Жоанна Роулинг

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Жоанна Роулинг
Jk-rowling-crop.JPG

2006 онд Абердийний их сургуудиас хүндэт зэрэг авч буй

Төрсөн 1965 оны 7 сарын 31
Йэит, Глостершир, Англи
Мэргэжил Зохиолч
Яс үндэс Британи
Иргэний харъяалал Британи
Уран зохиолын урсгал Фантази
[www.jkrowling.com Вэбсайт]

Жоанна "Жо" Роулинг (англ. Joanne "Jo" K. Rowling; 1965 оны 7 сарын 31 -) нь Английн хүүрнэл зохиолч юм. Роулинг нь Харри Поттэр уран зөгнөлт зохиолын цувралын зохиогч бөгөөд түүний зохиолууд дэлхий дахины анхаарлыг татаж, олон шагнал хүртэж, дэлхийд 400 сая гаруй хувь борлогдсон юм. 2007 оны Sunday Times-ийн баячуудын жагсаалтанд 545сая фунт стерлингийн эд хөрөнгөөрөө 136-р байранд орсон бол Английн 13 дахь баян эмэгтэйгээр тодорчээ.

Нэр[засварлах]

Хэдий тэр уран бүтээлээ "Ж.К.Роулинг" гэдэг нэрний дор туурьвидаг боловч Харри Поттэр номны анхны хэвлэл дээр "Жоанна Роулинг" гэсэн байдаг. Түүний анхны номыг хэвлэхийн өмнө "Блүүмсбери хэвлэл" хэвлэлийн газар бяцхан уншигч хөвгүүд номыг худалдаж аваад зохиолыг эмэгтэй зохиолч бичсэнд дурамжхан байх болов уу гэж болгоомжлон Роулинг нэрнийхээ товчлолд хоёр үсэг ашиглахыг хүсчээ. Гэвч Роулингод дунд нэр байхгүй байсан учир эмэг эхийнхээ нэр "Кэтлин"-ийг ашиглахаар болжээ. Гэхдээ Кэтлин гэдэг нэр түүний албан ёсны нэрэнд ордоггүй аж. Нэрнийхээ тухай тэрээр хэлэхдээ "Бага байхад намайг хэн ч миний бүтэн нэр болох Жоанна гэж дууддаггүй байсан бүгд л намайг "Жо" гэдэг байсан."

Гэр бүлийн гарал[засварлах]

Петер Жеймс Роулинг, Энн Роулинг нарын охин Жоанна 1965 оны 7 сарын 31 нд Английн Бристол хотоос хойш 16.1км хол орших Глөүсестерширийн Еэт хэмээх жижиг хотод төржээ. Түүний дүү Дайанна Роулинг 23 сартай байхад нь төржээ. Роулинг 4 настай байхад гэр бүл нь Винтерборн тосгон руу нүүж, түүнийг 200 жилийн түүхтэй Гэгээн Майклийн бага сургуульд оруулав. Гэгээн Майклийн бага сургуулийнх нь захирал Алфред Данн гуай бол түүний Харри Поттэр номны Албус Дамблдор юм.

Тэрээр хүүхэд байхдаа уран зөгнөлт зохиол бичиж дүү Дайаннадаа уншиж өгөх дуртай байжээ. Тэрээр энэ талаараа "Би 5 билүү 6 настай байхдаа нэгэн "Туулай" нэртэй туулайны тухай түүх бичиж байсан. Тэр зохиолд тэр туулай улаан бурхан өвчтэй байсан ба түүн дээр найзууд нь байнга зочилж ирж байгаа тухай байсан. Түүний найзууд дунд "Хатагтай Зөгий" нэртэй аварга зөгий хүртэл байсан."

8 настайдаа Роулинг Глөүсестерширийн жижиг тосгон болох Тутшилл руу нүүв. Роулинг өсвөр насанд байхад нь түүний нагац эгч улс төрч эмэгтэй Жэссика Митфордын тухай Hons and Rebels нэртэй хуучны ном бэлэглэжээ. Энэ талаараа Роулинг дурсахдаа "мэдлэг боловсролд нь маш их тус болж сонгодог зохиолын тухай сурган, эргэлзээтэй олон зүйлд нь хариу өгсөн". Жэссика Митфорд сүүлд Роулингийн хувьд баатар эмэгтэй нь болсон билээ.

