Роберто Бажо
Хувийн мэдээлэл | |||
---|---|---|---|
Бүтэн нэр | Роберто Бажо | ||
Өндөр | 1.74 м | ||
Байрлал | Довтлогч/Жигүүрийн довтлогч | ||
Мэргэжлийн замнал* | |||
Он | Баг | Гараа† | (Гоол)† |
1982–1985 | Виченца | 36 | (13) |
1985–1990 | Фиорентина | 94 | (39) |
1990–1995 | Ювентус | 141 | (78) |
1995–1997 | Милан | 51 | (12) |
1997–1998 | Болонья | 30 | (22) |
1998–2000 | Интернационале | 41 | (9) |
2000–2004 | Брешиа | 95 | (45) |
Нийт | 488 | (218) | |
Шигшээ баг | |||
1988–2004 | Итали | 56 | (27) |
* Мэргэжлийн замналын тоглолтын (гоол) үзүүлэлтийг дотоодын лигтэй нь уялдуулсан болно. † Гараа (Гоол). |
Роберто Бажо буюу Роберто Бажжио (Итали: Roberto Baggio, 1967 оны 2 сарын 18-нд төрсөн) нь Италийн хөлбөмбөгч юм. 1993 онд Бажо Баллон д'Ор, ФИФА-гийн оны шилдэг хөлбөмбөгчний шагналыг хүртжээ. Тэрээр гурван ДАШТ-д гоол оруулсан цорын ганц Итали хөлбөмбөгч билээ. Бажо хөлбөмбөг тоглосон ихэнх хугацаандаа ардаа гэзэгтэй байсан, мөн буддын шашин шүтдэг тул Il Divin Codino (Гэзэгт санваатран) гэдэг хочтой болжээ. Өдгөө түүнийг дэлхийн бүх үеийн шилдэг хөлбөмбөгчдийн нэгд тооцдог.
Намтар
[засварлах | кодоор засварлах]Бажо Венето мужийн Калдоньо хотод төржээ. Багаасаа хөлбөмбөгийн спортод дурласан Роберто хүү орон нутгийн өсвөрийн багт 9 жил тоглосон аж. Нэг тоглолтод 6 гоол оруулсан түүнийг Виченца багийн скаут Антонио Мора олж харан, багтаа элсүүлжээ. Роберто ах дүү 8 хүүхдийн 6 дахь нь юм. Түүний нэг дүү Эдди Бажо нь өдгөө Сангиованнезе багт тоглодог хөлбөмбөгчин. Роберто 1993 онд Андрейна Фаббри хэмээх бүсгүйтэй гэрлэж, Валентине хэмээх охин, Маттиа хэмээх хүүтэй болжээ[1].
Клуб
[засварлах | кодоор засварлах]1982–1990: Виченца, Фиорентина
[засварлах | кодоор засварлах]Бажо мэргэжлийн хөлбөмбөгийн карьераа 1982 онд Серие C1-ийн Виченца багаас эхэлжээ. 1985 онд Фиорентина баг түүнийг өөрийн болгож, тэр жилдээ л Фиорентинагийн хөгжөөн дэмжигчид түүнийг тус багийн түүхэн дэх хамгийн шилдэг тоглогчдын нэг гэж хүлээн зөвшөөрчээ[2]. Бажо Серие A дахь анхны тоглолтоо 1986 оны 9 сарын 26-нд Сампдориагийн эсрэг хийсэн бол анхны гоолоо тэр жил түүхэндээ анх удаа скудетто хүртэхээр болсон Наполи багийн хаалганд 1987 оны 5 сарын 10-нд хийжээ.
