Паралимпын наадам
Паралимпын наадам (параолимпын наадам) (англи. Paralympic Games) - хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн олон улсын спортын тэмцээн юм. 1988 оны Олимпын наадмаас хойш олимп болсон спортын байгууламжуудад Паралимпын наадмыг зохион байгуулдаг болсон. 2001 онд Олон Улсын Олимпын Хороо болон Олон улсын паралимпын хороо (англи. International Paralympic Committee буюу IPC) хооронд байгуулсан гэрээгээр үүнийг албан ёсоор баталгаажуулжээ. Зуны Паралимпын наадам 1960 оноос, өвлийн Паралимпын наадам 1976 оноос хойш зохиогдож байгаа юм.
Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс оролцох боломжтой спорт бий болсон нь герман гаралтай, английн мэдрэлийн мэс засалч эмч Людвиг Гуттман (герман. Ludwig Guttmann, 1899—1980)-ы нэртэй шууд холбоотой бөгөөд тэрээр ийм хүмүүсийн талаарх хэвшмэл ойлголтыг даван туулж, нуруу нугасны гэмтэлтэй өвчтөнүүдийг нөхөн сэргээх үйл явцад спортоор хичээллэхийг нэвтрүүлсэн байна. Тэрээр биеийн тамирын дасгал сургуулилалт нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн амжилттай амьдрах нөхцөлийг бүрдүүлж, оюун санааны тэнцвэрийг сэргээж, бие бялдрын согогоос үл хамааран бүрэн дүүрэн амьдралд эргэн орох боломжийг олгодог, бие бялдраа бэхжүүлэх нь тэргэнцрийг орхиход хүргэхэд ач тустай гэдгийг амьдрал дээр нотолсон юм.
Паралимпын наадмын спортын төрлүүд
[засварлах | кодоор засварлах]Зуны спортын төрөл
- Багийн сэлүүр спорт;
- Тэргэнцэртэй сагсан бөмбөг;
- Бочча;
- Дугуйн спорт;
- Морь унах;
- Голбол (хараагүйчүүдийн спорт);
- Каяак;
- Жүдо;
- Хөнгөн атлетик;
- Ширээний теннис;
- Паратриатлон;
- Дарвуулт завь;
- Усанд сэлэлт;
- Хийн буу;
- Тэргэнцэртэй регби;
- Суугаа волейбол;
- Байт харваа;
- Тэргэнцэртэй теннис;
- Пауэрлифтинг;
- Тэргэнцэртэй сэлэм;
- Хөл бөмбөг 5х5;
- Хөл бөмбөг 7х7.
Өвлийн спортын төрөл
- уулын цана;
- Тэргэнцэртэй кёрлинг;
- Цана;
- Биатлон;
- чарган дээрх хоккей;
- Пара-сноуборд.
Зуны паралимпын наадам
[засварлах | кодоор засварлах]№ | Он | Нээлтийн ёслол | Хаалтын ёслол | Паралимп болсон хот, улс |
---|---|---|---|---|
I | 1960 | 9-р сарын 18 | 9-р сарын 25 | Ром, Итали |
II | 1964 | 11-р сарын 3 | 11-р сарын 12 | Токио, Япон |
III | 1968 | 11-р сарын 8 | 11-р сарын 13 | Тель-Авив, Израил |
IV | 1972 | 8-р сарын 2 | 8-р сарын 11 | Хайдельберг, Герман |
V | 1976 | 8-р сарын 3 | 8-р сарын 11 | Торонто, Онтарио, Канад |
VI | 1980 | 6-р сарын 21 | 7-р сарын 5 | Арнем, Нидерланд |
VII | 1984 | 7-р сарын 22/6-р сарын 17 | 8-р сарын 1/6-р сарын 30 | Сток-Мандевиль, Их Британи, Нью-Йорк, АНУ |
VIII | 1988 | 10-р сарын 15 | 10-р сарын 24 | Сөүл, Өмнөд Солонгос |
