Баян-Өндөр сум (Баянхонгор)
Баян-Өндөр сум
ᠪᠠᠶ᠋ᠠᠨᠥᠨᠳᠦᠷᠰᠤᠮᠤ | |
---|---|
Улс | Монгол |
Аймаг | Баянхонгор |
Сумын төв | Булган |
Газар нутаг | |
• Нийт | 16,891 км2 (6,522 бээр2) |
Хүн ам (2022) | |
• Нийт | ▼ 2,561 |
Цагийн бүс | UTC+8 |
Баян-Өндөр нь Баянхонгор аймгийн сум юм. Баянхонгор аймгийн Баян-Өндөр сум нь 1923 онд байгуулагдсан, хуучнаар Засагт хан аймгийн Жононвангийн хошуу. Булган, Элгэн, Идрэн, Улаан Үзүүр гэсэн 4 багийн нийт 715 өрхөд 2516 хүн амьдардаг. Хүн амын тоогоор Баянхонгор аймгийн 22 сумаас эхнээсээ 13-д, газар нутгийн хэмжээгээр 1-д ордог /аймгийн төвийг оролцуулалгүйгээр/ хүн амын нягтралаар хамгийн бага /655.7хүн/га/ сум юм.
Түүх
[засварлах | кодоор засварлах]Баянхонгор аймгийн Баян-Өндөр сум нь 16 дугаар жарны Гахай жилийн намар буюу 1923 онд Хантайшир уулын (Говь-Алтай) аймгийн Тэгшмандал сум нэртэй байгуулагдаж, 1941 онд Баянхонгор (Бөмбөгөр) аймагт харъяалагдан орсоноос хойш 90 жилийн түүхт замналыг туулж байгаа ууган сумдын нэг юм.
Түүхэн товчоо
[засварлах | кодоор засварлах]Баян-Өндөр уулын хошуу: 1923 оны 11 дүгээр сард Ардын засгийн газрын шийдвэр гарч, аймаг, хошууны ноёдын угсаа залгамжлах эрхийг хасч, аймаг, хошуудыг газар усны нэрээр нэрлэх болсноор тус хошуу Бай Баян-Өндөр уулын хошуу гэсэн нэртэй болов. Шинээр байгуулсан хошууны даргыг сонгох сонгууль 1942 онд болжээ.
Жавхлант уулын хошуу: Засгийн газрын шийдвэрээр тус хошууг 1927 онд Жавхлант уулын хошууг Эрдэнэ сумтай нэгтгэн нэг жилийн дараа буцаан Бай Баян-Өндөр уулын хошуу хэвээр байгуулав.
Хошуу тарж хоёр сум болов: Улсын бага хурлын 1931 оны 2 дугаар сарын 5 дугаар тогтоолоор орон нутгийн Засаг захиргааны хуваарьт өөрчлөлт орж, Засаг захиргааны “хошуу” гэсэн нэгж байхгүй болоход тус хошуу тарж Баян-Өндөр, Баянцагаан гэсэн 2 сум болов.Мөн хуучин 5 аймгийг 13 болгон байгуулахад Алтай аймагт харъяалагдлаа.
Завхан аймагт: 1934 онд Алтай аймгийг татан буулгасан тул тус сум Завхан аймагт харъяалагдав.
Говь-Алтай аймаг байгуулахад: 1940 оны сүүлчээр Говь-Алтай аймаг байгуулагдаж, манай сум түүнд харъяалагдах болсон юм.
Баянхонгор аймгийн Баян-Өндөр сум: БНМАУ-ын Улсын бага хурлын 1941 оны 12 дугаар сарын 11-ны өдрийн шийдвэрээр Баянхонгор аймгийг шинээр байгуулж Говь-Алтай аймгийн зарим сумыг харъяалуулах болсноор 1942 оны 12 дугаар сараас Говь-Бөмбөгөр /удалгүй Баянхонгор аймаг гэж нэрлэсэн/ аймгийн Баян-Өндөр сум болсон байна. Энэ үед 10 багийн 743 өрх 2400 шахам хүн амтай байлаа. Ийнхүү Хонгор нутаг-Баянхонгор аймгийн баруун урд талын нэгэн сум болон хөгжиж ирсэн байна.
