Аргун

Аргун өөрийн хүү Газаныг тэврэн эзэн хааны шүхэр дор зогсож байна. Хажууд нь Аргуны эцэг Абаха морьтой байна. Рашид ад-Дин, XIV зууны эхэн үе.

Аргун хан (1258-1291 оны гуравдугаар сарын 7[1]) 1284-1291 онд Монголын Эзэнт Гүрний нэг хэсэг Ил Хаант Улсын дөрөв дэх удирдагч байлаа. Тэрбээр Абаха ханы хүү бөгөөд Монголын их хаадын нэгэн адил Мөнх тэнгэрт чин сүжигтэн (хэдийгээр Будда Христ шашныг дэмждэг байсан ч) байлаа. Тэрбээр Ариун Газрын Лалын шашинтнуудын эсрэг Франц-Монголын эвсэл байгуулах бүтэл муутай оролдлого хийн Европ руу хэд хэдэн удаа элч илгээж байснаараа алдартай. Аргун мөн Хубилай хаанаас шинэ эхнэр хүсч байжээ. Аргунд залуу гүнж Баяд овгийн Хөхөчинг хүргэж өгөх даалгаврыг Марко Поло авч Ази тивийг хөндлөн туулж Ил Хан улсад хүрсэн байна. Хөхөчинг ирэхээс өмнө Аргун нас барсан тул гүнж Аргуны хүү Газантай суужээ.

Намтар[засварлах | кодоор засварлах]

Аргуны гэргий Булуган хатан бөгөөд Газаныг (энд эх нь хөхүүлж байгаагаар дүрсэлсэн) төрүүлжээ. Рашид ад-Дин, XIV зууны эхэн.

Аргун Абаха хан ба түүний Христ шашинт гэргий Хаймаш хатнаас төрсөн. Аргун өөрөө олон эхнэртэй байсан бөгөөд хамгийн хайртай эхнэр нь Булуган байлаа. Булуган Аргуны хоёр хүү Газан, Өлзийт нарыг төрүүлсэн. Хоёр хүү нь хоёулаа Аргуныг залгамжилсан бөгөөд улмаар Лалын шашинд орцгоожээ. Аргун Өлзийтийг төрөхөд нь Христ шашны ёсоор угаалга үйлдүүлж, Пап лам IV Николасын нэрээр Николас хэмээх нэр өгчээ.[2] Доминиканы миссионер Монтекрочегийн Риколдо Аргун бол "хамгийн адгийн хорлонтой этгээд, гэлээ ч гэсэн тэр Христүүдийн анд нөхөр билээ" гэж бичиж байв.[3]

Аргуны эмэгтэй дүү нарын нэг Өлжалх Гүржийн ван III Вахтангийн гэргий болсон.[4]

Аргун Буддын шашинтан байсан боловч ихэнх Монголчуудын нэгэн адилаар бүх шашин шүтлэгт хүлцэнгүй хандаж, тэр байтугай Лалын шашинтнуудад Кораны хуулиараа хэргээ шүүхийг хүртэл зөвшөөрч байв. Түүний сангийн сайд Саад ад давла еврей гаралтай хүн байлаа. Саад Ил Хан улсын Монгол цэргийн удирдагчдын эрх мэдлээ урвуулан ашиглах явдалтай эрчтэй тэмцэх замаар засгийн газарт дэг журмыг үр дүнтэй сэргээн тогтоожээ.[5]

Зөрчил мөргөлдөөн[засварлах | кодоор засварлах]

Аргуны хаанчлалын үе харьцангуй тайван байсан бөгөөд бусад Монголчуудтайгаа цөөхөн удаа л зөрчилдөн тулалджээ. Тэрбээр Хорасанд Цагадайн ханлигийн эсрэг богино хугацааны дайн хийсэн. 1289-1290 онд тэрбээр Ойрадын эмир Наурузын үймээнийг дарж, Наурузыг Трансоксони руу дутаалгаж байв.

