Jump to content

Цыши

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
(Цыси-с чиглүүлэгдэв)
Цыши
хатан эх
Чин улсын төр баригч
Төр барьсан1861.08.22 - 1908.11.15
(1881 он хүртэл Цыаньтай)
Төрсөн огноо1835 оны 11 сарын 29 (1835-11-29)
Өнгөрсөн огноо1908 оны 11 сарын 15
(
  1. REDIRECTЗагвар:25 насалсан)
ОршуулсанЧингийн зүүн бунхан
ӨмнөхСусунь, Зайюань
нарын 8 сайд
УдаахЛунъюй хатан эх,
Чунь ван Зайфөн
НөхөрТүгээмэл элбэгт
ХүүхэдБүрэн засагч
ЭцэгХуйжөн
Эхфука овогт
Ургийн овогехэнара

Цыши (Цүши, Цыси; 1835–1908; 73 насалсан) — Түгээмэл элбэгт хааны хатан, 1861–1908 онд Чин улсын төрийг барьсан хатан эх, манж хүн байв.

Хадмал толь
Монгол нэрийдэл
кирилл үсгээр бичсэн
монголЦыши, Цыси, Цүши
Гадаад нэрийдэл
оросЦыси [Цыси́], Цы Си
хятад慈禧太后 → Цыши тайху
Тайлбар: дуудлага [цы-ши́]

Цыши хатан эх 1835 оны 11 сарын 29-нд ехэнара овогт Хуйжөнгийн охин болон төржээ. Эцэг Хуйжөн нь манжийн Шулуун хөх хошууны хүн, Бээжин дэх жирийн албан хаагч байсан бол эх нь манжийн фука овгийн хүн байв.

Түгээмэл элбэгт хаанд хатан сонгосон 1851 онд 60 өрсөлдөгчөөс цөөн хэдийг сонгоход Цыши багтаж Лань татвар болжээ. 1854 онд И эрхэм татвар болж зэрэг ахиж, 1855 онд жирэмсэн болоод 1856 оны 4 сарын 27-нд Зайчунь хүүгээ (хожмын Бүрэн засагч хаан) төрүүлэн И хатан, 1857 онд хүү нь нэг нас хүрэхэд И эрхэм хатан хэмээн тус тус зэрэг ахиж байв. Цы ши хатан хорон муу санаалж эрх мэдлээ ашиглан маш олон хүнийн алсан

Цыань хатан эх
Гун ван

Хар тамхины хоёрдугаар дайны үе 1860 онд Түгээмэл элбэгт хаан Бээжингээс зугтан Халуун голд очоод Бээжин дэх хааны зуны ордон эзлэгдсэнийг сонсож сэтгэлээр унан өвчилж 1861 онд нас барахад Цыши хатны 5 настай хүү Зайчунь хааны цорын ганц амьд хүү нь байж угсаа залгамжлах болов. Түгээмэл элбэгт хаан хүүдээ Сусунь, Зайюань, Дуанхуа нарын төр барих 8 сайд үлдээжээ.

Мөн Цыши (26 настай И эрхэм хатан), Цыань (24-тэй Шяожэньшянь их хатан) хоёрт балчир хааныг асран өсгөж насанд хүргэхийг хүсч, найман төр баригчийг хянах тамга үйлдэж өгсөн.

Цыши хатан өөрөө болон хүү нь хангалттай эрх мэдэл байгаагүй болохоор ордны найз, хааны их хатан Цыаньтай хамжиж найман сайдаас төрийн эрх булаах эрх сүр бүрдүүлж чаджээ. Цыань хатан эхийг 1881 онд нас барах хүртэл энэ хоёр хамтдаа төр барьсан бөгөөд Цыши баруун ордонд суудаг болохоор Баруун хатан эх, Цыань нь Зүүн хатан эх гэж хэлэгддэг байв. Бүр өмнөх Төр гэрэлт хааны хүүхдүүд болох идэр насны Гун ван, Чунь ван (хожмын Бадаргуулт төр хааны эцэг) нар тусалж дэмжсэн.

Цыши хатан эхтэй тэрссэн монгол их хатан
Бүрэн засагч хаан Цыши хатан эхийн шаардсанаар ном сайн сураагүй, харин уурлаж гөжүүдэлсэн

Цыши хатан эх авилгад өртсөн төрийн албан хаагчдыг сольж халж, Тайпингийн бослогын (1850–1864) эсрэг манж бус харин Зөн Гуофань хятад жанжныг тавьснаар 1864 онд Тяньжиньд шийдвэрлэх ялалт байгуулж бослогыг даржээ. Өмнөд мужийн захирагч нарыг дан хятад хүмүүсээр тавив. Энэ үед Гун ван Ишиний эрх мэдэл ордны дотор өссөн ч хоёр хатан эхээс сүрдэж 1865 онд албан тушаалаасаа огцорсон. 1862 онд Бээжинд их сургууль шиг Тунвэнь гуань хэмээх хүрээлэн үүсгэж Өрнөдийн багш хөлслөсөн ба Британиас хөлөг онгоц худалдаж авсан ч удалгүй буцааж өгсөн.

