Аригбөх

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт

Аригбөх (ᠠᠷᠢᠴᠪᠥᠺᠠ, 1232-1266) бол Чингис хааны отгон хүү Тулуйн хүү юм. Түүний эх нь Хэрэйдийн Ван ханы дүү Жаха Хамбугийн охин Сорхагтани Бэки байжээ. Аригбөх 1260-1264 оны үед Их Монгол улсын хааны сууринд суужээ. Тэрээр өөрийн ах Хубилайтай хийсэн тэмцэлд хүчин мөхөсдөж, арга буюу Хубилайд бууж өгсөн юм. 1266 онд Аригбөх Хубилай хааны харгалзаанд байж байгаад нас баржээ.

Бага нас[засварлах]

Тухайн үед түүний ах Мөнх ба Хубилай өмнөд болон баруун Азид байлдаж байх үед Аригбөх уугуул эзэмшил нутагт амьдарч байжээ.

Хаан ширээний төлөөх тэмцэл[засварлах]

Мөнх хааныг 1259 онд нас барсны дараа хаан ширээний төлөөх тэмцэл эхэлжээ.Ах нарынхаа эзгүйд Аригбөх хаан суудалд сонгогдож , түүнийг тэр үеийн сайдууд болон Мөнх хааны гэр бүл, зарим алтан ургийн ноёдууд дэмжиж байв.Аригбөхийг хаан өргөмжлөхөд Хархорумд Их хуралдай хуралдуулж, олонх хан хөвгүүд, угсааны ноёд, нөлөө бүхий сайд, жанжин нарыг оролцуулжээ. Аригбөх монголын хаан ширээнд суух бэлтгэл хийж буй тухай мэдээг Хубилай сонсмогц яаравчлан Кайпин /хожмын Шанду/ хотод билгийн 1260 оны 3-р сарын 24-нд буюу аргын 1260 оны 5-р сарын 6-нд нэгэн Их хуралдай зарлан хуралдуулж, өөрийгөө Монголын зүй ёсны Их хаан хэмээн өргөмжилсөн байна. Тэр үед Хубилай 44 настай байжээ. Дараа нь Аригбөх билгийн улирлын 4-р сарын сүүлчээр аргын тооллын 1260 оны 5-р сарын 12-ноос 6-р сар хүртэл Орхон голын эхэнд бас ноёдын Их хуралдайг хуралдуулж, өөрийгөө монголын албан ёсны Их хаан гэж зарлав. Ингэж 1260 онд Их Монгол улсад хоёр хуралдай хурж, хоёр хаан сууж, хоёр нийслэл гарсан билээ. Ийнхүү Хубилай ганцхан өдөр Их хуралдай-г зарлан хурсан бол, Аригбөх хууль ёсны дагуу Хархорумд 20 гаруй хоног хуралдсан ажээ. Аригбөх, Хубилай ах дүү хоёрын хаан ширээний төлөө тэмцэл чухамхүү ингэж эхлээд удсангүй цус урсгасан зэвсэгт мөргөлдөөн болон хувирчээ. Мөнх хааны хатан тэргүүтэй олонхи монгол ноёд Их хуралдайг уламжлалт газар хуралдуулсан Аригбөхийн талыг идэвхитэй дэмжсэн байна. Хубилайн хувьд бол монгол улсын хаан ширээ залгах ёсыг зөрчиж алт, мөнгө, эд бараанд татагдсан өөрийн талын хэсэг монгол ноёдыг Кайпин-Шандуд аваачин ёс бус хуралдай зарлан хуралдуулж, өөрийгөө хаан ширээнд өргөмжилсөн юм. Хубилай монголын хаан ширээг булаан авахаар дүү Аригбөхийн эсрэг тэмцэхдээ, Кайпин хотыг монгол гүрний нийслэл хэмээн зарлаад Хархорумтай өрсөлдүүлэн тавьжээ. Нөгөө талаар