Өрх өсгөж, сум сунгав: Улсын бага хурлын Тэргүүлэгчдийн 1942 оны 35 дугаар тогтоолын дагуу шинээр байгуулж Баянговь суманд олон өрх айл орсон юм. 1956 онд Засгийн газрын шийдвэр гарч Шинэжинст /Залаа-Жинст уулын нэр/ сум байгуулах болсон тул 1, 6, 8 дугаар багийн 175 өрх 43000 мал хөрөнгө, газар нутагтайгаар тасарч шинэ суманд орсон байна.
Нэгдээд нэг жил: Ардын их хурлын тэргүүлэгчдийн 1958 оны 54 дүгээр зарлигаар тус сумыг Баянцагаан сум нэгдэлтэй нэгтгэв.1959 онд хөдөлмөрчдийн хүсэлтээр Баян-Өндөр сумыг хуучнаар нь байлгах болсон.
Хөгжлийн зам нэгдэл байгуулсан нь: 1956 оны 6 дугаар сарын 21-нд 7 дугаар багийн малчид хуралдаж нэгдэл байгуулан “Хөгжлийн зам” гэж нэрлэн даргаар нь Лодойн Доржийг сонгов.
“Баян-Оргил” нэгдэл: 1957 оны 2 дугаар сарын 17-нд 3, 4, 5 багийн 51 хүн Толын хярын худаг гэдэг газар хуралдаж нэгдэл байгуулан “Баян-Оргих” гэж нэрлэсэн.
“Мандах” нэгдэл байгуулсан нь: 1957 оны 5 дугаар сард 3 дугаар багийн 17 өрхийн 40 хүн Баян-Овооны Цэлгэрт хуралдаж “Мандах” нэгдлийг байгуулсан. Нэгдлүүд нэгдэв.
Захиргааны түүх
[засварлах | кодоор засварлах]1958 оны 11 дүгээр сард 3 нэгдэл нэгдэж ууган нэгдэл “Хөгжлийн зам”-ын нэрийг хэрэглэхээр тогтон нэгдлийн даргаар Найдангийн Лувсан, орлогч даргаар Аюушийн Даш, нягтлангаар Зундуйн Шагдаржав нарыг сонгов.
1923 оноос хойш сумын Ардын депатутын Хурлын гүйцэтгэх захиргаа сумыг удирдан сумын нийгэм эдийн засгийн асуудлыг шийдвэрлэж сумын анхны дарга нь 1922-1923 онд Дамбажав гэдэг хүн ажиллаж байсан юм. Үүнээс хойш сумын даргаар Бунзан, Ш.Лэгдэн, Гэндэнсүрэн, Ж.Халтар, Азар, Дашцогт ,Ж.Янсан, Гомбосүрэн, Лхамжав, Н.Ёндон, Бо.Дорж, П.Пунцаг, Л.Чойжин, Б.Лувсанцэрэн, З.Чимид-Ёндон, Д.Чимидцэрэн, Х.Самбуу, Т.Ондио, Д.Цэрэн, Ш.Батаа, Т.Элбэгдорж нар ажиллаж дарга, орлогч дарга, нарийн бичгийн дарга, бичээч, зарлага гэсэн орон тоотойгоор үйл ажиллагаа явуулсан байна. 1992 онд “Хөгжлийн зам” нэгдэл тарсан.
