Японы Гадаад хэргийн яам
Япон улсын Гадаад хэргийн яам (Япон: 外務省, Гаймүшоо) нь тус улсын гадаад харилцааг эрхэлдэг төрийн байгууллага. Тус яамыг гадаад харилцаа эрхэлсэн Засгийн газрын гишүүн, Гадаад хэргийн сайд удирддаг байна. Гадаад хэргийн сайд нь заавал парламентын гишүүн байх ёстой.
Мөн удирдлагад нэгдүгээр орлогч сайд, 2 орлогч сайд орох бөгөөд сайдын нарийн бичгийн газрын дарга, газар, хэлтэс, тасгийн дарга нар гэх хатуу чанд эрэмбэ дараалалтай ажээ.
Япон улсын болон иргэдийнхээ ашиг орлогыг нэмэгдүүлэх, энх тайванч, аюулгүй олон улсын харилцааг бэхжүүлж, идэвхтэй арга хэмжээ авах замаар олон улсын зохих таатай орчныг бүрдүүлж, гадаад улстай эв найртай харилцааг хадгалан хөгжүүлэх нь Гадаад хэргийн сайдын эрхэм зорилго юм гэж тус Яамны албан бичигт заасан байдаг байна.
1945 оноос хойш Япон улс дэлхий нийтийн өмнө хүлээсэн үүргийн дагуу аливаа цэргийн ажиллагаанд оролцоогүй ирсэн. Япон улс өнөөдөр АНУ-ын эдийн засгийн дотно түнш бөгөөд цэргийн холбоотон юм. Мөн Япон улс нь ядуу буурай орнуудад томоохон тусламж үзүүлэгч орон бөгөөд Олон улсын байгууллагууд, түүний дотор НҮБ-ын том ивээн тэтгэгчээр оролцож олон улсын тавцанд нэр хүндээ ихээхэн өсгөсөн орон юм.
Японы дипломат ажиллагаа нь МЭ 607 онд Хятадын Сүй улсад анхны Элч төлөөлөгчөө илгээснээр эхэлсэн хэмээн түүхэн судар бичигт тэмдэглэн үлдсэн байдаг. Мөн тухайн үеийн Хятадын Сүй болон Тан улсад Японоос элч төлөөлөгчид явуулж байсан ажээ. Харин 894 оноос хойш Японоос элч төлөөлөгчдийг Тан улс руу явуулахыг зогсоосноос эх газрын соёл Японд нэвтрэн ирэх явдал нь хумигдав. Үүнээс хойш олон зууны турш Япон улс идэвхтэй гадаад харилцаа явуулалгүй хаалттай улс байсаар дундад зууны сүүл үе хүрчээ.
1641-1853 онд Японы эрх баригчид “сакокү”-гийн бодлого ("аргамжаатай улс" буюу тусгаарлагдсан) явуулж байжээ. Энэ хугацаанд Япон улс гадаад харилцаагаа зөвхөн Хятад, Нидерландтай явуулж байв.
XIX зууны сүүл үеэс Япон улс Мэйжийн эрин эхэлсэн бөгөөд түрэмгийлэх Гадаад бодлогыг явуулж эхэлсэн байна. Америкийн шахалт дарамт дор байгуулсан тэгш бус Гэрээг цуцалж, зэргэлдээ газар нутгийг булаан эзлэж эхэлсэн. Үүнээс үүдэн Японы улсын нутаг дэвсгэр 1894 оноос 1919 он хүртэл нэлээд хэмжээгээр тэлсэн. 1894-1895 оны Хятад-Японы дайны үеэр Япон улс Тайвань болон Пескадурын арлуудыг эзэлсэн. 1905 онд Япон Оросыг ялсны дараа Сахалины арлын өмнөд хэсгийг Портсмутийн энхтайваны гэрээгээр өөрийн болгож авчээ. 1910 онд Япон улс Солонгосыг бүхэлд нь эзлэж өөрийн болгож авсан түүхтэй. Дэлхийн нэгдүгээр дайнд оролцсоны үр дүнд Япон улс Номхон далайд хэд хэдэн арлыг өөрийн болгож авчээ.
