Стефка Костадинова

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search
Стефка Костадинова
Stefka Kostadinova.JPG

Хөнгөн атлетик
Төлөөлдөг улс: Болгар улсБолгар улс Болгар
Хувийн мэдээлэл
Бүтэн нэр Стефка Костадинова
Төрсөн огноо 1965 оны 3 сарын 25
Төрсөн газар Болгар, Пловдив
 
Медалиуд
Зуны олимп
Мөнгө Сөүлийн олимп Өндрийн харайлт
Алт Атлантын олимп Өндрийн харайлт
Дэлхийн АШТ
Алт Ром 1987 Өндрийн харайлт
Алт Гётеборг 1995 Өндрийн харайлт

Стефка Костадинова (болг. Стефка Костадинова, 1965 оны 3 сарын 25 - ) нь Болгарын хөнгөн атлетикч, өндрийн харайлтын эмэгтэйчүүдийн дэлхийн дээд амжилтын эзэн, олимп, дэлхийн аварга тамирчин бөгөөд одоо Болгарын Олимпийн Хорооны ерөнхийлөгч юм.

Тэрээр 1996 оны Атлантын олимпод 2.05м дээгүүр харайж, олимпийн дээд амжилт тогтоон түрүүлжээ. Түүнээс гадна 1988 оны Сөүлийн олимпийн мөнгөн медальтай. Дэлхийн АШТ-д 1987, 1995 онуудад түрүүлснээс гадна танхимын ДАШТ-д 5 удаа түрүүлж байв (1985 - Парис, 1987 - Индианаполис, 1989 - Будапешт, 1993 - Торонто, 1997 - Парис). Костадинова оролцсон Европын аварга шалгаруулах тэмцээнүүдээсээ бүгдээс нь алтан медаль хүртсэн. 1986 онд Штуттгарт хотноо ЕАШТ-д аваргалж байсан бол танхимын ЕАШТ-д 1985 (Афин), 1988 (Будапешт), 1994 (Парис) онуудад түрүүлжээ.

Түүний Ром хотноо 1987 оны ДАШТ-д түрүүлэхдээ тогтоосон дэлхийн дээд амжилт болох 2.09м нь одоо болтол эвдэгдээгүй байгаа. Костадинова 7 удаа дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоож байсан бөгөөд үүнээс 3 нь гадаа талбайн, 4 нь танхимын дэлхийн дээд амжилт болно. Түүнчлэн тэрээр 2 метр дээгүүр 197 удаа амжилттай харайж байсан нь бусад эмэгтэй өндрийн харайгчидтай харьцуулшгүй үзүүлэлт юм.

Костадинова 1985, 1987, 1995, 1996 онуудад улсынхаа шилдэг тамирчнаар тодорч байсан бөгөөд Олон Улсын Хөнгөн Атлетикийн Холбооноос тодруулсан 20-р зууны шилдэг 10 эмэгтэй хөнгөн атлетикчийн тоонд багтжээ.

Тэрбээр 1995 онд ДАШТ-д түрүүлэхээсээ хэдхэн сарын өмнө хүү Николайгаа төрүүлсэн ажээ. 1999 онд Костадинова нөхөр, дасгалжуулагч асан Николай Петровтой гэрлэлтээ цуцлуулсан юм. 1997 оноос хойш томоохон тэмцээнд ороогүй байсан Костадинова 1999 онд албан ёсоор зодог тайлж буйгаа зарлажээ.

Зодог тайлснаасаа хойш спортын байгууллагуудад ажиллах болж, Болгарын Хөнгөн Атлетикийн Холбооны дэд ерөнхийлөгч, Болгарын Олимпын Хорооны дэд ерөнхийлөгч, Болгарын спортын орлогч сайдын (2003 - 2005) албыг хашиж байв. 2005 онд Болгарын Олимпын Хорооны ерөнхийлөгч Иван Славков ОУОХ-ны ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн тул албан тушаалаасаа огцроход ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөн, мөн оны 11 сарын 11-нээс тус албанд сонгогдон ажиллаж байна.

Цахим холбоос[засварлах | edit source]

ОУХАХ-ны цахим хуудсан дахь тамирчны танилцуулга: Стефка Костадинова