Jump to content

Гомбожаб Цэбекович Цыбиков

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Гомбожаб Цэбекович Цыбиков

Гомбожаб Цыбиков буюу Цэвэгийн Гомбожав (бур. Сэбэгэй Гомбожаб, орос. Гомбожа́б Цэ́бекович Цы́биков, 1873 оны 4-р сарын 20(?), Хаант оросын Ар Байкалын мужийн Урд-Ага тосгонд төрсөн - 1930 оны 9-р сарын 20, Агинское, Буриад, ЗХУ, одоогийн Забайкальский край) Оросын нэрт монголч эрдэмтэн, төвд судлаач, гэрэл зурагчин байсан. Түүний Төвөдийн Лхас хотод 1900-1901 онд нууцалж авсан гэрэл зургууд Лхасын хамгийн анхны гэрэл зураг байжээ. 1919 онд орос хэл дээрх "Монгол, Төвдөөр зорчсон тэмдэглэл"-ээ Санкт-Петербургт хэвлүүлжээ. Одоогоор энэ ном англи, монгол, польш, франц, хятад, чех хэлээр орчуулагдан гараад байна.

Тэрээр Цебек Монтуев буюу Монтын Цэвэгийн гэрт бурханы шашны уламжлал ёсоор хүмүүжиж өссөн байна. Хорь буриадын Нохойрго Хүбдүүд овогтой ажээ. Гомбожабын эцэг бие даан орос хэл сурч, нутаг нэгтнүүд нь төрийн албанд сонгож байжээ. Эхэндээ тэрээр хүүдээ Буддын шашны боловсрол олгохоор бодсон боловч хүүгийн багш нь нэрт сурган хүмүүжүүлэгч Равдангийн Буд буюу Буда Рабданов Агийн сургуульд сургахаар явуулсан байна.

Тэгээд Гомбожаб Чита хотын гимназид ороод сургуулиа мөнгөн медальтай төгсөөд 1893 оны 7-р сарын 2-ны өдрийн тэтгэлгийн 5-р заалтыг үндэслэн Эзэн хааны Томскийн их сургуульд үргэлжлүүлэн суралцах эрхтэй болжээ. Тэрээр өөрийн сонголтоор Оросын анагаах ухааны боловсролын таван шилдэг төвийн нэг болох Томскийн их сургуулийн Анагаах ухааны факультетэд элсэн орсон.

Буриадын алдарт эмч, улс төрч Пётр Бадмаев Томск хотоор дайрч өнгөрөхөд түүнтэй танилцаад анагаах ухааныг орхиж, дорно дахины шинжлэх ухаанд суралцахыг ятгажээ. Гомбожаб зөвшөөрч Монголын Өргөө рүү явж, Санкт-Петербургийн их сургуульд орохоор Бадмаевын буриадуудад зориулан байгуулсан сургуульд хятад, монгол, манж хэл сурчээ.

Улмаар тэрээр 1895 Санкт-Петербургийн Их Сургуулийн дорно дахины факультетад П.Бадмаевын тэтгэлгээр элсэн орж 1899 онд алтан медальтай төгссөн байна. 1899—1902 онд Монгол, Төвдөөр зорчиж нууцаар гэрэл зураг авч байжээ. Тэрээр төвд ярианы хэл сайн сурсан онцлогтой хүн тул 1905 онд Английн цэрэг Төвдөд нэвтрэхэд 13-р Далай лам зугтаж Монголын Их хүрээ орон Оросын талаас тусламж хүсэх тухай хэлэлцээрт оролцон орчуулагч хийж байжээ. Дараа нь 1917 он хүртэл монгол судлаач эрдэмтэн Алексей Позднеевын байгуулсан Владивосток хотын Их сургуулийн дорно дахины хүрээлэнгийн Монгол, Төвд хэлний тэнхимийн анхны профессороор ажилласан. Владивостокт, Цэвэгжавын Гомбожав монгол, төвд хэл сурах олон ном, заах материал гаргаснаас гадна Богд Зонховын "Бодь мөрийн зэрэг" номын эхний хоёр ботийг орос хэл рүү орчуулсан байна.

1917 оны Оросын коммунист хувьсгалын дараа, тэр Улаан-Үдэд ирж Буриадын автономийг бий болгоход их үүрэг гүйцэтгэсэн юм. Улаан-Үд дэх шинэ Буриадын Хэл, Зохиол, Түүхийн Хүрээлэнгийн үүсэн байгуулагчдын нэг бөгөөд хамгийн алдартай гишүүн нь байв. 1922 онд Буриад-Монголын шинжлэх ухааны хороог зохион байгуулагчдын нэг болсон бөгөөд 1924-1928 онд тус хорооны шинжлэх ухааны нарийн бичгийн даргаар ажиллаж байсан.

Буриад-Монголын Автономит Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Улс байгуулагдсаны дараа Цыбиков автономит улсын соёл, үндэсний бүтээн байгуулалтад идэвхтэй оролцов. Хэд хэдэн сурах бичиг зохиож, Буриадын сурган хүмүүжүүлэх дээд сургуульд оюутнуудад хичээл заажээ.

Мөн тэрээр 1928 онд Эрхүүгийн Их Сургуулийн профессор болж, монгол соёл, хэл зохиолын холбогдолтой өгүүлэл олныг бичсэн хүн юм.

  • Цыбиков, Гомбожав Цэбекович. Монгол, Төвдөөр зорчсон тэмдэглэл. Орчуулсан, моотгон Д. Бадамням. Орчуулгын редактор Ц. Сүхбаатар. 3-р хэвлэл. Монсудар хэвлэлийн газар, Улаанбаатар, 2001. 244 хуудас.

Гадны гогцоонууд

[засварлах | кодоор засварлах]