, бичлэг, дууны сан

Эшлэл[засварлах | edit source]

  1. 1.0 1.1 Зөвлөлтийн их нэвтэрхий толин дахь Oka өгүүллэг, III дэвтэр, 1969-1978 он (орос хэлээр)
  2. 2.0 2.1 Ока гол Оросын Холбооны Улсын Ус Зүйн Лавлах (оросоор)
  3. Rivers Network (2020).