Бүрэн засагч хаан 1872 онд 17 нас хүрч Цыань хатан эхийн санал болгосноор Шяожөи буюу Буян хэмээх аруд монголыг их хатан болгов. Буян хатны эхийн эцэг Жөн ван 10 жилийн өмнө нэр заагдсан төр барих 8 сайдын нэг байсан бөгөөд Цышид ялагдан тушаалаар амиа хорлосон билээ. Үүнээс Цыши хатан эх, Буян хатан хоёрын харьцаа муудаж хаан, их хатан хоёрыг тусад нь байлгах болсоноос хаан уйтгарлан, улмаар өвчин олж 1875 онд нас баржээ.

1873-1875 оны богинохон хугацаанд төр барьсан Бүрэн засагч хаан 1860 онд сүйдсэн зуны ордныг сэргээн засварлахыг шийдсэн ч улсын сан дутмаг байснаас олон сайд эсэргүүцэж бүтээгүй. Цыши хатан эх дахин төрийн эрхийг барьсан.

Цыши хатан эх ба Бадаргуулт төр хаанд бараалхаж буй

Бүрэн засагч хаан хүүхэдгүй нас барсанд Төр гэрэлт хааны хүү Чунь ван Ишюань болон Цышигийн төрсөн дүү Ваньжэний хүүхэд 3 настай Зайтянийг Бадаргуулт төр хаан болгон өргөмжилсөн. Цышигийн бие чилээрхэж Цыань төрийн хэргийг ихэвчлэн шийддэг болов. 1881 онд Цыань хатан эх гэнэт нас барж Цыши хатан эх ганцаар төр барих болж 1884 оны Францад ялагдсан дайны дараа Гун вангаас илүү Чунь ванд илүү итгэх болжээ.

Бадаргуулт төр хаан 1887 онд 16 нас хүрч төр барих болсон ба 18-тайдаа 1889 онд гурван хатан буулгажээ. Цыши хаанд Жиньфэнь (хожмын Лунъюй хатан эх) гэж үеэлийг нь их хатан болгон сонгосон ба Жинь, Жэнь эгч дүү хоёр хатан бас өгчээ. Хаан Жэнь хатантай ихэнх цагийг өнгөрөөх бөгөөд Цыши дургүйцэн 1894 онд Жэний зэргийг бууруулсан.

Цыши хатан эх шийдвэр гаргагч хэвээр байсан бөгөөд сайд нар хаанаас өмнө хатан эхийг зорьдог байв. 1895 онд хатан эхийн 60 насны ойн их баяр болох байсан боловч Японтой байлдсан дайнд ялагдсанаар цуцалжээ.

Бадаргуулт төр хаан Өрнөдийн маягийн шинэчлэл хийж байсан ба Кан Юйвэй, Лян Чичао нарыг ашиглан «Зуун өдрийн шинэтгэл»-ийг 1898 онд эхлүүлсэн нь Япон, Герман шиг хэмжээт эрх хаант засагт шилжих, аж үйлдвэржих улс төр, эдийн засгийн шинэтгэл байв. Цыши хатан эх уламжлалыг хадгалагч хүчнийг төлөөлж цэрэг цуглуулж төрийн эрхийг дахин гартаа авч Бадаргуулт төрийн өөрийн төр барилт дууссан.

1900 онд умард нутагт гадаадын империализмыг эсэргүүцсэн хөдөлгөөн өрнөж, Чин улс дэмжин орж Европын найман улсын хүчинтэй байлджээ. Чингийн цэрэг дайснаа бодвол зэвсэг техник ядмаг болохоор байлдаанд ялагдаж хааны гэр бүл Бээжингээс дүрвэж 67 сая фунт төлж байж сөргөлдөөнийг намжаажээ. 1902 онд Бээжинд буцаж ирээд улс төрийн шинэтгэл хийсэн. Япон дахь Мэйжийн шинэтгэлээс үлгэрчлэн 1905 оноос төрийн түшмэлийн шалгалтыг болиулж, 1898 оны шинэтгэлийн эрс хатуу хувилбар «Шинэ засгийн бодлого»-ыг эхлүүлжээ. Америкийн сайдыг хүлээж авч, Дер Лин гэдэг англи, франц, хятад хэлтэй хүнийг гэр бүлийн хамт авчирч ажиллуулав.

Цыши хатны бунхан

Бадаргуулт төр хааны нас барсан, Пүиг шинэ хаанаар зарласан өдрийн маргааш нь 1908 оны 11 сарын 15-нд хааны цэцэрлэгт Цыши хатан эх 72-тойдоо нас баржээ. Бодлогыг нь буруушаахаас эмээж хааныг Цыши хатан хордуулсан гэж үздэг бөгөөд хожим 2008 онд хүнцлийн хороор нас барсаныг шинжлэн мэдээлсэн.

Цышиг Чингийн зүүн бунханд Цыань хатан эх болон Түгээмэл элбэгт хааны хажууд бунхан барин оршуулсан. 1895 онд бунхан барих ажил эхэлсэн бөгөөд чамин чимэгтэй, гоёл зүйсгэл ихтэй байжээ. 1928 онд Сунь Дяньинь хятад жанжны тушаалаар зүүн бунхныг тоноход гол бай нь Цыши хатных байв.

Өмнөх
Шяожинчөнь
Чин улсын хатан эх
1861-1908 он (1861–1881
онд Цыаньтай хамт
)
Дараах
Лунъюй