Сача бэхи
Сача бэхи (монгол:ᠰᠠᠴᠠ ᠪᠡᠬᠢ, хятад: 撒察-別乞[1], латин галиг: Sača-Beki[1][2]) (? - 1197) бол Хамаг Монголын хиад жүрхин аймгийн ноён бөгөөд Хабул ханы ахмад хөвүүн Охинбархагийн хөвүүн Сорхату жүрхигийн хөвүүн юм.
Товч намтар
[засварлах | кодоор засварлах]Есүхэй баатрыг нас барсны дараа Тайчуудыг дагаж, Өэлүн эхийг хүүхдүүдтэй нь хаяж нүүсэн. Хожим Тэмүүжинийг Мэргидийг дарсны дараа Жамухатай 1 жил хагас нутаглаж салж нүүсний дараа, дүү Тайчугийн хамт жүрхин аймгаа удирдан Тэмүүжиний хүрээ "Химурга горхины Айл-харганад бууж байхад нийлэн ирэв."[3] Тэмүжин нар тэндээс нүүж Хүрэлх доторх Сэнгүр горхины Хар зүрхний Хөх нуурт очиж буув. 1189 онд Хар зүрхний Хөх нуурт болсон хуралдайд Хотул ханы отгон хөвүүн Алтан отчигин, Бартан баатрын отгон хөвүүн Даридай отчигин, Нэгүн тайшийн хөвүүн Хучар бэхи нарын хамтаар Тэмүүжинийг Хамаг Монголын хан өргөмжлөх тангараг өргөсөн.
Дараа нь 1192 онд 13 хүрээний байлдаанд өөрийн аймгийн цэргийг удирдан нэгэн хүрээ болж байлдаанд оролцсон. Жамухын цэрэг буцсаны дараа Уруд, Мангуд аймгууд дагаар ирсэн тул Ононы шугуйд найр хийж, Жүрхиний талаас Бүрибөх, Хиад Боржигины талаас Бэлгүтэй найрыг засч байхад хатагин овгийн хүн морины хазаар хулгайлж байгааг мэдсэн Бэлгүтэй барьж засаглах гэхэд Бүрибөх тэр хүнийг өмөөрч, Бэлгүтэйн нүцгэн мөрийг цавчижээ. Энэ явдлыг мэдсэн Чингис хаан уурлан модны гишүү, айрагны бүлүүрийг авч Жүрхинтэй зодоон үүсгэхэд, Жүрхинийг ялж, Хотула ханы Хууржин хатан, Хорижин хатныг булаан авсан. Жүрхиний талаас зодоон маргаанаа больж, найрамдан зохилдъё гэснээр хоёр хатдыг буцаан илгээв.
1196 онд Алтан улсын Вангин чинсан цөөн цэргээр Тоорил ханы хүрээ рүү явах чимээг Тэмүүжин сонсч, Тоорил хантай хамтарч Татарын Мэгүүжин сүүлтийг дарахаар цэрэг цуглуулж, "жүрхиний Сача бэхи тэргүүтэй Жүрхин нарт хэлүүлсэн нь: "Энэ байлдаанд хавсарч, эртний эцэг өвгөдийг минь хорлосон Татаартай байлдахаар хамт мордъё" гэж элч явуулаад зургаан өдөр хүлээвч тэд ирсэнгүй."[4]
"Жүрхин нар, Чингисийн ар гэрт хоцорсон хүмүүсийг довтолж, тавин хүний хувцсыг тоноод арван хүнийг алжээ. Жүрхин нар ингэж сүйтгэв гэж бидний ар гэрт хоцрогсод, Чингис хаанд мэдэгдвэл, Чингис хаан маш хилэгнэж өгүүлрүүн: "Жүрхин нар биднийг яагаад ингэж байгаа билээ? Ононы шугуйд хуримлаж байхад тогооч Шихүрийг тэд занчив. Бэлгүтэйн мөрийг цавчив. Найрамдъя гэхэд бид Хорижин хатан, Хуурчин хатан хоёрыг буцааж өгсөн билээ. Түүний хойно эцэг өвгөдий минь хорлосон эртний өшөөт Татаарыг хавсран байлдъя гээд Жүрхин нарыг зургаан өдөр хүлээсэн боловч, тэд ирсэнгүй. Одоо бас дайсны хажуугаар дайсан болов" гээд Чингис хаан, Жүрхинтэй байлдахаар морилов. Жүрхин нарыг Хэрлэний Хөдөө аралын Долоон болдог гэдэг газар байхад дайран орвол Сача бэхи, Тайчу хоёр, цөөн хүмүүсийг авч дутаав. Хойноос нь нэхэж Тэлэтү ам гэдэг газар гүйцэж, Сача бэхи Тайчу хоёрыг барив. Бариад Чингис хаан, Сача Тайчу хоёрт өгүүлрүүн: "Урьд бид юу гэж хэлэлцсэн билээ?" гэвэл, Сача Тайчу хоёр өгүүлрүүн: "Бид хэлсэн үгэндээ хүрээгүй бол үгэнд минь хүргэ" гэвэл, тэдний урьд хэлсэн үгийг сануулж, хэлсэн үгэнд нь хүргэж тэднийг бүтээж алав."[5]
Эшлэл
[засварлах | кодоор засварлах]- ↑ 1.0 1.1 "Монголын нууц товчооны Ширатори Күракичигийн латин галиг: 122-р зүйл". ja.wikisource.org (япон хэлээр). Татаж авсан: 2023-12-15.
- ↑ Т., Дашцэдэн (2009). Монголын нууц товчооны галиг (2 дахь хэвлэл ed.). Улаанбаатар: МУИС. p. 64.
- ↑ "Монголын нууц товчоо: 122-р зүйл". www.mongolian-art.de. Татаж авсан: 2023-12-15.
- ↑ "Монголын нууц товчоо: 133-р зүйл". www.mongolian-art.de. Татаж авсан: 2023-12-15.
- ↑ "Монголын нууц товчоо: 136-р зүйл". www.mongolian-art.de. Татаж авсан: 2023-12-15.