Jump to content

ЗХУ-ын задрал

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
(ЗХУ-ын задрал ба мөхөл-с чиглүүлэгдэв)
Зөвлөлтийн дараах улсууд:
1. Армени
2. Азербайжан
3. Беларусь
4. Эстони
5. Гүрж
6. Казахстан
7. Киргиз
8. Латви
9. Литва
10. Молдав
11. Оросын Холбооны Улс
12. Тажикистан
13. Туркменистан
14. Украин
15. Узбекистан

ЗХУ-ын задрал - 1991 онд 280 гаруй сая хүн амтай, 4.2 сая цэрэгтэй хүчирхэг арми, 10 мянган цэнэгт хошуу бүхий цөмийн зэвсгийн арвин нөөцтэй Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Холбоот Улс /ЗСБНХУ, оросоор. СССР/ задран унасан билээ. Тэр үед тус улсын цэргийн хүчин чадал нь АНУ болон НАТО-гийн орнуудын зэвсэгт хүчний чадавхийг нийлүүлсэнтэй эн зэрэгцэхүйц хэмжээнд хүрсэн байжээ. Мөн ЗХУ-ын дотоодын нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн хэмжээ АНУ-ын ДНБ-ний 80 хувьтай тэнцэж байсан юм. Тус улс хоногт 13 сая торх нефть олборлон, уг үзүүлэлтээр дэлхийд тэргүүлж байлаа.

ЗХУ задарсан нь социалист тогтолцооны хямрал байсан гэдэгтэй олонхи түүхчид, удлаачид санал нэгтэй байдаг. Тогтолцооны хямрал гэдэг нь товчхондоо улс төр, эдийн засаг, нийгмийн хямралыг хэлж байгаа юм. 1991 оны 8 дугаар сард болсон үйл явдал нь үнэн хэрэг дээрээ ЗХУ задрах үйл явцын эхлэл байсан билээ. Эл сарын 18-19-нд шилжих шөнө М.Горбачёвыг Төрийн эрх мэдлээ хүчээр огцруулсан билээ.

Тэр өдөр ЗХУ-ын дэд Ерөнхийлөгч Г.Янаев, Батлан хамгаалахын сайд Д.Язов, Улсыг аюулаас хамгаалах хорооны дарга В.Крючков болон Ерөнхий сайд В.Павлов нар Үндсэн хуулийг зөрчин Улсын Онц байдлын хороог /УОБХ, орос. ГКЧП/ байгуулжээ. Энэхүү Хорооны шийдвэрээр хэд хэдэн бүс нутагт, түүний дотор өнөөгийн Орос улсын нутаг дэвсгэрт онц байдал тогтоон, жагсаал цуглаан, ажил хаялт хийхийг хориглосон юм. Нам, олон байгууллага, сонин хэвлэл, мэдээллийн хэрэгслүүдийн үйл ажиллагааг ч бас хориглолоо. Гэвч орос иргэдийн эрс эсэргүүцэлтэй тулгарсан УОБХ гуравхан хоног төрийн эрхийг барьсан юм.

Уг үйл явдал Зөвлөлт орныг үндсээр нь өөрчилсөн гэж хэлж болно. Хуучин тогтолцооны хүрээнд " өөрчлөн шинэчлэлт" буюу " дээрээс хувьсгал" хийх гэсэн оролдлого нь цаг хугацааны шалгуурыг давалгүй бүтэлгүйтсэнээр социалист нийгэм байгуулах гэсэн мөрөөдөл түүх болон үлдсэн юм. 1991 оны Наймдугаар сарын үйл явдлын дараа Холбооны шинэ Гэрээ байгуулах гэсэн М.С. Горбачёвын оролдлогууд ч бүтэлгүйтсэн. Украин болон Беларусь улсуудын иргэд тусгаар тогтнолын төлөө саналаа өгсөн нь Холбооны гэрээнээс татгалзсан гэсэн үг байлаа. Ийм нөхцөлд Орос улс бусад улсуудтай нэгдэх тухай асуудал утга учиргүй болох нь мэдээж.