1290 онд тэрбээр Тулабугагаар удирдуулсан Алтан Ордын цэргийг Кавказын хавиас үлдэн хөөсөн юм.

Аргуны хаанчлалын хугацаанд Египетийн Мамлюкууд Сирид эрх мэдлээ тасралтгүй бэхжүүлж, Мамлюк Султан Калавун Загалмайтнуудын нутаг дэвсгэрийг эргүүлэн авсан бөгөөд эдний зарим нь, тухайлбал Триполи Монголчуудын вассал улс байлаа. Мамлюкууд 1285 онд Маргатын хойд цайзыг, 1287 онд Латтакиг эзлэн авч, 1289 онд Триполийг буулган авчээ.[6]

Христийн шашинт улсуудтай харилцаж байсан нь[засварлах | кодоор засварлах]

Аргун нь нийтлэг дайсан Египетийн Мамлюкуудын эсрэг Европчуудтай Франц-Монголын эвсэл байгуулахыг зорьж байсан олон Монгол удирдагчийн нэг байлаа. Аргун тэр ч байтугай Иерусалемийг эзлэн авдаг л юм бол угаалга үйлдэнэ гэж амлаж байв. Гэвч XIII зууны эцэс гэхэд Баруун Европ уналтанд орсон загалмайтны аян дайныг сонирхохоо больсон байсан тул Аргуны элч довтолгож байсан нь үр дүнгүй өнгөрч байв.[7]

Пап ламд илгээсэн анхны элч[засварлах | кодоор засварлах]

1285 онд Аргун Пап лам IV Хонориуст (лат. Honorius PP. IV, итал. Giacomo Savelli; 1210-1287) элчээр захидал өгүүлжээ. Энэхүү захидлын латин орчуулга нь Ватиканд хадгалагддаг.[8][9] Аргуны захидалд түүний гэр бүл Христ шашинтай ямар холбоотойг дурдаж, Лалын шашинтны газар нутгийг хамтын хүчээр эзлэн авахыг санал болгожээ:[10]

"Сири, Египет хэмээх Лалын шашинт орнууд та бидний хооронд оршиж байна, бид тэднийг бүслэн, хаах ("estrengebimus") болно. Бид та нарыг Египет рүү цэргээ илгээхийг хүсч элч илгээнэ. Ингэснээр бид нэг талаас нь, та нар нөгөө талаас нь гарамгай дайчдаараа тэднийг эзлэн авч чадна. Үүнийг хэзээ гүйцэлдүүлэхийг найдвартай элч ирүүлж бидэнд мэдэгдэнэ үү. Бид Ертөнцийн Эзэн, Пап лам, Их Хааны тусламжтай Сарацинчуудыг үлдэн хөөнө."

—Аргунаас Ватиканы IV Хонориуст явуулсан захидлаас.[8][9] Аргуны захидалд түүний гэр бүл Христ шашинтай ямар холбоотойг дурдаж, Лалын шашинтны газар нутгийг хамтын хүчээр эзлэн авахыг санал болгожээ:[10]

Филип болон Эдвард вангуудад илгээсэн захидлууд[засварлах | кодоор засварлах]

Аргуны элч Раббан Бар Саума Марко Полог Азиас Европт эргэн ирэхээс хавьгүй өмнө дорно зүгийн Бээжин хотоос өрнө зүгийн Ром, Парис, Бордо хүртэл аялж, тухайн үеийн гол удирдагчидтай уулзжээ.

Захидалдаа хариу аваагүй Аргун 1287 онд Европын удирдагчид руу Нестор шашинт Онгууд лам Раббан Бар Саумаар толгойлуулсан элч төлөөлөгчдийг илгээлээ. Эдгээр элч төлөөлөгч Ойрх Дорнод дахь Лалын шашинтнуудтай тулалдаж, Иерусалем хотыг эзлэн авах цэргийн эвсэл байгуулах зорилготой байв.[8] Аргун захидалдаа нааштай боловч бүрхэг хариу авчээ. Саума 1288 онд Пап лам IV Николас, Английн I Эдвард, Францын Гоо Филип нарын нааштай хариу захидлуудыг аван буцсан.