Аригбөхтэй дайтах нь гарцаагүй хэрэг гэдгийг мэдэж, нууцаар цэргийн хүч сэлбэн байжээ. Аригбөх төр улсынхаа уламжлалт ёс журмыг үл хайхран хувийн эрх ашиг хичээсэн ахынхаа эсрэг арга буюу зэвсэгт тэмцэл хийхэд хүрсэн ажээ. Хубилайд Тулуйн угсааны Хадан мэтийн ноёд цэргийн хүчээр идэвхитэй тусалсанаас гадна хятадын цэргийн ихээхэн хүч Аригбөхийн эсрэг дайнд шууд гар бие оролцожээ.1260 оны намар Аригбөх, Аландар нар тэргүүтэй цэргийн хүч хоёр хуваагдан, Кайпин хот тийш айсуйг Хубилай сонсмогц тэдний эсрэг хоёр замын их цэргийг угтан гаргажээ. Хоёр замын цэргийг Хубилай, Хадан нар удирджээ. Эхлээд Хадан, Аландар нарын цэрэг монголын их говийн өмнө захад ширүүн тулалдан, Аландарын тал ялагдлаж өөрөө алагджээ. Аригбөх, Хубилай нарын удирдсан цэргийн гол хүч мөн л монголын говийн өмнөд этгээдэд тулалдаж Аригбөх ялагдаж ухарсан байна. Хубилай Аригбөхийн цэргийг Орхон, Туулын савд хүртэл мөрдөн цохиж, Хархорумыг эрхэндээ оруулан авч Есүнгэ ноёноор удирдуулсан хэсэг цэргийг тэнд сахиулан суулгаад цэргийнхээ гол хүчийг авч Кайпин хотруу буцжээ. Хубилай ийнхүү яаравчлан буцсан явдал дүү Аригбөхөд дахин дайн хийх боломж хүч байхгүй гэж бодсоноос гадна Өмнөд Сүн улсыг бүр мөсөн байлдан дагуулах аян дайнтай холбоотой байжээ. Түүнээс гадна ер нь Хубилай угаас Хархорумд гүрний нийслэлийг урьдын адил төвлөрүүлж болохгүй гэж үзээд, шинэ барьсан Кайпин хотыг түр нийслэл болгож улмаар Бээжингээр нийслэллэх алсын зорилго тавьжээ. Хубилайн цэргийн гол хүч Хархорумаас явсан тэр сиймхийг Аригбөх ашиглаж, 1261 оны зун, намрын улиралд өөрийн хүчийг сэлбэн зузаатгах ажлыг сэм хийж цэргээ сургуулилж, агт морио амрааж, дахин байлдах бэлтгэлтэй болжээ. Ингээд Есүнгэ ноёны цэргийг довтлон бут цохиод Хархорумыг буцаан авчээ. Аригбөх 1261 оны өвлийн эхэн сарын орчмоор бүх цэргийнхээ хүчийг авч дахин Кайпин руу чиглэн хөдөлж Хубилайг хоёрдахь удаагаа довтолжээ. Аригбөхийн довтлон айсуйг Хубилай сонсмогц Өмнөд Сүн улсыг байлдах хэргээ арга буюу түр зогсоож цэргийнхээ гол хүчийг авч, Аригбөхтэй байлдахаар умард зүг яаравчлан хөдөлжээ. 1261 оны өвөл монголын говь нутгын заагт ах дүү хоёрын цэрэг дахин хүч сөрөн хэдэн өдөр үргэлжилсэн ширүүн тулалдаан хйисний эцэст Аригбөхийн тал ялагдаж ухран буцсан байна. Ингэж Аригбөхийн тал хоёр дахь удаагаа шийдвэрлэх тулалдаанд ялагдаж, үлэмжийн хохирол хүлээжээ. Үүнээс хойш бас Аригбөх аар саар довтолгоо удаа дараа хийсэн боловч тэр бүхэн амжилт олсонгүй.

