Jump to content

Лавр Корнилов

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Лавр Корнилов

Бүтэн нэр Лавр Георгевич Корнилов
Төрсөн газар [Оскемен
Нас барсан газар ЗХУ. Екатеринодар
Ажиллагаа/салбар цэрэг
Сандепугийн дэргэдэх тулаан, Мүгдэнгийн тулалдаан, Дэлхийн нэгдүгээр дайн болон Оросын иргэний дайны тулалдаанууд Орос-Японы дайн, Дэлхийн нэгдүгээр дайн, Оросын иргэний дайн
Бусад үйл хэрэг монархист
Генерал Лавр Корнилов. 1917 он

Лавр Георгиевич Корнилов (Орос: Лавр Гео́ргиевич Корни́лов, 1870 оны 8 сарын 18–1918 оны 4 сарын 13) нь Оросын армийн генерал бөгөөд Дэлхийн нэгдүгээр дайн, Оросын иргэний дайнд тулалдаж явжээ. Түүнийг өнөөдөр 1917 оны 8, 9 сард Александр Керенскийгийн түр засгийн газрыг түлхэн унагахыг завдсан Корниловын хэрэг явдлаар нь сайн мэддэг. Гэвч Керенский түүнийг баривчлан, төрийн эргэлт зохион байгуулахыг оролдсон хэргээр хорьсон билээ. Корнилов нь Цагаантны хөдөлгөөнийг үүсгэн байгуулагч, толгойлогчдын нэг юм.

Генерал Корниловын амьдрал, үйл хэрэг оньсого таавраар дүүрэн. Шударга офицер, төрийн нэр хүндтэй энэ хүн Зөвлөлт засгийн эсрэг, хаант засаглалд эцсээ хүртэл үнэнч байсан хүн юм. Тэрээр Усть-Каменогросод төрсөн. Эцэг нь Георгий Николаевич Корнилов, Эх нь Прасковья Ильинична Хлыновская гэж халимаг гаралтай оросын казакийн удамтай хүн байсан гэдэг таамаг байдаг.

Цэргийн мэргэжил эзэмшсэн буюу залуу нас

[засварлах | кодоор засварлах]

13 настай залуу Корнилов 1883 онд Омск дахь Сибирийн кадетын сургууль, дараа нь цэргийн артиллерийн шилдэг сургууль болох Михайловскийг амжилттай дүүргэсэн байна. Цэргийн сургуулийн багш нар түүнийг сайн дэмжиж өгч, Корнилов ч карьераа амжилттай эхэлжээ. Бүтээлч, эрч хүчтэй, дээрээс нь оюуны өндөр чадвартай, удирдагч шинж чанартай. Энэ бүгд түүнийг асар хурдтай биш ч эрчимтэйгээр дээш ахихад нөлөөлсөн.

Багш нарынхаа хэтэрхий өндөр гэмээр тодорхойлолтын ачаар Корнилов гвардид элсэж, Москвагийн цэргийн тойрогт алба хаахаар болж. Гэсэн ч ёстой л сэтгэлийн дуудлагаар Туркестаны цэргийн тойрогт, их бууны бригадын 5 дугаар батерейд сайн дураар хуваарилагджээ.

Энд томилогдсон нь өөр нэг шалтгаантай. Учир нь Орос гүрэн Афганистан, Персийн бүс нутагт Англитай харилцаа нэлээд хурцадмал болоод байсан. Ийнхүү Корнилов цэрэг армийнхаа тэргүүн эгнээнд явахыг хүсчээ. Удалгүй Лавр Георгиевич Ерөнхий штабын академид элсэж, 1896 онд Таисия Марковинатай гэр бү болжээ. Академийг тун амжилттай төгссөний ачаар Корнилов Петербургт үлдэх боломж тохиосон байн. Гэвч тэр Дорно зүг рүү тэмүүлж байлаа.

Цэргийн сургуулийн сонсогч Лавр Корнилов

Туркестан буюу цэргийн тагнуулд

[засварлах | кодоор засварлах]

Туркестанд тэрээр зургаан жилийг даалгавар гүйцэтгэгч офицерийн албанд өнгөрөөж, хожим нь штабын офицер болжээ. Энд тэрээр Дейдади хэмээх Английн төлөвлөгөөг тагнах сайн дурын, зоримог ажиллагааг гардан гүйцэтгэсэн байна.

Ази төрх, хэлний асар их мэдлэгээ ашиглан Лавр Георгиевич дайсныхаа цайз, боомтууд руу нэвтэрч, дээд албан тушаалтнуудын авна ч гэж найдаагүй байсан мэдээллийг олж ирдэг байжээ. Гэвч ийм уран аргаар явуулсан ажиллагаанд шагнал хүртэхийн оронд заримдаа хэтэрхий их эр зориг, эрсдэл гаргасныхаа төлөө хатуу донгодолт, зэмлэл хүртдэг байв. Дорнодод байх жилүүддээ ирээдүйн генерал Афганистан, Перс, Туркестаны зүүн хэсгийн онцлогийг дүрслэн гаргаж, тагнуулын салбар холбоог амжилттай тогтоож байлаа. Ажиглалт, олж авсан үр дүнгээ тэрээр Орос болон хилийн чанад дахь шинжлэх ухааны тойргуудад өндрөөр үнэлэгдсэн “Кашгар буюу зүүн Туркестан” номондоо бичжээ.

Туркестанд алба хаасан нь залуу офицерт Гэгээн Станиславын 3 дугаар зэргийн одон авч иржээ.

Гэхдээ Туркестанд алба хааж байх үед түүний цэрэг дайны гэхээс илүүтэй судлаач, шинжээчийн авьяас илүүтэй илэрч байсан юм. Корнилов Ираны Цөхрөлийн цөлөөр нэг удаа аялал хийж явахдаа газар нутгийг нарийнаар дүрсэлж чадсан байдаг. Тэдний аяллын экспедицийн гаргасан газрын зураг, ажлыг үндсэслэн дорнын энэ орны тухай газар зүй, угсаатан болон бусад салбарын тухай мэдлэгийн хомсдол үгүй болсон юм. 1903-1904 онд Энэтхэгт томилолтоор явж, Корнилов эндхийн колонийн систем, Их Британийн засаг захиргааны тогтвортой байдалд дүн шинжилгээ хийжээ.

Ийнхүү удаан хугацааны турш судалгаа, шинжилгээний ажи хийж, экспедицид ажилласны эцэст Лавр Георгиевичийг штабын бага даргаар томилжээ. Гэвч тэр армийн эгнээнд шилжихийг илүүд үзсэн байна. Учир нь тэрээр Петербургт байх нь ашиггүй гэж үзжээ.

