Жидду Кришнамурти
Жидду Кришнамурти | |
---|---|
Төрсөн | 1895 оны 5 сарын 12 Маданапалле, Андра Прадеш, Энэтхэг |
Нас барсан | 1986 оны 2 сарын 17 (60 настай насалсан) Охай, Калифорни |
Ажил | уран илтгэгч, зохиолч, философич |
Эцэг эх | Нарайниа, Санжийвамма Жидду |
Жидду Кришнамурти (Телүгү: జిడ్డు కృష్ణ మూర్తి) буюу Ж.Кришнамурти (Телүгү: జే . కృష్ణ మూర్తి, там. கிருஷ்ணமூர்த்தி)(1895-1986) нь гүн-ухаан, оюун санааны амьдралын талаар голчлон ярьдаг зохиолч, уран илтгэгч байжээ. Түүний хөнддөг гол сэдвүүдэд нь сэтгэлзүйн хувьсгал буюу өөрчлөлт, сэтгэл буюу сэтгэхүйн төрөлхийн шинж чанар, бясалгал, хүмүүсийн хоорондын харилцаа болоод нийгэмд эерэг өөрчлөлтийг хэрхэн бий болгох гэх мэт зүйлс багтдаг. Тэрээр, тийм нийгэмийг бий болгох нь хувь хүмүүсийн хоорондын харилцааны шууд үр дагавар, бүтээгдэхүүн бөгөөд зөвхөн хувь хүний дотоодод чөлөөт үндсэн өөрчлөлт гарах замаар л нийгэм үндсээрээ өөрчлөгдөх эхлэл тавигдана гэж үздэг. Тэрээр, хүн төрөлхтөн нэг бүрийг оюун санаандаа хувьсгал хийх хэрэгтэйг байнга цохон зааж, харин ийм хувьсгал нь ямарваа нэгэн шашны үзэл бодол, улс төрийн, олон нийтийн гэхчлэн гадны ямар ч хүчин зүйлээр хэрэгжин биелэхгүй гэдгийг онцлон үздэг.
Тухайн үедээ Английн эзэмшил байсан Энэтхэг оронд Тэлүгү хэлтний бярман хүний гэр бүлд Кришнамурти мэндэлжээ. Хүүхэд ахуй үе буюу Мадрас дахь Адяарт байрлах Теософийн Нийгэмлэгийн захиргааны дэргэд амьдарч байхдаа тэрээр нэрд гарсан далд-ухаан судлагч өндөр-хэргэмт Теософич болох Чарльз Вэбстэр Лийдбитэрийн анхааралд анх өртсөн байна.
Тэрээр хожим нь тэр үеийн Нийгэмлэгийн удирдагч нар болох Лийдбитэр болон Анни Безант нарын асрамж дор өсөж хүмүүжсэн бөгөөд тэд түүнийг хожим ирэх ДЭЛХИЙН БАГШ болох хүн гэж итгэж байлаа. Гэвч ид залуу насандаа тэрээр энэ санаанаас татгалзаж үүнийг дэмжихээр байгуулагдсан "Дорнын Од" олон улсын байгууллагыг тараажээ. Тэрээр бодит амьдралд эсрэгцсэн аврагч, оюун-санааны удирдагчид гэх мэт болон бусад ямарваа завсрын зуучлалын ухагдхууныг буруушааж, харин хувь хүнд болон нийгэмд тулгарсан асуудал бэрхшээлүүдийн үндэст орших бодит шалтгаануудыг өөрсдөө олж нээхийг хүмүүст уриалж байлаа.Гарал үүсэл, чадвар боломж болон зан авирын төлөв байдлаас үл хамааран хэн ч байсан ийнхүү олж нээх бүрэн боломжтой гэж тэр үздэг. Кришнамурти шашны ямарч байгууллага, урсгалд харъяалагддаггүй бөгөөд мөн ямарваа улс төрийн бодлого, элдэв үзэл суртлыг зөвшөөрдөггүй. Харин ч эсрэгээр, эдгээр нь хүн төрөлхтнийг хуваадаг, зөрчил мөргөлдөөн, дайныг бий болгогч гол хүчин зүйлс гэж баталдаг бөгөөд үлдсэн амьдралдаа дэлхий даяар аялан Хүн төрөлхтөнд үндсэн өөрчлөлт хэрэгтэй талаар олон нийт болон сонирхсон хувь хүмүүст яриа, лекц хийж иржээ. Кришнамуртийг бүх цаг үеийн агуу сэтгэгч, оюун санааны