1990–1995: Ювентус
[засварлах | кодоор засварлах]1990 онд Бажо €10 саяар (US$13.6 сая) Ювентус багт худалдагдав. Тухайн үедээ хөлбөмбөгийн ертөнцийн хамгийн үнэтэй наймаа болж байсан уг шилжилтийг Фиорентинагийн хөгжөөн дэмжигчид эсэргүүцэж, Флоренц хотын гудамжнаа үймээн самуун дэгдсэний улмаас 50 хүн гэмтсэн гэдэг[3]. Бажо фэнүүддээ: "Намайг уг солилцоог зөвшөөрөхийг хүчээр тулгасан" гэж хэлсэн бадйаг. 1990 онд Ювентус баг Фиорентинатай тоглох үеэр Бажо торгуулийн цохилт гүйцэтгэхээс татгалзсанаас гадна хөгжөөн дэмжигчдийн шидсэн, Фиорентинагийн ороолтыг авч, үнсэн харуулжээ. Энэ тухайгаа: "Зүрхнийхээ гүнд би үргэлж хөх ягаан өнгөтэй байна" (Фиорентинагийн бэлгэдэл өнгө) гэж өгүүлсэн байдаг. 1993 онд тэр УЕФА-гийн цомын шигшээ тоглолтод өрсөлдөгчийнхөө хаалганд 2 гоол оруулж, Ювентус багаа түрүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн бөгөөд энэ нь түүний Европын тавцангаас хүртсэн цорын ганц цом билээ. Энэ амжилт нь түүнд 1993 оны Европын шилдэг хөлбөмбөгчин, ФИФА-гийн Дэлхийн оны шилдэг хөлбөмбөгчний алдрыг авчрав. 1995 онд Ювентус багийн бүрэлдэхүүнд анхныхаа скудеттог хүртсэн бөгөөд энэ нь 1990-ээд онд Ювентус багийн хүрсэн олон амжилтын эхлэл байсан юм.
1995–2000: Милан, Болонья, Интер
[засварлах | кодоор засварлах]1995 онд Милан багийн эзэн Сильвио Берлусконигийн хүчтэй нөлөөний үр дүнд Милан хотын багт худалдагдан очив. Миланд очсон жилээ Серие A-д түрүүлэхэд нь гол үүрэг гүйцэтгэж, скудеттог 2 өөр багаас, жил дараалан хүртсэн анхны тоглогч болжээ.
1997 онд Бажо Болонья руу шилжсэн нь түүний хөлбөмбөгийн замналд сэргэлт болж, тэр жилээ 22 гоол оруулж, хувийн дээд амжилтаа шинэчилжээ. 1998 оны ДАШТ-ий дараа Бажо Интер Милан багтай гэрээ байгуулсан нь алдаа болж, дасгалжуулагч Марселло Липпид таалагдаагүй Бажо сэлгээний сандалд хадагдаж, шигшээ багтаа ч дуудагдахаа болив. Хожим өөрийн намтартаа нэг удаа Липпи Интерийн тоглогчдоос өөрийн нь тухай сөрөг үзэл бодолтой байгаа тоглогчдын нэрийг хэлэхийг шаардаж, Бажо татгалзсан хариу өгснөөс хойш түүнийг үл тоомсорлох болсон гэж бичсэн байдаг. Гэхдээ тэрээр багтаа эцсийн мөч хүртэл тус хүргэж, УЕФА Аваргуудын Лигт оролцох үлдсэн ганц эрхийн төлөөх плэй-оффт Парма багийн хаалганд хоёр гоол оруулж байжээ.
2000–2004: Брешиа
[засварлах | кодоор засварлах]Интерт амжилт муутай 2 жилийг өнгөрөөсний дараа, 2002 оны ДАШТ-д оролцохын тулд тухайн үед хүчтэй багуудын тоонд ордоггүй байсан Брешиа багт очив. 2001-02 оны улирлын эхний 9 тоглолтод Бажо 8 гоол оруулж, харих болоогүй байгаагаа харуулж чаджээ. Гэвч харамсалтай нь зүүн хөлийн өвдөгний холбоос нь тасарч, хүнд гэмтжээ. Гэсэн хэдий ч ДАШТ-д оролцох мөрөөдөлдөө хөтлөгдөн, 76 өдрийн дараа, улирал дуусахаас 3 тоглолтын өмнө талбайдаа буцан ирж, хуучин баг Фиорентинагийнхаа хаалганд тоглолт эхлээд дөнгөж 2 дахь минутад гоол оруулснаас гадна дахин нэг гоолоор мялаажээ. Түүнчлэн бас нэг хуучин баг Болоньягийн хаалганд ч гоол хийсэн байна.