"Аргун ханы бичгийг сийрүүлбэл:

«Мөнх тэнгэрийн хүчинд хааны сууд Аргун үг ману

…Франса … ноднин чи Мар бар … Саума Сагура… тэргүүтэн элчингээр өчиж илгээсэн. “Ил хааны цэргүүд Мисирийн зүг морилбоос бид бэр эндээсээ морилж хамсъя ” хэмээн өчиж илгээснийг чинь зөвшөөрч Тэнгэрийг залбирч барс жил өвлийн эцэс сард морилж хаврын тэргүүн сарын арван тавнаа Дамаскад бууя хэмээвэй. Эдүгээ үнэн үгэндээ хүрч цэргүүдээ болзолдоо илгээж Тэнгэрт мөр өгөгдөж тэд иргэнийг авбаас Иерусалимыг танд өгье. Хэн болзол хожимдож цэргүүдээ нэмэгүүлбээс юу зохих, хойно нь гэнэвээс юун тус. Бас аль бэр хэлэн нэмэн элчингээрээ жигүүр агуулган франц газрын тансаг ууд шунхууд элдэв өнгөтөн хөрс өгч илгээвээс, хэрэв соёрхвоос Тэнгэрийн хүчин хааны суу мэдтүгэй хэмээн Мүскерил хорчийг илгээв. Бичиг минь үхэр жил зуны тэргүүн сарын зургааны хуучдаар Хөндлөнд бүхүйд бичив» гэсэн байдаг.

Мар бар Саума (Rabban Bar Sauma 1225-1294) бол Несториан шашны өндөр албан тушаалтай лам хүн байв. Түүнийг зарим нь Уйгар, зарим нь Онгуд аймгийн хүн хэмээн тэмдэглэж иржээ. Тэрээр Хубилай хааны зарлигаар Ил ба Христосын шашинт улс оронд айлчлах элчээр томилогдон 1276 онд Бээжингээс мордон Ил хант улсад ирж тэндээс Аргун ханы бичгийг авч Ромын Пап ба Францын хаан гоо Филипп, Английн хаан Эдуард I нартай тус тус уулзан элчийн үүрэг гүйцэтгэж явсан түүхтэй. Мисир бол одоогийн Египет. Тухайн үед Египет нь Мамлюки ( Mamluk 1250-1517)-ийн эзэмшилд байж, Ил хант улсын гол дайсан болж байв. Дамаск бол одоогийн Сирийн нийслэл. Иерусалим бол одоогийн Иерусалим бөгөөд эртнээс олон шашны зөрчил тэмцлийн төв болсоор ирсэн ба Монголчууд бас тухайн үед татагдан оролцож байжээ. Франса нь одоогийн Франц болохыг тус тус заажээ.

Тус бичгийг орчин цагийн Монгол хэлэнд утгачлан буулгавал:

«Мөнх тэнгэрийн хүчинд ивээгдэн хааны суугаар тэтгүүлсэн Аргун ханы үг: Францын хаан танаа … Раббан Саумагаар ахлуулсан элчийг илгээн уулзуулах үед “Ил хан цэрэг хөдөлгөөн дайнд мордвол бид эндээс мордож хамсан байлдъя” хэмээн өгүүлснийг чинь зөвшөөрч “Тэнгэрийг залбирч барс жилийн өвлийн эцэс сард морилж, хаврын тэргүүн сарын арван таванд Дамаскад бууя” хэмээн тохиролцон билээ. Одоо Францын хаан та болзсон ёсоор цэргээ илгээж, бид тэнгэрт ивээгдэн мөр өгөгдөж Мамлюкуудыг эзэлж авбал танд хариу болгон Иерусалимыг бэлэглэе. Болзооноос хожигдож цэргээ нэмж ирүүлбэл хэн ч юу ч хожихгүй, хэргийн хойно гэмшивч тус нэмэр болохгүй. Бас хэн нэгээр үг бариулж элчин болгон Франц орны тансаг зүйлс , шунх, элдэв өнгөт хөрс зэргийг өгч ирүүлбэл хариу соёрхлыг Тэнгэрийн хүч, хааны суу мэдтүгэй хэмээн Мүскерил хорчийг илгээлээ. Тус бичгийг үхэр жилийн зуны тэргүүн сарын зургаанд Хөндлөнд байхад бичив» болно. "

