Википедиа:Энэ долоо хоногийн онцлох өгүүлэл/2009-28
Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улс (Англи: The United Kingdom of Great Britain and Northern Ireland) буюу Нэгдсэн Вант Улс, Британи нь Европын баруун хойд талд орших арлын орон юм. Энэ улс нь Их Британи арал, Ирланд арлын зүүн хойд тал, мөн олон жижиг арлаас тогтоно. Умард Ирланд нь дангаараа өөр улстай газраар хиллэдэг. Энэ хилийг эс тооцвол Их Британи нь Атлантын далай, Умард тэнгис, Ла-Маншийн хоолой, Ирландын тэнгисээр хүрээлэгдэнэ. Хамгийн том арал болох Их Британи нь Чаннел таннелаар Францтай холбогддог.
Нэгдсэн Вант Улс нь Англи, Шотланд, Вэльс, Умард Ирланд гэсэн 4 улсаар бүрдсэн нэгдсэн улс юм. Энэ улс нь парламентийн системээр удирдуулдаг бөгөөд засгийн газар нь нийслэл Лондонд оршдог. Мөн Үндсэн Хуульт хаант улс бөгөөд төрийн тэргүүн нь Хатан хаан II Элизабет юм. Сувгийн арлууд болон Мэн арлаас тогтсон Титмийн газрууд нь албан ёсоор улсын эзэмшил боловч Нэгдсэн Вант Улсын хэсэг биш, харин түүнтэй холбоо үүсгэдэг. Нэгдсэн Вант Улс нь хуучин Британийн эзэнт гүрний хэсгүүд байсан, 14 гадаад харъяат газартай. Британийн эзэнт гүрэн нь дэлхийн хуурай газрын бараг дөрөвний нэгийг эзэлж, түүхэндэх хамгийн том эзэнт гүрэн байжээ. Энэ гүрнээс шууд шалтгаалж Канад, Австрали, Шинэ Зеланд, Энэтхэг, Пакистан, Өмнөд Африк, Сингапур, Шри Ланка, АНУ гэх мэт улсуудад Британи нь ихэд нөлөөлж, нөлөөлөл нь тэдгээрийн хэл, соёл урлаг зэрэгт ажиглагдана. Хатан хаан I Элизабет нь Үндэстнүүдийн Хамтын Нөхөрллийн тэргүүн хэвээр үлдсэн бөгөөд гишүүн орнуудын төрийн тэргүүн юм. (бүрэн эхээр унших)