Орос-Японы дайнд оролцсон нь

[засварлах | кодоор засварлах]
Гэгээн ГеоргийН одон

Оросууд тэнгисийн цэрэг, худалдаа наймааны зорилгоо хангахын тулд Номхон далайд гарах, өвөл хөлддөггүй боомттой болохыг үргэлж хүссээр ирсэн. Тэдний Номхон далайд гарах гол гарц Владивосток нь зөвхөн зун л ашиглах боломжтой байсан бол Порт-Артур жилийн турш ашиглагддаг боомт байлаа. Дорно зүг, Номхон далай тийш хил хязгаараа тэлж байсан Орос гүрний тэлэлт тэнгисийн цаадах шинэ гүрэн Наран улсын эрх ашгийг хөндөв. Үүнд эмзэглэсэн Япон Хаант Орост 1904 онд дайн зарлалаа. Оросын дотоодод хэд хэдэн удаа томоохон хэмжээний ажил хаялт гараад байсан тул дайн нь засгийн газрын эсрэг хандлагыг эх оронч үзэл рүү чиглүүлж чадна гэж бодож байжээ. Энэ дайн Солонгосын Хойг болон Зүүн Хойд Хятадын Манжуурыг хэрхэн хуваан эзэмших вэ гэсэн асуудлаар тохиролцож чадаагүй хоёр гүрний цэргийн мөргөлдөөн байлаа. Оросын эзэнт гүрний 1 сая орчим цэрэг улс орны өнцөг булан бүрээс алс дорнодыг зорив. Транс Сибирийн төмөр зам цэрэг, зэвсэг ачсан галт тэргийн цуваагаар дүүрлээ. Дайны гол үйл ажиллагаа нь Өмнөд Манжуур, Ляодунгийн хойг, Мүгдэнгийн орчим, мөн Солонгосын хойг, Японы орчим, Шар тэнгисийн усанд явагдсан. Хоёр талаас тус бүрт нэг сая хүтэй арми, Оросын талаас 300 тоннын даацтай флот, Японы талаас 260 мянган тоннын даацтай усан флот оролцсон юм. Корнилов энэ дайнд Сандепугийн дэргэдэх тулаанд оролцож, түүнчлэн Мүгдэнгээс хийсэн Оросын цэргийн ухралтыг хамгаалж, зоригтой, авьяаслаг командлагч болохоо баттай харуулж чаджээ. Энд дорно дахиныг судлах үйл явцад өндөр нэр хүнд олж амжсан, дорно зүгийнхний сайн мэдэх, цэрэг тагнуулын өндөр авьяастай офицер бий болсоныг харуулжээ. Сибирийн буучийн Нэгдүгээр дивизэд харьяалагдах нэгдүгээр бригадын штабын офицер Корниловын нэр эхлээд Сандепугийн тулалдаанд онцгойрон тодорчээ. Сандепуд Оросын талаас гурван арми, нийтдээ 290 орчим мянган цэрэг, 700 гаруй их буу, Японы талаас мөн энэ багцааны хүч тулаанд оржээ. Алс Дорнодын Оросын зэвсэгт хүчний Ерөнхий командлагч А.Н.Куропаткины төлөвлөгөө ёсоор оросын цэрэг Сандепугийн чиглэлд дайсанд хүчтэй цохилт өгөн япончуудыг Тайцзыхэ голын цаана үлдэн хөөхөөр төлөвлөсөн байв. Гэсэн ч япончууд энэ чиглэлд нөөц хүчээ татан ирүүлж Оросын цэргийн давшилтыг зогсоож чадав. Корниловын бригад багтсан Сибирийн Нэгдүгээр корпус гайхалтай эрэлхэг тулалдаж байлдааны чухал түшиц газруудыг гардан тулаанаар эзэлж авч чаджээ. Гэвч командлагч А.Н.Куропаткин хачирхалтай шийдвэр гаргаж амжилтаа хөгжүүлж чадсангүй, давшилтыг зогсоох шийдвэр гаргажээ. Азаар штабын офицер Корниловын байгуулсан гавьяаг Алс Дорнодын Оросын зэвсэгт хүчний командлалын газраас төвд илтгэсэн байдаг. Оросын эзэмшлийн Порт-Артур бууж өгч эзлэгдэн, Сандепугийн давшилт бүтэлгүйтсэний дараа Хаант Орос Куропаткиныг алдаагаа залруулах боломж өгч дахин давшихыг шаарджээ. Гэсэн ч япончууд тагнуулын мэдээндээ үндэслэж давшилтыг өрсөж эхлүүлэн, аюултай цохилт өгөв. Улмаар Оросын цэргийн зүүн жигүүрээр япончууд бүслэх давшилт хийж, Оросын армиуд ч аюулаас зайлсхийж Хуньхэ голын чанадад ширүүн тулалдсаар ухран гарчээ. Эцэст нь Куропаткин бүх армиуддаа ухрах тушаал өгснөөр Оросын цэргийн ухралт дайсны их бууны галын дор, туйлын хүнд нөхцөлд явагджээ. Цэргийн удирдлага алдагдаж, фронтын зарим хэсгээр томоохон анги нэгтгэлүүд бүслэгдэж эхлэв. Яг ийм хүнд хэцүү нөхцөлд Корниловын бригад цэргийн хэлээр арьергард (ухралт, давшилтын ар талыг халхавчлах цэргийн хүч)-ын үүрэг гүйцэтгэж гол хүчээ бүслэгдэх аюулаас холдтол ширүүн тулаан хийжээ. Корниловын бригад маш ширүүн эсэргүүцэл үзүүлсэн тул япончуудын давшилт саатаж, Оросын цэргийн гол хүч ч ухран зайлж чаджээ. Гэлээ гэхдээ Мүгдэний орчим бутцохигдсон тул командлагч Куропаткин албан тушаалаасаа авахуулж, Хаант Орос ч Японы тулгасан нөхцөлөөр энх тайвны гэрээ байгуулах замдаа шуударчээ. Оросууд бүрэн ялагдсанаар Ази тив, Номхон далай тийш тэлэлтээ зогсоосон.

Дипломат алба буюу Бээжин дэх Цэргийн атташе

[засварлах | кодоор засварлах]
Л. Г. Корнилов, 1912 он.

Оросын Хаант Улсын Засгийн газар Корниловын Орос-Японы дайнд гаргасан гавъяаг ихэд үнэлж Бээжин дэх цэргийн атташегээр суулгав. Бээжинд байхдаа Корнилов Хятадын цэрэг, эдийн засгийн байдлыг үнэлж, тухайн үедээ асар том, нууцлаг орны ахуй амьдрал, зан заншлыг судлаж байв. Лавр Георгиевич тун удахгүй ирээдүйн Хятад улс хүчирхэг гүрэн болно гэсэн дүгнэлтэд хүрсэн байна. Түүний ажлыг Оросын улстөрчид, эрдэмтэд төдийгүй барууны зүтгэлтнүүд ч үнэлжээ. 1911 он хүртэл Бээжинд байх хугацаанд нь ирээдүйн генералиссмус залуу Чан Кай Ши Корниловоос их зүйл сурч мэдсэн гэдэг. 1911 онд хурандаа цолтойгоор Орост эргэн ирж Хойд Эстоний явган цэргийн хорооны захирагч, 48-р буучийн дивизийн захирагчаар ажиллав. 48-р буучийн дивиз нь Корниловын удирдлага дор ирээдүйд "Ган дивиз" хэмээх нэр авсан юм.

