Jump to content

Христ итгэл

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Карл Хейнрич Блоч - Амилсан нь

Христийн шашин эсвэл Христ итгэл нь Есүс Христ гэх Тэнгэрбурханы Хүү, Мессиа хүн төрөлхтнийг (еврейгээр Аврагч) аварна гэх ганц төвт итгэлийг заадаг итгэл бишрэл юм. Тооцоогоор нийт дэлхийн 2,1 тэрбум хүн Христ итгэлийг дагадаг ба энэ нь дэлхийн нийт хүн амын ойролцоогоор 33,32% юм.

Христ Итгэл нь дангаараа шашин биш бөгөөд Христ Итгэлд тулгуурласан шашныг Петр тэргүүтэй Христийн шавь нар Ариун Библи болон Христийн номлол сургаальд үндэслэн залгамжилж, үүсгэн байгуулсан нь Католик шашин юм. Христ Итгэлийг гол цөм болгосон Католик шашнаас Үнэн алдартны урсгал, Протестант буюу Евангелийн шинэ урсгалууд үүсэн бий болжээ. Ингэснээр Христ Итгэлд тулгуурласан нэгдмэл даяар ертөнцийн гэсэн утгатай үгийг Ромын Эзэнт гүрэнд төвтэй Латин сүмүүд залгамжлан авч Ромын Католик хэмээх тодотголыг хэрэглэх болсон байна.

Христ итгэлд тулгуурласан цорын ганц Католик шашнаас Үнэн алдартны, Протестант урсгалууд бий болжээ. Үнэн Алдартны сүм, протестант сүм, чуулганы номлол, ёс дэг жаяг, чуулганы зохион байгуулалт зэрэг нь бүгд Католик шашнаас эх авч бий болсон бөгөөд шинэ зүйл бий болгоогүй, шинэчлэл хийсэн учир эдгээрийг "урсгал" хэмээн авч үзнэ.

Судар

Христ Итгэл нь Библи гэх судрыг хэрэглэдэг бөгөөд энэ нь "Хуучин Гэрээ" ба "Шинэ Гэрээ" гэсэн 2 ботид хуваагддаг. 1600 жилийн туршид нийт 40 гаруй эш үзүүлэгч, дагалдагч нараар бичигдсэн юм.

"Хуучин Гэрээ" нь Есүс Христээс өмнөх үеийн Израйльчуудын түүхийг өгүүлсэн байдаг бөгөөд Иудаизмын хэлбэрээр бичигдсэн Еврей Библи ч гэж нэрлэнэ. Уг тэргүүн ботид Тэнгэрбурхан ертөнцийг бүтээсэн болон хүнийг хэрхэнбүтээсэн, хүн төрөлхтөн гэмд унасны мөн чанар, тэдгээрээс үүдэх хор уршиг зэргийг өгүүлэхээс гадна Израйльчуудын түүх, амьдрал, Явэ бурханы сургаал зэргийг өгүүлдэг. Католик шашны Хуучин Гэрээ нь 46 ном, Үнэн алдартны сүмийн Хуучин Гэрээ 50, Протестант урсгалын Хуучин Гэрээ нь 39 номтой.

"Шинэ Гэрээ" нь Есүс Христийг мэндэлснээс хойших түүхийг өгүүлдэг бөгөөд Сайн мэдээний 4 ном, Шавь нарын үйлс, Чуулгануудад илгээсэн захидлууд, Эш үзүүлгийн сэдэвтэй номуудаас бүрддэг. Нийт 27 номтой ба эхэн үеийн Шинэ Гэрээ нь Еврей хэлээр бичигдсэн бөгөөд Христийн тооллын 2-р зуунаас латин хэл рүү хөрвүүлэгдсэн.

Итгэлийн тулгуур

Христ Итгэлийн урсгал бүр өөр өөр сургаал онолтой боловч дараах үндсэн сургаалуудад итгэдэг. Энэ нь:

