Jump to content

Баавгай

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Хадмал
Монгол үсгээр
буриад кирилл.баабгай
монгол кирилл.баавгай
Баавгай
Оршин байсан хугацаа: Хожуу Эоцен - одоо хүртэл
Пиренейн үндэсний парк дахь баавгай.
Пиренейн үндэсний парк дахь баавгай.
Биологийн ангилал
Аймаг: Амьтан
Хүрээ: Хөвчтөн
Дэд хүрээ: Сээр нуруутан
Анги: Хөхтөн
Баг: Мах идэштэн
Дэд баг: Нохой төрхтөн (Caniformia)
Дээд овог: Ursoidea
Овог: Баавгайнхан
Йоханн Фишер фон Валдхайм, 1817
Төрлүүд
  • Ailuropoda
  • Helarctos
  • Melursus
  • Ursus
  • Tremarctos
  • Agriarctos (устсан)
  • Amphicticeps (устсан)
  • Amphicynodon (устсан)
  • Arctodus (устсан)
  • Indarctos (устсан)
  • Parictis (устсан)
  • Plionarctos (устсан)
  • Ursavus (устсан)
  • Kolponomos (устсан)

Баавгай гэж Баавгайнхан овгийн хөхтөн амьтдыг хэлнэ. Баавгай нь нохой төрхтөн махан идэштэн бөгөөд сэлүүр хөлтөнтэй хамгийн ойр төрөл. Хэдийгээр баавгайн одоо байгаа наймхан зүйл байдаг боловч, өргөн тархсан. Тухайлбал Ертөнцийн хойд хагас даяар, өмнөд хагаст хэсэгчлэн тархсан. Баавгай Хойд Америк, Өмнөд Америк, Европ, Азид тархаагүй

Орчин үеийн баавгайн түгээмэл шинж чанар нь бүдүүн бахим хөл, том бие, урт хоншоор, сэгсгэр үс, эргэж хураагддаггүй таван хумс бүхий тавхайтай, хойд хөл дээрээ босдог, богино сүүлтэй. Цагаан баавгай голдуу мах иддэг бол, аварга хулсны баавгай бараг үргэлж хулсаар хооллодог. Үлдсэн зургаан зүйлийн баавгай нь бүгд холимог идэштэн, тухайлбал ургамал, амьтнаар хооллодог.

Нийлж буй баавгайнууд болон бамбарууштайгаа хамт байх эвшүүдийг эс тооцвол ганц ганцаараа амьдардаг. Өдрийн цагаар идэш хоолоо хайх нь бий боловч, голдуу шөнө буюу үүрээр идэвхтэй байдаг. Сайн үнэрлэх чадвартай, хүнд лагс биетэй, болхидуу боловч, хурдан давхидаг ба юманд авирах буюу сэлэхдээ чадамгай. Намар зарим баавгайн зүйл иссэн жимс ихээр иддэг тул зан төлөвт нь нөлөөлдөг.[1]Баавгай агуй, нүхэнд үүрлэдэг ба ихэнх зүйлийн баавгай өвөл ичдэг.

Балар эртний үеэс баавгайн мах, үсийг авах гэж агнасаар иржээ. Өнөөг хүртэл баавгай хүн төрөлхтний урлаг, домог болон бусад соёлд томоохон үүрэг гүйцэтгэдэг. Орчин үед амьдрах орчин нь хумигдаж байгаагийн зэрэгцээ, баавгай болон түүний эд эрхтний хууль бус наймаанаас (ялангуяа баавгайн цөсний худалдаа) болж тоо толгой нь хорогдсоор байна. IUCN зургаан зүйлийн баавгайг эмзэг буюу ховор амьтдын жагсаалтад оруулсан бөгөөд ховордоогүй хүрэн баавгай хүртэл зарим улсад устах аюулд ороод байна. Хамгийн ховордсон баавгайн хулгайн ан, олон улсын худалдааг хориглосон боловч зогсохгүй байна.

