АНУ-ын Тагнуулын төв газар
АНУ-ын Тагнуулын төв газар (Англи: Central Intelligence Agency, товч. "CIA") АНУ-ын Холбооны Засгийн газрын агентлагийн статустай. Гадаадын иргэн, байгууллагын тухай мэдээлэл цуглуулж, задлан шинжилгээ хийх, дүгнэлт гаргах үүрэгтэй байгууллага юм. Энэ байгууллагыг АНУ-ын сөрөг тагнуулын газар гэж бас нэрлэж болно. Тагнуулын төв газрын төв байр нь Вашингтоноос холгүй, Виржини мужийн Лэнгли хотод байрладаг. АНУ-ын Тагнуулын төв газар нь үндэсний тагнуулын байгууллагын бүрэлдэхүүнд багтдаг. АНУ-ын хууль тогтоох дээд байгууллага 1947 онд Үндэсний Аюулгүй Байдлын тухай хууль баталж, Ерөнхийлөгч Харри Трумэн 1947 оны 9-р сарын 18-нд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болжээ. Дэлхийн 2-р дайны үед АНУ-д Стратегийн албаны удирдах газар ажиллаж байлаа. Энэ албаны суурин дээр түшиглэн Тагнуулын төв газрыг байгуулсан түүхтэй. 1949 онд мөн АНУ-д Тагнуулын төв газрын тухай хууль батлагдсан байна.
АНУ-ын тагнуулын төв газрын бүтэц
[засварлах | кодоор засварлах]АНУ-ын Тагнуулын төв газрын дарга
[засварлах | кодоор засварлах]АНУ-ын Тагнуулын төв газрын даргыг АНУ-ын Ерөнхийлөгч томилон Сенатын гишүүд баталгаажуулдаг. 2009 оны 2-р сарын 12-аас АНУ-ын Тагнуулын төв газрын даргын албан тушаалд Леон Эдвард Панетта (англи. Leon Edward Panetta) ажиллаж байсан. 2018 оны 5-р сарын 17-ноос ТТГ-ын захирлаар хатагтай Жина Хаспел (англ. Gina Cheri Haspel, 1956 онд төрсөн) ажиллаж байв. Тэрбээр ТТГ-ын анхны эмэгтэй захирал юм. Уильям Жозеф Бёрнс /англи. William J. Burns/ 2021 оны 3-р сарын 19-нд Тагнуулын төв газрын даргаар албан ёсоор тангараг өргөж, анхны мэргэжлийн дипломат хүн дарга болсон. У.Бёрнс нь Гадаад харилцааны албаны хамгийн өндөр албан тушаалын Элчин сайд бөгөөд Төрийн нарийн бичгийн даргын орлогчоор ажиллаж буй хоёр дахь дипломат ажилтан юм. 2005-2008 онд Орост Элчин сайдаар ажиллаж байсан хүн.
АНУ-ын Тагнуулын төв газрын даргын орлогч
[засварлах | кодоор засварлах]Энэ албан тушаалд Стивен Р. Кейпс (Stephen R. Kappes) ажиллаж байсан.
Орлогч даргын туслах
[засварлах | кодоор засварлах]АНУ-ын Тагнуулын төв газрын даргын орлогчийн туслахын орон тоог 2006 оны 7 сарын 5-нд бий болгожээ. Орлогч даргын туслах нь Тагнуулийн төв газрын гүйцэтгэх захирлын гүйцэтгэж байсан албан үүргийг биелүүлдэг. Энэ албан тушаалыг Майкл Ж. Морелл (Michael J. Morell) хашиж байсан.
АНУ-ын Тагнуулын төв газрын захирагчийн ажлын алба
[засварлах | кодоор засварлах]АНУ-ын Тагнуулын төв газрын захирагчийн ажлын алба нь тагнуулын байгууллагын албан хаагчдаас ирүүлсэн мэдээллийг хүлээн авч, задлан шинжилдэг.
Үндэсний нууц алба
[засварлах | кодоор засварлах]Үндэсний нууц алба (шуурхай хэсэг) тагнуулын мэдээ цуглуулах, нууц ажиллагаа зохион байгуулах ажлыг хийдэг. Одоо энэ албаны даргаар Майкл Сулик (Michael Sulick) ажиллаж байна.
Шинжлэх ухаан-техникийн алба
[засварлах | кодоор засварлах]Тагнуулын мэдээлэл цуглуулахад ашиглах техник хэрэгсэл зохион бүтээж, туршилт явуулдаг. Одоо энэ албаны даргаар Стефани Л. О’Салливан (Stephanie L. O’Sullivan) ажиллаж байна.
Хангамжийн алба
[засварлах | кодоор засварлах]Тагнуулын байгууллагын ажилтаны хэрэглээнд зориулан хангамжийн ажлыг хариуцдаг. Энэ албаны даргаар Скотт Уайт (Scott White) ажиллаж байна.
Тагнуулын түүхийн төв
[засварлах | кодоор засварлах]АНУ-ын тагнуулын төв газрын түүхтэй холбоотой материалыг хадгалж, судалдаг. Энэ албаны даргаар Кармен А. Медина (Carmen A. Medina) ажиллаж байна.
