Саладин

Саладин гэдэг нэрээр алдаршсан Салах Ад Дин Юсуф Ибн Аюуб (Курд хэл: سه لاحه دین ئه یوبی) оны хооронд амьдарч байсан Курд гаралтай, Египет, Сирийн эзэн хаан, улс төр, цэргийн зүтгэлтэн, ислам шашинтан султан юм. Тэрээр Аюубид угсааны хаант улсыг үндэслэгч бөгөөд түүний эзэмшилд Египет, Сири, Ирак, Хижаз болон Йемен орж байв. Загалмайтнуудын эсрэг Мусульмануудын эсэргүүцлийг тэргүүлэн амжилттай тэмцэж байснаараа нэрд гарсан бөгөөд Палестин, Иерусалимыг загалмайтнуудаас буцаан авсан юм. Түүний алдар суу Араб, Курд төдийгүй нийт Арабын ертөнцөд одоо хүртэл цуурайтсаар байдаг. Агуу, эрэмгий-дайчин, ухаалаг-хэрсүү атлаа гайхмаар энгийн амьдралтай, эелдэг зөөлөн зан араншинтай агаад түүнд бусад ислам шашинт цэргийн жанжингуудаас богтолж хүргэн өгсөн загалмай шашинт бүсгүйчүүд хүртэл сэтгэл алдардаг байсан гэлцдэг.

Угсаа гарал[засварлах | кодоор засварлах]

Египетийн султан, цэргийн гарамгай жанжин, залгалмайтнуудыг ялагч, Египетийг захирч байгаа Аюубид хаадын угсааг үндэслэгч Саладин ("саладин" гэдэг араб хэлний "итгэл үнэмшлийн нэр төр" гэсэн утгатай үг) өнөөгийн Ирак улсад, Сирийн алдарт жанжин Нур-эд-диний армийн ахлах дарга, курд үндэстэн эрийн гэр бүлд төржээ. Түүний эцэг нь Ромын хамба ламын тааллаар "тэрc номтнуудаас" Бурхны авсыг челөөлөх, дорно зүгт байгаа шүтлэг нэгтэй хүмүүс туслах уриан дор Ариун Нутгийг булаан авах аян дайн хийж байгаа загалмайтнуудтай ач тач үзэлцэж байлаа. Саладин залуудаа Сирийн нийслэл Дамаск хотод шашны онол судалж лам болох гэж байсан боловч нэг мэдэхнээ цэргийн хэрэгт сэтгэлээ өгсөн байв. 1164 онд эцгийнхээ дотнын хамтран зүтгэгчийн хувьд Египет орныг загалмайтнуудаас чөлеелөхөд оролцож эцгээ нас барсны дараа арабын цэргийг захирч загалмайтнууд, Ариун Нутаг дахь тэдний хамсаатнууд болох Эдес гүнлэг, Антиох ванлиг, Иерусалимын хаант улс, Триполи гүнлэгийн цэрэгтэй дайтаж байв. Саладин лалын шашинтны армийн ерөнхий командлагчийн зэрэгцээ арабуудын эзлэсэн Египет орныг мэдэлдээ авмагц 1174 онд төрийн эргэлт хийж Аюубидийн угсааг бий болгож тухайн үеийн арабын ертөнцийн томоохон улс болох Египетийн бүрэн эрхт султанаар заларчээ.

Загалмайтнуудын эсрэг[засварлах | кодоор засварлах]

Туркууд аян дайн өдөөж Сири, Палестин, Бага Азийн ихээхэн нутгийг эзлэн түрэмгийлэхэд Византийн нэгдүгээр Алексей хаан Өрнөд Европийн хаадад хандаж цэргийн тусламж үзүүлэхийг хүссэнээр загалмайтны аян дайн эхлэжээ.

Загалмайтны анхдугаар аян дайн 1096 онд эхэлж Франц, Германы цэрэг, Өмнөд Италийн рыцариуд хамтран туркуудад хэд хэдэн цохилт өгч Ойрхи Дорнодод харьяат анхны улсууд байгуулж 1099 онд Иерусалимийг дайран эзлэжээ.

1147 онд эхлэсэн Загалмайтны хоёрдугаар аян дайныг Францийн VII Людовик, Германы гуравдугаар Конрад хаад удирдан халдан ирэхэд, Нур-эд-дин Дамаск хотыг түрэмгийлэхээр ирсэн Францын рыцариудын санаархлыг тасалжээ.

