Карл Вильхелм Шееле

Карл Вильхелм Шееле (шве. Carl Wilhelm Scheele, 1742 оны 12 сарын 9 - 1786 оны 5 сарын 21) нь Шведийн химич, эм зүйч бөгөөд хүчилтөрөгчийг Английн Жозеф Пристлигээс тусдаа нээсэн гэдгээрээ алдартай. Металлуудыг голчлон судалж төрөл бүрийн химийн элементүүд, органик, органик бус хүчлүүдийг нээсэн. Орчин үеийн Пастеризаци буюу хоол хүнсийг хөргөж ариутгах аргатай төстэй аргыг бий болгосон.

Намтар[засварлах | кодоор засварлах]

Тэрээр Германы эзэмшилд байсан Померын Штральзунд (хожим Шведийн харьяанд орсон)-ад төржээ. 14 настайдаа эм зүйчийн туслахаар ажиллаж эхлэн, улмаар эм зүйч болон Стокхольм, Уддсала зэрэг хотуудад ажиллаж байв. Тэр үед эм зүйчид эм найруулах зориулалт бүхий химийн туршилтын багажтай байдаг байсан тул химиэр оролдох болжээ. Түүнд олон их сургуулиас санал ирж байсан боловч эрдэмтэн болсонгүй, Кёпингэд эм зүйчээр ажилласаар нас нөгчжээ. Тэрээр 43-тайдаа нас нөгчсөн бөгөөд тэр үеийн химичдийн нэгэн адил эрүүл мэндэд хортой туршилтууд хийдэг байснаас болсон гэгддэг.

1771, 1772 онд тэрээр зөөлөн марганцын хүдэр (Марганцын диоксид)-ийг хүхрийн хүчилд хайлуулан, халаахад гарах хийг амьтны давсгаар хийсэн уутанд цуглуулж хийгээд, асч буй лаа руу үлээлгэхэд тэр хий нь гэрэлтэж буйг олж тогтоожээ. Түүнийгээ "Витриолын агаар" буюу галан агаар гэж нэрлэв. 1773 онд туршилтуудаа дуусган, дулаан нь галан агаар ба флогистоноос тогтоно гэж тайлбарлав.

Мөн тэрээр устөрөгч болон агаарыг шатаах туршилтыг хийн, агаарын 1/5 орчмыг "галан агаар" эзэлдэг болохыг тогтоож, ингэснээрээ агаар нь галан агаар (хүчилтөрөгч) болон өөр нэг төрлийн хий (азот)-нээс тогтдог болохыг илрүүлжээ.

Ийнхүү хүчилтөрөгчийг Пристлигээс өмнө нээсэн боловч туршилтын үр дүнгүүдээ эмхтгэсэн бүтээл "Chemische Abhandlung von der Luft und dem Feuer"-ээ дөнгөж 1777 онд хэвлүүлсэн байна. Харамсалтай нь Пристли хүчилтөрөгчийг нээсэн тухай судалгааны ажлаа 1775 онд Лондонгийн эзэн хааны академид илгээснээр "хүчилтөрөгчийг нээгч" хэмээн түүхэнд үлдсэн юм.

Шеелегийн хийсэн нээлтүүд[засварлах | кодоор засварлах]

Мөн Нимбэгний хүчил, цианит устөрөгч, Фторт устөрөгч, Тосны хүчил, хүхэрт устөрөгч зэргийг нээсэн юм.