Буддын шашин

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
— «Бурханы шашин» гээд холбогдов —
Харайх: Удирдах, Хайлт
Орчин цагийн монгол бичгийн нэрс
худам монгол дүрмээр ᠪᠣᠲᠲᠾᠠ ᠶᠢᠨ ᠱᠠᠰᠢᠨ
(buddha-yin šasin) 
кирил буриад дүрмээр Буддын шажан 
кирил монгол дүрмээр Буддын шашин 
кирил халимаг дүрмээр Буддын шажн 
Холбогдох зураг

Буддын шашин (Бурханы шашин, Буддизм) нь ХТӨ V зуунд Сиддарта Гаутамагийн үндэслэсэн шашин, гүн ухаан юм.

Түүх[засварлах | edit source]

Буддын шашин нь Ази тив, түүний дорно дахинаа үүсэж, дэлгэрэн тархаж дэлхийн энэ бүс нутгийн хүн ардын соёл иргэншлийн үндэс болон хөгжиж иржээ.

Буддын шашныг үндэслэгч Сиддарта Гаутама нь түүхт бие хүн байсан бөгөөд эртний Энэтхэг орны умар зүгт орших Шагж вангийн мэдлийн нутагт буюу одоогийн Балбын Лүмбинид хаан хөвгүүн болж мэндэлсэн гэж эртний түүх шаштирт тэмдэглэгдсэн байдаг. Тэрээр 29 нас хүртлээ хааны ордонд амьдран эхнэр хүүхэдтэй болсон хойноо амьдралыг судлах зорилго тавьжээ. Ийнхүү ордноос гарч 6 жил ууланд суун даяан хийн гэгээрч, хутагтын дүрийг олон "Хутагтын Дөрвөн Үнэн"-ий сургаалийг айлдсан нь Буддын гүн ухааны үндэслэл болсон байна.

Ийнхүү Буддын гүн ухаан нь дэлхийн анхдагч гүн ухаан гэж зүй ёсоор тооцогддог бөгөөд философын олон урсгалын дэвсгэр болсон гэж үзэгддэг. Өнөө үед буддын шашин болон түүний гүн ухааны онолыг Ази тивийн олонхи орон, тухайлбал, Энэтхэг, Балба, Хятад, Бутан, Шри Ланка, Бирм, Лаос, Тайланд, Камбож, Вьетнам, Сингапур, Монгол, Япон, Солонгос зэрэг орны ард түмэн даган биширдгээс гадна сүүлийн жилүүдэд өрнөдийн орнуудад, тухайлбал, АНУ, Их Британи, Франц, Итали, Голланд зэрэг орнуудад буддын гүн ухаан судлал идэвхтэй явагдан, сонирхогчдын тоо ч нэмэгдсээр байна.

Буддын шашин Монголд[засварлах | edit source]

Буддын шашин Монголын газар нутагт анх ХТӨ 3-2-р зуунд орж ирсэн тухай зарим таамаглал нь Модун шаньюйн үе буюу ХТӨ 209 - 174 оноор огноологдсон байдаг. Энэ үеэс эхлэн он цагийн турш цэцэглэн хөгжин, буурч доройтон ирсэн ч сэтгэгчид нь ном зохиолоо тасралтгүй туурвин ирсэн байдаг.

Монголын Эзэнт гүрний үе буюу Юань Улс мөхөн доройтохтой зэрэгцэн 1182-1270 онуудад анх буддын гүн ухааны зохиолуудыг монгол хэлнээ орчуулах ажил эхэлсэн гэж тэмдэглэгдсэн байдаг. Үүнд сэтгэгч Саж Бандид Гунгаажалцан (1182-1251) Сахъяа ёсны номлолын судраас монгол хэлнээ хөрвүүлж байсан гэдэг. Энэ үеийн сэтгэгчид тухайлбал Чойжи-Одсэр (1214-1294), Дарамбал (1268-1283), Содномгалсан (1230-1296), Ролбийдорж (1340-1383) нарын Их хөлгөн судрын орчуулга болон тэдний өөрсдийн бичсэн тайлбар судрууд үе дамжин судлагдсаар байна. Сэтгэгч Чойжи-Одсэр гэхэд л 7-р зууны үеийн Энэтхэгийн сэтгэгч Шантидевагийн бичсэн "Boddhicaryavatara" хэмээх гүн ухааны бүтээлд зориулж 300 хуудас тайлбар судрыг бичсэн бөгөөд эл судрыг 1000 хувь хэвлэн түгээсэн байдаг. Мөн Дөрвөн мутарт Лхам бурхны түүх буюу "Mahakala Namo Stuti" судар мөн "Бурхан багшийн арван хоёр зохионгуй", "Manzushri Namo Samghiti" буюу Оюун ухааны дээд хэмээх судруудыг орчуулжээ.