Роулинг Виэдэнийн дунд сургуульд элсэн оров. Роулинг өөрийн өсвөр насны тухай "Хэрмион бол миний өсвөр насны дүр юм." Харри Поттэр зохиолын Харригийн найз Рон Вийзли бол Роулингийн ахлах ангийн найз Шон Харрис аж. Роулинг Экзэтерийн Их сургуульд элсэж суралцсаны дараа Лондон руу нүүж Эмнести интернэйшнл байгууллагад нарийн бичиг мөн судлаачаар ажиллахаар нүүв.

1990 онд Манчестерээс Лондон руу аялах үед нь толгойд нь шидтэний сургуульд элсэж буй нэгэн бяцхан хүүгийн тухай түүх буусан аж. Энэ талаараа тэр Бостон Глөүб сонинд өгсөн ярилцлагадаа "Энэ санаа яг хаанаас гарч ирснийг мэдэхгүй. Бүх дүр, орчин гээд бүх зүйл нь миний толгойд зогсолтгүй үерлээд ирсэн." Энэ бүхнийг алдахгүйн тулд маш хурдан бичих хэрэгтэй болжээ. Гэвч тэр оныхоо 12 сард нь Роулингийн ээж нь 10 жилийн турш шаналсан тархины өвчнөөр нас баржээ. Роулинг: "Би ээжийгээ нас барах үед Харри Поттэрийг бичиж байсан. Би түүнд хэзээ ч Харри Поттэрийн талаар хэлж байгаагүй." Роулингод ээжийнх нь үхэл маш хүнд туссан бөгөөд энэ нь зохиолд нь нөлөөлж, Харри Поттэрийн эхний номонд Харригийн гачигдлыг маш тодоор тусгасан байдаг. Учир нь тэр мэдрэмжийг Роулинг биеэрээ туулсан юм.

Дараа нь Роулинг Португалын Порто хот руу англи хэл заахаар явлаа. Тэндээ 1992 оны 10 сарын 16нд Португалын телевизийн сэтгүүлч Жорж Арантестэй гэрлэв. Тэдний охин Жессика Изабел Роулинг Арантес (Жэссика Митфорд-н нэрийг өгсөн) 1993 оны 7 дугаар сарын 27-нд төрөв. Гэвч тэд 1993 оны 11 сард салжээ. 1994 оны 12 сард Роулинг охинтойгоо хамт Шотландын Эдинбург хот руу дүүгийнх рүүгээ нүүлээ. Энэ хугацаанд Роулинг маш ихээр сэтгэлээр унаж, амиа хорлоход бэлэн байв. Энэ сэтгэл санааны доройтол нь түүнд Харри Поттэр номны сүнсгүй амьтад болох Дементоруудыг бичихэд хүргэсэн.

Ажилгүй, улсын тэтгэлэгээр амьдарч байсан Роулинг охин Жессикагаа унтах бүрд нь янз бүрийн кафед ялангуяа Николсоны Кафед сууж анхны романаа дуусгажээ. Америкийн телевизийн хөтөлбөр "Ай энд И Намтар"-т оролцож байхдаа яагаад кафед сууж зохиол бичдэг байснаа тайлбарлахдаа охиноо унтуулах хамгийн сайн арга бол гадуур алхах байсан гэжээ.

Харри Поттэр[засварлах]

Харри Поттэр номууд[засварлах]

1995 онд Роулинг анхны Харри Поттэрийн ном болох Харри Поттэр ба Гүн ухаантны чулуу романаа хуучны бичгийн машин дээрээ бичсэн гар бичмэлээ дуусгалаа. Номынхоо эхний 3 бүлгийг Бриони Эванс гэж хүнээр уншуулж хянуулсны дараа удаан хугацааны эрэл хайгуулын дараа Кристофер Литл Утга Зохиолын Агентлаг номыг нь хянахыг зөвшөөрөв. Роулинг 12 хэвлэлийн газарт номыг нь хэвлэж өгөх санал тавьсан боловч бүгд татгалзсан аж. Жилийн дараа Роулингод анхны "ногоон гэрэл" аслаа, Их Британий Лондон хот дахь Блүүмсбери жижиг хэвлэлийн газрын эрхлэгч Барри Куннингам 1500 еврогийн санал тавьжээ. Барри Роулингийн номыг хэвлэхийг зөвшөөрөхийн хажуугаар түүнийг өдрийн ажил олж хийхийг зөвлөжээ. Удалгүй 1997 онд Шотландын урлагийн зөвлөлөөс Роулингод 8000 еврогийн тэтгэмжээр туслан номоо үргэлжлүүлэн бичихийг хүсчээ. Дараагийн хавар нь АНУ-д романыг нь албан ёсоор хэвлэх эрх авах дуудлага худалдаа болж Scholastic Inc., компани хэвлэх эрхийг 105 000$-р авсан байна. Роулинг энэ талаар дурсахдаа энэ мэдээг сонсоод бараг "үхэх шахсан" гэжээ.

