Ромын эзэнт гүрэн
Ромын эзэнт гүрэн (латин. Imperium Romanum, эрт. грек. Βασιλεία Ῥωμαίων) эртний Ромын соёл иргэншлийн Ромын Бүгд Найрамдах Улс дараах үе бөгөөд засаглалын автократ хэлбэртэй, Европ, Газар дундын тэнгисийн эргэн тойронд асар том нутаг дэвсгэр эзэлж байснаараа онцлог юм.[1] Энэ нэр томъёогоор анхны эзэн хаан Октавиан Августын үеэс эзэнт гүрнийг Баруун ба Зүүн гэж хувааж, дараа нь Баруун Ромын эзэнт гүрэн нуран унах хүртэлх үеийг хамардаг, өөрөөр хэлбэл МЭӨ 27 оноос 476 он хүртэл юм. Харин Зүүн Ромын эзэнт гүрэн буюу Константинополь хотод төвтэй Византийн эзэнт улс дахиад 977 жилийн турш оршин тогтнож байгаад 1453 оны намар нуран унасан түүхтэй.
Үүний өмнө байсан Ромын Бүгд Найрамдах Улс хэд хэдэн удаагийн иргэний дайнаар суларч, доройтжээ. Бүгд найрамдах улсын хожуу үеийн тэмцлийн үеэр олон зуун сенатч алуулсан буюу үхэхэд Ромын сенат эхний үед Нэгдүгээр гурвалсан холбоо дэмжигчдээр нөхөгдөж байсан бол хожим Хоёрдугаар гурвалсан холбоог дэмжигчдээр нөхөгдөж байв. Бүгд найрамдах улсаас эзэнт гүрэн рүү шилжсэн шилжилтийг хэд хэдэн үйл явдлаар тэмдэглэх санал байдаг. Үүний дотор Юлий Цезарь НТӨ 44 онд Ромын диктатороор насан туршдаа томилогдсон явдал, Актиумын тулалдаан (НТӨ 31 оны 9 дүгээр сарын 2), Ромын сенат Октавианд хүндэт Август (НТӨ 27 оны 1 дүгээр сарын 4) цол өгсөн явдлаар тэмдэглэх санал гарч байв. Октавиан/Август Ромын бүгд найрамдах улсыг аварснаа албан ёсоор тунхаглаж, эрх мэдлээ бүгд найрамдах улсын хэлбэрийн дор болгоомжтой нуун далдалж байв. Тухайлбал консулууд сонгогдсоор байсан, плебейчүүдийн трибунууд хууль тогтоомж санал болгож байсан, сенатчид Ромын куриад мэтгэлцсээр байв. Гэвч бүх зүйлд нөлөөлж, эцсийн шийдвэрийг хянадаг байсан хүн нь Октавиан болон түүний дараа гарч ирсэн бүх эзэн хаан байлаа. Түүнчлэн шаардлага гарвал Ромын легионууд түүнийг дэмжиж байв.
Латин хэлний Imperium Romanum (Ромын эзэнт гүрэн) хэмээх нэр томъёо нь магадгүй хамгийн сайн танигдсан олон хэрэглэгдэж байсан латин үг юм. Энэ нэр томъёоны imperium хэмээх үг нь Ромын цэргийн захирагч - императорт дагаар орсон хүний амьдралын хүрээг илтгэдэг юм (жишээлбэл хүмүүс бүхий зарим улс орон - газар нутаг). Ромын тэлэлт Бүгд найрамдах улсын үед эхэлсэн боловч эзэн хаан Траяны үед оргилдоо хүрчээ. Нутаг дэвсгэрийн тэлэлтийн энэхүү оргил үед Ромын эзэнт гүрэн 6,5 сая орчим км²[2] хуурай газрыг хамарч байлаа. Эзэнт гүрэн өргөн уудам нутаг дэвсгэрийг удаан хугацаанд харьяалж байсан учраас дэлхийн улс орнуудын хэл, шашин, уран барилга, гүн ухаан,хууль, төрийн засаглалд нөлөөлсөн нөлөөлөл өнөөг хүртэл хадгалагдсаар ирсэн.
НТ III зууны сүүлээр Диоклетиан өргөн уудам нутаг дэвсгэрийг удирдлага доороо нэгтгэн барьж байхын тулд эрх мэдлийг хамтран төр баригч эзэн хаадын дунд хуваах жишиг тогтоожээ. Дараачийн хэдэн арван жилийн турш эзэнт гүрэн гол төлөв зүүн/баруун тэнхлэгийн дагуу хуваагдах болсон. 395 онд I Феодосий нас барсны дараа эзэнт гүрэн сүүлийн удаа хуваагджээ. [3]
476 онд Ромул Август Одоакрийн шахалтаар хаан ширээнээсээ бууснаар Баруун Ромын эзэнт гүрэн задран унажээ.[4] Зүүн Ромын буюу Византийн эзэнт гүрэн 1453 онд XI Константин Палеолог нас барч, Константинополь хотыг II Мехмедийн удирдсан Османы туркүүд эзлэх хүртэл оршин тогтножээ.
Ромын эзэнт гүрэн нь олон хэлтэй улс байв. Эзэнт гүрний албан ёсны хэл нь Латин болон Эртний Грек хэл байсан. Эзэнт гүрний хүрээнд эдгээр хоёр чухал хэлийг ашиглах нь газарзүйн болон үйл ажиллагааны хувьд ялгаатай байв. Эцэст нь энэ нь 395 оноос хойш баруун ба зүүн хэсэг болж салахад ихээхэн үүрэг гүйцэтгэсэн юм.
Эшлэл
[засварлах | кодоор засварлах]- ↑ "Roman Empire," Microsoft Encarta Online Encyclopedia 2008
- ↑ Parker, Philip, "The Empire Stops Here". p.2.
- ↑ Chester G. Starr, A History of the Ancient World, Second Edition. Oxford University Press, 1974. pp. 670–678.
- ↑ Isaac Asimov. Asimov's Chronology of the World. Harper Collins, 1989. p. 110.
Цахим холбоос
[засварлах | кодоор засварлах]- Adena, L. The 'Jesus Cult' and the Roman State in the Third Century, Clio History Journal, 2008.
- Roman battlefield unearthed deep inside Germany
- BBC Romans for Children
- Classics Unveiled
- Complete map of the Roman Empire in year 100
- Detailed history of the Roman Empire
- Historical Atlas (Swedish)
- Roman Numismatic Gallery
- The Celts and Romans
- The Roman Empire
- The Roman Empire in the First Century from PBS
- The Roman Empire System
- Timeline of the Roman Empire and its split on WikiTimeScale.
- UNRV Roman History
- Worlds of Late Antiquity website: links, bibliographies: Augustine, Boethius, Cassiodorus etc.
Энэ өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.