Хуулийн зөвлөгөө өгөх төв
[засварлах | кодоор засварлах]Энэ албаны ажилтнууд нь тагнуулын төв газрын ажилтнууд дүрэм журам сахин мөрдөж ажил үүргээ гүйцэтгэж байгаа эсэхийг нягтладаг. Одоо энэ албаны даргаар Жон А. Риццо (John A. Rizzo) ажиллаж байна.
Ерөнхий шинжээчийн газар
[засварлах | кодоор засварлах]Ерөнхий шинжээчийг АНУ ерөнхийлөгч томилон Сенатын гишүүд баталдаг байна. Ерөнхий шинжээч нь Тагнуулын төв газрын даргад ажлаа тайлагнадаг. Ерөнхий шинжээч нь Тагнуулын Төв Газрын офис, хилийн чанад дахь салбаруудад аудитын шалгалт хийдэг. Ерөнхий шинжээч нь хагас жил тутамд нэг удаа тайлан бичиж Тагнуулын Төв Газрын даргад илгээдэг. Тагнуулын төв газрын дарга энэ тайлантай танилцаад АНУ-ын Конгрессын тагнуулын асуудал эрхэлсэн хороонд танилцуулдаг.
Олон нийттэй харилцах газар
[засварлах | кодоор засварлах]АНУ-ын тагнуулын төв газрын үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг олон нийтэд өгөх ёстой. Одоо энэ албаны даргаар Марк Мансфилд (Mark Mansfield) ажиллаж байна.
Цэргийн асуудал эрхэлсэн газар
[засварлах | кодоор засварлах]Цэргийн асуудал эрхэлсэн газар нь АНУ-ын зэвсэгт хүчний салбарт тагнуулын ажил хийхэд дэмжлэг үзүүлдэг. АНУ-ын тагнуулын төв газрын ажилтнуудын сургах, бэлтгэх зориулалтай хоёр төв бий. Эхний төв нь АНУ-ын Виржини мужийн Кэмп-Пири цэргийн баазад The Farm нэрээр үйл ажиллагаа явуулдаг. Тагнуулын ажилтан бэлтгэх хоёр дахь төв нь Хойд Каролина мужийн Харвай Пойнт хотод The Point нэрээр үйл ажиллагаа явуулдаг.
Гадаадын улсуудад зохион байгуулсан төрийн эргэлтүүд болон оролдлогууд
[засварлах | кодоор засварлах]АНУ-ын тагнуулын төв газраас зохион байгуулж байсан тусгай ажиллагааны заримаас дурдвал:
- 1954 онд Гватемал улсын шинээр сонгогдсон ерөнхийлөгч Хакобо Арбенсаг төрийн эрх мэдлээс зайлуулах зорилгоор PBSUCCESS код нэртэй ажиллагаа хийжээ. АНУ-ын тагнуулын төв газрынхан хөлсний цэргүүдийг ашиглан Гватемал улсын хүн амын нягтрал ихтэй хотуудыг бөмбөгдүүлжээ. 1954 оны 6 сарын 27-нд Арбенс албан тушаалаасаа огцорч түүний оронд америкийн талыг баримтлагч Кастильо Армас ерөнхийлөгч болсон юм.
- АНУ-ын тагнуулын төв газар Өмнөд Вьетнамын тусгай алба, цагдаагийн газартай хамтран “Феникс” тусгай ажиллагааг зохион байгуулжээ. Энэ тусгай ажиллагааны гол зорилго нь Өмнөд Вьетнамыг чөлөөлөх үндэсний фронтын улс төрийн бүтцийг устгахад чиглэгдсэн байна.
- 1979-1989 онд ЗХУ-ын засгийн газар Афганистанд цэргийн ажиллагаа явуулах үед Афганистаны можахедуудыг зэвсэглэх зорилгоор АНУ-ын тагнуулын газар “Operation Cyclone” тусгай ажиллагаа хийжээ. Энэ бол дэлхийн түүхэнд удаан үргэлжилсэн, зарлага ихтэй нууц ажиллааганы нэг юм. 1987 оны байдлаар Афганистаны дайчдыг зэвсэглэхийн тулд зарцуулсан мөнгө 630 сая доллар болсон байна.
- 1961 оны 4-р сарын 15-нд АНУ-ын засгийн газар Кубын удирдагч Фидель Кастрог төрийн эрх мэдлээс зайлуулахын тулд “Булангийн гахайнууд” тусгай ажиллагааг хийжээ. Энэ өдөр тагнуулын төв газрын удирдлага доор Америкийн зэвсэгт хүчнийхэн Кубын нисэх онгоцны буудлыг бөмбөгдсөн байна. Гэвч энэ тусгай ажиллагаа эхлэхээс өмнө Кубын цэргүүд байлдааны онгоцоо өөр газар нууж, оронд нь макет тавьсан байжээ. 4-р сарын 17-нд америкийн цэргүүд, хөлсний цэргүүд Куба арал дээр буужээ. Энэ ажиллагаа бүтэлгүйтэж десантын олон цэрэг олзлогдсон юм.