1990 оноос хойш сумын АДХГ захиргааны даргыг сумын Засаг дарга гэж нэрлэх болж анхны Засаг даргаар Л.Шарбаатар ажилласан. Үүнээс хойш сумын Засаг даргаар Г.Баасан, Т.Элбэгдорж, Ц.Цэцэгмаа, Т.Баяраа, Т.Тунгалаг нар ажиллаж байсан. 2008 оны 12 дугаар сарны 05-ны өдрөөс сумын Засаг даргаар Б.Идэрмөнх нь өдийг хүртэл ажиллаж байна.
1992 онд ЗДТГын бүтэц өөрчлөгдөн анхны Тамгын газрын даргаар 1992-1995 он хүртэл Х.Батбаяр, 1995-1997 он хүртэл Г.Баасан, 1997-2013 он хүртэл А.Саруулцэцэг, 2013-2015 он хүртэл Э.Жамсрандорж2015 оны 02 дугаар сараас одоо хүртэл Э.Амгаланбаяр ажиллаж байна. Тамгын газар нь Засаг дарга, Засаг даргын орлогч дарга, Тамгын газрын дарга, Нягтлан бодогч, Байгаль орчны хяналтын улсыг байцаагч, Нярав, ХХААУБ-гч, Архив,бичиг хэргийн эрхлэгч, Үйлчлэгч, Жолооч гэсэн үндсэн орон тоотой үйл ажиллагаагаа явуулж байна. Мөн суманд босоо удирдлагатай Нийгмийн халамжийн мэргэжилтэн, Нийгмийн даатгалын байцаагч, Татварын байцаагч нар ажиллаж байв.
2015 онд Засаг даргын Тамгын газрын бүрэлдэхүүнд Засаг дарга Б.Идэрмөнх,Засаг даргын орлогч дарга Т.Түмэнхүү, Тамгын газрын дарга Э.Амгаланбаяр, Санхүүгийн албаны дарга З.Рина /Суманд санхүүгийн алба байгуулагдан бүх байгууллагуудын нягтлон бодогч нар нэгдэж тамгын газар байрлах болсон/, ХХААУБ-гч,МЭҮТ-ийн даргаар Ц.Цэцэгмаа, БОХУБ-гч Н.Эрдэнэ-Очир, Нийгмийн хөгжлийн бодлогын ажилтан Т.Тунгалаг, Газрын даамал Д.Төмөрсүх, Төсөв төрийн сангийн мэргэжилтэн Ж.Долоон-Од, Архив бичиг хэргийн эрхлэгч А.Энхбаяр, МЭҮТ-ийн малзүйч Ц.Баасанхорол, үйлчлэгч Т.Нарангэрэл, Нярав П.Бямбасүрэн, Дулаан хангамжийн ажилтан Х.Пүрвээ, Б.Бат-Эрдэнэ, Т.Чулуунбаатар нар ажиллаж байна. Мөн босоо удирдлагатай ИБМ-ийн улсын бүртгэгч Д.Тансаг, Нийгмийн даатгалын байцаагч Г.Зориг, Нийгмийн халамжийн мэргэжилтэн Б.Цэрэннадмид, Байгаль хамгаалагч Ч.Отгонтуяанар, 1-р багийн Засаг дарга И.Уртнасан, 2-р багийн Засаг дарга Ч.Дугаржав, 3-р багийн Засаг дарга Э.Баттөр, 4-р багийн Засаг дарга Х.Лхагвасүрэн нар тус тус ажиллаж байна.
Баян-Өндөр сум нь нэг ангийн 3 хөдөлмөрийн баатартай, 2015 онд шинээр улсын сайн малчин 1 төрсөн нь 1-р багийн малчин сумын ИТХ-ын төлөөлөгч Балжинямын Саандар байлаа. Улсын аварга малчин 17, аймгийн хөдөлмөрийн аварга давхардсан тоогоор 45, сумын хөдөлмөрийн аварга 165 гаруй хүн шагнуулсан.