Эволюцийн хамаарал

[засварлах | кодоор засварлах]
Агуйн баавгайн (Ursus spelaeus) араг яс

Баавгайнхан овог мах идэштэний багт хамаарах бөгөөд нохой төрхтөн дэд багийн есөн овгийн нэг. Баавгайн хамгийн ойрын төрөл нь сэлүүр хөлтнүүд, тухайлбал Odobenidae (далайн морь), Otariidae (далайн хав, далайн арслан), Phocidae (жинхэнэ буюу чихгүй далайн нохой). Баавгай гурван дэд овгийн найман зүйлээс бүрдэнэ: Ailuropodinae (аварга хулсны баавгай), Tremarctinae (Андын баавгай), Ursinae (нэгээс гурван төрөлд хуваагддаг зургаан зүйл). хөөе

Баавгайнхан овгийн гарал үүсэл маш жижиг, хээнцэр Parictis хэмээх амьтнаас эхтэй. Тэр нь дөнгөж 7 см урт гавалтай байв. Parictis анх Хойд Америкт хожуу Эоцений үед (38 сая орчим жилийн өмнө) үүссэн боловч Миоцен хүртэл энэ төрөл Еврази, Африкт үзэгдээгүй.[2] Зээхийн хэмжээтэй, нохойтой төстэй Cephalogale хамгийн бүдүүлэг баавгайнхан гэж тооцогдох нь элбэг. Cephalogale анх дунд Олигоцен ба түрүү Миоцений (20–30 сая жилийн өмнө) үед Европт үүсчээ. Cephalogale Ursavus төрлийн анхны баавгайн өвөг болно. Энэ төрөл Ази руу тархаж, улмаар 5 сая жилийн өмнө Европт анхны жинхэнэ баавгай (Ursus төрөл) бий болжээ. Хамгийн бүдүүлэг энгийн зүйлүүд нь хүртэл, тухайлбал C. minor баавгайн шүдлэлтийн шинжийг үзүүлдэг. Тухайлбал арагшаа чиглэсэн M2 postprotocrista араатай, уртассан m2 араатай, богиноссон бага араатай. Баавгайнхан овгийн одоо байгаа зүйлүүд нь дан махаар хооллодоггүй шинжийн шүдтэйгээрээ онцлог боловч малтмал баавгайн хувьд дан махаар хооллодог шинжийн шүдтэй. Гэхдээ суусрынхан овгийнхны түвшинд хүртлээ мах идэштэн болоогүй. Cephalogale нь mesocarnivore буюу дунд түвшний мах идэштэн байжээ.[3] Бусад устсан баавгайн төрлүүд гэвэл Arctodus, Agriarctos, Plionarctos, Indarctos нар болно.

