Өвөр Халх
Өвөр Халх (монголоор:ᠥᠪᠡᠷ ᠬᠠᠯᠬ ᠠ) гэх ойлголт нь XVI зууны эхэн хагаст Батмөнх даян хаан харьяат улс иргэнээ хөвгүүддээ өмч болгон хуваахад 5-р хөвгүүн Алчуболд, хөвгүүн Гэрсэнз нарт Халх түмнийг бүрдүүлж байсан 12 отгийг хуваан өгчээ. Алчуболдод өмч болон очсон 5 отгийг сурвалж бичигт “өврийн таван отог”, “таван отог халх”, “таван нутаг халх” гэх зэргээр тэмдэглэсэн байдаг. Энэхүү “таван отог халх” гэдэг нь Жарууд, Баарин, Хонгирад, Баяд, Үжээд эдгээр болно.[1]
Засаг захиргааны хуваарь
[засварлах | кодоор засварлах]Алчуболд ноёны хөвгүүн Хургачи Хасар ноён өөрийн таван хөвгүүнд Өвөр Халхын 5 отгийг хувааж өгсөн.
- Убаши үйзэн Жаруудыг
- Субухай дархан Баариныг,
- Убан Буйма догшин Хонгирадыг,
- Сонин дайчин Баядыг,
- Шиуха зоригт хунбаатар Үжээдийг тус тус захирах болжээ.[2]
Эдгээр таван аймгийн ноёд тайж нар цөм Монголын их хаанд захирагдаж байсан. Их хааны зарлиг тушаалгүйгээр харь улсыг дайлах, хуралдай хийх, угсаа залгах ноён сонгох эрхгүй байжээ.Тэдний нутаг бэлчээрийг Алтан хан эзэлсэн 1548 оноос хойш Дарайсүн гүдэн хааныг дагаж Шар мөрний сав газар, хуучны Доян харуул, Тайнин харуулын нутгийг хуваан суух болжээ. Бас зарим тайж нарыг Алтан хан хурааж авснаар Өвөр Халхын зарим хэсэг Түмэд, Ордос дотор багтах болсон. Мин улсын судрын мэдээ баримтаар Түмэн хааны үед өвөр таван халхын ноёд цэрэг хавсран Хэбэй, Ляонинийн нутгийг жил бүр довтолж, дээрэм хийж байсан хэдий ч, эдгээр нь худалдааны зах нээх мэтийн тодорхой үр дүнд хүрч байсангүй. Лигдэн хааны эхэн үед өвөр халхын ноёд их хааны зарлигаар Зүрчидийн Нурхачи баатрын эсрэг эвсэлд хэд хэдэн удаа 10,000 цэрэг гаргаж байлдаж байжээ.
Хожим нь “таван отог Халх” Манжид эзлэгдсэний дараа Жаруудыг 2 хошуу, Баариныг мөн 2 хошуу болгон Зуу удын чуулганд оруулжээ. Харин Хонгирад нь Баарин хошуунд хавсаргаж захирагдан, Баяд, Үжээдийн зарим нь Бээжинд суух дотоод найман хошуунд багтаж, зарим нь Жарууд, Баарин гэх мэт бусад монгол хошуунд тарсан байна.
Нэрний судалгаа
[засварлах | кодоор засварлах]1620-1630-аад оны үед “Өвөр таван отог халх” Манжийн захиргаанд орсноор “таван отог Халх” хэмээх ойлголт бүдгэрчээ. Урьд, хожид Манжийн захиргаанд орсон халхчуудыг манж сурвалжуудад “хуучин халх”, “дотоод халх”, “гадаад халх” гэх мэтээр ялгаварлан нэрлэж байжээ. Тухайлбал, “хуучин халх” гэдэг нэрээр “Өврийн 5 отог Халх”-ыг нэрлэдэг байжээ. Тэдний заримыг Бээжинд суух Монгол 8 хошуунд оруулснаас хойш “дотоод монгол” хэмээн нэрлэх болсон аж. Гэвч энд “өврийн 5 отог Халх” бүгдээрээ багтсан биш, түүний зарим нь дотоод засгийн 49 хошуунд багтсан юм.
Түүхийн сурвалж бичигт XVI-XVII зууны хэрэг явдалтай холбогдуулан Өвөр Халх хэмээх нэр томьёог хэрэглэхгүй байхыг бодоход, “Өвөр Халх” гэдэг нь хожмын судлаачдын өгсөн нэр томьёо байж ч мэдэх юм.[3]