Салах-ад-дин Египетийн султан болмогцоо төрийн чухал албан тушаалуудад хамаатан садан, ойр дотны, итгэлтэй анд нөхдөө томилж армиа голдуу араб иргэдээр бэхжүүлж орчин үеийн усан цэргийн флот байгуулсны дараа Ойрхи Дорнод дахь загалмайтнуудын улсууд руу аян дайнд мордов. 12 жил тасралтгүй үргэлжилсэн аян дайны үр дүнд Сири, Иракийг эзэлж лалын ертөнцийн хүлээн зөвшөөрөгдсөн цэргийн удирдагч болж Ойрхи Дорнод дахь загалмайтны улсуудыг тойруулан өөрийн эзэмшил нутаг бий болгож, тэрс үзэлтнүүдийг хөөхөө тангараглаж тэдэнд ариун дайн зарлав.

1187 онд Салах-ад-дин султан хорин мянган цэрэгтэй Палестиний нутагт нэвтрэн оров. Загалмайтны төмөр хуяг дуулгыг нэвтэлдэг алсын зайны нум сумаар зэвсэглэсэн арабын морин цэргүүд нь давшилт хийж, тэнгэрт шунгинах сумаар дайсны байлдааны журмыг эвдэж түүний араас сэлмээр зэвсэглэсэн морин цэрэг дайралтад орж гардан тулаан хийж хамгийн сүүлд нь явган цэрэг байлдаанд орж дайсны цэргийг бут цохиж дуусгана. Саладин Арабын Дорнод нутагт дайн хийх тактикийн зөв аргуудыг сонгож ашиглаж байв. Нум сумаар зэвсэглэсэн морин цэргийг давшилтад оруулж тэд нар нь зориуд үймж сандран ухран зугтаж загалмайтнуудыг усгүй, цөл нутагт араасаа "мөр мөшгүүлэн" дагуулж ирдэг байв.

Салах-ад-дин 1187 оны 7 сарын 4-ний өдөр Хаттиний ойролцоо (Тивериадын нуур) загалмайтнуудын цэрэг рүү гэнэт дайрч Иерусалимийн хаант улсын хориод мянган цэргийн дийлэнхийг хүйс тэмтэрч бусдыг нь олзолсны дотор загалмайтны цэргийн жанжин Гвидо де Лузиниьян, "Үнэнч хэрээс" багийн үлдэгдэл, Иерусалимийн хаан, марк гүн Монферратский байв. Саладин олзлогдсон зарим хүнийг өндөр үнээр буцаан өгч заримыг нь өөрийн талын олзлогдсон цэргээр сольжээ. Загалмайтнууд асар их хохирол амссан энэ тулалдаан "Хаттины хядлага" нэрээр түүхэнд орсон билээ.

Энэ ялалтын дараа лалын арми (европчууд тэднийг сарацин гэж нэрлэдэг байв.) Акра, Яффа зэрэг Палестиний хэд хэдэн сайтар бэхжүүлсэн цайзыг эзэлж "зарим цэргээ үлдээж амбан захирагч томилоод цааш явж байлаа.

Хаттины хядлагын дараа зүрх нь мохсон загалмайтнууд муслимын армитай байлдахаас эмээж цайзуудад хоргодон сууж Европын хаадад хандаж цэргийн туслалцаа гуйснаар Загалмайтны гурав дахь аян дайн эхлэжээ.

Салах-ад-дин султан 1187 оны есдүгээр сард Иерусалим хотыг 14 хоног бүслэлт хийж ундны ус, хүнсний зүйлээ барсан загалмайтнуудыг буулган авчээ. Загалмайтны анхдугаар аян дайны үед Готвалд Булонскийн удирдсан рыцариуд 1099 оны 6 сарын 7-нд Иерусалим хотыг бүсэлж дараа сарын 15-нд хотыг эзэлж гурав хоногийн хугацаанд исламын шашинтан 70 мянган хүний амь насыг бүрэлгэсэн байв.

Энэ удаа Саладин Иерусалим хотыг европчуудаас булаан авcны дараа Исламын засаглалыг сэргээж харин өшөө авах гэж аллага үйлдсэнгүй, олзлогдсон загалмайтнуудаас түүний дотор Иерусалимийн Гвидо де Лузиньянаас исламын ертөнцийн эсрэг дахин хэзээ ч гар далайхгүй гэсэн амлалт авч дөчин хоногийн хугацаанд Ариун хотыг орхин гарахыг тушаажээ.

Салах-ад-дин дараалан ялалт байгуулж 1147-1149 онуудын Загалмайтны хоёрдугаар аян дайны үед Европын рыцариудын эзлэсэн нутаг дэвсгэрийг бараг буцаан авахад Ром түгшүүр зарлаж гурав дахь аян дайныг эхлэв.