1997 оны 6 сард Блүүмсбери анхны хэвлэл болох Гүн Ухаантны Чулуу-г 1000 хувь хэвлэсний 500-г нь номын сангуудад зориулан хэвлэсэн ажээ. Харин одоо уг хэвлэл нь 16000-25000 еврогоор үнэлэгдэж байна. 5 сарын дараа ном анхныхаа шагналыг Nestlé Smarties Book Prize-с авлаа. 1998 оны 2 дугаар сард роман Британий номын шагналаас Оны Шилдэг Хүүхдийн Номоор шалгарсан нь нэр хүндийн хэрэг байлаа. 1998 оны 10 сард Scholastic Inc., хэвлэлийн компани нь Гүн Ухааны Чулуу-г Харри Поттэр ба Ид Шидтэний Чулуу нэртэйгээр АНУ-д хэвлэв.

1999 оны 12 сард 3-р боть болох Харри Поттэр ба Азкабаны хоригдол гарч, мөн л Nestlé Smarties Book Prize-с шагнал аван, энэ шагналыг 3 удаа авсан анхны зохиолч болсон юм. Харри Поттэрийн 4-р ботийг гарахад бусад номонд боломж олгон энэ шагналд романаа нэр дэвшүүлээгүй юм.

4 дэх боть болох Харри Поттэр ба Галт хундага 2000 оны 7 сарын 8нд АНУ болон Их Британи-д зэрэг нээлтээ хийн борлуулалтаараа уг 2 оронд дээд амжилт тогтоов. Их Британи-д эхний өдөрөө 372,775 хувь борлогдож Азкабаны хоригдолын бүтэн жилийн борлуулалтын тоотой тэнцэж байлаа. Харин АНУ-д эхний 48 цагийн дотор 3 сая хувь борлогдож утга зохиолын бүх дээд амжилтыг эвдсэн байна. Роулинг 2000 оны Британий номын шагналаас оны шилдэг зохиолчоор шалгарчээ.

Галт Хундага гарсаны дараа бүтэн 3 жилийн дараа 5 дахь боть болох Харри Поттэр ба Фениксийн бүлгэм гарав. Энэ хооронд хэвлэл мэдээллээр түүнийг уран бүтээлийн зогсонги байдалд орсон гэж шуугиж байлаа. Гэвч тэрээр энэ цуурхалыг үгүйсгэсэн юм.

2005 оны 7 сарын 16-нд Харри Поттэрийн 6 дахь цуврал болох Харри Поттэр ба Эрлийз Хунтайж худалдаанд гарав. Худалдаанд гарсаны дараах 24 цагийн дотор 9 сая хувь борлогдон мөн л номын худалдааны бүхий л дээд амжилтуудыг эвдсэн байна. 2006 онд Эрлийз хунтайж Британий номын шагналаас Оны шилдэг ном шагналыг авсан.

2006 оны 12 сарын 21-нд Харри Поттэр 7 дахь цуврал буюу хамгийн сүүлийнх нь болох Харри Поттэр ба Үхлийн шүтээн гарах нь тодорхой болов. 2007 оны 2 сард Роулинг Эдинбург дахь Балморал зочид буудлынхаа өрөөнд 2007 оны 1 сарын 11нд 7 дахь цувралаа дуусгаснаа мэдэгдэв. Харри Поттэр ба Үхлийн шүтээн 2007 оны 7 сарын 21-нд (Их Британий цагаар) 00:00 цагт худалдаанд гарч бүх цаг үеийн хамгийн гүйлгээтэй номоор шалгарсан байна. Их Британи, АНУ-д гарсан анхны өдрөө 11 сая хувиар зарагдсан байна.

Одоо үед Харри Поттэрийн худалдааны тэмдэг 7 тэрбум евро (15 тэрбум доллар)-р үнэлэгдэж байгаа ба сүүлийн 4 цуврал хамгийн гүйлгээтэй номны жагсаалтыг тэргүүлж байна. Цувралууд нийт 4,195 хуудас ба нийтдээ болон хэсэгчлэгдэн 65 хэл рүү орчуулагдсан байна.