Хожуу Эоцений үед баавгай Азид байсан эсэх нь тодорхойгүй боловч 37 сая жилийн өмнө далайн түвшин бага байх үед Азиас нүүсэн цөөн тоотой баавгай Хойд Америкт Parictis-ийг үүсгэсэн байх гэсэн таамаглал байдаг. Гэхдээ Зүүн Азид үүнийг нотлох Parictis-ийн малтмал үлдэгдэл олдоогүй. Гэхдээ баавгай Олигоцений үед Азид маш олон төрөл зүйл болон хөгжжээ. Хоёр дэд овгийн (Amphicynodontinae, Hemicyoninae) дөрвөн төрөл Олигоцений үед Азид байсан нь илэрсэн. Тухайлбал: Amphicticeps, Amphicynodon, Pachycynodon, Cephalogale. Amphicticeps нь зөвхөн Азид тархсан байсан бол, нөгөө гурав нь Европ, Азид хоёуланд нь байжээ. Энэ нь Олигоцений үед Ази, Европын хооронд баавгай нүүдэллэж байсныг харуулж байгаа бөгөөд хэд хэдэн зүйл Азиас Хойд Америк руу нүүсэн нүүдэл хожуу Олигоцен буюу түрүү Миоцений үед болсон байхыг харуулсан. Amphicticeps нь морфологийн хувьд Allocyon болон Хойд Америкийн Kolponomos-той төстэй боловч, энэ үед байсан Баавгайнхан овгийн нэг ч төрөл Еврази, Хойд Америкт хоёуланд нь тархаагүй юм. Гэхдээ Cephalogale түрүү Миоцений үед Хойд Америкт тархсан. Түүнчлэн Haplomys, Pseudotheridomys (хожуу Олигоцен), Plesiosminthus, Palaeocastor (түрүү Миоцен) зэрэг мэрэгчид Ази, Хойд Америкт хоёуланд нь түгээмэл байсан нь хоёр тивийн хооронд хожуу Олигоцен, түрүү Миоцений үед амьтны аймаг нь шилжин нүүдэллэж байсныг харуулж байна. Тиймээс Азиас Хойд Америк руу нүүсэн баавгайн нүүдэл энэ үед болсон байх магадлал их юм.[4] Хожуу Шинэ төрмөлийн үед Еврази, Хойд Америкийн хооронд гурван удаа мах идэштэн, үүний дотор баавгайн том нүүдэл болсон нь тодорхой болсон. Эхнийх нь (21–18 сая жилийн өмнө) Amphicynodon, Cephalogale, Ursavus зэрэг төрөл үе үе нүүсэн нүүдэл юм. Хоёрдахь нь 7-8 сая жилийн өмнө болсон бөгөөд үүгээр Agriotherium нүүжээ. Энэ төрөл Сахаараас өмнөх Африкт мөн тархсан байсан нь урсоидуудын хувьд сонин тохиолдол юм. Гуравдахь ь түрүү Плиоцений үед 4 сая жилийн өмнө тохиолдсон ба Ursus тархан нүүжээ.[5]

Аварга хулсны баавгайн таксономи удаан хугацааны турш маргаантай байгаа юм. Арманд Дэвид анх 1869 онд үүнийг Ursus төрөлд хамааруулан ангилсан боловч 1870 онд үүнийг Алфонс Милн-Эдвардс зээхийн төрөлд хамааруулжээ.[6] Сүүлийн үеийн ДНХ-ийн судалгаагаар аварга хулсны баавгай бусад баавгайтай илүү ойр төрөл болохыг тогтоож, баавгайнхан овогт хамааруулж тооцдог болсон.[7] Гэхдээ улаан хулсны баавгайн ангилал тодорхойгүй үлдсэн. Олон судлаачид, тухайлбал Вилсон, Рийдер нар түүнийг баавгайн овогт хамааруулсан. Бусад судлаачид түүнийг зээхүүдтэй хамт нэг овогт багтаасан бол, зарим нь Ailuridae гэх тусдаа овог болгон ангилжээ. Хоёр хулсны баавгайн хоорондох олон төстэй шинж, тухайлбал, хуурмаг эрхий хуруу зэрэг нь хулсаар хооллодогтой холбоотой ижилсэн хувьссан хувьслын үр дүн гэж үздэг.

Түүнчлэн Аляскын Эйбиси арлуудад тархсан хүрэн баавгай дэлхийн бусад хүрэн баавгайтай гэхээсээ илүү цагаан баавгайтай ойр төрөл болох нь тогтоогдсон. Аляскын Их Сургуулийн Фэрбэнкс дахь Хойд туйлын биологийн хүрээлэнгийн судлаач Жералд Шийлдс, Сандра Тэлбот нар тус зүйлийн хэд хэдэн дээжээс ДНХ-ийг нь шинжлэхэд, бусад хүрэн баавгайныхаас өөр байв. Судлаачид тэдгээр баавгайн ДНХ дэлхийн бусад газрын хүрэн баавгайтай харьцуулахад өвөрмөц шинжтэй байсныг нээсэн. Тус нээлтээр бусад бүх хүрэн баавгай хоорондоо ойрын төрөл бол Аляскын Эйбиси арлуудын баавгай тэднээс ялгарах бөгөөд харин цагаан баавгайтай ойр төрөл болохыг тогтоосон.[8] Мөн Хятадад хөх баавгай хэмээх хар баавгайн төрөлд хамаарах нэн ховор зүйл байдаг гэлцдэг. Гэвч энэ амьтны зургийг нэг ч удаа авч байгаагүй.

