Монголын Алт МАК
| Чиглэл | Уул уурхай, Хүнд үйлдвэрлэл, Барилгын материалын үйлдвэрлэл |
|---|---|
| Байгуулагдсан | 1993.12.14 |
| Төв байр | Улаанбаатар, |
Удирдах хүмүүс | Бодлогын зөвлөлийн дарга - Бямбаагийн Нямтайшир Ерөнхийлөгч - Нямтайширын Цэлмүүн |
Ажилчдын тоо | ▲ +4,500 |
| Салбар компани | МАК Евро Цемент, МАК Евро Блок, МАК Евро Виндоор, МАК Евро Венти, МАК Конкрит, МАК Шохойн үйлдвэр, МАК Хуванцар поддоны үйлдвэр |
| Вэб сайт | www.mak.mn www.makbm.mn |
"Монголын Алт" (МАК) ХХК 1993 онд эрдэс түүхий эдийн хайгуул, олборлолт, экспортын чиглэлээр бизнесийн гараагаа эхэлж өдгөө геологи хайгуул, уул уурхай, барилгын материалын үйлдвэрлэл, эрчим хүч, аялал жуулчлал, агаарын тээвэр, хөдөө аж ахуй гэсэн үндсэн 7 чиглэлд үйл ажиллагаа явуулж байна.
Нийт 4500 гаруй ажилтантай бөгөөд 1200 гаруй ханган нийлүүлэгчээс тогтмол худалдан авалт хийж, олон улсын 100 гаруй компанитай түншлэн ажиллаж байна. Үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш улс, орон нутгийн төсөвт нийт 4.8 их наяд төгрөгийн татвар, хураамж төвлөрүүлээд байна.
МАК компани сүүлийн 30 орчим жилийн турш Монгол Улсын шилдэг аж ахуйн нэгжээр шалгарсан. Мөн 2016 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Зарлигаар хүн амын эрүүл мэнд, аюулгүй байдал, байгаль орчинд ээлтэй бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн зах зээлд нийлүүлж, аж үйлдвэр, барилгын салбарын хөгжилд шинэ жишиг, технологийн шинэчлэлээр үнэтэй хувь нэмэр оруулсныг үнэлж Үндэсний бүтээн байгуулалтын дээд шагнал "Төрийн Гэрэгэ"-ээр шагнуулжээ.
Одоогоор "Монголын Алт" (МАК) ХХК нь барилгын материал үйлдвэрлэлийн чиглэлд Европ стандартын 7 үйлдвэр байгуулан 20 гаруй нэр төрлийн брэнд бүтээгдэхүүнийг (МАК Евро Блок, МАК Евро Цемент, МАК Евро Виндоор, МАК Евро Венти, МАК Конкрит бетон зуурмагийн үйлдвэр, МАК Шохойн үйлдвэр, МАК Хуванцар поддоны үйлдвэр) үйлдвэрлэн дотоодын зах зээлд нийлүүлж байна.
Нийгмийн хариуцлага
[засварлах | кодоор засварлах]Дэд бүтэц буюу зам харилцаа, цахилгаан эрчим хүчээр хангах нь "Монголын Алт" (МАК) ХХК-ийн нийгмийн хариуцлагын хүрээнд хийж ирсэн томоохон ажил юм. Монгол улсад эрчим хүчний байнгын эх үүсвэрт холбогдоогүй байсан сүүлийн зургаан сумын тавыг нь (Өмнөговь аймгийн Гурвантэс, Ноён, Сэврэй, Дорноговь аймгийн Мандах, Хатанбулаг сум) төвийн эрчим хүчинд холбосон. Үүнээс гадна, Шивээхүрэн-Нарийнсухайт чиглэлийн 55 км урт хатуу хучилттай авто зам, Оюутолгой-Цагаансуварга чиглэлийн 220 КВт-ын 160 км хоёр хэлхээ цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц, Дорноговь аймгийн Даланжаргалан суманд 120 хүүхдийн цэцэрлэг, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын 320 хүүхдийн сургууль, 120 хүүхдийн дотуур байр, Сэлэнгэ аймгийн Ерөө суманд олон улсын стандартад нийцсэн 960 хүүхдийн эко сургууль барьж орон нутагт хүлээлгэн өгчээ. Ерөө сумын шинэ сургууль нь Монгол Улсын 330 сумын дунд олон улсын стандартад нийцсэн анхны хамгийн том эко сургуульд тооцогдож байна.[1]
Мөн сум орон нутагт жижиг, дунд үйлдвэрлэл шинээр байгуулах, үйл ажиллагааг нь өргөтгөх, дэмжих, шинээр ажлын байр бий болгох зорилгоор "МАК" сан Өмнөговь аймгийн Гурвантэс сум, Дорноговь аймгийн Мандах, Дорнод аймгийн Баянтүмэн зэрэг сумдын нутагт үйл ажиллагаа явуулж байна.