Аргунаас Францын хаан гоо Филипп-д явуулсан захидлаас[11]

Гуравдахь удаагийн илгээлт[засварлах | кодоор засварлах]

1289 онд Аргунаас Гоо Филипэд явуулсан захидал. Энэ захидал Уйгур бичгээр бичигдсэн бөгөөд танилцуулга хэсэгтэй юм. Энэ захидлыг Францын ванд Гизолфегийн Бускарел дамжуулан өгчээ. Тамга нь хятад бичгээр бичигдсэн Их Хааны тамга юм. Тамган дээр: "Төр улсыг баригч, түмэн олныг түвшрүүлэгчийн тамга" гэсэн бичиг байна. Цаасыг нь Солонгост гар аргаар үйлджээ. 182x25 см. French National Archives.[12]

1289 онд Аргун Европ руу гурав дахь удаагаа элч илгээхдээ Персэд суурьшсан Генуягийн иргэн Гизолфегийн Бускарелийг илгээжээ. Түүний гол зорилго нь загалмайтан, монголчууд нэгдэж ажиллагаа явуулах өдрийг товлоход оршиж байв. Загалмайтнууд Сэн-Жан-д'Акрт буунгуут Аргун цэргээ хөдөлгөжээ. Бускарел Ромд 1289 оны 7-р сарын 15-наас 9-р сарын 30 хүртэл, Парист 1289 оны 11-12-р сард тус тус байв. Тэрээр Аргуны захидлыг Филип лө Бэлд гардуулжээ. Тус захидлаар Филипийн захидал болон амлалтад хариу өгч, Иерусалимыг шагнал болгон өгөхөөр санал болгож, довтолгоог 1290 оны өвлөөс 1291 оны хавар хүртэл өөрчлөн товлохоор оролдсон:[13]

Бускарелло Монголын хаан загалмайтнуудад шаардлагатай бүх хангамжийн зүйлсийг, үүний дотор 30.000 адуу бэлдэнэ гэдгийг дуулгажээ.[14] Дараа нь Бускарел Англи руу Аргуны захидлыг I Эдвардад өргөн барив. Тэрээр Лондонд 1290.01.15-д ирэв. Энэ захидалд Эдвардын өгсөн хариу сайтар хадгалагдсан байдаг. Тэрээр төлөвлөгөөг маш сонирхсон боловч яг хэрэгжүүлэх тал дээр зайлсхийсэн хариу өгч, Пап лам руу булзааруулжээ.[15]

1290 оны 5 сарын 14 буюу монгол тооллоор барс жилийн зуны тэргүүн сарын шинийн таванд Ил хан Аргунаас Пап IV Николаст илгээсэн албан бичгийг Монгол бичгээр бичиж дээр нь “төр улсыг баригч, түмэн олныг төвшитгүүлэгчийн тамга” гэсэн тамга даржээ. Бичгийн агуулга нь:

