Ульрике Мэйфарт
| |||||||||||||||||||
|
Ульрике Нассе-Мэйфарт (Герман: Ulrike Nasse-Meyfarth, 1956 оны 5 сарын 4-нд төрсөн) нь Германы өндрийн харайлтын тамирчин эмэгтэй юм. Тэрээр олимпын наадамд 1972, 1984 онд 2 удаа түрүүлжээ. Эмэгтэйчүүдийн өндрийн харайлтын төрлөөр хамгийн залуудаа аварга болж байсан тэрээр 1984 онд түрүүлэхдээ тухайн үеийнхээ хамгийн хөгшин аварга болсон юм (Одоо тус амжилтыг 31-тэйдээ түрүүлсэн Стефка Костадинова эзэмшдэг).
Тамирчны замнал
[засварлах | кодоор засварлах]Майны Франкфуртад мэндэлсэн Мэйфартын тамирчны замнал эрт эхэлжээ. 1971 онд дөнгөж 15-тайдаа Баруун Германы АШТ-ээс мөнгөн медаль хүртэж, ирэх жил нь нутгийнхаа Мюнхен хотод болох олимпын наадамд эх орноо төлөөлөн оролцох гурав дахь тамирчнаар тодорсон.
Тухайн үед Дик Фосберигийн Мехикогийн олимпын үеэр анх үзүүлсэн, шинэ төрлийн харайлтын техникийн эзэмшсэн цөөхөн эмэгтэй тамирчдын нэг нь Мэйфарт байсан юм. Гэхдээ хувийн дээд амжилт нь дөнгөж 1.85-метр байсан тул хэн ч түүнээс амжилт хүлээгээгүй байжээ. Гэсэн ч нутгийнхаа хөгжөөн дэмжигчдийн өмнө тэрээр хувийн дээд амжилтаа 5 см-ээр ахиулж, 1.90 метрт харайсан нь алтан медаль авахад хангалттай байв. Түүнийхээ дараа 2 см-ээр ахиулж, дэлхийн дээд амжилттай тэнцүү өндрийг захиалснаа амжилттай гүйцэтгэсэн байна. Ийнхүү 16 настай Мэйфарт хөнгөн атлетикийн хувийн төрөлд хамгийн залуудаа олимпын аварга болжээ.
Олимпын дэвжээнд үзүүлсэн гайхамшигтай амжилтынхаа дараа тэр 1978 он хүртэл 1.92-метр дээгүүр давж чадаагүй. Энэ хугацаанд нэг ч томоохон тэмцээнд түрүүлж чадаагүй бөгөөд 1974, 1978 оны Европын АШТ-д 7, 5-р байр тус тус эзэлж, 1976 оны Монреалийн олимпод бүр урьдчилсан шатнаас хасагджээ. Баруун Герман улс 1980 оны Москвагийн олимпыг бойкотлосноос болж олимпод дахин түрүүлэх мөрөөдлөө хойшлуулахаас өөр аргагүй болов.
1982 онд Мэйфарт дахин "эргэж ирсэн" гэж хэлж болно. Мөн онд тэрээр Европын танхимын болон задгай талбайн АШТ-д түрүүлж, 2.02 м дээгүүр харайж, дэлхийн дээд амжилтыг шинэчилжээ. 1983 онд анхны Дэлхийн АШТ-д өмнөх жилийн Европын аварга Тамара Быковатай ширүүн өрсөлдсөний эцэст мөнгөн медаль зүүсэн. Лондонд болсон тэмцээнд Быкова, Мэйфарт хоёр хоёул 2.03 м дээгүүр харайж, дахин дэлхийн дээд амжилтыг эвдсэн юм. Гэхдээ Быкова дөрөвхөн өдрийн дараа дэлхийн дээд амжилтыг 1 см-ээр ахиулжээ.
1984 оны Лос-Анжелесын олимп Ульрике Мэйфартын оролцсон хамгийн сүүлчийн томоохон тэмцээн байсан юм. Быкова нарын хэд хэдэн хүчтэй өрсөлдөгч нь социалист орнууд олимпыг бойкотлосноос болоод оролцоогүй. Тэрээр 2.02 м дээгүүр харайж, өмнөх олимпын аварга, Италийн Сара Симеониг ялан олимпын хошой аварга цолтой болжээ.
Цахим холбоос
[засварлах | кодоор засварлах]- Ульрике Мэйфартын хувийн цахим хуудас
- Ном ба утга зохиол: Ульрике Мэйфарт Германы үндэсний ном сангийн каталогт
Эшлэл
[засварлах | кодоор засварлах]- Leverkusen who's who
- ОУХАХ-ны цахим хуудсан дахь тамирчны танилцуулга: Ульрике Мэйфарт
- Германы өндрийн харайгч
- Германы олимпын оролцогч
- 1972 оны зуны олимпод оролцогч
- 1976 оны зуны олимпод оролцогч
- 1984 оны зуны олимпод оролцогч
- Баруун Германы олимпын аварга
- Өндрийн харайлтын олимпын аварга
- Өндрийн харайлтын европын аварга
- Умард Райн-Вестфалены Гавьяаны одон шагналтан
- Мөнгөн лаврын навч шагналтан
- Кёльны тамирчин
- Германчууд
- 1956 онд төрсөн