Үйл ажиллагааны чиглэл
[засварлах | кодоор засварлах]- Геологи хайгуул
- Уул уурхай
- Барилгын материалын үйлдвэрлэл
- Эрчим хүч
- Аялал жуулчлал
- Агаарын тээвэр
- Хөдөө аж ахуй
Түүхэн замнал
[засварлах | кодоор засварлах]
- 1993 он - “Монголын Алт” (МАК) ХХК үүсгэн байгуулагдав
- 1994 он - Хувийн хэвшлийн ААН-үүдээс Монголд анх удаа Caterpillar-ийн тоног төхөөрөмжийг ашиглаж эхлэв
- 2000 он - Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутагт орших Алагтолгойн нүүрсний ордоос эрчим хүчний нүүрс олборлож эхлэв
- 2002 он - Монгол Улсын анхны нүүрсний экспортыг Замын-Үүд боомтоор хийв
- 2008 он - Монгол Улсын экспортын 2 дахь том гарц болох Шивээхүрэн боомтын анхны экспортыг гүйцэтгэв
- 2010 он - Нарийнсухайтын уурхай 5.4 сая тонн нүүрс экспортолж, Монгол Улсын нүүрсний салбарын дээд амжилт тогтоов
- 2015 он - Дэлхийд тэргүүлэгч ХБНГУ-ын HESS AAC Systems компанийн тоног төхөөрөмж бүхий Монголын анхны бүрэн автомат МАК Евро Блок хийт бетоны үйлдвэрийг ашиглалтад оруулав
- 2016 он - Компанийн Хөрөнгө оруулалт эрхэлсэн Дэд ерөнхийлөгч Цэлмүүн “Монголын Алт” (МАК) ХХК-ийн Ерөнхийлөгчөөр томилогдов
- 2017 он - Данийн FLSmidth компанийн техник, тоног төхөөрөмжөөр тоноглогдсон, Монголын анхны бүрэн автомат робот лабораторитой МАК Евро Цемент үйлдвэрийг ашиглалтад оруулав
- 2018 он - Нарийнсухайтын уурхайд 1 сая тоннын хүчин чадалтай нүүрс баяжуулах үйлдвэр ашиглалтад оруулав
- 2019 он - Европын тэргүүлэх брэндүүдийн бүрэн болон хагас автомат тоног төхөөрөмж бүхий МАК Евро Виндоор цонх, хаалганы үйлдвэрийг ашиглалтад оруулав
- 2022 он - Жилд 111 мянган м2 дөрвөлжин хоолой, 40 мянган м2 дугариг хоолой үйлдвэрлэх хүчин чадал бүхий МАК Евро Венти агаар сэлгэлтийн хоолойн үйлдвэрийг ашиглалтад оруулав
- 2023 он - МАК Евро Цемент үйлдвэрийг түшиглэн 100 мянган тоннын хүчин чадал бүхий Шохойн үйлдвэрийг ашиглалтад оруулав
- 2023 он - 5G сүлжээ, AGV дэвшилтэт технологид суурилсан ухаалаг гарцын систем бүхий чингэлэгт тээврийн “Шивээхүрэн” терминалыг Нарийнсухайтын бүлэг ордод үйл ажиллагаа явуулж буй 8 аж ахуйн нэгжтэй хамтран бүтээн байгуулав
- 2023 он - Япон улсын 90 гаруй жилийн түүхтэй Aizawa групптэй хамтран өндөр чанарын бетон зуурмаг үйлдвэрлэх МАК Конкрит үйлдвэрийг ашиглалтад оруулав
Шагнал урамшуулал
[засварлах | кодоор засварлах]- Үндэсний бүтээн байгуулалтын дээд шагнал - "Төрийн гэрэгэ"[2]
- 1998-2025 онд Үндэсний ТОП-100 Аж Ахуйн Нэгжээр нийт 27 жил тасралтгүй шалгараад байна;[3]
- Монголын Татварын албаны дээд шагнал Шилдэг татвар төлөгч - "Хөх дэвтэр";
- Монгол Улсын Манлай татвар төлөгч Хүндэт өргөмжлөл;
- Тэргүүний хөрөнгө оруулагч аж ахуйн нэгж;
- “Дотоодын хөрөнгө оруулалтыг тэргүүлэгч Энтрепренёр”, “Хүрэл Меркури”, Хүндэт өргөмжлөл;
- “2009 оны Онцлох аж ахуй нэгж”, “Мөнгөн Меркури”, Хүндэт Өргөмжлөл;
- “Нийгмийн хөгжлийг дэмжигч тэргүүний байгууллага” цол өргөмжлөл;
Эшлэл
[засварлах | кодоор засварлах]- ↑ "Сэлэнгэ аймгийн Ерөө суманд олон улсын стандартад нийцсэн 960 хүүхдийн сургууль ашиглалтад оруулав". Монголын Алт (МАК). 2022-09-16. Татаж авсан: 2023-08-11.
- ↑ News.MN (2016-02-08). ""Төрийн гэрэгэ" шагналын эзэд тодорлоо | News.MN". News.MN - Мэдээллийн эх сурвалж. Татаж авсан: 2023-08-11.
- ↑ ""Монголын Алт" (МАК) ХХК 22 дахь жилдээ ТОП-100 ААН-ээр шалгарлаа". Монголын Алт (МАК). 2023-05-18. Татаж авсан: 2023-08-11.