<< ... бусад аливаа иргэн өөрийн ном бичгээр залбиран... ард худал... залбиран буй. Машиахын ном, тэнгэр тайгч үнэн үнэн буй. Эдүгээ “Ил хан Машиахын ном дор ортугай” хэмээж илгээжээ чи. Сайн эцэг минь Машиахын ном үнэн тул, сайн эмээгээ шилам дор буй бөлгөө хэмээн та Христос иргэн дор ад бүү хүртүгэй хэмээж хэдэнтээ дуулган элчин илгээгээд өгүүлжүхүй, элч авай зэ. Шилам дор ортугай хэмээхүй чинь зөв ба Чингис хааны ургууд өөрийн монголчууд дураар аж. Шиламд орвоос ба эсвээсээр ганц Мөнх тэнгэр мэд хэмээж. Эд шиламд орогсод таны мэтэс магад үнэн сэтгэлтэн ариун ард Мөнх тэнгэрийн, Машиахын ном зарлигийг бус үл болгон буй за. Бусад иргэн Мөнх тэнгэрийг умартаж бус болгож худал хулгай үйл үйлдэх үлхүү олон буй. Эдүгээ манийг шилам дор эс оржээ хэмээн муулан ба сэтгэн ахуу чи. Ганц Мөнх тэнгэрт залбирваас зүгээр сэтгэж аваас шиламд орсон мэт үлхүү буй. Бичиг минь барс жилийн зуны тэргүүн сарын таван шинэдэд Ормойд бүхүй дор бичвэй >> гэжээ.

Машиах(Messiah) гэдэг нь энд Христосын шашин гэдэг утгаар оржээ. Исүсийг зөнч, аврагч буюу Машиах ч гэдэг. Шилам бол Христосын шашинд орох усан угаалгын зан үйл буюу баптисм (baptism) -ыг нэрлэсэн Сийр үг.

Орчин цагийн Монгол хэлэнд утгачлан буулгавал:

….. Ил хан улс бол иргэд өөр өөрийн ном бичгээр залбиран явдаг шашин шүтлэг чөлөөтэй улс оронд тооцогдоно. Үүний дотор гаж шашин, хуурамч сүсэгтэн байдгийг үгүйсгэхгүй. Харин Машиахын ном хэмээх Христос, тэнгэр тайгч Мөнх тэнгэрийн шашин хоёр бол хамгийн үнэн бөгөөд зөв шүтлэг бишрэл юм. Пап IV Николасээс Аргун ханд “ Чиний сайн эцэг чинь Христосын шашныг үнэн гэдэг байсан, чиний сайн эмээ чинь Исүст итгэгч хүн байсан тул чи Христосын шашныг шүтдэг иргэдийг ад бүү үзэгтүн” хэмээн удаа дараа захиа бичин элчин илгээн хэлүүлж Аргун ханыг бас Христосын шашинд ортугай хэмээн шаардсан байна. Пап IV Николасээс Христосын шашинд ор гэдгийг Аргун хан буруу гэхгүй. Чингис хааны ургуудыг багтаасан өөрийн Монголчууд бол их дур зоригийн үзэлтэй хүмүүс байдаг. Христосыг шүтсэн хүн ч байх ба ганц Мөнх тэнгэр мэд хэмээн үндэсний шашнаа шүтэж буй хүмүүс ч буй. Эдгээр Христосын шашин шүтэж байгаа иргэд нь Пап IV Николас мэт үнэн сэтгэлтэй ариун ард болох бөгөөд хамгийн гол нь Мөнх тэнгэрийн ба Христосын ном зарлигийн аль алийг нь үгүйсгэдэггүй бүгдийг мөрдөн дагадаг өвөрмөц онцлогтой сонин хүмүүс юм. Өөрөөр хэлбэл Монголчууд Христосын шашинд орсон ч тэдний зүрх сэтгэлд нь Мөнх тэнгэр нь байдаг. Харин бусад иргэдийн хувьд Мөнх тэнгэрийг мартаж үгүйсгэн худал хулгайн явдлыг үлэмж их үйлдэж байна. Эдүгээ Пап чи биднийг Христосын шашныг шүтээгүй хэмээн муулан сэтгэж байгаа бололтой. Харамсалтай нь бид Христосын шашинд орох чин хүсэл алга. Ганц Мөнх тэнгэрт залбирах буюу зүгээр түүнийг сэтгэж байвч Христосыг шүтсэнээс илүү их ач тустай байх болно. Энэхүү захидлыг монгол тооллоор барс жилийн зуны тэргүүн сарын шинийн таванд Ормойд байхад бичжээ. "