Теологийн сургаал

  • Ганц Бүтээгч Эзэнт үзэл буюу Монотеизм: Сансар огторгуй, орчлон ертөнц дээр хамгаас дээр оршигч Ганц Бүтээгч Тэнгэр байдаг гэж үздэг. Тэр өнгөрсөнд ч, одоо ч, ирээдүйд ч үүрд мөнх байна гэх ба Ёхова, Яавэ зэргээр нэрлэдэг. Монголын Христэд итгэгчид "Эзэн", "Мөнхийн Эзэн", "Ертөнцийн Эзэн", "Бүтээгч Эзэн", "Эзэн тэнгэр" гэх мэтээр монгол хэлнээ орчуулан нэрлэсээр байна.
  • Ариун Гурвал: Нэг Бүтээгч Эзэн боловч 3 бодьгалиас бүрдэх бөгөөд энэ нь Эцэг, Хүү, Ариун Сүнс болно. Эцэг эзэн бол дээр дурдсан Ертөнцийн Эзэн, Хүү нь Есүс Христ, Ариун Сүнс нь Бүтээгч эзний туйлын Ариун Сүнслэг Биет (Spirit). 3 бодьгал нь үргэлж цугтаа, бие биенээсээ тусад оршиж чадахгүй. Бие биетэйгээ нэг байснаар цорын ганц Бүтээгч эзнийг бий болгодог. Эцэг нь Бүтээгч Эзэн, Хүү нь Бүтээгч Эзэн, Ариун сүнс нь Бүтээгч Эзэн гэх боловч эдгээр нь цугтаа байснаар ганц л Бүтээгч эзнийг бий болгодог. Аль алингүйгээр оршихгүй. Хэдий 3 Бүтээгч эзэн мэт ойлгогдох боловч нэгдэлээр оршигч ганц Тэнгэр Эзэн гэж үздэг.
  • Бүтээл: Ертөнцийн эзэн орчлон ертөнц, түмэн амьд биес болон Өөрийн дүр төрхийн дагуу эрэгтэй, эмэгтэй хүнийг бүтээсэн нь Адам, Ева юм.
  • Шийтгэл ба Үхэл: ХристИтгэлд "Шийтгэл" гэх үг нь угтаа бол "Гэм нүгэлд автсан зүрх" гэх ба анхны хүмүүс болох Адам, Ева 2 гэм үйлдсэнээр үхэл хүн төрөлхтөнд ирсэн. Үүнээс хойш төрсөн бүх хүн гэмт мөн чанартай төрдөг болсон бөгөөд зайлшгүй гэм үйлддэг болсон. Тэнгэр Эзэн хүн төрөлхтнийг аврах шаардлага гарсан бөгөөд ингэхгүй бол хүн үүрдийн шийтгэл болох үхэлд унах байсан.
  • Христийн аврал: Есүс Христ бол Ертөнцийн Эзний Хүү, тэр бол Ертөнцийн Эзэн. Есүс энэ дэлхийг аврахаар, Ертөнцийн эзний энэрэл, нигүүлслийг өгхөөр ирсэн. 30 насандаа үйлчлэлээ эхэлж, загалмайд цовдлогдож нас барсан бөгөөд ингэснээр Ертөнцийн Эзэн хүн төрөлхтнийг зольж аварсан. Өөрөөр хэлбэл Христ хүмүүсийн өмнөөс гэм нүглийг нь үүрэн үхлийг зайлуулсан. Тэр 3 өдрийн дараа дахин амь орсон. Үүний дараа дагалдагч нартайгаа уулзаад тэнгэр лүү одсон юм. Христ хүмүүсийн төлөө ирж, загалмайд хүмүүсийн гэм нүглийг төлөө цовдлогдон нас бараад 3 өдрийн дараа амь орж, тэнгэр лүү одсон ба Тэрээр одоо ч амьд гэдэгт итгэдэг хүн нь аврагдаж мөнх амьтай болсон гэж Библи заадаг. Тэр одоо ч ажиллаж байгаа бөгөөд дахин ирж, дэлхийг яллан (Христэд итгэдэггүй хүмүүсийг), өөрт нь итгэдэг хүмүүстэй шинэ тэнгэр, шинэ газарт үүрд мөнх амьдарна гэдэг байна.
  • Шинэ бие ба Мөнхийн амь: Христ дахин ирээд, бүх хүмүүсийг үйлсээр нь шүүн, итгэдэг зөвт хүмүүс нь шийтгэлгүй өнгөрч мөнх амьтай болох бөгөөд Ертөнцийн Эзэнтэй хамт үүрд мөнх хамт оршино. Харин итгэдэггүй хүмүүс нь мөн үйлдэж байсан үйлсээрээ шүүгдэж зохих шийтгэлээ авна. Үүнийг Библид Мөнхийн гал, Хүхэрт нуур гэдэг.
Христ Итгэлийн гол таних тэмдэг болох Загалмай

Христ Итгэл-Түүх

Христ Итгэл нь 1-р зуунд үүссэн бөгөөд Ромын Эзэнт Гүрний Иуда мужад иудей буюу израйль хүмүүсийн дунд бий болсон. Үүний дараагаар Бага Ази болон Египетээр дамжин Грек, Италид тархсан. 392 онд Ромын Эзэн Гүрний хаан I Теодосис хаан 2 сарын 27-ний өдөр зарлиг буулган Ромын Эзэнт Гүрний төрийн шашин болгон өргөргөмжилжээ. 1054 онд Христ Итгэлд тулгуурласан нэгдмэл шашинд хагарал гарч Зүүн Ром буюу Византад Үнэн Алдартны урсгал бий болжээ. XVI зуунд Ромын католик шашнаас эх авч, шинэчлэгдсэн үзэл санааг түгээх Протестант урсгал бий болсон бөгөөд Протестант урсгал нь дотроо маш олон сектүүдэд хуваагдах болжээ.