Бажо 2004 онд зодог тайлах хүртлээ Брешиа багтаа тоглож, өндөр түвшний тоглолт үзүүлсээр байсан юм. 2004 оны 5 сарын 16-нд Бажо сүүлчийн тоглолтоо Сан-Сиро цэнгэлдэх хүрээлэнд Милан багийн эсрэг хийжээ. Тоглолтын 88 дахь минутад Брешиагийн дасгалжуулагч Жанни Де Биаси Бажог хөгжөөн дэмжигчидтэйгээ салах ёс гүйцэтгүүлэхийн тулд сэлгээний сандалд суулгав. Цэнгэлдэх хүрээлэнд байсан 80,000 үзэгч босч, нижигнэсэн алга ташилтаар түүнийг хүндэтгэлтэй үдсэн билээ. Тэр Серие А-д 205 гоол оруулсан амжилтаараа түүхэнд Сильвио Пиола, Гуннар Нордаль, Жузеппе Меацца, Хосе Алтафини нарын дараа 5-рт бичигддэг. Түүний 10 дугаарыг Брешиа баг нь мөнхөлсөн. Бажо 2002 оны 12 сарын 16-нд 300 дахь гоолоо Брешиа баг нутагтаа Пиаченца багийг 3-1-ээр ялсан тоглолтын үеэр оруулж, Италийн хөлбөмбөгчдөөс Пиола (364), Меацца (338) нараас хойш 50 гаруй жил хэн ч даваагүй байсан босгыг давж чаджээ.
Олон улсын тавцанд
[засварлах | кодоор засварлах]Бажо шигшээ багтаа 56 тоглож, 27 гоол оруулсан бөгөөд Италийн шигшээ багийн түүхэнд оруулсан гоолынхоо тоогоор 4-т бичигддэг. Тэрээр мөн гурван ДАШТ-д гоол оруулсан цорын ганц Итали тоглогч төдийгүй, ДАШТ-д нийт 9 гоол оруулсан амжилтаараа Кристиан Виери, Паоло Росси нартай эн зэрэгцдэг. Гэхдээ тэр олон улсын тэмцээнд хэзээ ч түрүүлж байгаагүй. 1994 оны ДАШТ-ий шигшээ тоглолтод ялагчийг тодруулах торгуулийн цохилтыг Бажо алдаж цохисноор Италийн баг аваргын титмээ Бразилд бэлэглэж байсан түүхтэй.
1990 оны ДАШТ
[засварлах | кодоор засварлах]Бажо анх ДАШТ-д 1990 онд оролцсон бөгөөд ихэнх тоглолтод сэлгээний сандалд сууж байсан. Гэхдээ л 2 гоол оруулж, ур чадвараа харуулсанаас гадна Чехословакийн багийн хаалганд оруулсан гоол нь тус тэмцээний шилдэг гоол гэгддэг. Бажо багийнхаа торгуулийн цохилтыг дандаа гүйцэтгэдэг байсан хэдий ч гуравдугаар байрын төлөө тоглолтын үеэр торгуулийн цохилт хийх эрхээ багийн анд Сальватор Скиллачид шилжүүлж, түүнийг шилдэг довтлогчийн "Алтан шаахай" шагнал хүртэхэд нь тусалсныг фэнүүд нь үргэлж санадаг.
1994 оны ДАШТ
[засварлах | кодоор засварлах]Тус ДАШТ-ийг Италичууд хожигдлоор эхлүүлсэн хэдий ч багийн лидер Бажо гайхалтай тоглолтоороо багаа чирсээр шигшээ тоглолтод хүргэсэн билээ. Тэрээр хасагдах шатны тоглолтуудад нийт 5 гоол оруулсан. Нигеригийн багт хожигдож явсан үед цаг дуусахаас 2 минутын өмнө тэнцээний гоол оруулж, улмаар нэмэлт цагт гоол оруулж багаа ялуулснаас гадна шөвгийн наймын тоглолтод Испанийн шилдэг багийн хаалганд мөн л тоглолт дуусахаас 3 минутын өмнө хожлын гоол оруулсан, улмаар хагас шигшээд Болгарын багийн хаалганд 2 гоол оруулсан. Гэвч Бразилын багтай хийсэн шигшээ тоглолтод цаг сунгаад ч гоол орсонгүй, торгуулийн цохилтоор хэн нь аварга болохоо тодруулах хариуцлагатай мөчид багаасаа сүүлчийн цохилтыг гүйцэтгэхдээ хөндлөвч дээгүүр давуулж гоол оруулж чадаагүй. Гэхдээ түүнээс өмнө Франко Барези, Даниэль Массаро нар аль хэдийн алдаад байсныг дурьдууштай (олон хүн Бажогоос болж Итали хожигдсон гэсэн буруу ойлголттой байдаг).
Тус тэмцээнд Бажо оруулсан гоолын тоогоор 2-рт бичигдэж, шилдэг гурван тоглогчийн нэгээр нэрлэгдсэн.