Аргунаас Францын хаан гоо Филипп-д явуулсан захидлаас[16]


Дайралтын тэнгисийн хүчинг бүрдүүлсэн нь[засварлах | кодоор засварлах]

1290 онд Аргун Багдадад хөлөг онгоц барих хөтөлбөр эхлүүлж, Мамлюкийн Улаан тэнгис дэх арилжаа худалдаанд саад учруулахыг зорьж байв. Генуячууд хөлөг онгоц барихад туслах зорилгоор 800 мужаан, далайчнаас бүрдсэн баг илгээв. Мөн арбалетчдын нэг баг илгээсэн. Гэвч Генуягийн засгийн газар эцэстээ тус төлөвлөгөөг татгалзаж, Персийн булангийн Басра боомтод Генуячуудын дунд тулалдаан зөрчил гарснаар энэ ажиллагаа бүтэлгүй болжээ.[17][18]

Дөрөв дэх илгээлт[засварлах | кодоор засварлах]

Аргун 1290 онд Европын хаад руу Андрей Заган (Цагаан)-аар тэргүүтэй, Гизолфегийн Бускарел, Сахадин нэр нэгэн христ шүтлэгтнээс бүрдсэн элч илгээю.[19]

1291 онд Пап лам IV Николас шинэ загалмайтны аян дайн зарлаж, Аргун, Армений II Хэтум, жакобит, этиоп, гүржүүдтэй хэлэлцээр хийв. 1291.01.05-д Николас бүх христ шашинтанд хандан Ариун газрыг аврах мөргөл үйлдэж, Английн I Эдвардын араас загалмайтны аян дайнд мордохыг христ шашинтнуудад уриалж эхлэв.[20]

Гэвч эдгээр хүчин чармайлт дэндүү бага, дэндүү хожимдсон ажил болсон. 1291.05.18-д мамлюкууд Сэн-Жан-д'Акрыг эзэлжээ.

1291 оны 8-р сард Николас Аргунд захидал бичиж, түүнд I Эдвардын Ариун газрыг эргүүлэн авах загалмайтны дайнд мордох гэж буй төлөвлөгөөг мэдээлж, загалмайтнууд зөвхөн монголчуудын "хүчирхэг гар"-ын тусламжтай амжилт олно гэж мэдэгджээ.[21] Николас загалмайтны үргэлж хийдэг заншлын дагуу Аргуныг угаалга үйлдэн, мамлюкуудын эсрэг цэргээ хөдөлгөхийг хүсчээ.[22] Гэвч Аргун өөрөө 1291.03.10-д нас барсан байсан бөгөөд IV Николас өөрөө 1292 оны 3-р сард мөн нас барснаар тэдний хамтын ажиллагаа явуулах оролдлого эцэс болжээ.[23]

I Эдвард Аргуны залгамжлагч Гайхатд 1292 онд Жөффри дө Ланглийг элчээр илгээсэн боловч зөвхөн Аргуны хүү Газаны үед л харилцаа сэргэжээ.

Нас барсан нь[засварлах | кодоор засварлах]

Аргун 1291.03.07-д нас барж[1], түүний дүү Гайхат залгамжлав.

