Jump to content

Цагаан ноён (Тангуд)

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Цагаан ноён
Их Монгол Улсын мянгатын ноён
ТөрсөнИдээ (益德)
Нас барсан1255 он
Яс үндэсТангудын Уми овогтон
ХүүхэдМухали
Эцэг эхЧүечюлү (曲也怯律)

Цагаан ноён (? - 1255) болбоос Их Монгол Улсын эхэн үеийн тангуд гаралтай мянгатын ноён бөгөөд Чингис хаанаас Мөнх хаан хүртэл төрд зүтгэж явсан нэрт зүтгэлтэн. Түүний багын нэр нь Идээ (益德[1]), Тангуд улсын сайд Уми (烏密) овгийн Чүечюлүгийн (曲也怯律) хөвгүүн[1] бөгөөд 15 настайдаа[2] Чингис хааны удирдсан монголын арми Тангудыг дайлахад олзлогдож монгол нутагт ирээд, Чингис хааны өргөмөл хүү болон хожимоо Чингис хааны хишигтэний мянгатын ноён[2] болсон.

1218-1224 онд Сартуулын эсрэг дайнд Чингис хааныг дагаж, Бухар, Самарканд зэрэг хотуудыг эзлэхэд оролцов. 1226-1227 онд Тангудын эсрэг сүүлчийн дайнд оролцсон. Өгөөдэй хааны үед хуучин Алтан улсын нутагт байсан бүх хан хөвүүүд, ноёд, цэргийг захируулсан.[2] Алтан улсыг мөхөөх дайнд идэвхтэй зүтгэж, 300 морь, сувдан дээл, алтан бүс, эмээлээр шагнуулсан.[1] 1235 онд ханхүү Хүчү, Гүнбуха нарыг дагалдан Сүн улсын эсрэг хийсэн дайнд цэрэг захиран оролцсон. 1246 онд Гүюг хааныг хаан сууринд залрах ёслолд оролцож, өмнөд Сүн улсын эсрэг дайнаа үргэлжлүүлэх болсон.

1251 онд Мөнх хааны зарлигаар 50 лан алт, сувдан дээл 1, алтан торго 2 боодол соёрхож, хятад дахь морьт цэргийн их жанжин болгов.[1] 1252 онд Мөнх хааны зарлигаар Цагаан ноёнд таван жин ёнгор торго тушаах үүрэгтэй Хэнань, Бяньлян, Хуай, Мэнжоу зэрэг нутгийн 3660 өрх[3] шагнаж, нэмээд 14500 чин тарианы газар, 2 түмэн өрх соёрхов.[1] 1319 онд Буянт хааны үед өмнөх хаадын үед шагнасан соёрхолын газрын өрхийг бүртгэхэд Цагаан ноёны нэр дээр 560 өрх үлдэж, 224 жин торго[3] жил бүр тушааж байжээ. Мөн дараа нь Мөнх хаан түүнийг алт 450 лан, алтан торго, нум сум зэрэг зүйлээр шагнав.[1] 1255 онд таалал төгссөн. Хожим нь түүнд Хэнань ван, дээд улсын түшээ цолуудыг нэхэн олгожээ.

Цагаан ноён арван хөвүүнтэй байсны ахмад хөвгүүн Мухали нь эцгийн цолыг залгамжилж, Сүн улсын эсрэг дайнд Ажу жанжны удирдлаган доор түмтийн ноён байсан.

  • Мухали: Түмтийн ноён
  1. 1.0 1.1 1.2 1.3 1.4 1.5 1.6 "Юань улсын судар-120-р дэвтэр". zh.wikisource.org (хятад хэлээр). Татаж авсан: 2024-08-05.
  2. 2.0 2.1 2.2 Фазлуллах, Рашид ад-Дин (2002). Судрын чуулган. Vol. 1. Translated by Ц, Сүрэнхорлоо (1 ed.). Улаанбаатар. p. 106.
  3. 3.0 3.1 "Юань улсын судар - 95-р дэвтэр". zh.wikisource.org (хятад хэлээр). Татаж авсан: 2024-08-05.