багш нарын нэг хэмээн дэлхий хэмжээнд хүлээн зөвшөөрдөг. Тэрээр олон тооны номын зохиогч бөгөөд, тэдгээрээс заримыг нь дурдвал, Эхний бөгөөд Эцсийн ЭрхЧөлөө, Цорын Ганц Хувьсгал, Кришнамуртийн тэмдэглэл болон Амьдралын Тухай Тайлбарууд зэрэг номууд бий. Үүнээс гадна түүний ярианууд болон хэлэлцүүлгүүдийн асар том цуглуулгууд хэвлэгдэн олны хүртээл болжээ. Түүний сүүлчийн олон нийттэй хийсэн яриа нь, Калифорни дахь Охайд нас барахаас нь ганцхан сарын өмнө буюу 1986 оны нэгдүгээр сард Энэтхэгийн Мадраст болжээ. Түүний үйл хэргийг дэмжигчид нь хэд хэдэн ашгийн-бус сангуудаар дамжин үйл ажлаа явуулдаг бөгөөд Энэтхэг, Их Британи, АНУ-д байдаг түүний үзэл бодолд тулгуурлан байгуулагдсан маш олон бие даасан сургуулиудыг анхааран хариуцах,мөн түүний асар олон тооны яриа, нийтийн болон хувь хүмүүстэй хийсэн хэлэлцүүлгүүд болон бусад бүтээл бичлэгүүдийг нь дахин сийрүүлэн бичих, аудио, видео, дижитал мөн интернэт сүлжээгээр гэхчлэн янз бүрийн хэлбэрээр олон хэлээр хэвлэн нийтлэж нийтэд түгээдэг.
Намтар
[засварлах | кодоор засварлах]Гарал ба хүүхэд нас
[засварлах | кодоор засварлах]Ж.Кришнамурти бол Телугу хэлээр яригч Бярман гэр бүлээс гаралтай. Эцэг Жидду Нарайниа нь тухайн үеийн Английн колониийн Захиргаанд алба хашиж байжээ. Эх Санжийвамма нь түүнийг дөнгөж 10 настай байхад нь насан өөд болсон байна. Тэр хоёр нийт 11 хүүхэд төрүүлснээс зөвхөн зургаа нь хүүхэд насандаа амьд үлдэж чаджээ. Тэдний гэр бүл амьтны гаралтай хоол махнаас ихэд жийрхдэг, зөвхөн мацаг хоол идэхийг хатуу баримталдаг байлаа. Кришнамурти 1895 оны 5 сарын 6-нд Андра Прадеш мужийн Читтоор тойрог дахь Маданапалле хэмээх жижиг хотод мэндэлжээ. Хиндучуудын уламжлалт заншилын дагуу найм дахь хүүхэд нь эрэгтэй хүүхэд байж таарсан тул түүнд Кришна бурханы нэр хайрласан гэдэг. 1903 онд тэднийх гэр бүлээрээ Кудаппа тойрогт шилжин суурьшсан бөгөөд Кришнамурти энд байхдаа анх халуун орны малари өвчны ужиг халдвар авсан ба энэ нь үе үе дахин сэдэрч олон жил түүнийг зовоосон байна. Тэрээр маш эмзэг мэдрэмтгий, бие султай хүүхэд байсан бөгөөд түүнийг оюуны хөгжилөөр дорой гэж үздэг, сургууль дээр багш нартаа, гэртээ эцэгтээ байнга зодуулдаг байжээ. Хожим нь Кришнамурти хүүхэд насныхаа оюун сэтгэхүйн байдлын талаар "Анх мэдээ орсноосоо л эхлээд миний тархи сэтгэхүйд ямар ч бодол орж ирдэггүй байлаа, би зөвхөн харж, сонсож л байдаг өөр юу ч байдаггүй байлаа, Бодол болон түүнтэй холбогдох зүйл огт гарч ирэхгүй, Юуг ч төсөөлөн бодохгүй. Бодох гэж оролдож үзсэн ч ямар ч бодол орж ирдэггүй" гэж дурссан байдаг. Арван найман настай байхдаа бичсэн өөрийн бага нас, өсвөр насныхаа тухай дурсамждаа Кришнамурти өөрт тохиолдсон оюун ухааны туршлагаа буюу 1904 онд нас барсан эгчтийгээ, мөн 1905 онд нас нөгчсөн ээжийгээ "харсан" тухай