1930-аад оноос хойш Японы эзэн хаант улс дахин түрэмгий бодлого явуулсан байна. 1931 онд япончууд Манжуурыг эзэлж Манжго улсыг байгуулжээ. Дараа нь Хятадтай дайн эхлүүлж, Ази дахь Европын орнуудын хэд хэдэн эзэмшил газрыг эзэлж, улмаар Дэлхийн хоёрдугаар дайнд оролцсон байна.
1947 онд Дэлхийн хоёрдугаар дайнд ялагдсаны дараа Япон улсад батлагдсан шинэ Үндсэн хуулийн 9-р зүйлд “Шударга ёс журамд түшиглэсэн олон улсын энх тайвны төлөө чин сэтгэлээсээ эрмэлзэн, Японы ард түмэн дайн хийх үндэстний бүрэн эрхээсээ болон улс хоорондын маргаантай асуудлыг шийдвэрлэхэд зэвсэгт хүчнийг ашиглах ба заналхийх явдлаас үүрд татгалзана. Энэхүү зорилго эрмэлзлээ хэрэгжүүлэхийн тулд хуурай замын, тэнгисийн, агаарын цэрэг болон дайны бусад цэргийн хүчийг хэзээ ч бий болгохгүй. Улс орон дайн байлдаан хийх эрхгүй” хэмээн заасан байдаг ажээ.
1951 оны 12-р сарын 1-ны Гадаад Хэргийн Яамыг байгуулах тухай, 1952 оны 3 сарын 31-ний Дипломат албан хаагчдын тухай хуулиуд батлагдсанаар Японы орчин цагийн дипломат албаны эрх зүйн үндэс тавигдсан байна. Энэ үед боловсон хүчний нөөцөөр дутмаг байсан тул 1950-аад оны дунд үе хүртэл Америк зөвлөхүүд Японы ГХЯ-нд ажиллаж зөвлөдөг байжээ.
1978 онд Япон улс БНХАУ-тай Найрамдалын Гэрээ байгуулсан. Япон улс ОХУ-тай Курилийн арлууд буюу “Умард газар нутгийн” маргаантай асуудлаа өнөөг хүртэл эцэслэн шийдвэрлээгүй байгаа.
1980-аад оны Япон улсын эдийн засгийн хөгжингүй өсөлт нь Дэлхийн банк, Олон улсын Валютын сан зэрэг олон улсын санхүүгийн байгууллагуудад тэргүүлэх үүрэг гүйцэтгэх болсон. Японы хүчирхэг эдийн засаг нь Ази тивийн нөлөө бүхий улс болж эхэлсэн бөгөөд Японы хөрөнгө оруулалт дэлхийн алслагдсан хэсэгт хүрч эхэлсэн. Япон улс сүүлийн жилүүдэд БНСУ-тай найрсаг харилцаатай байгаа бөгөөд эдийн засгийн хамтын ажиллагаагаа эрчимтэй хөгжүүлж байгаа ч маргаантай асуудлууд байсаар байна.
1999 оны 7-р сарын 16-нд Японы ГХЯ-ны тухай хууль шинэчлэн батлагдсан.
Японы Гадаад Яамыг консерватизм буюу хуучныг баримтлагч гэж үздэг. Гэвч Ази номхон далайн бүс нутгийн нөлөө бүхий улсын хувьд Гадаад бодлогынхоо гол зорилгыг үндэсний аюулгүй байдлаа хангаж, олон улсын тавцанд олж авсан байр сууриа улам бүр бэхжүүлэх явдал гэж үздэг. Мөн Гадаад бодлогын залгамж чанарыг хадгалах, АНУ, Хятад, ОХУ зэрэг том орнуудтай бүс нутгийн асуудалд энэ зэрэгцэж оролцохыг хичээдэг. Японы Гадаад яам өөрийн үйл ажиллагаандаа иргэд олон нийтийн санал бодолд тулгууралах бодлого баримталж ирсэн. Ямар ч улстай яриа, хэлэлцээ хийхдээ тухайн орны тухай жижиг гэлгүй төрөл бүрийн асар их мэдээлэл цуглуулдаг онцлогтой.
Япон улсын ГХЯ нь дотоод ажлын хэрэгцээнд зориулсан өндөр нууцлалтай, гадаад орнуудын тухай болон тус улсын гадаад харилцааны түүхийн арвин их мэдээллийн сантай гэж үздэг.