Ингээд 1991 оны 12 дугаар сарын 8-ны өдөр Минск хотын орчмын Беловежийн ойд Орос, Украин, Беларусь улсын удирдагчид болох Б.Ельцин, Л.Кравчук, С.Шушкевич нар ЗХУ задарч Тусгаар улсуудын хамтын нөхөрлөлийг байгуулах тухай Гэрээнд гарын үсэг зуржээ. Хожим нь уг нөхөрлөлд Казахстан болон бусад хэд хэдэн улс нэгдсэн билээ. Харин Балт орчмын Латви, Литв, Эстони зэрэг гурван улс болон Гүрж улс нэгдэхээс татгалзсан байна. Ийнхүү ЗХУ нэгдмэл улсын хувьд оршин тогтнохоо больсноор, Ерөнхийлөгч М.С.Горбачёв бүрэн эрхээсээ татгалзахаас аргагүйд хүрчээ.

1991 оны 12 дугаар сарын 25-26-нд шилжих шөнө ЗСБНХУ олон улсын эрхзүйн субьект байхаа албан ёсоор больж Оросын Холбооны Улс ЗХУ-ын хууль эрх зүйн өв залгамжлагч гэж өөрийгөө зарласан юм.

Задрах шалтгаанууд

[засварлах | кодоор засварлах]

Ер нь бол судлаачид ЗХУ задарсан үндсэн шалтгаануудын нэг нь ЗСБНХУ-ын Үндсэн хуулийн заалт байсан гэж үздэг. Уг баримт бичигт зааснаар, тус улсын бүрэлдэхүүнд багтаж байсан Бүгд найрамдах улсууд нь Холбоот улсын бүрэлдхүүнээс гарах эрхтэй байжээ. Хачирхалтай нь, дэлхийн бусад улсуудын Үндсэн хуульд ийм заалт огт байдаггүй юм.

Нөгөөтэйгүүр, газрын тосны үнэ унаж бий болсон эдийн засгийн хямрал нь ЗХУ задрах гол шалтгаануудын нэг байсан гэж барууны болон Оросын зарим шинжээчид үздэг. АНУ-ын Брукингийн хүрээлэн Оросын нэрт эдийн засагч Егор Гайдарын бичсэн:- "Эзэнт гүрний мөхөл орчин үеийн Орос улсад сургамж болох нь" гэдэг номыг англи хэлнээ орчуулан гаргасан байна. Е.Гайдар 1991-1994 онд Оросын Ерөнхий сайдын албыг хашиж байсан билээ. "Оросуудын ихэнх нь эрчимтэй хөгжиж байсан дэлхийн хэт их гүрэн задран бутарсны шалтгааныг өөрчлөлт, шинэчлэлт эхэлсэнтэй холбон үздэг байсныг" Гайдар няцаахыг оролджээ.

Түүний үзэж байснаар, 1966-1990 оны хугацаанд ЗХУ-д үр тарианы үйлдвэрлэл нэг л түвшинд байсны зэрэгцээ энэ хугацаанд 80 орчим сая хүн хөдөөнөөс хот руу шилжиж ирсэн ажээ. Байгалийн хий, газрын тосны олборлолтоос олсон орлого гадаадаас үр тариа худалдан авахад хүрэлцэхгүйд хүрсэн байсан. Тэр үед тус улс гадаадаас жилдээ 30 сая тонн үр тариа худалдан авч байжээ. Иймээс гадаад орнуудаас зээл авах зайлшгүй хэрэгтэй болж байжээ. "Хэрвээ Зөвлөлтийн арми Польшийн "Эв санааны нэгдэл" ҮЭ-ийн жагсаалыг хүчээр дарсан бол ЗХУ барууны орнуудаас 100 тэрбум долларын зээл авч чадахгүйд хүрэх байсан гэж Гайдар үзэж байжээ. 1991 оны нэгдүгээр сард Зөвлөлтийн удирдлага Балт орчмын улсуудад хяналтаа сэргээхийн тулд хүч хэрэглэхээр оролдсон ч барууныхан дээрх зээлийн тухай дурсах төдийд л буулт хийж байжээ.