дүрслэн бичжээ. Мөн нэгэн дурсамжид, хүүхэд насных нь өөр нэгэн онцлог шинж болох, байгальтай маш ойр дотно холбоотой байсан тухайгаа тэрээр "Ой модод, гол мөрөн болон уул толгод нь түүний салшгүй хэсэг мэт сонин хачин байдаг, харин үүнийг зориуд хөгжүүлээгүй" гэж дурссан байдаг ба энэ нь түүний амьдралынх нь туршид тогтвортой үргэлжилсэн бололтой. Аав Нарайниа нь 1907 оны сүүлээр тэтгэвэрт гарсан ба гачигдлын улмаас тэр үеийн quasi-mystical Теософийн Нийгэмлэгийн ерөнхийлөгч Анни Безантад хандан Адяар дахь нийгэмлэгийн захиргаанд ажилд орохыг хүссэн хүсэлт гаргав.Эцэг Нарайниа нь уламжлалт Бярман-ы ёсыг чанд баримтладаг ч мөн 1882 оноос Теософийн Нийгэмлэгт гишүүнээр элсэн орсон байлаа. Ингээд удалгүй нийгэмлэгт албан хаагчаар хөлслөгдөн ажилд орж, 1909 1-р сард гэр бүлээрээ тэнд нүүн очжээ. Нарайниаг хүү нарынх нь хамт эхлээд Теософчидын хотхоны гадах нь талд байх тусдаа ядмаг бохир сууцанд оруулжээ. Удалгүй харваас илт амьдралын ядуу тарчиг нөхцөлөөс болоод Кришнамурти болоод түүний ах дүү нар нь хоол тэжээлийн дутагдалт орж бөөсөөр халдварлагдсан байлаа.
"Нээлт" болон үр дагавар
[засварлах | кодоор засварлах]1909 оны 4-р сарын сүүлээр буюу 5-р сарын эхэн хавьд, нүүж суурьшсанаасаа хэдхэн сарын дараа Кришнамурти зөн билэгтэн гэгдэгч Чарльз Вэбстэр Лийдбитэртэй анх тааралджээ. Лийдбитэр адяар голын ойролцоох тогтмол зугаалж алхдаг, Теософичдын өмч болох наран шарлагын газарт зугаалж явахдаа, Кришнамурти хүүг найз нөхдийн хамт байхад нь анх ажиглаж хараад "ийм гайхамшигтай ауратай хүн урд нь харж байсангүй, өчүүхэн ч амиа бодохын тоос толбо ч үгүй" хэмээн ихэд бахдан биширчээ. Гэвч энэ сэтгэгдэл нь Кришнамуртигийн гадаад дүр төрхтэй ямар ч холбоогүй байсан ба нүдээр харсан бусад хүмүүсийн хувьд бол ердийн л, сэтгэл хөдлөм биш, хэнэггүй гэжээ. Хүүг мөн "нилээд тэнэгдүү" гэх буюу "юм хараад гөлөрчихдөг, энэ нь их тэнэг харагдуулдаг" гэсэн байдаг. Гэвч Лийдбитэр өөрийн байр сууриндаа бат зогсож энэ хүү хожим "оюун санааны багш мөн агуу уран илтгэгч" болох болно, гэх ба мөн "Майдар Бурхны хойд дүр" байх магадлалтай (Теософийн онол сургаалын дагуу бол өндөр хөгжсөн оюун санааны махбодь хүн төрөлхтний хувьслыг залан чиглүүлэхээр Дэлхийн багшийн дүрээр үе үе орчлонд залардаг гэж үздэг). Энэ зүйл болох болно, "ямар нэг алдаа л гарчихгүй бол" гэж Лийдбитэр нэмж хэлжээ. Пупул Жаяакар 75 жилийн хойно Кришнамуртигийн намтартаа түүний ярьснаас эшлэж: "Тэрээр дандаа "Таны хүссэн болгоныг чинь би хийх болно" гэж хэлнэ, ингэж хэлэхэд нь зусардсан, дуулгавартай байдлын шинж илэрдэг байсан. Гэвч тэр хүү эргэлзээтэй, тодорхой биш, бүрхэг бүүдгэр, юу болж байгаад огт санаа зовсон шинжгүй, яг л дотор нь юу ч хийсэн гоожоод асгарчихдаг цоорхой сав мэт санагддаг байлаа, юу ч