Яамны бүтэц
[засварлах | кодоор засварлах]ГХ-ийн сайд Парламентын гишүүний албыг давхар хашдаг тул ГХЯ-ны үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор “парламентын асуудал эрхэлсэн орлогч сайд нар” ажилладаг. 2001 оноос эхлэн эдгээр орлогчдыг “төрийн нарийн бичгийн дарга” ба “парламентын нарийн бичгийн дарга” хэмээн ангилах болсон байна. Сүүлийн жилүүдэд Японы ГХЯ-ны нийт ажилтан, албан хаагчид 5000 гаруй байгаагийн 3000 орчим нь хилийн чанадад ажилдаг байна.
ГХЯ-нд ажилтнаар орохын тулд Японы Кэйо, Токиогийн Их сургууль, Токиогийн Гадаад хэлний дээд сургууль зэрэг дотоодын нэр хүндтэй их дээд сургуулийг төгссөн байх ёстой бөгөөд нийгмийн гарал үүслийн хувьд дээд давхаргынхан, ялангуяа дипломат хүрээнийхнээс гаралтай байвал нэр дэвшигч этгээдэд давуу тал болгодог тул 4-5 дахь үеээрээ ГХЯ-нд ажиллаж байгаа тохиолдол элбэг байдаг ажээ.
2020 оны байдлаар Япон улс гадаад орнуудад 247 ДТГ-тай байна.
Япон улс нь НҮБ-ын гишүүн орон бөгөөд НҮБ-ын төсвийн 9,68%-ийг тус улс дангаар бүрдүүлж ирсэн байна. Мөн “7-ийн бүлэг”, “20-ийн бүлэг” буюу G7, G20 клубийн нөлөөтэй гишүүн орон.
- Сайдын ажлын алба
- Ёслолын дарга
- Хэвлэлийн нарийн бичгийн дарга
- Олон нийтийн дипломат бодлогын газар
- Гадаад бодлогын товчоо
- Зэвсэг хураах, цөмийн зэвсгийг дэлгэрүүлэхгүй байх, шинжлэх ухааны хэлтэс
- Ази, Далайн орнуудын харилцааны товчоо
- Зүүн Өмнөд ба Баруун Азийн товчоо
- Хойд Америкийн хэргийн товчоо
- Эдийн засгийн асуудал эрхэлсэн товчоо
- Олон улсын хамтын ажиллагааны товчоо
- Дэлхийн харилцааны ерөнхий захирал
- Олон улсын хууль эрх зүйн товчоо
- Консулын газар
- Гадаад албаны сургалтын төв
1885 оноос хойших Японы Гадаад хэргийн сайд нарын жагсаалт
[засварлах | кодоор засварлах]- Иноүэ Каорү (1885—1887)
- Ито Хиробүми (1887—1888)
- Оокүма Шигэнобү (1888—1889)
- Аоки Шюүзо (1889—1891)
- Эномото Такэаки (1891—1892)
- Мүцү Мүнэмицү (1892—1896)
- Сайонжи Киммочи (1896)
- Оокүма Шигэнобү (1896—1897)
- Ниши Токүжиро (1897—1898)
- Оокүма Шигэнобү (1898)
- Аоки Шюүзо (1898—1900)
- Като Такааки (1900—1901)
- Сонэ Арасүкэ (1901)
- Комүра Жюүтаро (1901—1906)
- Сайонжи Киммочи (1906)
- Като Такааки (1906)
- Хаяаши Тадасү (1906—1908)
- Тэраүчи Масатакэ (1908, 1916)
- Комүра Жюүтаро (1908—1911)
- Үчида Косай (1911—1912)
- Кацүра Таро (1912—1913)
- Като Такааки (1913)
- Макино Нобүаки (1913—1914)
- Като Такааки (1914—1915)
- Оокүма Шигэнобү (1915)
- Ишии Кикүжиро (1915—1916)
- Мотоно Ичиро (1916—1918)
- Гото Шимпэй (1918)
- Үчида Ясүя (1918—1923)
- Ямамото Гоннохэй (1923)