Уутат баавгай буюу коалаг гаднах төрхөөр нь баавгай гэдэг боловч тэдгээр нь баавгай биш харин уутат амьтан юм.

Москвагийн амьтны хүрээлэн дэх хүрэн баавгай Ursus arctos
Польшийн Вроцлавын амьтны хүрээлэн дэх Азийн хар баавгай Ursus thibetanus
Колумбус хотын амьтны хүрээлэн дэх Нарны баавгай Helarctos malayanus
Аварга хулсны баавгай Ailuropoda melanoleuca "Тянтян"

Melursus, Helarctos төрлийг заримдаа Ursus-д хамааруулдаг. Азийн хар баавгай, цагаан баавгай нь Selenarctos ба Thalarctos хэмээх өөрийн төрөлд хамаардаг байсан бол өдгөө дэд төрлийн түвшинд ангилагддаг болсон.

Америкийн хар, хүрэн, цагаан баавгайнуудын дундаас эрлийз гаргаж авсан тохиолдол олон бий (Эрлийз баавгайнуудыг үз).

  1. "Словакт халамцуу баавгайнаас болгоомжлохыг сануулж байна". Эх хувилбараас архивласан: 2012-07-06. Татаж авсан: 2008-11-11.
  2. Kemp, T.S. (2005). The Origin and Evolution of Mammals. Oxford University Press. ISBN 0198507607.
  3. Wang, Xiaoming, Malcolm C. McKenna, and Demberelyin Dashzeveg (2005). "Amphicticeps and Amphicynodon (Arctoidea, Carnivora) from Hsanda Gol Formation, Central Mongolia and Phylogeny of Basal Arctoids with Comments on Zoogeography" (PDF). American Museum Novitates (3483): 57. Эх хувилбараас (PDF) архивласан: 2008-05-29. Татаж авсан: 2009-03-07.{{cite journal}}: CS1 maint: multiple names: authors list (link)
  4. Wang Banyue and Qiu Zhanxiang (2005). "Notes on Early Oligocene Ursids (Carnivora, Mammalia) from Saint Jacques, Nei Mongol, China" (PDF). Bulletin of the American Museum of Natural History. 279 (279): 116–124. doi:10.1206/0003-0090(2003)279<0116:C>2.0.CO;2.
  5. Qiu Zhanxiang (2003). "Dispersals of Neogene Carnivorans between Asia and North America" (PDF). Bulletin American Museum of Natural History. 279 (279): 18–31. doi:10.1206/0003-0090(2003)279<0018:C>2.0.CO;2.
  6. Lindburg, Donald G. (2004). Giant Pandas: Biology and Conservation, pp. 7–9. University of California Press
  7. Olaf R. P. Bininda-Emonds. "Phylogenetic Position of the Giant Panda". In Lindburg, Donald G. (2004) Giant Pandas: Biology and Conservation, pp. 11–35. University of California Press
  8. "Хүрэн баавгай: Цагаан баавгайн өвөг үү?, Аляскын шинжлэх ухааны форум". Эх хувилбараас архивласан: 2010-01-09. Татаж авсан: 2009-03-07.
  • Bears of the World, Terry Domico, Photographs by Terry Domico and Mark Newman, Facts on File, Inc, 1988, hardcover, ISBN 0-8160-1536-8
  • The Bear by William Faulkner
  • Brunner, Bernd: Bears — A Brief History. New Haven and London: Yale University Press, 2007
 Commons: Баавгайнхан – Викимедиа дуу дүрсний сан
  • The Bears Project Европын хүрэн баавгай болон бусад амьтны зүйлийн тухай мэдээ, мэдээлэл, зураг
  • Grizzly Bear Outreach Project Хойд Америкийн гриззли баавгайн түүх, биологи, хамгааллын тухай мэдээлэл