үлдэхгүй" гэсэн байдаг. Түүнийг олсон "Нээлт"-ийг дагалдан Кришнамурти нь Адяар дахь Теософийн Нийгэмлэгийн дотоод хүрээнд орж, тэдний удирдагчдын халамж анхаарал дор байх болжээ. Лийдбитэр болон цөөн тооны итгэмжит хүмүүс Кришнамурти хүүд боловсрол олгох, түүнийг хамгаалах мөн ирээдүйн Дэлхийн Багшийн "хойд дүр" болохынх нь тулд түүнийг ерөнхийд нь бэлтгэх үүргийг хүлээн авчээ. Мадрас дахь Теософичдын хотхонд Кришнамурти ( буюу Кришнажи, түүнийг ихэвчлэн ингэж нэрлэдэг байв), түүний дүү Нитяананда хоёрт хувийн журмаар гэрээр боловсрол олгож байсан ба дараахан нь цаашдын боловсрол хичээлээ гадаадад үргэлжлүүлэх тул тэдэнд Европын дээдсийн нийгмийн, харьцангуй баян чинээлэг амьдралын хэв маягийн зах зухаас таниулж эхэлжээ. Хичээл сургуулийн чадвар боломжийн асуудлууд, түүний биеийн ерөнхий хөгжилд санаа зовж байсан ч арван дөрвөн настай Кришнамурти, зургаан сарын дотор англи хэлээр чадамгай ярьж, бичдэг болсон байв. Түүнийг олж нээсэн "нээлт" нь амь амьдралын чухал асуудал байсныг тэрээр нэхэн санадаг байв: Хэрэв чамайг Лийдбитэр "олж нээгээгүй" бол чамд юу тохиолдох байсан бол гэсэн асуулт хожим нь түүнд үе үе тавигдаж, үүнд нь Кришна ( Кришнамурти ) "Тэгвэл би үхсэн байх байсан" гэж огт эргэлзэлгүйгээр хариулдаг байжээ. Энэ хугацаанд Кришнамурти Анни Безантад улам их дотносож, түүнийг эхийнхээ оронд эх болсон хүн гэж үзэж байлаа. Энэ нь бага наснаасаа төрсөн эхтэйгээ маш дотно байснаас гаднах Кришнамуртийн амьдралын туршид цөөн тооны эмэгтэй хүнтэй чухал, дотно харилцаа,холбоотой байсны анхных нь байлаа. Түүний эцэг нь анхлан сэдэж, Кришнамуртийг хууль ёсны дагуу харж хамгаалахыг Анни Безантад зөвшөөрсөн хэдий ч гэнэт хүүг тойрсон маргаан дэгдээж, эцэг байх эрх сонирхлоо хамгаалан 1912 онд Безант болон Теософийн Нийгэмлэгийн талаар зарга үүсгэн шүүхэд өгчээ. Ингээд урт удаан сунжирсан, хуулийн дагуух шүүх маргааны эцэст, Кришнамурти болон түүний дүү Нитяаг (Нитяананда) асран хамгаалах үүргийг Безант олж авчээ. Ийнхүү гэр бүл, орон гэрээсээ тусгаарлагдсаны улмаас Кришнамурти дүүтэйгээ туйлын ойр дотно болж, түүнээс хойш үргэлж хамт аялан явах болсон байна. 1911 онд Адяар дахь Теософийн Нийгэмлэг, удахгүй бий болох Дэлхийн Багшид зориулж, дэлхий дахиныг бэлтгэхээр "Дорнын Од" нэртэй шинэ байгууллагыг бий болгосон байна. Кришнамурти толгойлогчоор нь сонгогдож, бусад ахмад Теософичдыг янз бүрийн албан тушаалд тохоон томилжээ. Гишүүнчлэл нь Дэлхийн Багшийн ирэх тухай онол, номлолыг зөвшөөрсөн хэн бүхэнд нээлттэй байсан хэдий ч анхны гишүүдийн ихэнх нь мөн Теософийн Нийгэмлэгийн гишүүд байсан байна. Тун удалгүй Теософийн Нийгэмлэгийн дотор болон гадна, Хиндүчүүдийн хүрээнд мөн Энэтхэг болон олон улсын хэвлэл мэдээллээр санал зөрөлдөөн, маргаан мэтгэлцээн босон иржээ.