Английн Арслан зүрхт Ричард, Германы Фридрих нэгдүгээр Барбаросс, Францын Филипп хоёрдугаар Август хаадын удирдсан загалмайтны цэрэг 1189 онд Ариун нутагт Газрын дундад тэнгисийн усан цэргийн флотын дэмжлэгтэйгээр хөл тавьж 1190 онд Конья (Иконий) хотыг эзлэсний дараа Германы Ф.Барбаросс хаан голын усанд санамсаргүй живж нас баран, удирдагчаа алдсан түүний цэрэг тарж бутрав.

1191 онд англичууд, францчууд хамтран усан боомтын Акра (Аккон) хотыг бүслэлт хийж хоёр жилийн дараа сая нэг эзэлж Францийн Филипп хоёрдугаар Август хаан исламын армийг ялагч алдар хүртэн нутаг буцав. Английн Арслан зүрхт Ричард хаан усан флотын дэмжлэгтэйгээр 1191 онд Византийн эзэнт гүрнээс өмнө нь булаан авсан байсан Кипр арлыг эрхшээлдээ оруулж Палестин руу чиглэв.

Европын гурван хүчирхэг улсын хааны удирдсан цэргийн түрэмгийлэлд сандарсан Салах-ад-дин богино хугацаанд том арми эмхлэн байгуулж христос шашинтнуудын эсрэг тэмцэх хүсэлтэй бүх хүнийг тэмцэлд уриалан дуудаж Ричард хааны цэргийн өөдөөс хөдөлж хэд хэдэн байлдаанд ялав. Английн хаан, Египетийн султаны армиудын шийдвэрлэх тулалдаан 1191 оны есдүгээр сарын 7-нд Арсуф цайзын дэргэд болж хүчээр давуу Салах-ад-дин нум сумаар зэвсэглэсэн морин цэргээ өрсөлдөгчийнхээ цэргийн хоёр жигүүр рүү давшилтад оруулсан ч английн цэргийн ширүүн эсэргүүцэлтэй тулгарч ухарчээ.

Ариун Нутгийг эзэгнэх зорилго бүхий Загалмайтны гурав дахь аян дайн 1192 оны есдүгээр сард Английн Ричард хаан, Египетийн Салах-ад-дин султан нар гурван жилийн хугацаатай эвлэрлийн гэрээ байгуулснаар дуусчээ. Уг гэрээгээр загалмайтнууд Тир хотоос Яффа цайз хүртэл нутгийг эзэмших болж христос шашинтнуудын хувьд ариун хот болох Иерусалим лалын шашинтнуудын мэдэлд үлдсэн ч христос шүтлэгтэй аялагч, худалдаачид тус хотод чөлөөтэй зорчиж байх болжээ.

Загалмайтны дөрөв дэх аян дайныг 1202 онд Ромын гуравдугаар Иннокентий хамба лам өдөөжээ.

Амьдралын төгсгөл үе[засварлах | кодоор засварлах]

Египетийн Салах-ад-дин султан эвлэрлийн гэрээ байгуулсны дараа хүүхэд, залуу насаа өнгөрөөсөн, халуун хайртай Сирийн нийслэл Дамаск хотод буцан ирж амьдарч байгаад 1193 оны гуравдугаар сарын 4-нд чичрэг өвчнөөр нас барахад түүнийг өндөр хүндэтгэлтэйгээр оршуулж хотын төвд гоёмсог бунхан босгожээ.

Египетийн Аюубид султаны угсааг үндэслэгч Салах-ад-дин загалмайтнуудын эсрэг тэмцэлд Ойрх Дорнодын исламын шашинтангуудыг нэгтгэж, цөөнгүй томоохон ялалт байгуулсан цэргийн жанжин болон дэлхийн түүхэнд мөнхөрсөн юм. Туунээс гадна улс орноо шударгаар удирдаж байснаар харьяат иргэдийнхээ хайр хүндэтгэлийг хүлээсэн төрийн зүтгэлтэн байв. Түүнийг заналт дайсан нь болох загалмайтнууд хүртэл хүндэтгэн биширдэг байжээ. Дайны цагт Pыцарь эр шиг уужим сэтгэлтэи байж олзлогдогсдод энэрэнгүй ханддаг байв. Дорно зүгийн зарим байлдан дагуулагч шиг аллага таллага үйлдэж байсангүй, соёлын үнэт дурсгалыг сүйтгэж байгаагүй ажээ.

Гадаад холбоос[засварлах | кодоор засварлах]