1998 оны ДАШТ
[засварлах | кодоор засварлах]1998 оны ДАШТ-ий эхний тоглолтоо Италичууд Чилийн багтай хийхэд Бажогийн дамжуулалтаар Кристиан Виери эхний гоолыг оруулсан. Улмаар тоглолтын төгсгөлд Бажогийн цохисон бөмбөг Чилийн хамгаалагч Рональд Фуэнтэсийн гарт хүрч[4], торгуулийн цохилтыг Бажо амжилттай гүйцэтгэснээр тоо 2–2 болж, тэнцээгээр өндөрлөсөн. Уг гоолыг оруулснаар Бажо гурван ДАШТ-д гоол оруулсан Италийн анхны тоглогч болон түүхэнд үлджээ.
Түүнчлэн Австрийн багийн хаалганд ялалтын гоолыг оруулснаар баг нь хэсгээ тэргүүлсэн билээ.
Шөвгийн наймд Францын багтай тоглоход Бажог хоёрдугаар хагаст сэлгээгээр гарч тоглосон. Тоглолт гоолгүй өндөрлөж, торгуулийн цохилтоор талбайн эзэд ялсан. Тоглолтын дараа дасгалжуулагч Чезаре Мальдини ид формтой байсан Бажогийн оронд Дель Пьерог гарааны бүрэлдэхүүнд багтаасан шийдвэрийнхээ төлөө ихээхэн шүүмжлэл хүлээжээ. Хожим Чезаре Мальдини Бажог хангалттай тоглуулаагүйгийнхээ төлөө уучлал гуйсан гэдэг.
Сүүл үе
[засварлах | кодоор засварлах]1998 оны ДАШТ-ий дараа шигшээ багийг удирдах болсон Дино Зофф Евро 2000-д оролцох багийнхаа бүрэлдэхүүнд түүнийг багтаагаагүй бол 2002 оны ДАШТ-д Жованни Трапаттони түүний гэмтлийг бүрэн эдгээгүй гэсэн шалтгаанаар авч явсангүй. Италийн баг шөвгийн 16-д Өмнөд Солонгост хожигдон нутаг буцахад хөгжөөн дэмжигчид Бажог багтаа багтаагаагүй явдлыг буруушаан шүүмжилж байлаа. Уг нь Бажо тэмцээний өмнө Трапаттонид "2 жилийн өмнө би энэ ДАШТ-ий дэвжээнд Италийн багийн хувцсыг өмсөн зогсохын тулд Брешиаг сонгон ирсэн билээ, би шигшээ багтаа хайртай" хэмээн захидал бичин, ДАШТ-д оролцох хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн[5] боловч Трапаттони түүнийг тоолгүй гэрт нь үлдээсэн билээ.
Зодог тайлсны дараа
[засварлах | кодоор засварлах]Бажо шигшээ багтаа хамгийн сүүлд 2004 оны 4 сарын 28-нд Испанитай хийсэн тоглолтод оролцсон. 2005 оны 2 сарын 15-нд Барселона хотын Камп Ноу цэнгэлдэх хүрээлэнд Энэтхэгийн далайн цунамид өртөгсдөд туслах хандивын тоглолтод Европын шигшээ багт тоглох урилга ирсэн боловч Бажо татгалзжээ.
Бажо өөрийн намтрыг Una porta nel cielo ("Тэнгэр дэх гоол", "Тэнгэр дэх хаалга") нэрээр хэвлүүлсэн бөгөөд дасгалжуулагч нартай зөрчилдөж байсан тухайгаа дэлгэрэнгүй бичсэн байдаг.
2002 оны 10 сарын 16-нд Роберто Бажо НҮБ-ын Хүнс, Хөдөө Аж Ахуйн Байгууллагын сайн санааны элчээр сонгогдсон.
2008 оны 10 сарын 8-нд 1980-аад онд Фиорентинад хамт тоглож байсан Стефано Боргоновод зориулсан хандивын тоглолт Милан, Фиорентина багууд зохиоход Бажо оролцжээ.
2010 оны 8 сард Бажо Италийн Хөлбөмбөгийн Холбооны техник хариуцсан ерөнхийлөгчөөр сонгогдсон байна.
