Jump to content

Богд сум (Баянхонгор)

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Богд сум
ᠪᠣᠭᠳᠠᠰᠤᠮᠤ
Улс Монгол
Аймаг Баянхонгор
Сумын төвХориулт
Газар нутаг
  Нийт3,983 км2 (1,538 бээр2)
Хүн ам
 (2022)
  Нийт 3,061
Цагийн бүсUTC+8 (UTC + 8)

Богд (ᠪᠣᠭᠳᠠ) гэж Баянхонгор аймгийн сум бий. Улсын нийслэл Улаанбаатараас 700 км, аймгийн төв Баянхонгороос 130 км зайтай.

Сумын засаг дарга нар

[засварлах | кодоор засварлах]

Сумын анхны даргаар А.Рэндоо /1924-1926/, анхны нарийн бичгийн даргаар Ц.Тогоо /1924-1926/, анхны орлогч даргаар Д.Цагаанмаам /1944-191945/ зэрэг хүмүүс ажиллаж байжээ. Одоо сумын Засаг дарга Л.Ганзориг, ИТХ – ын даргаар Л.Ганаа нар ажиллаж байна. БНМАУ-ын АИХ-ын делутатаар Я.Сономцэрэн, Р.Пилжид, Л.Дашцэрэн, Цэвээн-дорж, Р.Доржбат, Улсын их хурлын гишүүнээр доктор Д.Дашцэдэн, Ц.Шийрэвдамба, Ц.Жаргал нар сонгогджээ.

Сургууль нь 1940-1941 онд Цутгалангийн адагийн гурван бургасны баруун доод тохойд 8 гэртэй хоёр ангитай 69 сурагчтайгаар байгуулагдаж байсан. Анхны төгсөлт 1943-1944 оны хичээлийн жилд 4 дүгээр ангийн 50 сурагч төгссөн. Өдгөө Их Богдын бүсийн дунд сургууль болж өргөжсөн. Өсвөр үеийг сурган хүмүүжүүлэх үйлсэд хичээн зүтгэж явсан ахмад багш Мэндээхүү, Дашдаваа, Норов, Данзан болон ардын боловсролын тэргүүний ажилтан Л.Лувсанцэрэн, Л.Баатар, И.Чагнаадорж нарын сум орныхоо хөгжилд оруулсан хувь нэмэр их.

Сумаас төрсөн алдартнууд

[засварлах | кодоор засварлах]

Богд сум алдарт, гавьяат цолтон бахархал болсон хүмүүс олонтой. Ардын Хатанбаатар Магсаржавын цэрэг А.Дашдаваа, Б.Рэндоо, Улсын баатар Н.Жамбаа, Байлдааны гавъяат улаан тугийн одонт Б.Сангидулам, Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн Л.Зундуй, ахмад дайчин Д.Цагаанмаам, Ц.Цэрэндулам нарын баатарлаг эх орончид бол мөнхөд хүндлэгдэх гавьяатнууд билээ.

Сумынхаа нэрийг өндөрт өргөж явсан өдгөө түмэнд дуурсагдаж яваа алдартнуудаас Монгол улсын арслан П.Аюуш, улсын идэр начин Ч.Баасанхүү, урлагийн гавьяат зүтгэлтэн С.Лувсанвандан, Ч.Сангидорж, гавьяат тээвэрчин Ц.Лувсанвандан, Г.Дашхүү, Р.Доржбат нарын боловсрол соёлын ажилтнууд, эрдэмтэн, доктор Ж.Бям-баа, Ж.Амгалан, Д.Түмэн, Л.Жамц, Ц.Шийрэвдамба, В.Баасан, Х.Оюун, Д.Цагаанмаам, Ц.Цэрэнбалжир, Ж.Чулуунхүү, дэлхийн оюутан залуучуудын их наадмын алтан медальт Ч.Доржсэмбээ, нэрт малчдаас Д.Сангивандан, Д.Чимэд, О.Бүсгүй, И.Гомбо, Б.Цэдэв, С.Тогоо, Бо.Санги, Ж.Адъяа, Ж.Дэндэв, Улсын сайн малчин Л.Дашцэрэн, Д.Лигмэндаваа, Я.Жүгдэрсанги, Л.Дооцэрэн нарын олон малчин улс, аймгийн аварга малчин цол хүртжээ. Тус сум 1979 онд хагас түмэн тэмээтэй болж “Мөнгөн буйл”-аар шагнагдсан. Улс, аймгийн аварга, удам залгасан тэмээчид олон. Цэргийн зүтгэлтэн : Бригадын генерал Д.Намсрай.