Дэлхийн нэгдүгээр дайны фронт дээр

[засварлах | кодоор засварлах]
Л. Г. Корнилов

Дэлхийн нэгдүгээр дайны үед Корнилов хожмоо “Ган дивиз” хэмээн нэрийдэх болсон дивизээ удирдан алдарт жанжин Брусиловын Наймдугаар армийн тэргүүнд эгнээнд явж, Галиц, Карпатын газар нутагт болсон тулаануудад оролцож байв.

Галицийн тулаан нь хоёр талаас 100 гаруй явган ба морин дивизүүд, нийтдээ 2 сая орчим цэрэг, 5000 шахам их буу оролцсон Дорнод фронтын томоохон операци юм. 1914 оны наймдугаар сард Галицийн тулааны явцад Оросын цэргийн Баруун-Өмнөд фронтын III ба VIII арми хүчтэй сөрөг давшилтад оров.

Эхлээд Оросын генерал Н.В.Рузскийн III арми давшиж Монастырица хүрэв. Энэ үед морин цэргийн генерал А.А.Брусиловын 13 дивизийн хүч бүхий Наймдугаар арми Золотая Липа голын эрэг орчимд Австри-Унгарын III армийг хиартал бут цохиж, ухраав. Энэхүү Золотая Липагийн тулаанд Корниловын удирдсан буучийн 24-р дивиз баатарлаг гавьяа байгуулж тулгарах байлдаанд дайснаа бут цохин үлдэн хөөсөн аж. Энэ үед армийн командлагч Брусилов хошууч генерал Корниловыг шийдэмгий, зоримог байдлаар нь ихэд үнэлж өндөр шагналд тодорхойлжээ. Оросын цэргийн Баруун-Өмнөд фронтын III ба VIII армийн энэхүү амжилттай давшилтыг зогсоохоор австричууд Сербийн фронтоос II армиа татаж авчран сөрөг давшилтад оруулсан ч Брусиловын арми Галицийн хойд талд сөрөн зогсов. Дайсны давшилтын хамгийн хүчтэй цохилтын хэсэгт Корниловын дивиз таарч. 24-р дивиз алхам ч ухарсангүй баатар зориг гарган дайсныхаа давшилтыг зогсоосон боловч асар их хохирол амсав.

жанжин штабын генерал
Лавр Георгиевич Корнилов

Үнэхээр 24-р дивизийн чиглэлд аймшигтай их цус урссан тул сөрөг давшилтыг зохион байгуулсан Австрийн II армийн захирагч генерал Э.Бём-Эрмолли дайсныхаа тэрхүү дивизийг "Ёстой ган мэт нугаршгүй дивиз" хэмээн нэрлэж Дээд командлалдаа илгээсэн бүтэлгүй давшилтынхаа тухай тайлагнасан байдаг. Энэ тухай Дорнод фронт даяараа мэдэж, Корниловын дивизийг үүнээс хойш "Ган дивиз" хэмээн нэрийдэх болов. Оросын иргэний дайны алдартай жанжин Антон Иванович Деникин энэ үед бригад командлан Корниловын дивизтэй мөр зэрэгцэн тулалдаж байв. Хошууч генерал болсон Корниловын жанжны авьяасыг Деникин үнэлэхдээ "Карпатын нуруунд, цас мөсөн дундуур мөр зэрэгцэн тулалдаж байхдаа Корниловыг ихэд хүндэлдэг байлаа.

Тэр бол оролцсон тулаан бүрээ гялалзсан ялалтаар дуусгаж чаддаг, цэргүүдтэйгээ энгийн даруу харьцдаг, тушаал захирамж нь тун ч ойлгомжтой бөгөөд сүржин үгнээс зайлсхийдэг. Байлдааны үед үргэлж уужуу тайван байж, хамгийн хүнд хэцүү цэгүүдэд өөрийн биеэр очиж цэргүүдээ зоригжуулж чаддаг.

Тийм ч учраас цэрэг офицерууд нь түүнд их хайртай, захирагчийнхаа тушаалыг биелүүлэхээр чин зүрхнээсээ хүсч байдгийг бимэдсэн юм" хэмээн тэмдэглэжээ.

Карпатын нуруунд мөр зэрэгцэн тулалдаж байхдаа А.Деникин бас л Оросын армид алдартай буучийн IV бригад буюу "Төмөр бригад" (хожим өргөтгөж Төмөр дивиз болгосон) командалж байлаа. Сонирхолтой нь ирээдүйд энэхүү "Ган" болоод "Төмөр" дивизийн захирагч генералууд Оросын өмнөд нутаг дахь цагаантны хөдөлгөөний удирдагчид болсон түүхтэй.

Армийнх нь командлагч А.Брусилов Корниловыг хошууч генерал цол авч байхад "Цэргүүд түүнийг маш ихээр хүндэтгэж, командлагчаа бурхан мэт шүтдэг" хэмээн тодорхойлсон аж. Эндээс офицер Корниловын тухай бага ч атугай ойлголт олж авах биз ээ.

Ер нь Деникин, Корнилов зэрэг өндөр ур чадвар бүхий дивиз, корпус командлагч нартаа А.Брусилов цагийн байдалд зохицуулан бие даан шийдвэр гаргах бүрэн эрхийг олгодог байсан нь их давуу талтай байжээ.

1915 оны дөрөвдүгээр сард Австрийн нутагт Корниловын дивиз бүслэлтэд орж, маш их хохирол амсав. Командлагч нь дивизийнхээ үлдэгдлийг бүслэлтээс гаргаад өөрөө багахан хүч командлан дайсантайгаа тулалдаж үлджээ.

Дайснууд нь их хохирол амссан ч Корниловыг олзолж авсандаа тун сэтгэл хангалуун байв. Түүнийг олзонд байхад Австри-Унгарын армийн командлагч фельдмаршал Конрад фон Хётзендорф өөрийн биеэр ирж уулзаж байв. Жил гаруй шоронд хоригдсоны эцэст Корнилов оргох төлөвлөгөө амжилттай зохион байгуулж 1916 онд Орос эх орондоо эргэн ирж чадав. Корниловт эзэн хаан Петроградын цэргийн тойргийг командлах итгэл хүлээлгэж, дэслэгч генерал цол хүртээв.

Ингэж байтал 1917 оны хоёрдугаар сард хувьсгал гарч, II Николай хаан ширээнээсээ татгалзлаа. Орост хаан засаг нуран уналаа

Дээд ерөнхий командлагч буюу Түр засгийн газрын үед

[засварлах | кодоор засварлах]
Петроградын цэргийн тойргийн командлагч дэслэгч генерал Л. Г. Корнилов. 1917 оны хавар.