- 1980-аад оны сүүлээр Никарагуа улсын сандинист засгийн газрын эсрэг үймээнийг дэмжих зорилгоор санхүүжилт хийжээ. Тухайн үед Иран улсад зэвсэг нийлүүлэхийг хориглосон хориг хүчин төгөлдөр үйлчилж байв. АНУ-ын засгийн газар энэ хоригийг зөрчин Иранд зэвсэг худалдах орлогыг нь Никарагуа дахь үймээн самууныг санхүүжүүлэхэд зориулсан юм.
Тамлан зовоолт
[засварлах | кодоор засварлах]2007 оны 12-р сард АНУ-ын Тагнуулын төв газар байцаалт өгсөн хүмүүсийн дүрс бичлэгийг устгасан гэдгээ хүлээн зөвшөөрсөн байна. АНУ-ын Тагнуулын төв газрын даргаар тухайн үед ажиллаж байсан Майкл Хайден энэ бол байгууллагын дотоод аюулгүй байдалтай холбоотой гэж тайлбарлаж байлаа. АНУ-ын тагнуулын байгууллага сэжигтнээс мэдүүлэг авахын тулд толгойг нь усанд дүрдэг гэж 2008 оны 2-р сард Майкл Хейден мэдэгдсэн байна. Энэ бол тамлан зовоолт биш. Харин мэдүүлэг авах нэг арга гэж тодорхойлжээ. АНУ-ын конгрессын гишүүд ийм аргаас татгалзахыг Тагнуулын төв газарт уриалжээ. Гэвч ерөнхийлөгч асан Жорж Буш энэ хоригийг дэмжихгүй гэж мэдэгдсэн байна. 2009 оны 1 сарын 22-нд АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама сэжигтнүүдийг тамлан зовоохыг хориглосон зарлиг гаргажээ. Waterboarding гэж нэрлэсэн энэ аргыг хэрэглэсэн тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэх эсэх асуудлаар АНУ-ын хууль зүйн департамент хэлэлцүүлэг зохион байгуулсан юм.
Тагнуулын төв газар ба урлаг
[засварлах | кодоор засварлах]АНУ-ын Тагнуулын төв газрын үйл ажиллагааны тухай уран сайхны кино, уран зохиол олон бий. Жишээ нь Three days of the Condor (1975), Spy Game (2001) зэрэг киног нэрлэж болно. АНУ-ын кино урлагийн төв Холливууд тагнуулын төв газар бол бүгдийг хийж чадах хамгийн хүчирхэг байгууллага гэсэн ойлголтыг нийгэмд төрүүлэхийг чармайдаг. «Чарли Уилсоны дайн» (2007) кинонд Тагнуулын төв газрынхан нууц ажиллагааг санхүүжүүлж байгаа аргачлалын тухай дэлгэрэнгүй үзүүлдэг байна.
Нууц шорон
[засварлах | кодоор засварлах]АНУ-ын тагнуулын төв газрын харьяа шоронгууд дэлхийн хэд хэдэн улсад байгаа тухай 2005 оны 11-р сарын 2-нд дэлхийн томоохон хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлсэн юм. 2009 оны 4-р сар хүртэл АНУ-ын засаг захиргаа нууц шорон бий гэдгээ хүлээн зөвшөөрөөгүй байна. АНУ-ын тагнуулын төв газрын нууц шоронгийн талаар хамгийн түрүүнд “The Washington Post” сонин мэдээлэл дамжуулжээ. Зүүн Европын Польш, Румын улсад АНУ-ын тагнуулын төв газар нууц шорон байгуулсан байна. 2004 оны 6-р сард Их Британийн “The Observer” сонин хойд Африкийн Марокко улсад “Аль Тамара”, Египетийн аюулгүй байдлын газрын төв байранд «Мулхак аль-Мазра» шоронг АНУ-ын тагнуулын төв газрынхан ашигладаг тухай мэдээлэл гарчээ. Мөн Польш, Украин, Катар, Саудын Араб, Тайланд улсад АНУ-ын тагнуулын төв газрын харьяа түр саатуулах газар бий. Марокко улсын “Аль-Тамаре”, “Мулхак аль-Мазре” шоронд хоригдож байгаа хүмүүсийг тамлан зовоодог тухай Их Британийн Би Би Си уламжилж байсан юм. Мөн Литва улсад АНУ-ын тагнуулын төв газрынхан шоронтой байсан гэж ABC телевиз мэдээлж байлаа. Европарламентын тусгай хорооны гишүүн Клаудио Фава "АНУ-ын тагнуулын төв газар алан хядлагад сэжиглэгдэж байгаа хүмүүсийг хулгайлах тогтолцоог бодож олсон. Үүнийгээ ч хэрэгжүүлдэг" гэж 2006 оны 11-р сарын 30-нд мэдэгдсэн байна.
Цахим холбоос
[засварлах | кодоор засварлах]Wiktionary: АНУ-ын Тагнуулын төв газар – Энэ үгийг тайлбар толиос харна уу |