Тус сумын Амарбуянт хийд нь 1697 онд анх байгуулагдаж 1300-аад лам хуврагуудтай байсан ба 1930 оны хэлмэгдэлтэнд өртсөн. 1990 онд хийдийг дахин сэргээн босгож одоо 40 гаруй лам өдөр тутмын уншиж сүсэгтэн олонд үйлчилж байна. Мөн 2008 онд Гэгээнтэнээ тодруулж одоо нутаг хошуундаа аж төрж байна.
Мэдээллийн технологи, харилцаа холбоо
[засварлах | кодоор засварлах]Суманд 2014 оны 11 сараас эхлэн Интернэтийн шилэн кабелийн үйлчилгээнд хамрагдах болсон. Ингэснээр төрийн байгууллагын мэдээллийн нээлттэй ил тод байдал нэмэгдэж, байгууллага хоорондын мэдээлэл солилцооны хуранд эргэлт гарсан. Сумын төвд нийт 3ш Wi-Fi төхөөрөмж ажиллаж ард иргэдийн хэрэгцээг хангаж, ЗДТГ, ЭМТ, Сургууль, Цагдаагын кабон тус бүр дотоод WiFi төхөөрмж ашиглаж байна.
Үүрэн телефоны Юнителын сүлжээ сумын нутаг дэвсгэрийн 40 хувьд Элгэн багийн ихэнх хэсэг, Булган баг бүхэлд нь хамарч 24 цагаар тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж байна. Мөн 2015 онд орон нутгийн хөгжил сангийн 68 сая төгрөгийн хөрөнгөөр хөдөөгийн малчид ард иргэдийн хүсэлтээр Ж-мобайлын сүлжээг алслагдсан баг, Идрэнгийн нурууны малчдад зориулан тавигдаж одоогийн байдлаар Улаан-Үзүүр нэгдүгээр багийн 80 хувьд, Идрэн дөрөвдүгээр багийн нутаг дэвсгэрийн 65 хувьд тус тус сүлжээгээ түгээгээд байна. Мөн Мобиком корпораци өөрийн хөрөнгө оруулалтаар өндөр хурдны 3G хүлжээгээ сумын төвийн хойд уулан дээр байрлуулснаар 1,2-р багийн малчид буюу нутгийн зүүн хэсэг бүхэлдээ сүлжээтэй болсон.
Газар зүй
[засварлах | кодоор засварлах]Байршил
[засварлах | кодоор засварлах]Баянхонгор аймгийн баруун урд хэсэгт:
- Улаанбаатар хотоос 909 км, үүнээс 633км засмал зам, 276км шороон зам.
- Аймгийн төвөөс 276 км зайд байрладаг. БНХАУ, Баянхонгор аймгийн Баянцагаан, Шинэжинст болон Говь –Алтай аймгийн Эрдэнэ сумтай тус тус хиллэдэг. Аймгийн төвтэй шороон замаар холбогддог. 2014 оноос төвийн эрчим хүчний байнгын шугамнд холбогдсон.
Газар зүйн онцлог
[засварлах | кодоор засварлах]Далайн түвшнээс дээш 1350-2450 м өргөгдсөн. Физик газарзүйн хувьд Алтайн нурууны салбар уулсын урд үзүүрт Говь хээрийн бүсэд багтдаг.
Сумын нутаг дэвсгэр нь уул, гүвээ толгод бүхий говь, цөл бүхий тогтоцтой мал аж ахуй эрхлэхэд тохиромжтой.
Цаг уур
[засварлах | кодоор засварлах]Хуурай сэрүүн зунтай, хахир өвөлтэй.
- 1 дүгээр сарын дундаж температур агаарт -16.5°С, хөрсөндөө -23.4 °С
- 7 дугаар сарын дундаж температур агаарт +17.4°С, хөрсөндөө +27.6°С
- жилийн дундаж салхины хурд 8.12 м/с
- жилийн дундаж хур тундасны хэмжээ 11.2 мм