Jump to content

Боролдой жанжин

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
(Бурундай-с чиглүүлэгдэв)
Боролдой жанжин
Төрсөн?
Нас барсан1263 он?
ҮндэстэнМонгол
АжилЦэргийн жанжин, Түмтийн ноён

Боролдой жанжин (?-1263) нь Их Монгол Улс болон түүний хараат Алтан ордны Улсын цэргийн жанжин юм. Түүний нэрийг оросоор "Бурундай"[баримт хэрэгтэй] буюу Боролдой, Боролдай, "Бурондай"[баримт хэрэгтэй], "Буранда"[баримт хэрэгтэй], Берендей[баримт хэрэгтэй], татар хэлээр Бурандай[баримт хэрэгтэй] гэсэн олон янзаар түүх сударт тэмдэглэн үлдээжээ. Угсаа гарал нь тодорхой биш ч, аруладын Боорчи ноёны хөвүүн гэж түүхчид таамглал дэвшүүлдэг.

Чингис хаан 1227 онд өөрийн хөвгүүдэд хувь таслан өгөх үед Боролдой Зүчийн харьяанд очсон иргэд дунд байсан байж магадгүй хэмээн судлаачид бичдэг.[баримт хэрэгтэй] Түүний нэр зөвхөн 1237 онд баруун зүгт хийсэн Кибчагийн аян дайны үед Ижил мөрний Булгарыг эзлэн авах байлдааны үед гарч ирнэ. Тэрээр Булгар, Кибчагийг байлдан дагуулахад оролцсон, цаашлаад Орос, Европт явуулах аян дайнд томоохон ул мөр үлдээсэн жанжин юм.

Түүний хийсэн хамгийн том алдартай тулалдаан бол 1238 оны гуравдугаар сарын 4-нд Сить голын эрэгт Оросын вангуудын нэгдсэн армийг бут цохисон тулаан юм.

Бат ханы цэрэг Европт орох үед тэрээр Сүбээдэй баатрын хамт Сайо голын тулалдаан болон бусад тулалдаанд оролцож Европ дахь байлдааны бүхий л ерөнхий төлөвлөгөө, стратеги тактикийг боловсруулахад гар бие оролцсон чадварлаг жанжин байжээ.

Кипчакийн аян дайнаас буцаж ирээд тэрээр Монголын эзэнт гүрний хаан ширээний тэмцлийн үед 1251 онд 100,000 орчим цэрэг захиран Батын тушаалаар Отрар хотын ойролцоо Мөнх хааны нөөц туслах хүчин болон бэлэн байрлаж байсан.

Бэрх ханы үед Галицийн ван Даниил Романович Төв Европын улсуудтай харилцаа тогтоож хоёр хөвгүүнээ Унгар, Австрийн гүнжүүдтэй гэрлүүлэн холбоотны харилцаагаа бэхжүүлж эхэлсэн юм. Улмаар холбоотны хүчиндээ эрдэж Алтан ордны улсын даргач нарыг шахан гаргаад алба татвар төлөхөө больж, Алтан ордны улсын хуульд захирагдсан оросуудыгаа хүртэл цаазлан хороож, хот цайзаа бэхэлж, цэргийн хүчээ нэмэгдүүлж эхэлжээ. Даниил вангийн энэ үйлдлийг Алтан ордны улсаас томилогдсон өмнөд Оросын захирагч Хурумши буюу Куремесе[1] (Бат ханы ах Ордагийн хүү) дорвитой шийдвэр гаргаагүй тул огцоруулж, Боролдай баатард 1258 онд 60 мянган морьт цэрэг[2] өгч, Галицийн зүг илгээсэн байдаг.

Боролдой юуны өмнө Даниил ванг дуудуулж түүнийг дайлах бус, харин Литва, Польшийг дайлах зорилготой явж байгаа, тиймээс түүнийг цэргийн хүч хавсар хэмээн үүрэг болгожээ. Үүнд итгэсэн Даниил ван өөрийн дүү Василька, хүү Лев нарыг их цэргийн хамт илгээсэн байна. “Бурундайн дайн” гэж орос сурвалжид тэмдэглэгдсэн энэ аян дайнаар Боролдой, Василька, Лев нар Польш, Литваг уулгалан довтолж, Люблин, Сандомир, Холм, Краков[3] зэрэг хотуудыг эзлэн авсан байна.

Харин Боролдой жанжин буцах замдаа жинхэнэ санаагаа гарган Галицийн бүх бэхлэлтийг нурааж, өмнөд Оросын нэлээд хэдэн хот тосгоныг түйвээн сүйтгэж эхэлсэн бөгөөд Даниил ван хүч хүрэхгүйгээ мэдэж Боролдой жанжны шийдвэрийг үг дуугүй даган өөрийн гараар бүтээн байгуулсан хот суурингийн бэхлэлтүүдээ нураахаас өөр аргагүй болжээ[4] [5]. Үүгээр өмнөд Орост гарсан үймээн дарагдаж алба барьж ногдсон татвараа ахин төлөх болсон нь яах аргаүй чадварлаг цэргийн жанжин Боролдойн ач гавьяа юм.

Тэрээр Ил хаадын улстай хийсэн Алтан ордны улсын дайнд оролцож байсан бөгөөд 1263 онд тулалдааны талбарт амь эрстсэн эсвэл өөр шалтгаанаар таалал төгссөн эсэх нь тодорхойгүй үлдсэн юм[6]. Түүний нэр 1263 оноос хойш ахин ямар нэгэн эх сурвалжид тэмдэглэгдэн үлдээгүй юм.

Боролдой жанжны ачаар Алтан ордны улс ямагт дайн тулалдаанд ялж байсан бөгөөд тэрээр Сүбээдэй баатартай энэ тэнцэх Алтан ордны улсын жанжин юм.

Түүний нэрээр нэрлэгдсэн тосгон, төмөр замын өртөө Казахстан болон Киргизстан улсад байдаг.

  1. Вернадский Г.В. ”Монголчууд ба Оросууд”, УБ., 2008, т.149
  2. Почщкаев Р.Ю. “Алтан ордын хаад” УБ., 2013, т.46
  3. Новгородын он тооллын бичиг
  4. Лаврентьевская летопись
  5. Хронологія подий Галицько-Волинського литопису. Львів, 1901
  6. “Энциклопедический словарь Брокгауза и Ефрона”. т. V (1891): Буны — Вальтер, с. 51—52