Амжилт
[засварлах | кодоор засварлах]- Серие C1: 1984-85
- Серие A: 1994-95
- Коппа Италиа: 1994-95
- УЕФА-гийн цом: 1992-93
- Серие A: 1995-96
- УЕФА Интертото цом: 1998
Хувийн шагналууд
[засварлах | кодоор засварлах]- 23-с доош насны Европын шилдэг хөлбөмбөгч: 1990
- УЕФА Цомтой багуудын цомын шилдэг довтлогч: 1990-91
- Европын оны шилдэг хөлбөмбөгчин (Ballon d'Or/Алтан бөмбөг): 1993
- ФИФА-гийн оны шилдэг хөлбөмбөгчин: 1993
- ФИФА ДАШТ Мөнгөн бөмбөг: 1994
- ФИФА ДАШТ Мөнгөн шаахай: 1994
- ФИФА ДАШТ Бэлгэдлийн шигшээ баг: 1994
- Браво шагнал: 1990
- ФИФА Бүх үеийн мөрөөдлийн шигшээ баг: 2002
- ФИФА-гийн бүх үеийн шилдэг 100 тоглогч: 2004
Статистик
[засварлах | кодоор засварлах]Баг | Лиг | Цом | Тив | Бүгд | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Улирал | Баг | Лиг | Гараа | Гоол | Гараа | Гоол | Гараа | Гоол | Гараа | Гоол |
Итали | Лиг | Коппа Италиа | Европ | Бүгд | ||||||
1982-83 | Виченца | Серие C1 | 1 | 0 | 1 | 0 | - | 2 | 0 | |
1983-84 | 6 | 1 | 4 | 0 | - | 10 | 1 | |||
1984-85 | 29 | 12 | 5 | 2 | - | 34 | 14 | |||
1985-86 | Фиорентина | Серие A | 0 | 0 | 5 | 0 | - | 5 | 0 | |
1986-87 | 5 | 1 | 4 | 2 | 1 | 0 | 10 | 3 | ||
1987-88 | 27 | 6 | 7 | 3 | - | 34 | 9 | |||
1988-89 | 30 | 15 | 10 | 9 | - | 40 | 24 | |||
1989-90 | 32 | 17 | 2 | 1 | 12 | 1 | 46 | 19 | ||
1990-91 | Ювентус | Серие A | 33 | 14 | 6 | 4 | 8 | 9 | 47 | 27 |
1991-92 | 32 | 18 | 8 | 4 | - | 40 | 22 | |||
1992-93 | 27 | 21 | 7 | 3 | 9 | 6 | 43 | 30 | ||
1993-94 | 32 | 17 | 2 | 2 | 7 | 3 | 41 | 22 | ||
1994-95 | 17 | 8 | 4 | 2 | 8 | 4 | 29 | 14 | ||
1995-96 | Милан | Серие A | 28 | 7 | 1 | 0 | 5 | 3 | 34 | 10 |
1996-97 | 23 | 5 | 5 | 3 | 5 | 1 | 33 | 9 | ||
1997-98 | Болонья | Серие A | 30 | 22 | 3 | 1 | - | 33 | 23 | |
1998-99 | Интернационале | Серие A | 23 | 5 | 6 | 1 | 6 | 4 | 35 | 10 |
1999-00 | 18 | 4 | 5 | 1 | - | 23 | 5 | |||
2000-01 | Брешиа | Серие A | 25 | 10 | 2 | 0 | - | 27 | 10 | |
2001-02 | 12 | 11 | 1 | 0 | - | 13 | 11 | |||
2002-03 | 32 | 12 | 0 | 0 | - | 32 | 12 | |||
2003-04 | 26 | 12 | 0 | 0 | - | 26 | 12 | |||
Бүгд | Итали | 488 | 218 | 88 | 38 | 61 | 31 | 637 | 292 | |
Нийт | 488 | 218 | 88 | 38 | 61 | 31 | 637 | 292 |
Италийн шигшээ баг | ||
---|---|---|
Огноо | Гараа | Гоол |
1988 | 1 | 0 |
1989 | 6 | 3 |
1990 | 9 | 4 |
1991 | 2 | 1 |
1992 | 7 | 6 |
1993 | 7 | 5 |
1994 | 12 | 5 |
1995 | 1 | 0 |
1996 | 0 | 0 |
1997 | 2 | 1 |
1998 | 6 | 2 |
1999 | 2 | 0 |
2000 | 0 | 0 |
2001 | 0 | 0 |
2002 | 0 | 0 |
2003 | 0 | 0 |
2004 | 1 | 0 |
Нийт | 56 | 27 |
ДАШТ дэх гоолууд
[засварлах | кодоор засварлах]# | Огноо | Газар | Өрсөлдөгч | Оноо | Дүн | ДАШТ | Шат |