Хоёрдугаар сарын хувьсгалаар Орос орон, Оросын армийг сүйрлээс аврах эх оронч зорилгыг агуулж II Николай хааныг огцрохыг олон дээд тушаалын офицерууд ятгасан байдаг. Тэдний нэг нь VIII армийн командлагч А.Брусилов байсан бөгөөд тэрээр Түр Засгийн газрын цэргийн зөвлөх болж, улмаар тавдугаар сард М.В.Алексеевийн оронд Оросын армийн Ерөнхий командлагчаар томилогдсон юм.

Тэгмэгц А.Брусилов өөрийн оронд VIII армийн захирагчаар Л.Г.Корниловыг тавив. Армийн захирагчаар томилогдсон боловч дэслэгч генерал Л.Г.Корнилов улс төрд нөлөө бүхий болохын чухлыг энэ үеэс л мэдэрч эхэлсэн гэнэ. Ингээд эхэн үедээ Корниловын бодсоноор бүх зүйл өрнөж эхлэв. Түр Засгийн газрын Цэрэг болон Тэнгисийн сайд болсон А.Ф.Керенский 1917 оны зургадугаар сард Оросын армийн амжилттай довтолгооныг өрнүүлэхээр бүх хүч чадлаа шавхав. Тэртэй тэргүй дампуурч яваа улс, армийг энэ чармайлт бүрэн нэрмэв. Ядаж байхад зургадугаар сарын 18-нд Оросын армийн давшилт эхэлсэн ч тун удалгvй бүрэн дампуурлаар дууссан байдаг.

Чухамхүү энэ гутамшигт ялагдал Түр Засгийн газрыг огцруулах, Аравдугаар сарын хувьсгал (Октябрийн хувьсгал) гарах гол шалтгаан болсон гэж үздэг.

Бүтэлгүйтсэн давшилт, өөр олон хүчин зүйлсээр шалтаглан долдугаар сард Петроградад ажилчид цэргүүд гурван өдрийн турш бослого гаргасны эцэст Түр Засгийн газрын Ерөнхий сайд Георгий Львов огцорч танхимын тэргүүнээрээ туг тахисан А.Ф.Керенский оронд нь Ерөнхий сайд болов.

Тэрээр хөрөнгөтний болон баруун социалист намуудтай Засгийн газрыг дэмжих талаар хэлэлцэн тохиролцохыг оролдож байв. Большевикуудын удирдагч В.И.Ленин ч Финляндад зугтан гарав. Долдугаар сарын 12-нд фронт дээр цаазаар авах ялыг дахин сэргээн тогтоов. Мөн "Керенски" хэмээн олонд нэрлэгдсэн шинэ мөнгөн дэвсгэртүүд гаргав. Долдугаар сарын 19-нд тэрээр армийн Дээд Ерөнхий командлагчаар генерал Лавр Корниловыг томиллоо. Зургадугаар сард болсон давшилтын сүйрлээс үүдэлтэй дэгдсэн бүх асуудлыг арми командлагч нарын дундаас хамгийн өндөр нэр хүндтэй Корниловыг сугалж томилсноор Засгийн газар олон нийт, цэрэг армийнхны талархлыг хүлээнэ гэж Керенский тооцоолжээ.

Петроградын цэргийн тойргийн командлагч дэслэгч генерал Л. Г. Корнилов цэргийн парад хүлээн авч байгаа нь. 1917 оны хавар

Үнэхээр ч цэрэг армийнхан, олон нийт Корниловыг талархан хүлээн авч эсрэгээрээ нийгмийг хүчтэй донсолгож, эмх замбараагүй байдал, хувьсгалд уриалж байсан Ленин хилийн чанадад зугтан гарсан нь байдал ингээд тогтворжих шинжиндээ орлоо хэмээн улстөрчид дүгнэж эхэлжээ.

Германы тагнуулын албад ч урьдаас хувьсгалд бэлтгэсэн Ленинд итгэл алдарч Керенскийн Засгийн газар, Корнилов тэргүүтэй армийнхантай тохиролцохоор нүх сүв хайж эхлэв.

Гэвч тун удалгүй А.Керенский Л.Корнилов нарын хооронд эрх мэдлийн өрсөлдөөн эхэлсэн хэмээн түүхэнд тэмдэглэжээ. Генералын улс төрийн үйл ажиллагааг ч энэ үеэс эхэлсэн гэж үзэж байна.

Орчин цагийн түүхчид, улс төр судлаачид түүнийг шударга үнэний ойлголтыг улс орны ашиг сонирхолтой хослуулахыг оролддог байсан хэт шударга, “гэнэн улстөрч” хэмээн тодорхойлдог. Эх орныхоо төлөө хувийн амьдралаа ч золионд гаргахад бэлэн орос офицерын энэ чанар үнэхээр ч тэр үедээ доог тохуу болдог байсан юм. Хааны гэр бүлийг буудсаны дараа Засгийн газрын тэргүүний төлөө өрсөлдөж ч болохоор асар их нэр хүндтэй байсан генерал Корнилов хаант засгийг сэргээхийг эрмэлзэж байв.

Лавр Корнилов,1917 он

Ийм хурц тэмцлийн үед зэвсгийн хүч хэрэглэхгүйгээр энэ төлөвлөгөөг хэрэгжүүлэх нь бараг боломжгүй байжээ. Гэхдээ түүний нэр хүнд, Оросын төрт улсын үндэс болсон Хаант засаглалыг хадгалж үлдэх гэсэн хүсэл нь олон хүнийг айлгаж байлаа. Консерватизм нь хаант засаглалыг эргүүлэн авч ирэх гэсэн эрмэлзлэл болон харагдаж байсан учраас Түр Засгийн газрын тэргүүн хүртэл Корниловоос эмээж эхэлжээ.

Л.Г.Корниловын хувьд ямар ч байсан большевикуудтай тохиролцох шаардлагагүй хэмээн үзээд, Петроградын босогчдыг цэргийн хүчээр дарахаар шилмэл цэргийн ангиудаа тийш нь илгээв. Ингэснээр улс орон улам тогтворжино хэмээн боджээ. Ийнхүү Корниловын үймээн гэж түүхэнд үйлдсэн яүл явдал эхэлжээ.

Ерөнхий командлагч юнкерын үзлэг дээр, 1917 он .