Харри Поттэр кинонууд[засварлах]

1998 оны 10 сард Warner Bros. кино компани эхний 2 ботийн эрхийг худалдаж авсан байна. Харри Поттэр ба Гүн ухаантны чулуу кино хувилбар нь 2001 оны 11 сарын 16-нд, Харри Поттэр ба Нууцат өрөө нь 2002 оны 11 сарын 15-нд найруулагч Крис Колумбусын найруулгаар гарав. 2004 оны 6 сарын 4нд найруулагч Алфонсо Куариний найруулгаар Харри Поттэр ба Азкабаны хоригдол нь дэлгэцнээ гарав. 4 дэх кино болох Харри Поттэр ба Галт хундага нь 2005 оны 11 сарын 15-нд өөр найруулагч Майк Нювиллийн найруулгаар гарсан. 2007 оны 7 сарын 11-нд Харри Поттэр ба Фениксийн бүлгэм Дэвид Ейтэсийн найруулгаар гарав. Харри Поттэр ба Хагас цуст Ханхүү 2009 оны 7 сарын 17-нд мөн түүний найруулгаар гарсан. 2008 оны 3 сард Warner Bros кино компани, сүүлчийн анги болох Харри Поттэр ба Үхлийн шүтээнийг 2 хэсэглэж бүтээсэн ба эхний хэсэг нь 2010 онд, сүүлийнх нь 2011 оны 7 сард мөн л Ейтэсийн найруулгаар үзэгчдын хүртээлд хүрсэн юм. Warner Bros Роулингтай гэрээ хийхдээ түүний саналыг нэлээд их харгалзаж үзсэн. Үүний нэг жишээ нь Роулинг киноны зураг авалтыг зөвхөн Англид авч мөн жүжигчид нь мөн англи хүн байх ёстой гэсэн шаардлага тавьсан аж.

Хувийн амьдрал[засварлах]

Баячуудын жагсаалт гаргадагаараа алдартай Forbes сэтгүүлээс түүнийг ном зохиож тэрбумтан болсон анхны хүн, дэлхийн 2 дахь баян эмэгтэй, дэлхийн хамгийн баян 1062 дахь хүнээр тодорхойлсон байдаг.

2001 оны 12 сарын 21-нд Роулинг эмч Нейл Муррейтэй гэр бүл болсон. Тэдний хүү Дэвид Гордон Роулинг Муррей 2003 оны 3 сарын 24нд төрсөн бол Роулингийн 2 дахь охин болох Макэнзи Жин Роулинг Муррей 2005 оны 1 сарын 23нд төржээ. Харри Поттэр ба Хагас цуст Ханхүү номоо тэрээр бага охин Макэнзидаа зориулан бичсэн байдаг.

Роулинг Шотландын Кирк гэх нэрээр алдартай католик сүмийн гишүүн бөгөөд "Би ид шидэнд биш, Бурханд итгэдэг" гэж хэлж байсан удаатай.

Сайн үйлс[засварлах]

2000 онд Воланд хүмүүнлэг, тусламжийн байгууллагыг үүсгэсэн. Энэ байгууллагын жилийн төсөв нь 5.1 сая доллар бөгөөд ядуурлыг бууруулах, нийгмийн тэгш бус байдлыг арилгахыг зорьдог. Мөн хүүхдүүдэд болон өрх толгойлсон эцэг эхчүүдэд тусладаг ажээ.

Бүтээлүүд[засварлах]

Харри Поттэр цувралууд

  1. Харри Поттэр ба Гүн ухаантны чулуу (1997 оны 6 сарын 26)
  2. Харри Поттэр ба Нууцат өрөө (1998 оны 7 сарын 2)
  3. Харри Поттэр ба Азкабаны хоригдол (1999 оны 7 сарын 8)
  4. Харри Поттэр ба Галт хундага (2000 оны 7 сарын 8)
  5. Харри Поттэр ба Фениксийн бүлгэм (2003 оны 6 сарын 21)
  6. Харри Поттэр ба Эрлийз Хунтайж (2005 оны 7 сарын 16)
  7. Харри Поттэр ба Үхлийн эрдэнэс (2007 оны 7 сарын 21)

Бусад номнууд

  • Гайхамшигт Араатнууд ба Хаанаас Тэднийг Олох Вэ (Харри Поттэр цувралын хавсралт) (2001)
  • Күидич Эрин Зуунаар (Харри Поттэр цувралын хавсралт) (2001)
  • Бийдл Бардын Үлгэрүүд (Харри Поттэр цувралын хавсралт) (2007)