Аргун хан нь буддист биш байсан ч лам нарыг хүндэтгэн харилцаж байсан тухай Рашад-ад-Диний “Судрын чуулган”-д тэмдэглэжээ. Гэтэл эдгээр лам нар нь эцэстээ түүний амь насыг хөнөөсөн байна. Түүний бичсэнээр Аргун хан нь Энэтхэгээс ирсэн нэгэн ламын бэлдэж өгсөн үхүүлэхгүй урт наслуулах эмийг наян өдөр ууж, дөчин өдөр мацаг бариад хүндээр өвчилж түүний улмаас мөнх бусыг үзүүлжээ. Тус эмийн найрлага, гол бүрэлдэхүүн нь хөхүүр, мөнгөн ус хоёр байжээ. Харин асрахын хүчээр арай гайгүй болж байтал бас нэг өдөр дахиад нэг лам гэнэт дайрч орж ирээд Аргун ханд хүний цус орсон архи гурван хундага уулгажээ. Үүнээс болж ханы бие улам муудаж янз бүрийн арга чарга хийсэн боловч тус бололгүй хэдэн сарын дараа идэр залуу үедээ тэнгэрт хальсан юм.

XIII зуунд Өрнөдөд Монгол нэр моодонд орж, Италид төрсөн олон хүүхэд Монгол хаадын нэрээр нэрлэгдэж байв. Тухайлбал: Can Grande ("Их хаан"), Alaone (Хулагу), Argone (Аргун), Cassano (Газан).[24]

Марко Поло[засварлах | кодоор засварлах]

Аргун Марко Полод 23 жилийн дараа Венецдээ эргэн очих боломжийг бүрдүүлжээ. Аргун хайртай Баяд овгийн хатан Болганагаа алдсаныхаа дараа Хубилай хаанаас Болганы хамаатнаас шинэ бэр буулгаж өгөхийг хүсжээ. Ингээд 17 настай Хөхөчинг Аргуны хатан болгохоор сонгон, Марко Полод түүнийг далай тэнгис, хуурай газраа бараа болон аваачиж, өгөх даалгавар өгчээ. Ийнхүү Монголын хөлөг онгоц Энэтхэгийн далайгаар Персийг зорин хөдөлсөн байна. Энэ аялал хоёр жил үргэлжилж, энэ хооронд Аргун нас барсан тул Хөхөчин Аргуны хүү Газантай суужээ.

Тэмдэглэл[засварлах | кодоор засварлах]

  1. 1.0 1.1 "He died on March 7, 1291." Steppes, p. 376
  2. "Arghun had one of his sons baptized, Khordabandah, the future Oljaitu, and in the Pope's honour, went as far as giving him the name Nicholas", Histoire de l'Empire Mongol, Jean-Paul Roux, p.408
  3. Jackson, p.176
  4. Grousset, p.846
  5. Mantran, Robert (Fossier, Robert, ed.) "A Turkish or Mongolian Islam" in The Cambridge Illustrated History of the Middle Ages: 1250-1520, p. 298
  6. Tyerman, p.817
  7. Prawdin, p. 372. "Argun revived the idea of an alliance with the West, and envoys from the Ilkhans once more visited European courts. He promised the Christians the Holy Land, and declared that as soon as they had conquered Jerusalem he would have himself baptised there. The Pope sent the envoys on to Philip the Fair of France and to Edward I of England. But the mission was fruitless. Western Europe was no longer interested in crusading adventures.
  8. 8.0 8.1 Runciman, p.398
  9. "This Arghon loved the Christians very much, and several times asked to the Pope and the king of France how they could together destroy all the Sarazins" - Le Templier de Tyr - French original:"Cestu Argon ama mout les crestiens et plusors fois manda au pape et au roy de France trayter coment yaus et luy puissent de tout les Sarazins destruire" Guillame de Tyr (William of Tyre) "Historia rerum in partibus transmarinis gestarum" #591 (Memento 1. Нэгдүгээр сар 2009 цахим архивт)
  10. The Crusades Through Arab Eyes p. 254: Arghun, grandon of Hulagu, "had resurrected the most cherished dream of his predecessors: to form an alliance with the Occidentals and thus to trap the Mamluk sultanate in a pincer movement. Regular contacts were established between Tabriz and Rome with a view to organizing a joint expedition, or at least a concerted one."
  11. " Г.Гэрэлбаатар "Аргун ханы Мөнх тэнгэрийн шашин" эрдэм шинжилгээний өгүүлэл
  12. Grands Documents de l'Histoire de France, Archives Nationales de France, p.38, 2007.
  13. Runciman, p.401
  14. Jean Richard, p.468
  15. "Histoire des Croisades III", p.713, Rene Grousset.
  16. " Г.Гэрэлбаатар "Аргун ханы Мөнх тэнгэрийн шашин" эрдэм шинжилгээний өгүүлэл
  17. "Only a contingent of 800 Genoese arrived, whom he (Arghun) employed in 1290 in building shipd at Baghdad, with a view to harassing Egyptian commerce at the southern approaches to the Red Sea", p.169, Peter Jackson, The Mongols and the West
  18. Jean Richard, p.468
  19. Runciman, p.402
  20. Dailliez, p.324-325
  21. Schein, p.809
  22. Jackson, p.169
  23. Runciman, p.412
  24. Peter Jackson, The Mongols and the West, p.315