Харамсалтай нь Корниловын нэр хүндээс болгоомжилсон Керенский большевикуудтай хуйвалдан тэд нарыг чөлөөтэй ажиллах нөхцлөөр хангасаны үр дүнд Петроград руу хөдөлсөн цэргийн ангиудын захирагчид, офицеруудыг Засгийн газрын нэр барьсан большевикууд ухуулга хийн давшилтыг нь зогсоон, цэргийн сэтгэлийг эргүүлэв. Улмаар Улс орны дотоодод цэргийн хүчээр төрийн эрхийг авах гэсэн хэмээн Корниловын тойрон хүрээлэгчид болох хорь орчим генералуудыг 1917 оны наймдугаар сард баривчлав. Баривчилгааг Түр Засгийн газрын нэрээр Дэлхийн I дайны үеийн Оросын алдартай жанжин, генерал М.В.Алексеевийн тушаалаар хийжээ. Энэ үед М.В.Алексеев багагүй зориг гаргаж, шүүхээс үнэн мөнийг тогтоотол Дээд Ерөнхий командлагч болон бусад генералуудыг хамгаалах нэрийн дор дан Георгийн одонт цэргүүдээр бүрдүүлсэн Георгийн явган цэргийн хорооны дайчдаар Быховын шоронд харгалзуулснаар большевикууд хоригдсон генералуудыг хоморголон хөнөөх аюулаас аварчээ.

1917 оны наймдугаар сард Лавр Георгиевич үнэхээр агуу их нэр хүндтэй байсан юм. Тэрээр Түр Засгийн газраас гаргасан армийн шинэчлэлийг эсэргүүцэж, түүнчлэн цаазын ял, энгийн улстөрчид цэргийн шийдвэр гаргахад оролцох эрхийг цуцлахыг дэмжиж байлаа. Түүний үзсэнээр шинээр оруулж ирсэн зүйлс нь зарчмыг алдагдуулж, армийг бүрэн задалж, завхруулна гэжээ.

Генерал Корнилов фронтын цэргүүдийн өмнө. 1917 г.

Корнилов үнэхээр цэргийн хүчээр хувийн засаглал тогтоох байсан уу? Үүнд бүрэн дүүрэн хариулт өгөх боломжгүй юм. Түүний хэлсэн үгнээс “Корниловчууд”-ын зорилго нь газрын эздэд газрыг нь эргүүлж өгөх бус, үндэсний ашиг сонирхол, олон жилийн уламжлалыг харгалзан удаан хугацаанд улс орныг шинэчлэн тохинуулах байлаа. Гэвч Лавр Георгиевич нь консерватор хүн байсан болохоор тухайн үед нэр хүнд, алдар нэрээ алдаад байсан Керенскийд төдийгүй засгийн эрхэнд тэмүүлсэн большевикуудад ч аюул учруулж байв. Корниловын эх оронч үзлийг Быховийн шоронд, түүнийг цаазлах гэж байхад хүртэл хүмүүс хүлээн зөвшөөрч, хүндэтгэж байжээ.

Октябрийн хувьсгал хийгээд Иргэний дайны галын дунд

[засварлах | кодоор засварлах]
Группа арестованных генералов и офицеров во главе с Корниловым в период быховского заточения. По номерам: 1. Л. Г. Корнилов. 2. А. И. Деникин. 3. Г. М. Ванновский. 4. И. Г. Эрдели. 5. Е. Ф. Эльснер. 6. А. С. Лукомский. 7. В. Н. Кисляков. 8. И. П. Романовский. 9. С. Л. Марков. 10. М. И. Орлов. 11. Л. Н. Новосильцев. 12. В. М. Пронин. 13. И. Г. Соотс. 14. С. Н. Ряснянский. 15. В. Е. Роженко. 16. А. П. Брагин. 17. И. А. Родионов. 18. Г. Л. Чунихин. 19. В. В. Клецанда. 20. прапорщик С. Ф. Никитин. Осень 1917 года

Орос оронд үймээн бужигнаан болж байсан 197 оны аравдугаар сар гарч Октябрийн хувьсгал гарч, большевикууд Засгийн эрхийг авлаа. Хаант засагт үнэнч Лавр Георгиевич болон түүнийг дэмжигч генерал, офицерууд, тэр бүү хэл шоронг большевикуудаас хамгаалах зорилготой Георгийн явган цэргийн хорооныхон ч хамтдаа Дон руу большевикийн эсрэг шинэ армиа байгуулахаар хөдөлжээ. Ийнхүү тэрээр цагаантны хөдөлгөөнийг үндэслэж, хэрэгжүүлж эхэлсэн байна. Корниловын хамсаатнуудын дунд өнөөх баривчилгаа явуулсан генерал Алексеев, хамт мөр зэрэгцэн тулалдаж байсан генерал Деникин нарын Оросын алдартай жанжид байлаа. Азовын тэнгисийн эрэг, Дон мөрний хөвөөнд орших Новочеркасск хот бол Доны казахуудын нийслэл. Энд генерал Корнилов, Алексеев, Деникин нарыг уухайлан хүлээж авчээ. Генералуудыг дэмжигчид, зэвсэг нэгт ахан дүүс энэ хотыг дүүргэв. Сайн дурын армийг эмхлэн зохион байгуулж түүхэнд Кубаны аян дайн буюу Мөсөн аян хэмээн алдаршсан тулааныг Корнилов эхлүүллээ. Сайн дурын армийнхан Екатеринодар руу давшилт явуулж, арав хол давсан ширүүн тулаанд ялж гарчээ.

Энэ үед аль эрт большевикуудын эсрэг цэргийн хүчээр тэмцэх Корниловын саналаас татгалзаж Америкт дүрвэсэн адмирал Колчак Владивостокт эргэн ирж улмаар цагаантны хөдөлгөөний бас нэг удирдагч болон армиа эмхэлж Сибирээс довтолж эхэлсэн байв. Гэвч улаантнууд сайн мэдэж цагаантны хөдөлгөөний хоёр гол хүчийг нэгдэх боломж олгоогүй юм. Асар их туршлага, нэр хүндийнхээ ачаар Лавр Георгиевич удаан хугацаанд улаан армийн томоохон хүчнийг уналтад оруулж, Сайн дурын армид большевикуудын эсрэг хүчнээр улам зузаатгасаар байв. Генерал өөрөө алан хядах ажиллагаа, ард иргэдийг дээрэмдэхийг аль болох хязгаарлахыг хичээж байсан нь энэ нутгийн казахуудын дэмжлэгийг сайтар хүлээсэн байна. Гэвч дайны аюултай нөхцөлд түүний хүсэл тэр бүр санаснаар болсонгүй.

Екатеринодар хотын төлөө тулалдааны үед 1918 оны дөрөвдүгээр сарын 13-нд Генералын байрлаж байсан байшин их бууны сум, гранатад өртөж, Корнилов амиа алджээ. Дайнд гэнэтийн явдал гэж байх биш, гэхдээ л энэ нь цагаантнууд төдийгүй улаантнуудын хувьд гэнэтийн явдал байв.