Их орчуулагч Сэсрэв Сэнгэ Буддын сургааль "Алтангэрэл" хэмээх судрыг 1328 онд орчуулсан байдаг.

14-р зууны сүүл гэхэд Будон Ренчиндэв гэдэг хүн алдарт "Ганжуур", "Данжуур"-ыг бүрэн эхээр нь цуглуулан Монголд оруулж ирсэн бөгөөд Лигдэн хааны (1592-1636) үед бүрэн орчуулж дууссан байна.

Буддын гүн ухаан нь ийнхүү үе дамжин судлагдсаар дөнгөж 14-р зууны сүүл гэхэд л гүн ухааны их хөлгөн судрууд бараг орчуулагдаж дууссан байна. Ингэснээр Буддын шашны шар малгайтны буюу Их хөлгөний урсгалыг монгол үндэстнүүдэд таниулах угтвар нөхцөл бүрдэж эхэлжээ.

Буддын гүн ухаан бүр Хүннүгийн үе буюу нийтийн тооллын өмнөх Монголд дэлгэрснээс хойш хөгжлийн 3 үе туулсан гэж үздэг. 17-р зууны үед амьдарч байсан Монголын Сүмбэ Хамба Ишбалжирын "Пагсам Чонсон" хэмээх бүтээл мөн Зава Дамдин гавжийн "Алтан Дэвтэр" хэмээх алдарт судруудад бичсэнээр энэ нь Буддизмын түрүү дэлгэрэлтийн үе гэж үздэг. Тухайлбал Нирун улсын үед Буддын шашин нь төрийн шашин байсан гэх таамаглал байдаг ч Буддын шашин Төвөдийн шарын урсгал хэлбэрээр олон нийтэд түгэн дэлгэрсэн бодитой он тоолол нь Түшээт хан Гомбодоржийн хүү Занабазарын хүүг Дарнатын анхдугаар хувилгаан гэж зарлаж Монголын шарын шашны тэргүүнээр өргөмжилсөн үеэс эхтэй. Төвөдийн лам хуврагууд ийнхүү Монголын хаад ноёдын итгэлийг олох, дэмжлэг ивээл авахын тулд Ар ба Өвөр Монголын ихэс дээдсийн хүүхдүүдийг өөрийн шашны хутагт хувилгаан хэмээн өргөмжлөх, хойд дүр тодруулах уламжлал маш хүчээ авчээ.

Буддын шашны Монгол дахь дунд дэлгэрэлтийн үе буюу 13-14-р зууны үе, тухайлбал, Юань гүрний мөхөлийн өмнөхөн маш хүчтэй дэлгэрч, тухайн үед мөн ордны түшмэд язгууртнуудын хүрээнд тархсан бөгөөд Чойжи-Одсэр, Шаравсэнгэ тэргүүтэй нэрт эрдэмтэд төрөн гарч буддын гүн ухааны олон арван бүтээлээ туурвисан байдгаас "Буддизмын хос ёсны зарчим" хэмээх номлол нь тухайн үеийн монгол төрийн үндэс болж байсан байдаг. Юань гүрэн Төвөдийн лам нарт онцгой эрх дарх олгон өртөө улаагаар үнэгүй явах, эрх ямба эдлүүлэх болсон нь бослого үймээн гарч, улс мөхөхийн нэг шалтгаан болжээ. Төвөдийн лам, хутагтууд энгийн ард иргэдэд дээрэнгүй хандах буюу харгислан зовоох, тамлан алах, хааны ордонд төрөл бүрийн хараал жатга, амьд хүнээр сор залах, садар самуун авирлах зэрэг үйлдлүүд нь Юань гүрний ард иргэдийг бүрдүүлж байсан Хан үндэсний тариачдын бослогын нэг шалтгаан болсон юм.

