Jump to content

Википедиа:Энэ долоо хоногийн онцлох өгүүлэл/2008-45

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Нүүрс
Нүүрс

Нүүрс нь хар, хар хүрэн өнгөтэй, амархан шатдаг нэгэн төрлийн тунамал чулуулаг юм. Нүүрс нь дээд ургамалын үлдэгдэл хүлэрээс үүсэх ба дотроо хүрэн нүүрс, чулуун нүүрс, антрацит гэсэн төрөлд хуваагдана. Бүрдүүлэгч үндсэн химийн элемент нь нүүрстөрөгч, устөрөгч бөгөөд, хүчилтөрөгч, хүхэр, азот тодорхой хэмжээгээр агуулагдана. Нүүрс нь эрчим хүчний үндсэн эх үүсвэр бөгөөд нүүрсний ордыг ил болон далд уурхайгаар ашиглана.

Нүүрс нь Дэлхийн хэмжээнд цахилгаан эрчим хүч гарган авах хамгийн гол түүхий эд бөгөөд мөн нүүрстөрөгчийн давхар исэлийн гол үүсвэр болж байна. СО2 нь хүлэмжийн хий бөгөөд цаг уурын өөрчлөлт, Дэлхийн дулаарлын гол шалтгаан юм. Нүүрсийг шатаах явцад байгалийн хийнээс хоёр дахин их, газрын тосноос арай илүү хэмжээний СО2 ялгардаг байна.

Англи хэлний "Coal" буюу нүүрс гэдэг үг нь Герман гаралтай үг (Германаар: Kohl) бөгөөд нүүрстөрөгч ("carbon") гэдэг нэр томъёо бас ижил үүсэлтэй. Модыг агааргүй орчинд халаан, түүнд агуулагдах ус, дэгдэмхий бодисыг зайлуулан, нүүрстөрөгчийн өндөр агуулгатай (нүүрстөрөгч 85-95 %), хар өнгөтэй, хөнгөн, нүх сүвэрхэг, бутрамтгай үлдэгдэл гаргаж авахыг "Модны нүүрс" ("Charcoal") гэж нэрлэнэ.

Монгол орон нүүрсний нөөцөөр баялаг бөгөөд одоогоор таамаг нөөц 152 тэрбум тонноор үнэлэгдэж байна. (бүрэн эхээр унших)