Эхлэл

Шинэ Гэрээний өгүүлснээр, Иудей хүн Есүс 30 гаруй настай байхдаа (Христийн тооллын 1-р зууны 30-аад оны үе) эхлэн үйлчлэлээ эхлэн, сургаалаа номлож эхэлсэн. Тэрээр мөнх амь, Тэнгэрбурханд итгэх итгэл болон зөвт, гэм зэмгүй амьдралын талаар заадаг байсан. Есүс өвчтэй хүмүүсийг эдгээж байсан бөгөөд хүмүүсийн гэм нүглийн төлөө загалмайд цовдлогдон нас барсан гэж үздэг. Гэм нүглийн төлөөс нь цус бөгөөд Еврейчүүд гэм нүглээ далдлахын тулд хургаар Тэнгэрбурханд өргөл өргөдөг байсан. Ингэсээр уучлал ирдэг гэсэн ойлголтоос бий болжээ. Христ яг тэр хургатай адил өөрийгөө хүмүүсийн гэм нүглийн төлөө өгсөн бөгөөд ингэснээр Түүнд итгэсэн хүн бүр гэм нүглийн уучлалыг хүлээн авах болно хэмээн заадаг.

Эхэн үеийн Христ Итгэл

Христийг нас барсны дараа түүний шавь нар хүмүүст түүний сургаалыг үргэлжлүүлэн номлож, хүмүүст ариун угаал хүртээж, итгэхийг уриалж байлаа. Зарим Иудей хүмүүс тэднийг буруу номтон, гаж урсгал хэмээн Ромын Эзэнт гүрний шүүхэд гомдол гаргасан боловч Ромын шүүх Христэд итгэгчдийг Иудей шашны нэг урсгал гэж үзсэн байна. Ромын эзэн хаан Неро (Христий тооллын 54-68 он) Христэд итгэгч хүмүүсийг хоморголон устгаж байсан ба ХТ 60 оноос эхлэн энэ явдал улам эрчимжсэн.

313 оноос эхлэн Ромын Эзэнт Гүрэн Христ Итгэлийг хууль ёсны байр сууртай бөгөөд ард түгээн дэлгэрүүлэхийг хүлээн зөвшөөрсөн. Ингэснээр Христ Итгэл хөгжиж эхэлсэн ба Есүсийн амилсан өдөр буюу Улаан Өндөгний баярыг тэмдэглэж эхлэсэн. Мөн түүнчлэн 12 сарын 25-нд Христийн мэндэлсний их баярыг дэлхий даяар амьдарч,буй Христэд итгэгч хүмүүс өргөн тэмдэглэж эхлэв.

1054 онд ХристИтгэлд тулгуурласан Католик шашнаас Үнэн Алдартны сүм тусгаарлаж, Зүүн Ром болон дорнын ард түмэнд Христ итгэлийг тунхаглан дэлгэрүүлэх, тэдний ёс заншилд ойр байдлаар сүмийн үйл ажиллагаа явуулж эхлэв. Зүүн Ром буюу Византыг залгамжлан слав гаралтай Киевийн Рус сүмийн гол төв болсноор орос болон бусад слав гаралтай ард түмэн Христ итгэлийг хүлээн авч өөрсдийн зан заншил, соёлын салшгүй нэг хэсэг болгон онцлог урсгал болгон хөгжүүлж иржээ. XVI зуунд Ромын Католик шашнаас шинэчлэгдсэн Протестант урсгал бий болж дотроо маш олон сектүүдэд хуваагдах болжээ. Католик шашин өөрөөсөө салбарлан гарсан бусад урсгалыг тооцохгүйгээр анх үүссэн цагаасаа дэлхийн хамгийн олон сүсэгтэнтэй Христ Итгэлийн сүм хэмээн тооцогдож байна.

Орчин үед

Христ Итгэл нь 2004 оны статистикаар 2 тэрбум гаруй итгэгчтэй болсон байна. Одоо Католик шашин 1.2 тэрбум, Үнэн алдартны урсгал 300 орчим сая, Протестант урсгал 31,7 сая итгэгчтэй байна. Жил дундажаар 1,25 хувийн өсөлттөй байдаг.

Христ Итгэлийн ариун хотууд

  • Бетлехем - Христийн төрсөн газар. Одоогийн Израйль улсад байдаг.
  • Иерусалим - Израйлийн нийслэл. Энэ газарт Есүс цовдлогдон нас барсан бөгөөд бүхий л үйлчлэл нь энэ газартай холбоотой.
  • Назар - Есүс Христийн өсөж том болсон газар. Тиймээс Христийг "Назарын Есүс" гэж нэрлэдэг.
  • Антиох - Христийн шавь нар үйлчлэлээ анх эхэлсэн хот
  • Ватикан - Дэлхийн католик шашны гол төв
  • Константинополь - 1453 онд сүйрсэн хот. Зүүн Ром буюу Византийн нийслэл байсан.

Мөн үзэх

Цахим холбоос

Эшлэл