Өсөлт
[засварлах | кодоор засварлах]Кришнамуртийн тухай намтартаа Мэри Лютэнз дурдахдаа: "Зөв зохистой оюун санааны зарчим, шашны бус удирдамж үзэл баримтлал, боловсролыг дагах ахул тэрээр Дэлхийн Багш болж чадна гэж Кришнамурти бүрэн итгэлтэй хэлж байсан цаг үе бий" гэсэн байдаг. Өөр нэгэн намтар бичигч, Лийдбитэр болон бусад холбогдох хүмүүсийн түүнд зориулсан өдөр тутмын үйл ажиллагааны талаар буюу чанга хатуу дасгал сургуулилт ба спорт, янз бүрийн хичээлийн сэдвүүд гэрээр заах, Теософи болон шашны хичээлүүд, йог ба бясалгал мөн түүнчлэн ариун цэвэрийн зааврууд болон Британийн нийгэм ба соёлын тухай гэхчлэн хөтөлбөрүүдийн талаар дүрслэн бичжээ. Үүний хажуугаар далд нууц ухааны заавар зөвлөгөөг Кришнамуртид өгөх үүргийг Лийдбитэр тусгайлан хувиараа хариуцаж байсан гэх ба энэ заавар болон түүнийг хэрэгжилтийн ахиц явцыг нь зөвхөн Нийгэмлэгийн удирдагч нар болон маш ойр дотны хүмүүс л мэддэг байв. Төрөлхийн чадвартай нь тодорхой болсон спортын хичээлүүдтэй адилгүйгээр, Кришнамурти албан ёсны сургууль, сургалтад дандаа бэрхшээлтэй байсан бөгөөд онол номын асуудал түүнд огт зохицохгүй байлаа. Тэрээр хэд хэдэн удаа элсэлтийн шалгалт өгөх гэж оролдсон боловч бүтэлгүйтэж, тэгээд яваандаа их сургуулийн боловсрол олох бодлоо орхижээ. Тэрээр гадаад хэлнүүдийг (эдгээрт нь Франц, Итали хэлнүүд мөн багтаж байв) харин үнэхээр судлаж зарим хэлээр нь түвэггүй ярьдаг болсон байна. Тэр цаг үед мөн Хуучин Гэрээний хэсгүүдээс унших хийгээд Барууны зарим сонгодог зохиолчдын, ялангуяа Шелли, Достоевский болон Ницше нарын зохиолыг шимтэн үздэг, дурладаг байсан бололтой. Тэрээр мөн хүүхэд ахуйгаасаа юмыг нилээд гярхай ажигладаг, машин тоног төхөөрөмжийг төвөггүй задлаж, угсрах гэх мэт ур дүйтэй байв. Теософчид, анхлан боловсруулан бий болгосон түүний нийтийн дунд харагдах төрх байдлыг нь: "Гадна байдал нь цэвэр цэмцгэр, төвшин, няхуур нямбай, харагдах харц байдал нь харийн мэт буюу нууцлаг бөгөөд бусадтай харилцах харьцаа ер нь тааламжтай, биеэ барьдаггүй байх ёстой хэмээн тодорхойлжээ". Тэгээд мэдээж "Кришнамуртийн олон нийтийн дунд биеэ хэрхэн авч явах энэ тодолхойлол нь насан туршид нь үргэлжилсэн" байна. Энэ нь бүр эртнээс тов тодорхой байсан ба "тэрээр төрөлхөөсөө бусдыг татах чадвартай ч ая тал засч нялуурдаггүй, гэхдээ жирийн байдлаа сэтгэл хөдлөлөөр илэрхийлдэг, хүмүүст хүндлэлийг аргагүй төрүүлдэг" байлаа. Гэсэн хэдий ч өсөн өндийх явцдаа, юмыг эгдүүцэн эсэргүүцдэг, сэтгэлийн хөдлөл, сахилга бат нь тогтворгүй, олон хүмүүсийн хүрээлэлд байхдаа тавгүйтдэг мөн үе үе ирээдүйдээ итгэл алдан эргэлздэг байв. 1911 оны 4 сард Кришнамурти, Нитя хоёр анх удаагаа