Ленин энэ тухай сонсоод "Корниловын үхлээр Орост иргэний дайн дуусна гэдгийг баттай мэдэгдье" хэмээн зарласан байдаг. Гэвч Корнилов үхлээ ч зэвсэг нэгт нөхөр Деникин нь Сайн дурын армийг удирдан тулааныг үргэлжлүүллээ. Цагаантнууд Екатеринодар хотоос ухран гарахдаа командлагчийнхаа шарилыг нууцаар оршуулжээ.

Корниловын цогцос хэрхсэн бэ?

[засварлах | кодоор засварлах]
Корниловын цохилтын хорооны ялгах тэмдэг

1918 оны гуравдугаар сарын 31-нээс дөрөвдүгээр сарын 13-ны хооронд Екатеринодарын довтолгооны үеэр Сайн дурын армийн ерөнхий командлагч, явган цэргийн генерал Лавр Георгиевич Корнилов амиа алдсан юм. Сайн дурын армийн ерөнхий командлагчийн албыг залгамжилж авсан, хошууч генерал А.И.Деникин энэ тухай “Оросын самууны найруулга” өгүүлэлдээ хожим бичсэн байдаг.Дайсны их бууны сум байшин руу, бүр яг Корниловын сууж байсан өрөөнд туссан байдаг. Ингээд ганцхан Корниловын аминд хүрчээ. Амиа алдсан ерөнхий командлагчийн цогцсыг цагаантнууд хотоос 40 мод газарт аваачсан байна. Энд нэг хоногийн өмнө амиа алдсан Корниловын штабын офицер, түүний цэргийн анд нөхөр М.О.Неженцевийг оршуулсан байж.

Проверка Корниловского полка командующим. Виден шеврон «мёртвая голова»

Оршуулах ажиллагаа маш нууц байдалд явагдав. Хөндлөнгийн хүмүүсийн анхааралд өртөхгүйн тулд оршуулсан газрыг цагаантнууд тэгшилж, оршуулсан газрын координатыг заасан газрын зургийг Корниловын цохилтын хорооны гурван офицер нууцаар хадгалахаар болжээ. Яг энэ л бодлоор Корниловын нөхөд улаантнуудын хошуу өргөгчид энэ газрыг олчих вий гэсэндээ оршуулсан газраас зориудаар холуур өнгөрч алсаас салах ёс гүйцэтгэж байлаа. Гэсэн хэдий ч нутгийн иргэд “цагаантнууд энд бэлэн мөнгө, үнэт эдлэл булсан” гэж сэрдэх болжээ. А.И.Деникиний тушаалаар Сайн дурын арми Ростов руу ухрав.

генерал Корниловын алагдсан газар

Дөнгөж маргааш нь Екатеринодарын ойролцоо большевикууд ирж, хамгийн түрүүнд “цагаантнуудын булсан бэлэн мөнгө, үнэт эдлэл”-ийг хайж эхлэв. Эрлийн үеэр большевикууд шинэхэн шарил олж, хороон дарга Сорокины зарлигаар хоёр ч цогцсыг ухаж гаргаж иржээ. Ингээд нэгт нь генералын мөрдэс байгааг хараад энэ бол генерал Корниловын цогцос мөн гэж үзжээ. Неженцевийн цогцсыг эргүүлээд булшинд хийж, ганцхан дотуур цагаан цамцтай Оросын армийн Дээд Ерөнхий командлагч агсны цогцсыг брезентээр бүтээгээд Екатеринодарт Давид Фрукийн тэргээр авчирч, доромжилж, гутаасны дараа шатаажээ. Генерал Деникиний бичсэнээр олон нийт Лавр Георгиевичийн цогцос олдсон гэдэгт бат итгэлтэй байсан гэнэ. Тэр ч бүү хэл улаантнуудад олзлогдсон, хүнд шархтай Сайн дурын армийн сувилагч бүсгүйг цогцос таних онцгой хэлтэст большевикууд хүргэж ирээд цогцсыг үзүүлжээ. Нөгөөх нь генералаа сайн таних хэдий ч яагаад ч юм Корнилов биш гэж мэлзжээ. Большевикууд сувилагчийг буудаж орхиод өөр хүмүүсээр таниулах ажиллагаа гүйцэтгүүлжээ.

Ингээд Лавр Георгиевичийн цогцсыг ачсан тэрэг Екатеринодарын захаас Соборная талбайг чиглэн Губкины зочид буудлын хашаанд иржээ. Энд Умард Кавказын улаан цэргийн ангийн командлагчид болох Сорокин, Золотарёв, Чистов, Чуприн болон бусад хүмүүс байрлаж байв. Зочид буудлын хашаа улаан армийнхнаар дүүрч, генерал Корниловыг доромжилж эхлэв.

Сорокин, Золотарев нар амиа алдсан генералын цогцосны зургийг авах тушаал гаргажээ. Гэрэл зургийг авч дууссаны дараа Сорокин, Золотарев нар биеэс нь кителийг нь тасчин авч, дагуулуудынхаа тусламжтайгаар цогцсыг модонд дүүжилж, дэр модоор цохиж эхлэв. Үүний дараа улаантны согтуу командлагчид генералын цогцсыг хотын бойны газарт аваачиж тасчин хаяхыг тушаажээ.

Генерал Деникин “Оросын самууны найруулал”-даа большевикуудын хорлон сүйтгэх ажиллагааг мөрдөн байцаах онцгой шалгалтын хорооны материалаас :"Аль хэдийнэ гэм хоргүй болсон нас барсан хүнийг хөндөхгүй байхыг шаардсан хүмүүсийн ятгалга тус нэмэр болсонгүй. Большевикийг дэмжигчдийн сэтгэл нь ихэд хөөрч байв. Хэсэг хугацааны дараа улаан армийнхан цогцсыг өөрсдийн гараар гудамжинд чирж гарав. Зөвлөлтийн засгийн нэгэн төлөөлөгч Золотарев тагтан дээр хөл дээр тогтож ядан согтуу гарч ирснээ цугласан олонд хандаж, үг хэлжээ. Гэнэт Сорокин Корниловын нэр төрийг бодож Золотаревтай маргалджээ. Энэ зуур цогцосноос сүүлчийн цамц нь урагдан, хэдэн хэсэг болжээ. “Тагт руу чирээд ир. Тагтнаас үзүүлье” гэж олон хүн дундаас хашхиралдахад “Тагтнаас хэрэггүй ээ. Яах гэж тагтыг завааруулж байх юм бэ” гэх дуу ч хадах аж. Хэдэн хүн аль хэдийнэ модон дээр авирч гараад, цогцсыг дээш өргөж эхэллээ. “Эгч ээ, тэр нүв нүцгэн байна шүү дээ” хэмээн нэгэн эмэгтэйн дэргэд зогсох хүү айн хашгирч байлаа. Гэтэл гэнэт уяа тасарч, цогцос доош унажээ. Цугласан хүмүүс ч шуугилдан хашхирч байв.