IX | 1992 | 8-р сарын 3 | 8-р сарын 14 | Барселон, Испани |
X | 1996 | 8-р сарын 15 | 8-р сарын 26 | Атланта, АНУ-ын Жоржия муж |
XI | 2000 | 10-р сарын 18 | 10-р сарын 29 | Сидней, Австрали |
XII | 2004 | 9-р сарын 17 | 9-р сарын 28 | Афин, Грек |
XIII | 2008 | 9-р сарын 6 | 9-р сарын 17 | Бээжин, БНХАУ |
XIV | 2012 | 8-р сарын 29 | 9-р сарын 9 | Лондон, Их Британи |
XV | 2016 | 9-р сарын 7 | 9-р сарын 18 | Рио-де-Жанейро, Бразил |
XVI | 2021 | 8-р сарын 24 | 9-р сарын 5 | Токио, Япон |
XVII | 2024 | 8-р сарын 28 | 9-р сарын 8 | Парис, Франц |
XVIII | 2028 | 8-р сарын 23 | 9-р сарын 3 | Лос-Анжелес, АНУ |
Өвлийн паралимпын наадам
[засварлах | кодоор засварлах]№ | Он | Нээлтийн ёслол | Хаалтын ёслол | Паралимп болсон хот, улс |
---|---|---|---|---|
I | 1976 | 2-р сарын 21 | 2-р сарын 28 | Эрншёльдсвик, Швед |
II | 1980 | 2-р сарын 1 | 2-р сарын 7 | Гейло, Норвеги |
III | 1984 | 1-р сарын 14 | 1-р сарын 20 | Инсбрук, Австри |
IV | 1988 | 1-р сарын 17 | 1-р сарын 24 | Инсбрук, Австри |
V | 1992 | 3-р сарын 21 | 3-р сарын 28 | Тинь/Альбервиль, Франц |
VI | 1994 | 3-р сарын 10 | 3-р сарын 19 | Лиллехаммер, Норвеги |
VII | 1998 | 3-р сарын 5 | 3-р сарын 14 | Нагано, Япон |
VIII | 2002 | 3-р сарын 7 | 3-р сарын 16 | Солт-Лейк-Сити, АНУ |
IX | 2006 | 3-р сарын 10 | 3-р сарын 19 | Турин, Итали |
X | 2010 | 3-р сарын 12 | 3-р сарын 21 | Ванкувер, Канад |
XI | 2014 | 3-р сарын 7 | 3-р сарын 16 | Сочи, Орос |
XII | 2018 | 3-р сарын 9 | 3-р сарын 18 | Пёнчан, Өмнөд Солонгос |
XIII | 2022 | 3-р сарын 4 | 3-р сарын 13 | Бээжин, БНХАУ |
XIV | 2026 | Кортина д'Ампеццо — Милан, Итали |
Монгол дахь паралимпын спорт
[засварлах | кодоор засварлах]Монгол Улсад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн спортын асуудлыг хариуцсан төрийн бус байгууллага (ТББ) анх 1989 онд Тахир дутуу хүмүүсийн Биеийн тамир спортын холбоо нэртэй байгуулагдсан. Харин 1995 оноос Монголын Паралимпын хороо хэмээх нэртэй болж албан ёсоор байгуулагдсан бөгөөд 2000 онд Олон улсын паралимпын хороо (ОУПХ)-ны гишүүнээр элсэн оржээ.
Монголын паралимпын тамирчид Австрали улсын Сидней хотноо болсон Зуны паралимпын 11 дүгээр наадмаас эхлэн паралимпын наадамд анх оролцож эхэлсэн түүхтэй. Улмаар “Бээжин-2008” Зуны паралимпын 13 дугаар наадамд манай улсын баг тамирчид байт харваа, буудлага, жүдо бөхийн төрлөөр нийт 4 тамирчин оролцсоноос, байт харваагаар Дамбадондогийн Баатаржав алтан медаль хүртэж Монгол Улс тус наадамд оролцсон 147 орноос 51 дүгээр байр эзэлж Монголын пара спортын тамирчдын анхны түүхэн амжилтын алтан хуудсыг нээсэн билээ.