Англид очжээ. Тэнд тэдний анх уулзсан хүмүүс нь Кришнамуртийн намтрыг бичигч, насан туршид нь нөхөрлөсөн Мэри Лютэнз болон түүний эх, Кришнамуртийн бас нэгэн ээжээс нь өөрцгүй хүн болсон Эмили хоёр байв. Энэ аяллынхаа үеэр Кришнамурти, анхныхаа олон нийттэй хийсэн яриагаа "Дорнын Од"-ын Лондон дахь салбарын залуу гишүүдийн өмнө хийжээ. Ийнхүү үүнээс хойш 1914 оны дэлхийн нэгдүгээр дайн эхлэх хүртэл, ах дүү хоёр Европын нилээд орноор зочилсон бөгөөд ингэж явахад нь Теософчид байнга дагалдан, бараа болж явдаг байжээ. Дайн дууссаны хойно Кришнамурти (мөн л дүүгээ дагуулан) дэлхийгээр аялан тойрч, Дорнын Одын тэргүүний хувьд ажил үүрэгтэйгээ холбоотой шинэ цуврал лекц, уулзалт, ярилцалгуудыг эхлүүлэв. Түүний яриануудын агуулга нь нийгэмлэгийн гишүүдийн ажил хэрэгийн болон Ирэх үйл явдлын бэлтгэлийн талаар эргэлдэж, яриа сэдэвүүдэд нь Теософийн ухагдхуунууд, нэр томъёо давамгайлж байлаа. Анхандаа тэрээр ярьж буйдаа шийдмэг бус, зогсож азнах, юмыг дахин давтаж ярих зэрэг байдал гаргаж байсан боловч тэрээр тогтвортой ахин дэвшиж, ярихдаа итгэл төгс болсон бөгөөд уулзалт яриаг бүрэн гартаа авч чаддаг болжээ.
"Үйл явц"-ын эхлэл ба Нитяагийн үхэл
[засварлах | кодоор засварлах]1922 онд Кришнамурти, Нитя хоёр Сиднейгээс Калифорниар дамжин Швейцари орохоор аялан явжээ.Тэд Калифорнид байх зуураа, Дорны Одын Америкийн салбарын нэгэн гишүүний санал болгосон харьцангүй буйд газар болох Охайн хөндийд байх нэг бяцхан сууцанд амьдарч байв. Тэнд байхдаа хожим нь Кришнамуртийн амьдралд чухал үүрэг гүйцэтгэсэн, залуухан Америк хүн Розалинд Вильяамстай танилцсан ба тэрээр тэр хоёртой маш дотно анд болсон байна. Ингээд анх удаагаа Теософийн Нийгэмлэгийн хүмүүжүүлэгчдийн цагдалт, хяналтгүйгээр тэд найз нөхдийн хамт байгалаар аялан, зугаалж, оюун-санааны бодол эрэгцүүлэл хийн мөн Дэлхийн Багш төслийнхөө чиглэлийг төлөвлөн байлаа. Кришнамурти Нитя хоёрын санаанд Охайн хөндий маш нийцтэй санагдаж байсан бөгөөд аажимдаа дэмжигчид нь хандивийн сан бүрдүүлж сууцыг эргэн тойрных нь газрын хамт худалдан авч өгсөн ба түүнээс хойш энэ нь Кришнамуртийн албан ёсны оршин суух газар болжээ.1922 оны найм болон есдүгээр сард буюу анх Ожайд ирээд удаагүй байх үеэр Кришнамуртид " амьдралыг үндсээр нь өөрчилсэн" гэмээр эрчимтэй үйл явдлыг биеэр амсан туулсан явдал тохиолджээ. Үүнийг оюун-санааны сэхээрэлт,сэтгэлзүйн хувьсал ба бие махбодийн өөрчлөлт нэгэн зэрэг болсон хэмээн тодорхойлжээ. Эхний үйл явдалууд хоёр тодорхой зааг ялгаатай үетэй буюу: анхных нь харваас эхлэл шинжтэй гурав хоногын оюун-санааны үйл явц ба хоёр долоо хоногын дараа нь бүр удаан хугацаагаар үргэлжилж, Кришнамурти болон түүний ойр байсан хүмүүс Үйл явц гэж тайлбарлаж байсан бөгөөд энэ нөхцөл дахин дахин, янз бүрийн давтамж, эрчимтэйгээр насан өөд болтол нь үргэлжилсэн байна.