Бойзөүн

Бойзөүн

Бойзөүн хамтлаг бүрэн бүрэлдэхүүнээрээ хамгийн сүүлд тайзан дээр 2009 оны тавдугаар сар

Ерөнхий мэдээлэл
Гарал

Ирланд улсын Дублин хот

Хөгжмийн урсгал

Поп

Идэвхтэй

1993 - 2000

2007 - одоо

Студи

MCA Music хөгжмийн компани болон Ravenous, Mercury бичлэгийн студи

Ронан Китинг
Кит Даффи
Мики Грэм
Шэйн Линч

Өмнөх гишүүд

Стефен Гейтли (1993 - 2009)

Бойзөүн (Англи: Boyzone) нь Ирланд улсаас гаралтай хөвгүүдийн хамтлагийн нэр юм. Тус хамтлаг нь Ирланд, Англи, Азийн орнууд, Шинэ Зеланд, Европт алдаршсан хамтлаг бөгөөд 1993 оноос 2000 оны хооронд оргил уран бүтээлүүдээ туурвиж байсан хамтлагийн залуус 2007 онд гоцлол дуучин Ронан Китинг-гийн хичээл зүтгэлээр эргэн хамтлагаараа уран бүтээл туурвих болж 2008 онд Европын томоохон хотуудаар аялан тоглолтоо хийж, 2010 онд "поп рок" урсгалын шинэ цомгоо фэнүүддээ хүргэснээр Англи, Ирланд, Герман, Австралийн борлуулалт сайтай шилдэг 10 цомгийн жагсаалтыг тэргүүлж хөгжмийн ертөнцдөө шуугиантайгаар эргэн ирсэн билээ. Бойзөүн хамтлагт 2009 онд харамсалтай үйл явдал тохиолдсон ба гоцлол дуучин Стефен Гейтли нас нөгчсөн юм.

Хамтлагийн түүх[засварлах | кодоор засварлах]

1993 онд Ирландын сонин хэвлэлүүдээр "шинэхэн хөвгүүдийн хамтлаг төрүүлэе" гарчигтай зар нийтлэгдэх болсон бөгөөд театрын менежер Луис Волш "Ирландын Take That"-ийг байгуулж амжилтанд хүргэх тухай энд онцолсон нь бий. 1993 оны 11-н сард Луис Волш Дублин хотноо хамтлагийн бүрэлдэхүүний гишүүдийг шалгаруулж авах шалгаруулалтаа явуулсан ба оролцогч 300 залуусаар эхний шатанд алдарт Жорж Майклийн "Нууц биш шивнээ" дууг дуулуулж хоёрдугаар шатанд 250 оролцогчийг үлдээж, оролцогчдоор хоёр хоёр дуу дуулуулж шалгаруулсаар эцэст нь Ронан, Стефен, Кит, Ричард, Шейн, Марк нарын зургаан залуус үлдсэн ба Ричардын хувьд саналаараа шалгаруулалтыг орхиж түүний оронд Микей орж Луис Волш гэрээгээ залуустаа гэрээ байгуулж хамтлаг байгуулагдсан түүхтэй. Эцэг эхийнхээ санаачлагаар шалгаруулалтанд бүртгүүлсэн Ронангийн хувьд Нью-Йоркт спортын коллежид суралцдаг нэгэн байсан ба ирээдүйдээ Олимпийн аварга болохыг мөрөөддөг хүүхэд, Кейтийн хувьд эцэг эх нь түүнийг хамтлагт орох болсныг таатай бусаар хүлээж авч байв. Харин 1994 онд Шэйн болон Кэйт нар машины осолд орж азаар аминаас холуур өнгөрчээ. Ийнхүү Луис Волш 1993 онд Шейн Линч, Ронан Китинг, Стефен Гейтли, Мики Грэм, Кит Даффи нарын таван гишүүний бүрэлдэхүүнтэйгээр Бойзөүн хамтлагийг байгуулсан түүхтэй ажээ. 1993 онд байгуулагдсан даруйдаа Хойд Ирландын нутгуудаар явж голчлон шар айрагны газар, шөнийн клубээр дуулж улмаар 1994 онд Полиграм хөгжмийн компанитай гэрээ байгуулж Дөрвөн улирал хамтлагийн дууг бичүүлж уг дуу нь Ирландын жагсаалтад 3-т жагсах болжээ. Цаашлаад тэд 1995 онд Сэйд энд Данн/Said And Done/ дебют цомгоо гаргаж Английн болон Ирландад борлуулалтаараа 1-т орж байсан түүхтэй.

