Jump to content

Даридай отчигин

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
(Даритай отчигин-с чиглүүлэгдэв)

Даридай отчигин нь Хамаг Монгол улсын хиад боржигин овгийн Бартан баатрын Сунигул үжин хатнаас төрсөн отгон хөвүүн бөгөөд Мэнгэтү хиан, Нэгүн тайш, Есүхэй баатар нарын отгон дүү юм.

1171 онд Есүхэй баатрыг насан өөд болох үед өөрийн харьяат ардаа дагуулан Тайчууд аймгийн Таргудай Хирилтугийг дагаж нүүхдээ Есүхэй баатрын хатад хөвүүдийг бууцанд нь хаяж нүүсэн. Хожим нь 1180 онд Тоорил хан, Жамуха, Тэмүүжин нарын холбоотны цэргийн хүч, Мэргид аймгийг дайлах үеэр Жамухын удирдсан цэрэг дотор өөрийн цэргээ удирдан оролцжээ.

1189 онд Хар Зүрхний Хөх нуурт болсон ноёдын хуралдайгаар Хотула ханы хөвүүн Алтан отчигин, Нэхүн тайшийн хөвүүн Хучар бэхи, Хутагту жүрхигийн хөвүүн Сача бэхи нарын хамтаар тангараг өргөж, Тэмүүжинийг Хамаг Монголын Хан сууринд өргөмжлөв. 1202 онд Тэмүүжин ханаар удирдуулсан монголын их цэрэг Татаар аймгийг дайлах үед цэргийн олзонд бүү саат, эзэлсэн хойно хуваалдах тухай цэргийн цааз гаргасан үед Алтан, Хучар, Даридай нарын ноёд дайны үед ханы зарлигийг үл тоож, олзонд саатаж байгаад Тэмүүжин ханы цэрэгт олзоо хураалгаж, зэмлүүлсэнд өширхөж Алтан, Хучар нарыг дагаж Хэрэйдийн Тоорил ханыг түшихээр одов. 1203 оны намар Хэрэйдийн Тоорил хан, Нялх Сэнгүмийн удирдсан цэргийн хүч Тэмүүжин хан руу довтлон ороход Даридай отчигин Хэрэйдийг дагаж Хамаг Монголд морилжээ. Удалгүй Тоорил хан тэргүүтэй ноёд Аураг ордод алтан тэрэм босгон найрлаж байхад Тэмүүжиний удирдсан цэргүүд Хэрэйдийг гэнэдүүлэн довтлон 3 өдөр 3 шөнө байлдаж ялсны дараа тэрбээр Жамух тэргүүтэй монгол аймгийн ноёд Найманы ханлигт очиж суух болов. Харин Даридай отчигин тэднээс салж Тэмүүжинд бууж өгсөн. Энэ үеэс эхлэн тэдний ургийг Хачиуны хөвүүн Элжигдэй ноёнд хоёр зуутаар болгон мэдүүлж, боол болгожээ. Даридай отчигиний хэзээ нас барсан нь тодорхойгүй байдаг.

Судрын чуулганд бичснээр Даридай отчигинд Тайнал Ее (تاینال ییه, Tāīnāl yeye), Юань улсын сударт Дана яя (大納耶耶) хэмээх нэгэн хөвүүнтэй гэж тэмдэглэсэн байдаг. Тайнал ее нь Сөгэ, Хөхөчү хэмээх хоёр хөвүүнтэй байв. Хөхөчү нь Хубилай хааны үед Ли Таний бослогыг дарахад гавьяа байгуулсан тул Шаньдун мужийн Нинхай жөүг соёрхож, Нинхай ван (寧海王) цол өргөмжлөв.

  • Тайнал ее
    • Хөхөчү нинхай ван (寧海王)
      • Еригэн ван
        • Харухан нинхай ван
          • Майну сюаньжин ван
            • Хулдутөмөр
        • Исмайл нинхай ван
        • Баатар нинхай ван
        • Ахай нинхай ван