Бразил улсын Рио де Жанейро хотноо зохион байгуулсан “Рио-2016” зуны 15 дугаар паралимпын наадамд байт харваа, пауэрлифтинг, буудлага, жүдо бөх, хөнгөн атлетикийн төрлөөр нийт 8 тамирчин оролцож жүдо бөхөөр Б.Ууганхүү, пауэрлифтингээр Э.Содномпилжээ тус тус паралимпын хүрэл медаль хүртэж манай тус наадамд оролцсон 159 орноос 75 дугаар байрт шалгарсан юм.
Өвлийн пара спортын төрлөөр гүйлтийн цанын тамирчид 2006 онд Итали улсын Турин хотноо болсон паралимпын наадамд анх удаа оролцсон түүхтэй. Канад улсад болсон “Ванкувер-2010” өвлийн паралимпын наадамд манай 2 тамирчин урилгаар оролцсон бол 2014 онд ОХУ-д зохион байгуулсан “Сочи-2014” Өвлийн паралимпын наадамд ДАШТ-ээс анх удаа манай цанын тамирчин Б.Ганболд паралимпын эрх авч, амжилттай оролцсон билээ.
БНСУ-д болсон “Пёнчан-2018” өвлийн паралимпын наадамд Б.Ганболд гүйлтийн цанын 3 зайд хурдаа сорьсон бөгөөд 1,5 км зайд уралдсан 35 орны тамирчдаас 14 дүгээр байрт шалгарсан өндөр амжилтыг үзүүлсэн юм.
Өнөөгийн байдлаар, манай улсад пара спортын 16 спорт холбоо албан ёсоор үйл ажиллагаа явуулж байна. Одоогоос 10 жилийн өмнөөс Монголын паралимпын хороо шинэ бүтэц зохион байгуулалтад орж, 2017 оноос Монголын үндэсний паралимпын хороо /МҮПХ/ болж үйл ажиллагаагаа өргөжүүлсэн байна.
“Гуанжоу-2010”, “Инчеон-2014”, “Жакарта-2018” Азийн паралимпын наадамд баг тамирчдаа амжилттай бэлтгэн оролцож энэ наадмуудаас манай тамирчид 3 алт, 4 мөнгө, 14 хүрэл нийт 21 медалийг Азийн пара наадмаас аваад байна.
“Токио-2020” зуны пара олимпын наадамд оролцох шигшээ багаас З.Ганбаатар /буудлага/, Э.Содномпилжээ /Пауэрлифтинг/, Г.Болор-Эрдэнэ, Х.Энхтуяа /хоёул таеквондо/, Ц.Цогтгэрэл /хөнгөн атлетик/ нарын 5 тамирчин оролцсон.
"Парис-2024" паралимпийн 17 дахь удаагийн наадамд оролцсон монголын тамирчид.
[засварлах | кодоор засварлах]- Пара хөнгөн атлетикийн “ F-40” ангиллын бөөрөнцөг түлхэлтэд Ц.Баттулга.
- Пара хөнгөн атлетик. “T-53” ангиллын 100 метрийн тэргэнцэртэй гүйлтэд П.Энхманлай.
- Пара жүдо бөхийн “J1” ангиллын +90 кг-ын жинд Д.Ганбат.
- Пара жүдо бөхийн “J1” ангиллын -90 кг-ын жинд. Т.Сувд-Эрдэнэ.
- Пара жүдо бөхийн “J1” ангиллын 70 кг-ын жинд. Л.Туруунаа.
- Пара жүдо бөхийн “J1” ангиллын 48 кг-ын жинд. Б.Баттөгс
- Пара пауэрлифтингийн “PO” ангилалд. Э.Содномпилжээ.
- Пара усанд сэлэлтийн “S6” ангиллын. 50 метрийн чөлөөт сэлэлтэд Х.Номуун
- Пара байт харвааны “ST” ангилалд. Д.Сэлэнгээ
- Пара байт харвааны “ST” ангилалд Б.Оюун-Эрдэнэ
- Пара таэквондогийн “К44” ангиллын 63 кг-ын жинд Г.Болор-Эрдэнэ.
- Пара таэквондогийн “К44” ангиллын 52 кг-ын жинд У.Сүрэнжав нар өрсөлдөнө.