Jump to content

Аблайн хийд

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Аблайн хийд

Аблайн хийд (Ойрад аялгаар хал. Аблаин кит, хас. Аблайкет) нь Зүүнгарын хаант улсын үеийн Буддын сүм, бэхлэлт цайз юм. 1654 онд Хошуудын тайш Аблай барьж байгуулжээ. Аблай тайш (? — 1674) нь Галдан бошигт хааны хадам Очирт цэцэн ханы эх өөртэй ах нь юм. Түүний эзэмшил нутаг нь Зайсан нуураас хойш Эрчис мөрний дагуу, одоогийн Казах улсын Зүүн Казах муж, Улаан муж, Павлодар муж, Семей мужийн нутгийг хамардаг. Аблайн хийд-цайзын туурь Эрчис мөрний хойд эрэгт хадтай уулын өвөрт, одоогийн Өскемен хотын урд байрлана.

Аблайн хийдийн буурин дээр Цагаан хаант Оросын хайгуулын цэргүүд бэхлэлт суурийн байгуулж хожим Усть-Каменогорск гэж нэрлэжээ. ЗХУ-ын үед энэ бүс нутаг Казахстаны БНУ-ын засаг захиргаанд шилжин ирээд, ЗХУ задрахад Казах улсын бүрэлдэхүүнд үлдсэн байна. Хүн ам нь орос голдуу байсан боловч казах иргэд ихээр шилжин сууршиж, сүүлд казах хэлэнд дөхүүлэн Усть-Каменогорск хэмээх орос нэрийг нь Өскемен болгож сольжээ.


Засаг захиргааны түүх

[засварлах | кодоор засварлах]

Эрчис мөрний сав нутаг нь эртнээс Монголын төрт улсуудын эзэмшил нутаг байлаа. 17-р зуунд Монголын Зүүнгарын хаант улсын Хошууд түмэний гол нутаг байв. Манж гүрэн Монголын Зүүнгарын улсыг хэрцгийгээр даран сөнөөсний дараа энэ нутагт байсан үлдэгдэл хошууд, урианхай, цагаан ойрад овгуудаас газар нутгийг нь Цагаан хаант Орос гүрэн цэрэг зэвсгийн хүчээр булаан эзэлж цайз шивээ байгуулж эхэлсэн. 17-р зууны 2-р хагас Цагаан хаант Орос гүрэн бүрэн эзэмшилдээ оруулж Алтайн уулын тойрог (Алтайский горный округ) гэсэн засаг захиргааны нэгж байгуулан Томскийн губерн-д харъяалуулсан. 1920 онд энэ бүс нутагт зөвлөлт засаг тогтох үед Омскийн губерн гэсэн засаг захиргааны нэгж Томскийн губернээс салж байгуулагдсан. 1921 онд Омскийн губернээс ихээхэн газар нутаг Хиргисийн Өөртөө засах БНУ (Киргизской АССР)-н бүрэлдэхүүнд шилжсэн. 1925 онд Казахын Өөртөө засах БНУ(Казакская АССР)-н бүрэлдэхүүнд багтаж 1936 онд Казахын БНУ(Казахская ССР)-н нутаг болсон. Улмаар 1991 онд БН Казах улс(Казахстан) тусгаар тогтноход Казах улсын нутаг дэвсгэр болсон байна.

Энэ орчим тод бичиг болон, төвөд үсгээр бичсэн хадны бичиг дурсгалууд түгээмэл буй.