Бууж өгсөн нь[засварлах]

Хятад ба Цагаадайн улсын зүгээс Хархорумд нэвтрэн орох худалдааны замыг Хубилай хааснаас болж Аригбөхийн тал хоол ундаар гачигдах зэрэг элдвийн бэрхшээлд тулгарчээ. Иймээс цэргийнхээ хүчийг дахин нөхөн сэлбэхэд үнэхээр хүнд болжээ. Мөн Цагаадайн улсын хан Алгуй урваж Хубилайн талд оржээ. Тэрээр тэнгэр уулын хавийн монголчуудад нэр хүнд олсон байжээ. Энэ учраас Аригбөх монголын баруун талаас хүч дэмжлэг олохоор Хархорумыг түр орхин Алтайн уулсыг давж, Илийн хөндийд хүрчээ. Гэвч удаа дараагын дайн байлдааны хор хөнөөлөөр зүдрэх, ядрахын туйлд хүрсэн Аригбөхийн цэрэг зам зуураа аргагүйн эрхэнд дээрэм тонуул ч хийхэд хүрсэн зэргээс тэр нутгийн ард олны дэмжлэгийг гүйцэд олсонгүй. Аригбөх Алтайг давж Алгуйтай хэдэн удаа байлдаж зугатуулсан байна. Тэр зуур Аригбөх Илийн хөндий дэх нутгийн хүн ардыг бас зовоож, ялангуяа тэнгэр ууланд үлдсэн Алгуйн харъяат монгол цэрэг, даргыг хүйс тэмтрэн хядаж, олны дургүйцлийг хүргэсэн ба мөн түүний цэрэг дотор ч санал сэтгэл алдагдах гарч нилээд хэсэг нь Хубилайд дагаар орсон байна. Аригбөх цаашид тэмцлээ үргэжлүүлэх бололцоогүй болж 1264 онд Хубилайд бууж өгчээ. Чухам ингэж ах дүү хоёрын хоорондын зэвсэгт мөргөлдөөн дууссан боловч монголын хаан ширээний төлөөх тэмцэл зогсоогүй, уул тэмцлийг Хайду ноён толгойлон үргэлжлүүлжээ. Аригбөхийг Шанду хотод очиж бууж өгсний дараа Хубилай түүнийг дуудан уулзаж, Ах дүү хоёрын хэн нь хаан суух ёстой юм бэ ? гэж ихэмсэгээр асуухад, Аригбөх "Миний ёсоор бол би суух ёстой, одоо чи суужээ" гэж хариулсан байдаг. Хубилай дүүгийн амийг хэлтрүүлж,бүтэн жил нүдэнд нь үзэгдэхгүйгээр шийтгэсэн ба түүнтэй талцан хамт явсан ноёдыг алтан ураг-ийн дотор хагарал тэмцэл гаргасан хэрэгт холбогдуулан, хатуу ширүүн цээрлүүлэн шийтгэж олонхийг нь цаазаар авчээ. Аригбөх 1266 онд хүнд өвчнөөр нас баржээ. Аригбөх, Хубилай нарын хооронд өрнөсөн дайн дажин бол хаан ширээний төлөөх тэмцэл байсан боловч бодит байдлаараа Аригбөхийн тэмцэл нь улс гүрний төвийг монголд хэвээр байлгаж, монгол нутгийг урьдын адил гүрний төв нутаг хэвээр байлган үлдээхэд чиглэгдсэн байжээ.Гэвч үүнийг өнөө үеийн Хятадын засаг захиргаа Хубилайг Хятад хүн, Хятад дэлхиийг байлдан дагуулсан мэтээр дунд сургуулийн сурах бичигт зааж байгаа нь ёс журамд нийцэхгүй зүйл бөгөөд үүндээ Хятадын засаг захиргаа тайлбар тавих нь зүйн хэрэг билээ. Түүх бол түүхээрээ үлдэх ёстой.

Эх сурвалж[засварлах]

  • Морис Россаби <<Монголчуудын их гүрний алтан зуун>>