Удалгүй тагтнаас хурсан олныг дуугаа намжаахыг тушаагаад чимээ намжмагц тагтан дээр зогсох Зөвлөлтийн засгийн төлөөлөгч авч ирсэн цогцсыг генерал Корниловынх, тэрээр нэг алтан шүдтэй байсан тухай баталжээ. Зөвлөлтийн төлөөлөгч цугласан хүмүүст “Хараад мэдэж авцгаа, гэрчил” хэмээж байв. Бас талийгаачийн булшин дотор генералын мөрдөс, баримт бичиг байсан гэнэ. “Цогцсыг авахаас өмнө булшин дээр олон цэцэг байсан. Энгийн цэргийг ингэж оршуулдаггүй” хэмээн төлөөлөгчид үгээ дуусгажээ.

Илтгэгч тагтан дээрээс үгээ дуусгасны дараа талбай дээрээс генералын цогцсыг тасар татаж хаяхыг уриалан хашхиралдаж эхэлсэн байна. Ингээд хоёрхон цагийн дараа улаантнууд цогцсыг хотын бойны газарт аваачиж, шатаахаар болжээ. Энэ үед цогцос танихын аргагүй болсон байсан бөгөөд ямар ч хэлбэр галбиргүй, модоор нүдүүлснээс болж царай нь танигдахын аргагүй, газарт хөсөр хаягдсан байдалтай байв.Хотын бойны газарт цогцсыг аваачсаны дараа урьдчилж бэлдсэн мод, сүрэл дээр тавиад шатааж эхлэв. Энэ аймшигт явдал өдрийн турш үргэлжилж, согтуу улаантнууд хотын гудмаар нэг хөлхөлдөж байв."""гэж дурдсан байдаг

Зөвлөлтийн түүх судлалд ч хүртэл большевикуудын үхсэн генералын цогцостой харьцсаныг “доромжлол” хэмээн нэрлэдэг бөгөөд Зөвлөлтийн командлагч И.Сорокины цогцос бузарлаж, шатаасан явдлыг илт буруушаан шүүмжилдэг.

“Большевикуудын хорлон сүйтгэх ажиллагааг мөрдөн шалгах онцгой шалгалтын комисс”-ын материалд генерал Корниловын цогцсыг бузарлах ажилд оролцсон большевикуудын нэг нь халдварлаж, нас барсан гэсэн мэдээлэл ч бий.

Гэтэл санаанд багтамгүй юм болж төвөөс генералын цогцсыг доромжилж гутаасан этгээдүүдэд хатуу сануулга өгөх заавар иржээ. Түргэн авсан комиссарууд “Корниловын оршуулга” гэгчийг зохион байгуулжээ. Ингээд хот даяар өргөн олныг хамруулсан багт наадам маягийн зүйл зохион байгуулсан байна.

Орчин цагийн түүхч В.Ж.Цветков генерал Корниловын амьдрал, тэмцэлд зориулсан судалгаандаа А.Суворины номоос нэгэн яриаг эш болгон татжээ. Энэ бол генерал Корниловын цогцос алга болсон гэх яриа бөгөөд большевикууд түүний биш өөр хэн нэгний цогцсыг гутаан доромжилсон гэсэн байдаг.

"Нүүрний хэсэг, духны зүүн хэсэг, санчиг нь их бууны сумны тэсрэлтэд цөм цохигдсон, хуруунууд нь шарх болсон байсан. Саарал өнгийн цэвэрхэн цамц өмссөн байлаа” хэмээн баримтад дурдсан байдаг тул энэ яриа тийм ч үнэний ортой биш юм.

Большевикууд генералынх нь цогцсыг хэрхэн гутаан доромжилсныг Сайн дурын армийнхан, цагаан казахууд мэдээгүй байв. Дөрвөн сарын дараа генерал Деникиний арми Кубаны хоёр дахь аян дайны явцад улаантнуудыг бутниргэж Екатринодарыг дахин авсны дараа санд мэнд орхин явсан генералынхаа цогцсыг гаргаж, оршуулгыг дахин ёслол төгөлдөр хийхээр болжээ. Гэтэл тэд генералаа оршуулсан газраас зөвхөн Неженцевийн шарилтай авсыг л олов. Харин Л.Г.Корниловын булшнаас нарсаар хийсэн авсных нь хэлтэрхий л олджээ. Улааны алан хядагчдын хэргийг мөрдөн байцаах ажиллагаа эхлүүлэв. Хотоор нэг баривчилгаа явуулж, гэрчүүдийг байцааж эхлэв. Ингээд Деникиний арми ухарсаны дараа юу болсон нь тодорхой болж Лавр Георгиевичийн гэр бүлд цочирдом мэдээ илгээжээ. Удалгүй Лавр Георгиевичийн бэлэвсэн эхнэр Таисия Владимировна эр нөхрөө ядаж нөгчсөнөөр нь ч болтугай харах гэж ирсэн биш хүнд байдалд оржээ. Эхнэр нь генерал Деникин, Алексеев нарыг Сайн дурын армийн ерөнхий командлагчийнхаа цогцсыг армитайгаа хамт авч яваагүй, улаантнуудын гарт орхисон хэмээн айхтар гэгч нь буруутгаад гашуудлын ёслолд ч оролцохоос татгалзсан байна. Нөхрийнхөө араас уй гашууд автсан Таисия Владимировнаг Деникин арайхийн ятгаж оршуулгад оролцуулжээ.

2004 онд Краснодар хотын захиргаа (1918 онд Екатеринодар байсан) генерал Корнилов болон Цагаантны хөдөлгөөнд зориулсан музейг байгуулжээ.

Түүхч В.Ж.Цветковын бичсэнээр генералын үхэл Оросын өмнөд хэсэг дэх цагаантнуудын хөдөлгөөний төгсгөл болоогүй юм. Сайн дурын армийнхан хоёр дахь удаагаа “Мөсөн аян дайн” зарлаж, генерал Корниловын нэрийг өөрсдийн тэмцэл, эх оронч байдал, эх орондоо хайртайн бэлгэдэл болгожээ. Хилийн чанадад түүний гавьяаг орос залуучууд уухайлан үргэлжлүүлж, 1930 онд Шинэ үеийн Үндэсний хөдөлмөрийн холбооны их хурлыг бэлтгэх зохион байгуулалттай товчооноос "Манай туг тэмдэгт генерал Корниловын дүр байх ёстой" хэмээн тэмдэглэжээ.

Цэргийн түүхч Армен Гаспаряны үзсэнээр генерал Корниловын цогцсыг доромжлон гутаасан баримтыг танилцуулахдаа большевикуудын харгис хэрцгий байдлыг шалгах тусгай комисс шударга бус ажилласан гэжээ.

