Jump to content

Хотол Цагаан гүнж

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Хутулун Цагаан гүнж нь 1260 оны үед Өгэдэй хааны ач хүү Хайду ханы охин болж төржээ. Хубилай хаан Хятадын нутгийн захад Монгол гүрний нийслэл хотыг шилжүүлснээс үүссэн монголын хаад ноёдын ширүүн тэмцэлтэй үеэс түүний нэр алдар цуу улс гүрэн даяар тарсан байдаг. Түүний нэрийг Судрын чуулганд Хутулун Чаха, Марко Пологийн тэмдэглэлд Хутулун, бусад түүхийн ном зохиолд Ажуруг (Сарны гэрэл), орчин үед Хотол Цагаан гүнж гэж олон янзаар нэрлэж байна.

Хутулун гүнж эрүүл чийрэг, биерхүү байсан учир эрийн гурван наадмын төрөл болох бөх, хурдан морь, нум сум харвах тэмцээнд хүч бяраа үздэг байв. Үүнээс гадна баатар эрсийн морьт тулаан зэргийг ихээр сонирхдог байжээ.

Монгол бөхчүүд биеийн жин, хэмжээнээс үл харгалзан хоорондоо барилддагаас гадна барилдах талбайн хувьд хязгаар байдаггүй. Хоёр өрсөлдөгч бие биенийхээ тохой болон цээжин биеийг түрүүлж газар хүргэсэн нь түрүүлдэг уламжлалтай. Жижиг болон ур чадвар муутай бөхчүүд багахан хугацаанд л өрсөлдөгчдөө ялагддаг бол хүч тэнцүү бөхчүүд бие биенийхээ гарыг хориглон барьц өгөхгүйн тулд тэмцэлдэн нэгнийгээ газарт унагаах хүртэлх тэдний тэмцэл хоёр бух, заан ноцолдож байгаа мэт харагддаг.

Хутулун гүнж 14 ахтай учраас тэрээр хүдэр чийрэг ах нартайгаа ноцолдон өсч, тэднийг хүч бяраар дийлэхийн тулд багаасаа л тэдэнтэй өрсөлдсөөр иржээ. Нас биед хүрсний дараа гүнж олон нийтийг хамарсан тэмцээнд оролцох болж, бөхөөр түүнийг дийлэх хүчтэй эр ховор болжээ. Үүнээс гадна тэрбээр ялагдсан бөхчүүдээсээ морь авч, эд хөрөнгө нь ч нэмэгджээ. Эцэстээ Хутулун гүнжийн малын тоо толгой эзэн хааны малын тоотой тэнцэхээр их болжээ. Хутулан гүнж өөрийг нь унагасан бөхтэй гэрлэнэ гэж зар түгээн харин түүнтэй барилдаад ялагдсан бөхөөс 100 адуу авсаар ийнхүү малын тоо толгой нь 10 мянга гаруй болтлоо өсөн үржжээ.

Монголын овог, аймгуудын дунд Хутулун гүнжийн нэр хүнд түгэн дийлдэшгүй дархан аварга хэмээн цоллогдох болжээ. Хутулун гүнж хүч бяраараа олны хүндэтгэлийг хүртсэнээсээ гадна эцэг Хайду хааны цэргүүдийг удирдан тулаанд орж, ялалт байгуулж байжээ. Түүний эцэг Хайду хаан Хубилай хааны бодлоготой төдийлөн санал нийлдэггүй байжээ. Хутулун гүнж хосгүй чадвартай байсан тэрбээр цорын ганц нь байгаагүй аж. Монгол эмэгтэйчүүд бүгд л эрчүүд шиг моринд гарамгай, нум сум сайн эзэмшсэн байжээ. Эмэгтэйчүүд гар тулаанаас илүү зэвсэг барьсан тулаанд илүү сайн байв. Нум сум харвах хэдийгээр биеийн хүч их шаарддаг ч дайнд гол үүрэг гүйцэтгэдэг. Эртний монгол охид багаасаа л нум сум харвах сургуулилт хийдэг байжээ. Нүүдэлчин монголчууд хөвгүүн охин гэлгүй тэдэнд нум сум харвахыг заадаг байв. Учир нь хүүхдүүд малаа хариулж байхдаа гадны халдлагаас эд хөрөнгөө хамгаалахад энэ чадвар тус болдог байжээ. Хөвгүүд голчлон тэмээ, адуу зэрэг том биетэй малаа хариулдаг бол охид хонь, ямаа гэсэн жижиг малаа хариулдаг байв. Гэхдээ том бод малаас илүү жижиг бог мал руу чоно халдах нь их байсан учир охид илүү их хамгаалалт хэрэгтэй байжээ.