Гэхдээ шинжээч, судлаачид бүгд Гайдарын үзэл бодолтой санал нийлэхгүй байна. Америкийн бизнесийн хүрээлэнгийн ажилтан, Гайдарын найз болох Леон Арон задралын гол шалтгааныг Зөвлөлтийн цэрэг-аж үйлдвэрийн цогцолборыг Горбачёв устгасантай холбон үзэж байна. Учир нь Зөвлөлтийн хөнгөн цагааны үйлдвэрүүд цэргийн нисэх онгоц үйлдвэрлэхэд шаардлагатай түүхий эдийг нийлүүлж байсан бол гангийн үйлдвэрүүд 60 мянган танк хийхэд шаардлагатай төмөр хайлуулж байсан ажээ. Тус улсад үйлдвэрлэж байсан бүтээгдэхүүний 30 хувь нь ямар нэг байдлаар армийн хэрэгцээнд зориулагдаж байлаа. Харьцуулан үзвээс, өнөөгийн Орос улсын төсвийн 5 хувийг цэргийн зардал эзэлж байна.

Задралын өөр нэгэн эдийн засгийн шалтгаан нь дээрх хугацаанд албан ёсны эдийн засаг “сүүдрийн эдийн засагтай” холилдсон явдал байлаа. Бүхэл бүтэн үйлдвэрийн газрууд үйлдвэрлэл, худалдааны нууц сүлжээнд хамрагдан, “сүүдрийн” эдийн засгийн орлого олон тэрбум рублиэр хэмжигдэж байлаа. Тухайлбал, 80-аад оны дунд үе гэхэд "сүүдрийн эдийн засагт" 15 сая хүн ажиллаж, нийт бараа эргэлтийн 25 хувийг хангаж байжээ.

Зөвлөлтийн удирдлага 80-аад оны эхээр тогтолцооны шинэчлэлийг хязгаарлагдмал хүрээнд хийхийг оролдсон ч тэр нь бүтэлгүйтэн, улс орон гүн гүнзгий хямралын ангал руу гулсан орчээ. Зөвлөлтийн маягийн нийгмийн амьдралын хэв маяг өөрчлөгдөж эхэллээ. Удирдагчид болоод үйлдвэрүүдийн эрх өөрчлөгдөж, нийгмийн тэгш бус байдал газар авлаа. Үйлдвэрүүд доторх үйлдвэрлэлийн харилцаа өөрчлөгдөж, хөдөлмөрийн сахилга бат алдагдан, ноомой гөлөр, хайхрамжгүй байдал, хулгай зэлгий, шударга хөдөлмөрийг эс хүндэтгэх, илүү мөнгө олж байгаа нэгэндээ атаархах явдал газар авчээ. Зөвлөлтийн иргэд чин үнэнээсээ бус харин албадлагаар ажилладаг "гүйцэтгэгчид" болон хувирлаа. Зөвлөлт маягийн нэгдмэл тогтолцоо байгуулах зорилго агуулсан интернационалч үзэл санаа амьдрал дээр биеллээ олоогүйн дээр бүрэлдэхүүнд байсан Бүгд найрамдах улсуудад нийгмийн үндэсний дээд давхарга бүрэлдэн бий болох үйл явц ажиглагдах болов. Ингэснээр Төвөөс хэрэгжүүлэх хяналт суларч, тэдгээр улсуудын удирдагчдыг өмнөх шигээ үзэмжээрээ томилж, санасанаараа солих боломжгүй болжээ. Үзэл суртлын аргаар хөдөлмөрт уриалан дуудаж, коммунизм удахгүй ялна гэдэгт итгүүлэх оролдлого балран унахтай зэрэгцэн нефтиэс орох орлого ч хумигдаж, дотоод болон гадаад өрийн хэмжээ үлэмж нэмэгдэв. 1973 оноос нефтийн үнэ 2 доллароос 40 болтлоо суга өссөнөөр ЗХУ 250 тэрбум долларын орлого олсон ч түүнийгээ Ангол, Этиоп, Мозамбик, Сомали, Афганистан болон бусад "социалист баримжаатай" оронд "хувьсгалыг экспортлох" үйлсэд үр ашиггүй зарцуулжээ. Гэвч 80-аад оны дундуур нефтийн үнэ навс унаж, нэг баррель нь14-хөн доллар боллоо. Энэ үед Зөвлөлтийн удирдлага нийгэм-эдийн засгийн гүнзгий шинэчлэл хийхийн оронд тулга тойрсон архитай тэмцэх, хөдөлмөрийн сахилга батыг сайжруулах зэрэг алхамууд хийж байлаа. Дашрамд дурдахад, цагаан архины үйлдвэрлэлээс улсын санд 50 тэрбум рубль ордог гэдэг. Ингэснээр стратегийн зорилт тактикийнх болон өөрчлөгдлөө. Улс төрийн дээд зиндааныхан хувийн болон хэсэг бүлгийн ашиг сонирхлоос улс гүрний эрх ашгийг дээдэлсэн жинхэнэ улс төрийн зүтгэлтэн болж төлөвшиж чадаагүй байлаа. Цөмийн зэвсэг бүхий хэт их гүрэн болсных нь дараа тогтолцооны хямрал нүүрлэсэн учраас тус улс стратегийн зорилгоосоо аажмаар ухарч эхэлсэн юм. Өөрчлөн байгуулалт эхэлсэн ч нэгэнт стратегийн тодорхой зорилгогүй болсон учраас ЗХУ задран унах нь гарцаагүй болжээ.