Генерал Корниловын цогцсыг устгасан явдлыг цагаантнууд мартахыг хүссэнгүй. Кубаньд 1920 оны эхээр улаантнууд орж ирэхэд цагаантнууд ухрахдаа тусгай отряд томилон Александр Невскийн цэргийн сүмд оршуулсан хошууч генерал М.Г.Дроздовский, генерал Туцевич нарын шарилыг гаргаж авч Севастополь руу нууцаар, зөөвөрлөн, хожим Малаховын довд оршуулжээ. Яг үүнтэй адил Корниловын зэвсэг нэгт генерал М.В.Алексеевийн цогцсыг ч улаантнуудын дайралтаас бултуулж зөөвөрлөн Белградад оршуулжээ.

Оросын Алс Дорнодод ч 1920 онд каппелчүүд (цагаантны генерал Каппелийн цэргүүд) ийм үйлдэл хийсэн. Дэслэгч генерал В.О.Каппелийг Сибирийн аян дайнд нас нөгчсөний дараа командлагчийнхоо цогцсыг большевикуудад алдаж, гутаан доромжлуулах вий гэсэндээ оршуулаагүй авч явсан байна. Ухарч байсан дайчид авсанд хийсэн генералынхаа цогцсыг бараг сар хэртэй зөөж авсаар Читад хүрмэгцээ Александр Невскийн сүмд оршуулжээ. Хожим нь түүний чандрыг Читагийн эмэгтэйчүүдийн сүмийн оршуулгын газарт нууцаар шилжүүлсэн байдаг. Гэвч 1920 оны намар улаан армийн зарим хэсэгт Читад ирэхэд амьд үлдсэн каппельчүүд генералынхаа шарилтай авсыг ухан гаргаж Харбинд аваачин, Иверийн сүмийн дэргэд оршуулжээ.

Түүхч В.Ж.Цветков генерал Корниловын тухай судалгааны ажилдаа “Русская армия” сонины 1922 оны Каппелийн нас нөгчсөний ойд зориулсан дугаараас эш татсан байна.

...Читаг орхин явах болоход Каппелийн чандрыг булшнаас ухан гаргаж ирж, Харбинд аваачихаас аргагүй болсон. Оросын үндэсний хөдөлгөөний удирдагчийн чандар эх нутагтаа очтол энд түр нойрсох болно. Талийгаачийн биеийг хүртэл гутаан доромжилдгийг бид генерал Корниловын цогцсыг булшнааас нь ухан гаргаж, хэрхсэнээс мэднэ. Бид таны чандрыг тайван амгалан байлгана гэж хэлж чадахгүй. Манайхны үхэгсдэд ийм хувь ногджээ. Шуугилдсан улаантнууд булшийг ч тэвчдэггүй юм".

Цэргийн түүхч Армен Гаспарян Сайн дурын армийн Ерөнхий командлагч, "Ган дивиз"-ийн захирагчийн цогцсыг нь хэрхэн доромжилснийг Корниловын цохилтын хорооныхон хэзээ ч мартдаггүй гэж бичжээ.

Хожим Украин дахь Германы бүслэгдсэн цэргүүдийн командлагч генерал фон Арним оросуудаас генерал Корниловын хувь заяаг сонирхжээ. Германы командлагч сонссон зүйлийнхээ хариуд “Оросууд та нар авьяаслаг жанждаа үнэлж чаддаггүй” хэмээн хэлсэн гэдэг. Энэ генерал дэлхийн I дайны үед Германы алдартай "Болд дивиз"-ийн штабт алба хааж байсан ба Корниловын удирдсан Оросын "Ган дивиз"-тэй тулалдаж явсан тул ийн сонирхсон гэнэ.

Корниловын цогцсыг гутаан доромжилсон тухай мэдээлэл гадаадын түүх судлал, хэвлэлд ч нэлээд бичигдсэн байдаг. Оросын Архивын газрын дарга Н.А.Мышов “Штабын ахмад А.Тюрины дурсамж” нийтлэлдээ ЗХУ-д он удаан жил жирийн хүмүүс генерал Корниловын үхлийн тухай мэддэг ч цогцсыг гутаан доромжилсон нууцыг мэддэггүй байсан гэжээ. Н.А.Мышовын хэлснээр архивын материалууд авч болохоор болсон ч энэ асуудлыг шинэ ертөнцөд гаргах баримтууд тэдэнд “хэсэг бусаг, армаг тармаг” шинжтэй байгаа гэнэ. Түүнчлэн Н.А.Мышовын бичсэнээр зөвхөн болсон үйл явдлыг төдийгүй түүгээр сэтгэлийн хөдлөлийг дамжуулсан ганц баримт нь штабын ахмад А.Тюрины “Зүрх тэссэнгүй” хэмээх дурсамж гэжээ.

Корниловт зориулсан лурсгалын тэмдэг. Таганрог. 1919 он.
Таганрогийн театр, 1919 он.
генерал Корниловын хүү ба охин

Корнилов 1896 онд Таисия Марковинатай гэр бүл болжээ. Таисия Владимировна Корниловын шарилыг дахин оршуулах үед тодорхой болсон эмгэнэлт түүхийг мэдсэн явдлаас хойш гашуудалдаа автсаар зургаан сарын дараа буюу 1918 оны 09 дүгээр сард таалал төгссөн юм. Түүнийг Лавр Георгиевичтэй зэрэгцүүлэн оршуулжээ. Генерал Корниловыг амиа алдсан газар түүнд болон түүний эхнэрт сайн дурынхан хоёр даруухан модон загалмай хаджээ.

Хүүхдүүд:

  • Наталья, нөхрийн нэрээр Шапрон дю Ларре (1897—24.1.1983,Брюссель[1])
  • Юрий (1904 — 1980, АНУ)
  • Дмитрий (13.6.1905[2]—1906)
  1. Чуваков В. Н.Незабытые могилы.Российское зарубежье:некрологи1917—1999.—Т.3.—М.,2001.—С.463.
  2. Метрическая запись в книге Андреевского собора
  • Asher, Harvey. "The Kornilov Affair: A Reinterpretation." Russian Review (1970) 29#3 pp: 286-300. in JSTOR
  • Katkov, George. Russia 1917, the Kornilov Affair: Kerensky and the Break-up of the Russian Army (Longman, 1980)
  • Mawdsley, Evan. The Russian Civil War (2008)
  • White, James D. "The Kornilov affair—a study in counter‐revolution," Europe‐Asia Studies (1968) 20#2 pp 187–205.
  • Moncure, James A. ed. Research Guide to European Historical Biography: 1450-Present (4 vol 1992) 3:1082-90
  • Yang, Ho-Hwan. "Different Ways of Interpreting the Kornilov Affair: A Review of George Katkov's The Kornilov Affair: Kerensky and the Break-up of the Russian Army, London and New York: Longman, 1980" The SNU Journal of Education Research (1993) pp 17–28. online
 Commons: Lavr Georgevich Kornilov – Викимедиа зураг, бичлэг, дууны сан
 Commons: Alexander Kolchak – Викимедиа зураг, бичлэг, дууны сан

Загвар:Навигация Загвар:Викитека Загвар:Supreme Commanders of the Russian Army during WWI