Нүдээр үзсэн хүмүүсийн гэрчилснээр энэ бүхэн нь 1922-8-17 -нд Кришнамурти, шилэн хүзүүн дээр нь хатууран овойн хавдаж , ер бусын хүчтэй өвдөж байна гэснээр эхэлжээ. Дараагийн хэдэн өдрийн турш өвчний шинж тэмдэг улам дордож, бие нь туйлын тавгүйрхэж эмзэглэн хоолонд огт дургүй болж үе үе ухаан мэдрэлгүй болж, дэмийрч байсан гэжээ. Сүүлдээ бүр ухаан алдсан мэт харагдаж байсан ч өөрөө бол эргэн тойрноо маш сайн мэдэрч байсан гэж өгүүлэсэн ба мөн тэр нөхцөлд байхдаа хачин нууцлаг оргүй хоосныг мэдэрсэн гэжээ. Дараах өдрүүдэд нь шинж тэмдэг,нөхцөл байдал улам эрчимжиж, нэг талаар хэмжээлшгүй "амар амгаланг" мэдэрчээ.
Би үзэж харсандаа маш их баяр хөөртэй байв. Түүнтэй хэзээ ч юуг ч адилтгаж чадахгүй. Би ариун тунгалаг уснаас уусан ч цангаа минь тайлагдахгүй...Би гэрэлийг харж байлаа. Бие минь бүх шаналал зовлонг анагаагч нигүүлсэлийг өөрийн тулд биш ,харин орчлон ертөнцийн төлөө мэдэрч...Агуу их хайр зүрхийг минь согтоож; зүрх сэтгэл минь хэзээ ч хаагдаж чадахгүй. Би Баяр хөөр ба мөнхийн Гоо үзэсгэлэнийн булгаас уусан. Би яг л Бурханаар согтсон мэт.
Есдүгээр сарын эхээр эхэлсэн хачин сонин нөхцөл, хоорондоо хэлхээтэй мэт эдгээр явдал буюу үйл явц хэмээн нэрлэгдэх болсон энэ байдал сүүлдээ бараг л өдөр болгон, тогтмол, тохиолдох болжээ. Эдгээр тохиолдлууд богино, түр зуурын завсарлагтайгаар Аравдугаар сар хүртэл үргэлжилсэн ба хожим нь үйл явц тасалдаж, үе үе л сэргэх болсон юм. Найман сард тусдаа болсон гурван өдрийн явдлын адилаар үйл явц янз бүрийн хүчтэйгээр өвдөх, бие нь тавгүйрхэн ихэд эмзэглэх, хааяа " хүүхэд-мэт" аашлах болон заримдаа илэрхий ухаангүй болсон байдалтай харагдах боловч хамт байсан хүмүүс нэг бол бие нь хэт өвдөлт өгч байна гэх буюу Кришна болохоор " энэ бол эхлэл" (биенээсээ гарсан гэсэн утгаар хэлсэн бололтой)гэж тайлбарлаж байжээ. Эдгээр явдлын хамт буюу дагалдаад оршихуй, ерөөл талархал, хэмжээлшгүй их эрч хүч болон ариун нандин байдал харилцан ээлжлэн, үргэлж бусдын нүдний өмнө болж, тэдэнд мэдрэгдэж байсан гэж хамт байгсад тодорхойлон өгүүлсэн байдаг. Ихэвчлэн бусдыг байхад тэдэнд мэдрэгдсэн гэх энэ байдал сүүлдээ үйл явцаас тусдаа улам нэмэгдэн давтагдаж байсан аж.Кришнамурти өөрийн тэмдэглэлдээ болон өөр газар , бусад буюу тусдаан гэж ялгагдах байдлыг байнга ээлжлэн сольж хэрэглэн , мөн түүнчлэн энэ тусдаа ялгагдах байдал, нэвтэрч үл болом энэ хачин мэдрэмж, ухамсрын ер бусын байдалыг тухайн тэр онцлог явдлынх нь хувьд дүрслэн бичсэн байдаг.