Jump to content

Абтай сайн хан

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
(Абтай хан-с чиглүүлэгдэв)
Абтай сайн хан ба хатан

Абтай сайн хан (Abtai Sain Khan: 1554-1588) бол Гэрсэнз жалайр хунтайжийн долоон хөвгүүний дундах Онохуй Үйзэн ноёны ахмад хөвүүн билээ. Абтай модон барс жил буюу 1554 онд Сэлэнгэ мөрний хөвөөнд төрсөн бөгөөд түүний эх нь Халхын хилует отгийн эзэн Бэхийн охин Эцэнхин зоригт хатан билээ.

Абтай хааны эзэмшил Хэрлэн голын саваас Хангайн нуруунд тулж, нутгийн гол төв Орхон Туулын бэлчирт байжээ.

Абтай хаан Жалайр, Сүлдэсүн зэрэг Монголын эртний алдарт том аймагтай ураг холбож гурван хатантай байснаас хоёр хөвүүн, гурван авхай төрсний ахмад хөвүүн Өлзийт Шибагудай хунтайж эцгээ төлөөлж Ойрадыг захирч байсан ба дэд хөвүүн Эрхий нь угсаа залгамжилсан байна. Абтай хаан шар хулгана жил буюу 1588 онд нас баржээ.

Абтайн улс төрийн бодлого хоёр үндсэн чиглэлтэй байв. Нэгд, өөрийн эзэмшил Халхын төв нутагт оршиж, хүчин чадал улам бүр өсөх төлөвтэйг чадмаг ашиглан Ойрадын салан тусгаарлах ужиг оролдлогыг эцэслэж, Ойрадыг Халхад нэгтгэн захирахад чиглэгджээ. Академич Ш.Нацагдорж Абтай ханы Ойрадтай байлдан буулган авсан үйл явдлыг 1577 онд болсон гэжээ. Уул байлдааны шалтаг нь Ойрадын ноёд эртнээс Монгол төрөөс салан тусгаарлах, эсвэл эрх булаахын төлөө тэмцэлдэж ирсэний үргэлжлэл болох юм. Гэхдээ тухайн үед Лайхур хааныг алсан тул Ойрадыг шуурхай довтлох шалтаг гарчээ. Абтай хаан «урьдын гучин гурван өрөвлөгтөн, дөчин дөрвөн отогтон, жаран нэгэн хэгээртний өшөөг энэ өдөр авав» гээд буцсанаас мэдэгдэж байна. Абтайн хэлсэн үг бол түүнээс 110-аад жилийн өмнө Ойрадын ноёд Халхын эзэн Агваржин жононг хаанд өргөмжлөх нэрээр жонон тэргүүтэй олон ноёныг гэнэдүүлэн төрийн эргэлт хийж, өргөн хүрээний алан хядлага явуулж Монголыг төрийг булаасан хар явдлыг хэлж байгаа юм. Төрийн алтан ургийг таслах явуулгыг Ойрадууд сэдэж, улмаар Баруун Алтайд зайлан суух болжээ.

Автай хааныг Халхын хаан, Монголын хаан гэх болов. Хаан цол авсанаас хэдэн жилийн дараа Далай ламд мөргөж их цолоо аравнайлуулж, чимэг цол нэмсэнийг Төвдөөс анх цол авсан мэтээр шашинжсан судруудад тэмдэглэсэн байдаг аж.

Абтай хаан нийгэмд хэд хэдэн шинэчлэл хийжээ. Тэрбээр бөөгийн онгон шүтлэгийг орхиж шарын шашныг хүлээн зөвшөөрч түүнийг Халх түмний шашин суртахуун болгон залж авахад хошуучилжээ. Асрагч нэртийн түүхэнд «Абтай хан модон тахиа (15‍‌85) жилийн зун Шунхат уулын ар дахь хуучин балгасанд өндөр дэлдэж, мөн жил жил сүмийн үйлийг эхэлсэн ба гал нохой (15‍‌86) жилд Түмэд нутагт морилж Содномжамц далай ламтай учраад түүнээс «номын их Очир хаан» цол авч их нутаг Хар Өлөнд байхад буцаж ирсэн» гэжээ. Гэтэл Эрдэнэ зуугийн намтарт «Абтай хаан аравдугаар гал туулай жилийн доторхи улаагчин үхэр жил (15‍‌77) III Далай ламд мөргөсөнд Содномжамц, Абтай хааныг цогт очир номун сайн хаан хэмээн дуудаад тамга соёрхож Их Монголын хаан болгон бошго соёрхов» гэжээ. Харин төвөд сурвалж бичигт, Ю.Н.Рерихийн өгүүлснээр III Далай лам Содномжамц 15‍‌77 онд нутгаасаа гарч замдаа Алтан ханы гурван удаагийн угтуул элч нартай уулзаж аялан явсаар Түмэдийн газар ирж хойтон жил нь Алтан хантай уулзжээ. Абтай хан Содномжамцыг Түмэдэд дахин ирсэн 15‍‌87 онд очиж уулзсан байна. Улмаар Халх Монголд шарын шашныг дэлгэрүүлэх ажлыг санаачлан хэрэгжүүлсэн байна.

Абтай, дайчин баатар, эрэлхэг зоригтой эр байсан тул түүнийг хуучин цагийн монгол түүхчид улам алдаршуулах зорилгоор «хомхой хуруундаа хар нөж атган төрсөн», «Ар Халхын Абтай галзуу ноён» гэх зэргээр магтан «Очирваанийн хувилгаан», «Түшээт сайн хаан» гэх зэргээр цоллосон байдаг. Эцэст нь Автай ханд зориулан Халхын төрийг сэргээсэн хэмээн онго өргөө барьж тахисан (Чингис хааны онгоны адилаар) бөгөөд үүнийг Автай хааны өргөө, Баруун өргөө (Төрийн голомтын орд) гэж нэрлээд Их Хүрээнд үүрд мөнх галтай хадгалж байжээ.

  • Эцэг: Онохуй Үйзэн
  • Эх: Гилуеэдийн Бэхийн охин Эцэнхин зоригт хатан

Абтай сайн хан гурван хатантай.

  1. Жалайрын Хулман сэцэн хатан[1]
  2. Дарагийн охин Тунал гүнж[2]
  3. Сүлдүсүний Түнхэй хатан[2].

Хулман сэцэн хатнаас Эрээхий мэргэн хан, Чимудар абай нар төрсөн. Чимудар абайг Хятадын хөвгүүн Мачигт өглөө.[2]

Тунал гүнжээс төрсөн Багаран абайг Урианханы Холучид өгөв.[2]

Сүлдүсүний Түнхэй хатнаас Шибагудай өлзийт хунтайж, Мянгахан абай төрсөн. Мянгахан абайг Байхугийн хөвгүүн Бөхүхэнчэйд өгөв.[2]

Өмнөх
Шинээр байгуулсан
Халхын Очирай Сайн Хан
1577-1588
Дараах
Эрээхий мэргэн хан
  1. Д.Гонгор. Халх товчоон. УБ., 1970. т.203
  2. 2.0 2.1 2.2 2.3 2.4 2.5 2.6 2.7 2.8 Эртний Монголын Хаадын Үндэсний Их Шар тууж оршвой. УБ., 2006. т.102