Хутулун гүнж, дайн тулаанд амжилт гаргаж байсан бөгөөд түүнийг дийлэх эр гарч ирэх хүртэл хүнтэй суухгүй гэсэн хэвээр байжээ. Түүнтэй суухыг хүссэн олон эрчүүд мөрийнд тавьсан адуугаа алдахаас гадна эмэгтэй хүнд унан нэг ёсондоо нэр төрөө гутаадаг байсан аж. Улмаар түүнийг дийлэх эр гарч ирээгүй учир Хутулун гүнжид атаархагчид худал цуу яриа дэгдээн аав охин хоёрыг хайр сэтгэлтэй болж, өвөр түрийндээ орсон хэмээх яриа дэгдээсэн байна. Нэгэнт олны дунд дэгдсэн цуу яриаг эцэс болгохоор Хайду ханд харьяат жанжин Гороласын Абтагулыг[1] сонгож гэрлэсэн. Судрын чуулган хэмээх сурвалж бичигт "Абаткул нь өндөр нуруутай, авхаалж самбаатай, сайхан хүн бий"[2] гэж бичжээ. Хутулун нь эцгийнхээ болон ахан дүүсийнхээ нутаглуулсан Или болон Чу голын дунд орших мөнх цаст Шонхорлог уулын орчимд амьдарч байсан. Тэрхүү "Шонхорлог уулын орчимд Тарса-кент[3], Кара-Ялыг[4] гэх хоёр тосгонтой, тэр тосгоноос Самарканд хот хүрэхэд хоёр долоо хоногийн газар буй"[5] гэж түүхэнд тэмдэглэн үлдээжээ.

Хайду хан нас нөгчсөний дараа ах Урусыг хан болгохоор тэмцэж, улс төрийн бодлогыг дэмжин ах Чапар, Цагаадайн улсын Дува хан нарын эсрэг дайтаж байсан гэж түүхэнд тэмдэглэжээ. Хутулун гүнж 1306 онд 45 насандаа өөд болжээ. Түүний үхлийн талаар тодорхой тайлбар байдаггүй ч, улс төрийн хуйвалдааны улмаас амь насаа алдсан гэх аман домог байдаг.

Соёл урлагт үлдсэн өв

[засварлах | кодоор засварлах]

Марко Поло болон исламын орны зарим түүхэнд Хутулун гүнжийн талаар дурсан ярьсан байдаг ч түүхийн манан будан түүний тухай түүх бараг мартагдан алга болжээ. Харин XVIII зуунаас эхлэн энгүй хүчтэй бөх гүнжийн тухай түүхэн яриа сэргэжээ. 1710 онд Францын эрдэмтэн Франсуа Питис де Ла Крой Монголын эзэнт гүрний удирдагч Чингис хааны тухай анхны намтар цадигийг хэвлэх үедээ Азийн утга зохиолын сэдэвтэй олон ном, домог яриа гаргажээ. Түүний бүтээлийн хамгийн шилдгийн нэг нь Хутулун гүнжийн түүхээс үүдэлтэй зохиол юм. Тэрбээр зохиолдоо Хутулун гүнжийг Алтан хааны 19 настай Турандот буюу турк охины дүрээр дүрслэн гаргасан байна.

Энэ зохиолд Хутулун гүнжийн бөх барилдах эр нөхрөө сонгох хүсэлтийг нь өөрчлөн гурван оньсого болгон өөрчилжээ. Үүнээс гадна Хутулунд унасан бөхчүүд мөрийнд тавьсан адуугаа алддаг байсан бол жүжгийн зохиолд Турандоттой суухыг хүссэн эрчүүд гурван оньсогыг тааж чадахгүй бол амиа өгдөг аж. Энэ зохиолоос тавин жилийн дараа Италийн нэрт зохиолч Карло Гоззи мөн энэ зохиолоор уран бүтээл туурвин Фредрих вон Шиллер энэ зохиолыг герман хэлнээ хөрвүүлж, Хятадын гүнж Турандот жүжгийг 1802 онд Иоханн Вольфганг вон Гёте Германы Веймар хотын театрын тайзнаа найруулан үзэгчдийн хүртээл болгожээ.

  1. Рашид аддин. Судрын чуулган. Орос хэлнээс орчуулж, тайлбар зүүлт хийсэн Ц.Сүрэнхорлоо. УБ., 2002. Хоёрдугаар боть, т.12
  2. Рашид аддин. Судрын чуулган. Орос хэлнээс орчуулж, тайлбар зүүлт хийсэн Ц.Сүрэнхорлоо. УБ., 2002. Хоёрдугаар боть, т.13
  3. Рашид аддин. Судрын чуулган. Орос хэлнээс орчуулж, тайлбар зүүлт хийсэн Ц.Сүрэнхорлоо. УБ., 2002. Хоёрдугаар боть, т.13
  4. Рашид аддин. Судрын чуулган. Орос хэлнээс орчуулж, тайлбар зүүлт хийсэн Ц.Сүрэнхорлоо. УБ., 2002. Хоёрдугаар боть, т.13
  5. Рашид аддин. Судрын чуулган. Орос хэлнээс орчуулж, тайлбар зүүлт хийсэн Ц.Сүрэнхорлоо. УБ., 2002. Хоёрдугаар боть, т.13