ЗХУ-ын задрахад социалист системийн задрал ч бас "нэрмээс" болсон юм. 1989 онд Төв болон Зүүн Европын орнуудаас Зөвлөлтийн цэргийг гаргаж эхэлсэн. Ийнхүү цэргийн оролцоо суларсан явдал нь социализмын эсрэг үзэл суртал холбоотон орнуудад газар авахад хүргэсэн билээ. Эргэн санахад, 1989 оны сүүлч, 1990 оны эхээр Польш, БНАГУ, Чехословак, Унгар, Болгар, Албани улсуудад “аядуу, зөөлөн” хувьсгал гарч, 1989 оны 12 дугаар сард зэвсэгт бослогын дүнд Румынд Н.Чаушескугийн дэглэм нуран унасан юм. 1989 оны 12 дугаар сарын 29-нд Чехословакт тэрс үзэлтэн асан Вацлав Гавел, 1990 оны 12 дугаар сарын 9-нд Польшид «Эв нэгдэл» ҮЭ-ийн удирдагч Лех Валенса нар төрийн эрхэнд гарсан бөгөөд 1990 онд санал асуулгын дүнд Зүүн болон Баруун Герман нэгдсэн юм. Эдгээр орнуудын Төрийн эрхэнд гарсан Үндэсний ардчилсан үзэлтнүүд нийгмийн хөгжлийн загварыг таягдан хаяж, эрс шинэчлэл хийхийн төлөө байж иргэдийн дийлэнх олонхын дэмжлэгийг хүлээж байв. Энэ бүх шалтгааны улмаас 1991 оны хавар Эдийн засгийн харилцан туслалцах зөвлөл /СЭВ/ болон Варшавын Гэрээний байгууллага татан буугдсан юм.

Ингэснээр "хүйтэн дайны” үед “муу муухайгийн үүр уурхай” болсон их гүрнийг буюу ЗХУ-ыг үгүй хийх зорилготой байсан Барууныхан, ялангуяа америкчууд ийм хурдан "ялалтад хүрнэ" чинээ төсөөлөөгүй байсан учраас Пентагонд дахин нэгэн “толгойны өвчин” нэмэгдлээ. Учир нь хэдийд ч иргэний дайн дэгдэж болзошгүй тогтворгүй улсад асар их хэмжээний цөмийн зэвсэг хуримтлагдсан байлаа. Харин аз болоход бүх цөмийн цэнэгт хошууг хожим нь ОХУ руу шилжүүлэн зөөвөрлөсөн билээ.

Нефтийн үнийн уналтаас гадна 1986 оны Чернобылийн АЦС-ын осол, 1988 онд Арменд болсон газар хөдлөлт, түүнчлэн Барууны орнуудад эдийн засгийн бүтцийн өөрчлөлт хийгдсэн зэрэг нь ч бас задралын явцад нөлөөлсөн гэж түүхчид үздэг юм.