Манжууд хятадыг эзэлсэн нь
Зүрчидийн удаах сэргэлт нь 17-р зуунд Айшин гиоро овгийн Нурхач 1616 онд жүрчидийг нэгтгэж, Амага Айшин Гүрүн (хятадууд Хожуу Жинь гэдэг) нэртэй улсыг байгуулсан. Тэрээр 2 жилийн дараа долоон өсөл гомдол гээчийг зарлан хятадын Мин улсын холбоо харъяанд байх бусад жүрчин аймгуудтай хэдэн удаагийн амжилттай байлдаж, Ляодунгийн хойгийг эзэлж, 1625 онд Шэньян хотыг эзлэн зүрчидээр Мүгдэн гэж нэрлэж Нийслэл хотоо болгосноо тунхаглажээ. Ингэснээр тэрээр эдийн засаг хүн хүчний нөөцөөр хүчирхэгжин Монголын Хорчин, Горлос, Харчин, Өвөр Халх, Цахар аймгуудтай шууд хиллэн харилцах болжээ. Тэр үед Монголчууд хэдий тархай бутархай ч бүс нутагтаа хүчирхэг улс төр цэргийн байгуулалтай байв. Нурхач баатар нь хятадын Мин улсын эсрэг хэд хэдэн удаа байлдахдаа ялалт байгуулсан ч, цэргийн хүн хүчээр дутмаг байсан тул, Монголын аймаг хошуудыг холбоотноо болгох бодлогыг амжилттай хэрэгжүүлэн язгууртнуудаа монголтой худ ураг болгон тэднийг өөртөө татах төрөл бүрийн аргыг хэрэглэж байсан. 1624 онд зүүн монголын Харчин, Дөрвөд, Жалайд, Горлос аймгууд манжид дагаар оров. Үүнийг Монголын сүүлчийн нэр төдий бага хаан Лигдэн тэргүүтэй ноёд язгууртнууд эсэргүүцэн манжтай байлдсан боловч төдий л амжилт олоогүй юм.
1637 онд Манж, Монголоос гадна хятадын Хань цэргийг байгуулан 1640-1642 онуудад хятадын Мингийн эсрэг амжилттай тулалдаануудыг хийж хойд хятадыг эзлэв. Ингээд тэрээр Мин улсын засаглалын хэлбэрийг авч хэрэгжүүлэн зарим хан хятадыг төрийн албанд томилсон ба Нурхачийн үеийн олзны хан хятад ямар алба язгууртайг үл тооцон 5-р зэрэглэлийн хүн гэсэн ойлголтыг өөрчлөн манжид алба хаах хятадуудыг манж үндэстэн гэх болжээ.
Бээжин хотыг эзэлсэн нь (1644 он)
[засварлах | кодоор засварлах]1643 онд Дээд эрдэмт гэнэт өөд болж түүний ууган хүү Хүүгэ чин ван болон эцэг нэгтэй дүү Доргон чин ван нар хаан ширээний төлөө тэмцэлдсэн боловч Доргон вангийн талын ноёд Дээд эрдэмт хааны 9-р хүү 5 настай хүү Фулинийг хаан өргөмжлөж, оны цолыг Шүньжи хэмээв. Энэ үед хятадын Мин улсын дотоод самуун нь оргилдоо хүрч, 1644 оны 4-р сард Бээжин хотыг Ли Зичэны удирдсан босогчид эзлэхэд Мингийн сүүлчийн хаан Чунжэн амиа хорлон Мин улсын ноёрхол төгсгөл болсон. Ли Зичэн Бээжинг эзэлсэний дараагаар 200.000 хүнтэй босогчдын армиа Бээжингээс зүүн хойш 80 гаруй км-т Цагаан хэрэмийн Шанхайгуан боомтод байрлаж, Манжаас Мингийн нийслэлийг сэргийлэн суугаа торгон цэргийн ерөнхий командлагч Ү Сангуй жанжны зүг илгээжээ. Ү жанжины цэргийн тоо босогчдоос 2 дахин цөөн олон жил манжтай байлдаж сульдсан байсан мөн манжуудыг мэдэх болсон зэргээс үүдэн хэрэг дээрээ төр барьж байсан Доргонтой холбоо байгуулсан байна. (Зарим сурвалж мэдээнд түүний гэр бүл бээжинд алагдсан учир бууж өгсөн гэх нь бий) Урьдийн дайсан шинэ холбоотнууд Чунжэнь хааны өшөөг авах нэрээр 1644 оны 5 сарын 27-нд Ли-гийн босогчдыг бут цохин 6 сарын 6-нд Бээжинг эзлэв. Ингээд манжууд Мингийн сүүлчийн хааныг бунхлан өөрсдийгөө Мингийн төрт улсыг залгамжлагч гээд 10-р сарын 30-нд Шүнь Жи хааныг тэнгэрийн хөвгүүн (хуанди) хэмээвэй. Үүнээс хойш тэд 17 жилийг бүх хятадыг эзлэхэд зарцуулсан юм.