Лавлах материал[засварлах | кодоор засварлах]

  • Guillaume de Tyr (circa 1300). History of Deeds Done Beyond the Sea, Online (Original French).
  • "The Monks of Kublai Khan Emperor of China", Sir E. A. Wallis Budge. Online
  • Dailliez, Laurent (1972). Les Templiers (in French). Editions Perrin. ISBN 2-262-02006-X.{{cite book}}: CS1 maint: unrecognized language (link)
  • Foltz, Richard (2000). "Religions of the Silk Road : overland trade and cultural exchange from antiquity to the fifteenth century". New York: St. Martin's Griffin. ISBN 0-312-23338-8.
  • Grousset, René (1935). Histoire des Croisades III, 1188-1291 (in French). Editions Perrin. ISBN 2-262-02569-X.{{cite book}}: CS1 maint: unrecognized language (link)
  • Grousset, Rene, The Empire of the Steppes: a History of Central Asia, Naomi Walford, (tr.), New Brunswick, NJ: Rutgers University Press, 1970.
  • Jackson, Peter (2005). The Mongols and the West: 1221-1410. Longman. ISBN 978-0582368965.
  • Lebédel, Claude (2006). Les Croisades, origines et conséquences (in French). Editions Ouest-France. ISBN 2737341361.{{cite book}}: CS1 maint: unrecognized language (link)
  • Maalouf, Amin (1984). The Crusades Through Arab Eyes. New York: Schocken Books. ISBN 0-8052-0898-4.
  • Prawdin, Michael (pseudonym for Charol, Michael) (1940/1961). Mongol Empire. Collier-Macmillan Canada. ISBN 1412805198. {{cite book}}: Check date values in: |date= (help)CS1 maint: multiple names: authors list (link)
  • Richard, Jean (1996). Histoire des Croisades. Fayard. ISBN 2-213-59787-1.
  • Runciman, Steven (1987 (first published in 1952-1954)). A history of the Crusades 3. Penguin Books. ISBN 9780140137057. {{cite book}}: Check date values in: |date= (help)
  • Schein, Sylvia (October 1979). "Gesta Dei per Mongolos 1300. The Genesis of a Non-Event". The English Historical Review. 94 (373): 805–819. doi:10.1093/ehr/XCIV.CCCLXXIII.805. {{cite journal}}: Unknown parameter |month= ignored (help)CS1 maint: date and year (link)
  • Tyerman, Christopher (2006). God's War: A New History of the Crusades. Harvard University Press. ISBN 0674023870.

Цахим холбоос[засварлах | кодоор засварлах]

Өмнөх
Тэгүдэр
Ил Ханы хаан
1284–1291
Дараах
Гайхат