Харольд Николсон

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search
Сэр Харольд Николсон Загвар:Postnominals


Албан тушаал хашсан
1935 оны 11 сарын 14 – 1945 оны 7 сарын 5
Өмнөх Эрнест Харольд Пикеринг
Дараах Барнетт Жаннер

Төрсөн 1886 оны 11 сарын 21 (1886-11-21)
Персийн эзэнт гүрэн, Тегеран
Нас барсан 1968 оны 5 сарын 1 (81 насалсан)
Англи, Кент, Сиссингхерст цайз
Улс Британи
Улс төрийн нам Үндэсний Лейборист, Ажилчны Нам
Гэр бүлийн хүн Вита Саквилл-Уэст
(г. 1913; н. 1962)
Хүүхэд Бенедикт Николсон
Найжел Николсон
Төгссөн сургууль Оксфордын Баллиол коллеж

Сэр Харольд Жорж Николсон (англ. Sir Harold George Nicolson, 1886-1968) - Британийн дипломатч, түүхч, намтар судлаач, шүүмжлэгч, сэтгүүлч.

Харольд Николсон 1886 оны 11-р сарын 21-нд Персийн (одоогийн Иран) Тегеран хотод төрсөн бөгөөд тэр үед түүний эцэг Британийн түр хамаарагч байжээ. Эцэг Артур Николсон нь сүүлд 1916 онд Эзэн хаанаас цол хүртэж анхны Карнокийн Барон болсон түүхтэй. Эх нь Мэри Катерин Хэмильтон мөн язгууртан гаралтай эмэгтэй байжээ. Английн язгууртны гэрт өссөн Харольд хүү бага насандаа Ирланд дахь авга ах Лорд Дуфферинийхээ эдлэн газарт зочилдог байжээ.

Эцэг Артур Николсон нь Балкан, Ойрхи Дорнод, Марокко, Мадрид, Санкт-Петербург (Ленинград)-д Английн Элчин сайд зэрэг дипломат алба хаах үед Харольд Николсоны бага нас өнгөрсөн байна. Тэрбээр 1907 онд Оксфордын “Balliol” коллежийг төгсөөд 1909 оноос Английн дипломат албанд зүтгэхээр болж анх Мадридад атташегаар томилогдсон байна. 1912 оноос Константинопольд дипломат албаа үргэлжлүүлж байх үеэр буюу 1913 онд яруу найрагч Вита Саквилл-Уэсттэй /Vita Sackville-West/ гэрлэсэн байна. Түүний гэргий Лорд Саквиллийн охин байсан бөгөөд Вита амьдралынхаа туршид бусад хэд хэдэн эмэгтэйчүүдэд хайртай "ижил хүйстэн" байсан бөгөөд Харольд ч мөн ижил хүйстэн байсан ажээ.

Харольд Вита хоёр урлаг судлаач Бенедикт, зохиолч улс төрч Найжел гэж хоёр хүү төрүүлсэн байна.

Тэрбээр 1930 онд Оксфордод магистр цол хамгаалсан.

Дипломат хүний ​​хувьд Николсон Дэлхийн 1-р дайны төгсгөлд “Парисын энхтайвны бага хурал”-д оролцож байсан бөгөөд 1920-иод онд Ойрхи Дорнод, Берлинд алба хааж байжээ. Х.Николсон 1929 онд ажлаа орхиж эхнэрийнхээ хажууд байж, ном бичихээр шийдсэн байна. Тэрээр Пол Верлэйн (1921), Тэннисон (1923), Байрон: “Сүүлийн аялал” (1924), Свинбурн (1926), Бенжамин Констант (1949), Сейнт-Бив (1957) зэрэг уран зохиолын зургаан намтар бичжээ.  Мөн “Амтат ус” (1921), “Нийтийн танилууд” Public Faces (1932) роман; эссэ –“Зарим хүмүүс” (1927), “Английн хошин шогийн мэдрэмж” (1947), “Сайхан зан байдал” (1955), “Ява арал руу аялсан нь” (1957), “Ухааны эрин үе” (1960), “Хаант засаглал” (1962); Керзон, "Сүүлийн үе" (1934), Дуайт Морроу (1935), Хелений цамхаг (1937); “Дипломат ажиллагаа” (1939), Венийн Конгресс (1946), “Дипломат ажиллагааны аргын хөгжил дэвшил” (1954) зэрэг түүхэн бүтээлүүд туурвисан байна.

1966-1968 онд Х.Николсоны "Харольд Николсоны өдрийн тэмдэглэлүүд 1907-1963"(The Harold Nicolson Diaries 1907–1963)-ийг түүний хүү Найжел гурван боть ном болгож хэвлүүлсэн нь мөн амжилт олсон юм. Английн тэр үеийн түүхийн чухал үйл явдлын амьд гэрч болж байсан Г.Николсоны өдөр бүрийн сонирхолтой тэмдэглэл түүх судлачидад үнэтэй судлагдахуун болдог. бТэрээр тэмдэглэлдээ "Би өөдрөг үзэлтэй маш ирээдүйтэй, хүн үхэн үхтлээ иймээрээ байх болно" гэсэн байдаг.

1935-1945 онуудад тэрээр Үндэсний Лейборист намаас сонгогдсон парламентын гишүүн байсан. А.Гитлерийн шахалтаар Ерөнхий сайд Н.Чемберлений 1938 онд Германтай байгуулсан “Мюнхений Пакт”-ыг эсэргүүцэж байсан. У.Черчиллийн адил диктаторуудын эсрэг үзэлтний нэгэн байсан. 1945 онд Английн Үндэсний ажилчны намаас парламентад нэр дэвшээд өвдөг шороодож, 1948 онд мөн дахин нэр дэвшиж үзээд амжилт олж чадаагүй байна. Тэр ажилчин ангийг бүрэн ойлгодоггүй байсан бөгөөд еврейчүүд, арабууд, “харууд”, амеркчуудад таатай ханддаггүй байсан гэж үздэг. Эдгээр нь өөрийнхөө дутагдал гэж ойлгодог байсан боловч яаж ч чаддагүй байжээ гэж тухайн үеийнхэн нь тэмдэглэдэн үлдээсэн байна.

Харольд Николсон эхнэрээ алдаад 6 жилийн дараа Английн Кент муж дахь өөрийн алдарт цэцэрлэгт хүрээлэнтэй Сиссингхерст цайздаа 1968 оны 5 дугаар сарын 1-нд нас баржээ.