Өмнөд Мин улсыг байлдан дагуулсан нь (1644-1661 он)
[засварлах | кодоор засварлах]Бээжин хотыг эзлэн авсны дараа Манжийн арми, хятадын бүх нутгийг эзлэн авахаар идэвхтэй байлдааны ажиллагаа өрнүүлсэн. Тухайлбал 1645 онд Янжөүгийн хядлагаар 10 өдөрт Додо вангийн зөвшөөрлөөр 800.000 хүнийг олзон аваад, хядан устгаж байсан. Хятадын өмнөд Мин улсын сүүлчийн эзэн хаан Ёнли нь Мин улсын дагуул улс байсан Бирмийн хаанаас орогнол эрж очсон хэдий ч Ү Сангуй жанжны удирдсан манжийн арми түүнийг олзлон Юнаньд авчран 1662 онд цаацалжээ. Шүньжигийн эхний 7 жил хэрэг дээрээ Доргоны засаглал тогтож байлаа. Тэрээр Ү Сангүй тэргүүтэй хятад жанжидтай холбоолон бүх хятадыг богино хугацаанд эзэлж байсан. Мөн олон манж язгууртан ноёдын эсэргүүцлийг сөрөн Бээжинг Манжийн нийслэл болгосон нь хэт алсын хараагүй явдал болсон авч тухайн үедээ Мин улсыг эзлэх явдлыг түргэтгэсэн билээ. Түүний шууд оролцоотой 1645 онд гарсан бусад үндэстнийг манжуудын адил тав гэзэг тавих хааны зарлиг гаргасан нь хятадуудын хэр үнэнчийг шалгах шалгуур болсон юм. Энэ нь күнзийн уламжлалтай Хан үндэстний хувьд том доромжлол байсан ба зарлигийг үл дагагчдын толгойг авч байсан ч эсэргүүцэгчид 1650 он хүртэл байсаар асан бөгөөд зарлиг бүрэн хэрэгжтэл хятад даяар 25 сая хүн цаазлагдсан гэдэг байна.
Манжийн дарлал нь (1662-1683 он)
[засварлах | кодоор засварлах]Кан Ши хаан 61 жил төр барьсан бөгөөд түүний үеийг Каншигийн үе гэх бөгөөд энэ үед манж гүрэн нийгэм эдийн засаг цэрэг улс төрийн хамгийн хүчирхэг оргилдоо хүрсэн юм. Найман настайдаа хаан болсон түүний он удаан жилийн амжилтын суурийг эцэг нь тавьсан гэж үзэх үндэстэй юм. Учир нь Шүнь Жи хаан Доргоны дарангуйлалыг давтуулахгүйн тулд үхэхээсээ өмнө хүүдээ үйлчлэх 4 тэргүүн зөвлөх сайд Сонин, Эбилүн, Сүксаха, Обой нарыг томилж хааны нэрийн өмнөөс засаглах эрхийг өгч харилцан хоорондоо эсрэг нөлөө үзүүлэхээр алба тушаалын хуваарилалт хийж өгсөн байна. Бас 4 сайдын үнэнч байдлаас гадна хаан ширээнд санаархах хааны гэр бүлийн ойрын хамаатан садан бус улсыг сонгосон нь нэг чухал үйл болсон байна. Хэдий тийм авч цаг хугацааны уртад Обоид хаан ширээнд суух боломж гарсан бөгөөд хувь хүний чанар, хуучинсаг үзэл, биеэ тоосон ихэмсэглэлээсээ болж залуу хаантай сөргөлдсөн боловч 1669 онд 15 тай хаан хашир улс төрч цэргийн гарамгай жанжинг хүчгүйдүүлэн шоронд хорьж чадсан байна. Каншигийн үед 1673 онд өмнөд хятадын Юньнань мужийг захирч байсан Ү Сангүй, Гуандун мужийг захирч байсан Шан Кэши, Фужянь мужийг захирч байсан Гэн Жонмин нарын урьдийн эдлэж байсан онцгой эрх мэдэл, цол чимэгийг хураан авч, тэдний оронд Найман хошууны захирагч нарыг томилон удирдах болсонд тэдгээр ноёд дургүйцэж, тэд нэгэн зэрэг бослого гарган тэмцлээ 8 жил үргэлжүүлсэн ба энэ нь тусгаар тогтнох гэхээсээ илүүтэй эрх ямбаны төлөөх тэмцэл байсан бөгөөд түүхэнд Гурван феодалын бослого гэгджээ.
Тухайн үеийн Хятадыг эрхшээж байсан Мин улс 1644 онд нуран унасан юм. Ингээд Мин гүрний язгууртан, сэхээтнүүд 1662 оноос эхлэн Тайваньд олноор дүрвэн ирэх болж Голландын колоничлогчдыг арлаас хөөн явуулснаар Тунгийн хаант улсыг байгуулж нийслэлээр өнөөгийн Тайванийн Тайнан хот болгожээ. Харамсалтай нь энэ улс удаан оршин тогтнож чадалгүй 1683 онд Манж Чин улсад эзлэгдсэн юм.