---|---|---|---|---|---|---|---|
1. | 1990 оны 6 сарын 19 | Итали, Ром, Олимпико цэнгэлдэх хүрээлэн | Чехословак | 2 - 0 | 2 – 0 | 1990 | Хэсгийн тоглолт |
2. | 1990 оны 7 сарын 7 | Итали, Бари, Сан-Никола цэнгэлдэх хүрээлэн | Англи | 1 – 0 | 2 – 1 | 1990 | 3-р байрын төлөө |
3. | 1994 оны 7 сарын 5 | АНУ, Фоксбороу, Фоксборо цэнгэлдэх хүрээлэн | Нигери | 1 - 1 | 1 – 2 | 1994 | Шөвгийн 16 |
4. | 1994 оны 7 сарын 5 | АНУ, Фоксбороу, Фоксборо цэнгэлдэх хүрээлэн | Нигери | 1 - 2 | 1 – 2 | 1994 | Шөвгийн 16 |
5. | 1994 оны 7 сарын 9 | АНУ, Фоксбороу, Фоксборо цэнгэлдэх хүрээлэн | Испани | 2 – 1 | 2 – 1 | 1994 | Шөвгийн 8 |
6. | 1994 оны 7 сарын 13 | АНУ, Ийст Рутерфорд, Жайантс цэнгэлдэх хүрээлэн | Болгар | 1 - 0 | 2 – 1 | 1994 | Хагас шигшээ |
7. | 1994 оны 7 сарын 13 | АНУ, Ийст Рутерфорд, Жайантс цэнгэлдэх хүрээлэн | Болгар | 2 - 0 | 2 - 1 | 1994 | Хагас шигшээ |
8. | 1998 оны 6 сарын 11 | Франц, Бордо, Шабан-Делмас цэнгэлдэх хүрээлэн | Чили | 2 - 2 | 2 – 2 | 1998 | Хэсгийн тоглолт |
9. | 1998 оны 6 сарын 23 | Франц, Сан-Дени, Францын цэнгэлдэх хүрээлэн | Австри | 2 – 0 | 2 – 1 | 1998 | Хэсгийн тоглолт |
Шашин шүтлэг
[засварлах | кодоор засварлах]Бажо анх Ромын Католик шүтлэгтэй байсан бөгөөд Ничирэн Буддизмаар хичээллэн, Буддист байгууллага болох Олон Улсын Соока Гаккай Нийгэмлэгт гишүүнээр элсчээ[8].
Элдэв баримт
[засварлах | кодоор засварлах]Бажо ДАШТ-д Италийн шигшээ багийн бүрэлдэхүүнд багтаж 16 тоглолт хийсэн бөгөөд ингэхдээ Ирландын багтай л 2 удаа тогложээ. Тэрээр Серие А болон олон улсын тавцанд торгуулийн цохилт 122 удаа гүйцэтгэснээс 106-г нь оруулж, 87 хувийн амжилт үзүүлсэн нь Италийн хөлбөмбөгийн түүхэнд хамгийн өндөр үзүүлэлт юм.
Бажогийн оролцсон 3 удаагийн ДАШТ-ийг Италийн баг үргэлж торгуулийн цохилтоор орхиж байлаа. Тэд 1990 онд Аргентин, 1994 онд Бразил, 1998 онд Францын багт торгуулийн цохилтоор хожигдсон юм. Өөрөөр хэлбэл, Италичууд Бажогийн оролцсон 16 тоглолтод ганцхан удаа хожигдсон (1994 оны ДАШТ-ий эхний тоглолтдоо Ирландын багт) билээ.
Эшлэл
[засварлах | кодоор засварлах]- ↑ http://www.nndb.com/people/455/000112119/
- ↑ http://www.rankopedia.com/ZID=3/316/Best-Player-to-Ever-Play-For-Fiorentina-ACF/Step1/8433.htm
- ↑ Pro-Paul.net
- ↑ http://www.encyclopedia.com/doc/1P2-18167392.html
- ↑ "Baggio scrive al Trap "Portami ai Mondiali"". La Repubblica. 2002-05-06. Татаж авсан: 2002-05-06.
{{cite news}}
: line feed character in|title=
at position 22 (help) - ↑ http://www.national-football-teams.com/v2/player.php?id=14682
- ↑ http://www.rsssf.com/miscellaneous/rbaggio-intlg.html
- ↑ http://chiesa.espresso.repubblica.it/articolo/205886