- Ижюүин Хикокичи (1923—1924)
- Мацүи Кэйширо (1924)
- Шидэхара Кижюүро (1924—1927)
- Танака Гиичи (1927—1929)
- Шидэхара Кижюүро (1929—1931)
- Инүкай Цүёши (1931—1932)
- Ёшизава Кэнкичи (1932)
- Сайто Макото (1932)
- Үчида Ясүя (1932—1933)
- Хирота Коки (1933—1936)
- Арита Хачиро (1936—1937)
- Хаяаши Сэнжюүро (1937)
- Сато Наотакэ (1937)
- Хирота Коки (1937—1938)
- Үгаки Казүшигэ (1938)
- Арита Хачиро (1938—1939)
- Абэ Нобүюки (1939)
- Номүра Кичисабүро (1939—1940)
- Арита Хачиро (1940)
- Мацүока Ёосүкэ (1940—1941)
- Тоёода Тэйжиро (1941)
- Тоого Шигэнори (1941—1942)
- Тоожоо Хидэки (1942)
- Тани Масаюки (1942—1943)
- Шигэмицү Маморү (1943—1945)
- Тоого Шигэнори (1945)
- Сүзүки Кантаро (1945)
- Шигэмицү Мамору (1945)
- Ёшида Шигэрү (1945—1947)
- Ашида Хитоши (1947—1948)
- Ёшида Шигэрү (1948—1952)
- Оказаки Кацүо (1952—1954)
- Шигэмицү Маморү (1954—1956)
- Киши Нобүсүкэ (1956—1957)
- Фүжияма Айичиро (1957—1960)
- Косака Зэнтаро (1960—1962)
- Оохира Масаёши (1962—1964)
- Шиина Эцүсабүро (1964—1966)
- Мики Такэо (1966—1968)
- Айчи Киичи (1968—1971)
- Фүкүда Такэо (1971—1972)
- Оохира Масаёши (1972—1974)
- Кимүра Тошио (1974)
- Миязава Киичи (1974—1976)
- Косака Зэнтаро (1976)
- Хатояма Иичиро (1976—1977)
- Сонода Сүнао (1977—1979)
- Окита Сабүро (1979—1980)
- Ито Масаёши (1980—1981)
- Сонода Сүнао (1981)
- Сакураүчи Ёшио (1981—1982)
- Абэ Шинтаро (1982—1986)
- Күранари Тадаши (1986—1987)
- Үно Соосүкэ (1987—1989)
- Мицүзүка Хироши (1989)
- Накаяма Таро (1989—1991)
- Ватанабэ Мичио (1991—1993)
- Мүто Кабүн (1993)
- Хата Цүтомү (1993—1994)
- Какизава Коожи (1994)
- Кооно Ёохэй (1994—1996)
- Икэда Юкихико (1996—1997)
- Обүчи Кэйзо (1997—1998)
- Комүра Масахико (1998—1999)
- Кооно Ёохэй (1999—2001)
- Танака Макико (2001—2002)
- Коизүми Жүн-Ичиро (2002)
- Кавагүти Ёрико (2002—2004)
- Мачимура Нобүтака (2004—2005)
- Асо Таро — (2005.10.31 — 2007.08.27);
- Мачимура Нобүтака (2007.08.27-ноос 9 сарын 26);
- Коомүра Масахико — (2007.09.26 — 2008.09.24);
- Накасонэ Хирофүми — (2008.09.24 — 2009.09.16);
- Окада Кацүя — (2009.09.16 — 2010.09.17);
- Маэхара Сэйжи — (2010.09.17 — 2011.03.06);
- Эдано Юкио (үүрэг гүйцэтгэгч) — (2011.03.07-03.09);
- Мацүмото Такэаки — (2011.03.09-2011.09.02);
- Гэмба Коичиро — (2011.09.02 — 2012.12.26);
- Кишида Фүмио — (2012.12.26 — 2017.08.03).
- Кооно Таро— (2017.08.03 — 2019.09.11);
- Мотэги Тошимицү — (2019.09.11 — 2021.11.04);
- Кишида Фүмио — (2021.11.04-2021.11.10);
- Хаяаши Ёшимаса — (2021.11.10 — 2023.09.13).
- Камикава Ёоко - (2023.09.13-наас өнөө хүртэл)