Буддизмын хожуу дэлгэрэлтийн үе буюу 16-р зуунаас хойш үед Төвөд орноос Зонхавын буюу шарын шашны хэлбэрээр орж ирсэн байна. Юань гүрэн мөхсөний дараа Төвөдийн лам нар Ар Монголд шашнаа дэлгэрүүлэх, ноёд язгууртны итгэлийг олох, ивээн тэтгүүлэхээр Лхас Ар Монголын хооронд тасралтгүй зорчиж байв. 1570-аад онд Түмэдийн Алтан хан "Далай Лам" хэмээх цол буй болгон шарын шашныг итгэн дагах болсноор энгийн ардын дунд түгэн дэлгэрчээ. Үүнээс хойш эдүгээ хүртэл 200 гаруй монголын сэтгэгчид Буддын гүн ухааныг судлан хөгжүүлж олон зуун судар ном туурвин бүтээжээ. Шарын шашны нөлөөгөөр монгол эрчүүд шарын урсгалын сүм хийдэд шавилан суух нь үлэмж ихсэж, Монголын хүн ам, цэргийн тоо аажмаар буурсаар XX зуун хүрчээ.


Шарын ба улааны шашны хагаралдаан Монголд нөлөөлсөн нь[засварлах | edit source]

Буддизм нь дотроо олон чиглэлийн урсгалтай бөгөөд үүнээс улааны ба шарын чиглэл нь анх Монголд 1600-аад оны эхээр хүч түрэн нэвтрэхдээ хоорондоо дайсагналцаж, үүнд нь Монголын тархай бутархай ханлигууд автан хоорондоо дайтаж олон мянгаараа нэгнээ хөнөөж байжээ. Энэ түүхийн гол хэсэг нь Цогт Хунтайжийн хувийн түүхэнд тодорхой тэмдэглэгдэж үлджээ. [1]

Сургааль[засварлах | edit source]

Хутагтын дөрвөн үнэн[засварлах | edit source]

Хутагтын дөрвөн үнэнд нэг бүрчлэн тайлбар хийсэн байдгийг товчлон үзүүлбэл :

  1. Зовлон үнэн - Хүн болон аливаа амьд бүхэн энэ ертөнцөд төрөн буй болсноос эхлэн зовлон эдэлнэ.
  2. Зовлонгийн шалтгаан үнэн - Хүн амьтан амьдралынхаа бүх хугацаанд амьдралд шунан зовлонгийн шалтгааныг буй болгож байдаг.
  3. Зовлонг гэтлэх нь үнэн - Сансарын хүрднээс гарвал зовлонгоос бүрмөсөн ангижран Нирван болно гэж үздэг.
  4. Зовлонг гэтлэх арга зам үнэн - Зовлонгоос ангижрах Найман зөв зам

Найман мөрт зам[засварлах | edit source]

Найман зөв замыг илтгэсэн хүрд

Найман зөв замаар явбал зовлонгоос ангижирч, нирван дүр олно гэж үздэг.

  1. Зөв сэтгэхүй
  2. Зөв санаа
  3. Зөв яриа
  4. Зөв үйлдэл
  5. зөв амьдрал
  6. Зөв зүтгэл
  7. Зөв ойлголт
  8. Зөв төвлөрөл

Үүнээс гадна хамгийн чухал ухагдахуун нь буддын шашны итгэл хэмээх ном юм.Уг сургааль нь буддын гүн ухааны бүх чухал сургаалиудыг багцлан хураасан байдаг.

Мөн үзэх[засварлах | edit source]

Эшлэл[засварлах | edit source]