Хамтлагийн гишүүд[засварлах | кодоор засварлах]

Стефен Гийтли
  • Ронан Китинг (1993-одоо) /1973 оны гуравдугаар сарын 3-нд төрсөн. Гоцлол дуучин, поп, баллад, дэнс поп, фолк рок чиглэлээр дуулахын сацуу хэсэг хугацаанд Луис Волшийн хамт Ирландын алдарт Вэстлайф хамтлагийн менежерийн ажлыг хийж байв. Хамтлагийнхаа уран бүтээлийн хажуугаар бие даасан уран бүтээл хийж хамтлагийн бусад гишүүдээсээ арай илүү олон нийтэд танигдсан нэгэн. 2006 онд Германд болсон Хөлбөмбөгийн ДАШТ-ий нээлтэнд дуулж улмаар 2007 онд Нью-Йорк хотноо Ромын Пап-ад зориулсан хүндэтгэлийн тоглолтод алдарт Элтон Жоны хамт дуэт дуулах гэх мэт Олон Улсын томоохон арга хэмжээний нээлт, шагнал гардуулах ёслол зэрэгт ганцаарчилж олон удаа оролцож байжээ. Эхнэр загвар өмсөгч Вонне Коннолитэйгээ 1998 онд гэрлэсэн, гурван хүүхэдтэй./
  • Кейт Даффи (1993-одоо) /1974 оны аравдугаар сарын 1-нд төрсөн. Поп чиглэлээр дуулахын сацуу жүжигчин, бөмбөрчин, бүжигчин, телевизийн хөтлөгч гээд олон талын авъяастай тэрээр хамтлагийнхаа хэд хэдэн дууг зохиосон юм. Тэрээр хэд хэдэн телевизийн нэвтрүүлэг хөтөлдөг байсан нилээдгүй савангийн дуурь болон рекламанд тоглож байв. Түүнчлэн Барбадос гаралтай Америкийн алдарт дуучин Рианнатай хамтарч уран бүтээл туурвиж байсан. Эхнэр Лиза Смиттэйгээ 1998 онд гэрлэсэн, хоёр хүүхэдтэй./
  • Мики Грэм (1993-одоо) /1972 оны наймдугаар сарын 15-нд төрсөн. Поп чиглэлээр дуулахын сацуу жүжиглэх авъяастай ба 2001 онд "Meet Me Halfway" нэртэй бие даасан цомгоо гаргаж байсан. "Үхлийн хазайлт" хэмээх Ирландын байлдаант үйл явдалт киноны гол дүрд 1998 онд тоглож байжээ. Эхнэр Карен Коррадитайгаа 2004 онд гэрлэсэн, нэг хүүхэдтэй./
  • Шейн Линч (1993-одоо) /1976 оны долоодугаар сарын 3-нд төрсөн. Гоцлол дуучин, поп чиглэлээр дуулахын сацуу мото уралдаанд хүч сорьж томоохон уралдаан тэмцээнд уралдаж өндөр амжилтыг үзүүлж байсан. Мөн телевизийн алдартай шоу "Тоглоом"-д түрүүлж байсан гэдгээр нь Линчийг спортод дур сонирхолтой нэгэн гэдгийг мэдэж болохоор байна. Эхнэр Шина Вайттайгаа 2007 онд гэрлэсэн, нэг хүүхэдтэй./
  • Стефен Гейтли (1993-2009) /1976 оны гуравдугаар сарын 17-нд төрсөн. Гоцлол дуучин, поп, евродэнс чиглэлээр дуулахын сацуу жүжиглэх авъяастай, хамтлагийнхаа болон бие даан гаргасан цомгийн дуунуудыг бичдэг байв. Гейтли ижил хүйстэн гэдгээ 1999 оны 6-р сарын 16-ны "Дэй Сан /The Sun/" сонины нүүрэнд зарлаж байсан нэгэн. 2000 онд бие даасан "New Beginning" цомгоо гаргасан. 2009 оны 10 сарын 10-нд уушигны өвчлөлөөр Испанийн Маяорка арал дахь гэртээ нас нөгчсөн юм./

Алдартай дуунууд[засварлах | кодоор засварлах]

  1. A Different Beat
  2. Picture Of You
  3. No Matter What
  4. Father And Son
  5. When the Going Gets Tough
  6. All That I Need
  7. Love Me For A Reason
  8. You Needed Me
  9. Love You Anyway
  10. Better
  11. Words
  12. Everyday I Love You
  13. So Good
  14. Baby Can I Hold You
  15. Coming Home Now
  16. I Love The Way You Love Me
  17. Can't Stop Thinking About You
  18. Gave It All Away
  19. Stronger
  20. Love Is a Hurricane
  21. Til the Sun Goes Down

Цомгууд[засварлах | кодоор засварлах]

  • Said and Done (1995)
  • A Differen Beat (1996)
  • Where We Belong (1998)
  • By Request (1999)
  • Back Again... No Matter What (2008)
  • Brother (2010)

Гадны холбоос[засварлах | кодоор засварлах]

Бойзөүн хамтлагийн албан ёсны интернет портал хуудас холбоосын нэр