Jump to content

Мэлиг (Өгэдэйн хөвгүүн)

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Мэлиг (ханз: 蔑里, 滅里) бол Их Монгол Улсын Өгэдэй хааны татвар эм Эркинэгээс төрсөн отгон хөвгүүн, хиад боржигин овогтон. Өгэдэй хааны зургаадугаар хөвүүн Хадантай эх нэгтэй. Түүнийг бага ахуйд нь Өгэдэй хааны өргөөнд Данишмэнд Хажиб гэх хүн хүмүүжүүлсэн билээ.[1]

Мэлигийн шашин бол Ислам гэж тэмдэглэгджээ[2]

Түүний амьдралын тухай түүх намтар хомс, зөвхөн Судрын чуулган, Юань улсын судар зэрэг цөөн хэдэн сурвалжид зарим нэг мэдээлэл байдаг. Бага нялхаас нь Өгэдэй хааны ордод Данишмэнд Хажиб гэх исламын шашинт хүн хүмүүжүүлсэн билээ.[1] 1251 онд Тулуй ноёны ахмад хөвүүн Мөнхийг их хаанд өргөмжлөх хуралдайн үеэр Өгэдэйн ургийн Ширэмүн, Нагу, Хожа зэрэг хан хөвүүд, ноёдын бослого гаргахаар Хархорум руу зэвсэг ачсан тэрэгтэй ирж буйг зам зуурт нь илрүүлснээр уг бослогод оролцсон Өгэдэйн угсааны хан хөвүүд, ноёдыг цаазлаж, харин бослогод оролцоогүй хан хөвүүдийг ялаас чөлөөлж, газар нутаг зааж суулгасны дотор "Мэлигт Эрчис мөрний газар нутаг" ноогдсон.[3] Үүнээс хойш түүнтэй холбоотой мэдээ байдаггүй. Харин 1269-1301 оны хооронд оршсон Хайдугийн улсад Мэлиг ноёны угсааны ноёд захирагдаж яваад Хайду хан таалал төгссөний дараах Чапар, Урус нарын хан болохын төлөөх дотоодын дайнаас дайжиж, 1308 онд Мэлиг ноёны жич хөвүүн Түмэн ноён Юань улсад дагаар орсонд, Хүлэг хааны зарлигаар "Яньди ван (陽翟王) цол, алтан тамга" соёрхов.[4]

Судрын чуулганд бичснээр Мэлиг ноён "Түмэн, Туганбуха, Туганчар, Туган, Турчан, Хутлуг Токмыш"[1] гэсэн 6 хөвгүүдтэй гэсэн бол, Юань улсын сударт "Мэлиг нь Туху (脫忽)[5] гэдэг хөвүүнтэй, Тухугийн хөвүүн Абдулла, Абдуллагийн хөвүүн Түмэн, Түмэнгийн хөвүүн Хүчүн, Хүчүнгийн хөвүүн Тайпин, Тайпингийн хөвүүн Төмөрчи, Төмөрчигийн хөвүүн Ариунтөмөр, Худутөмөр нар болой"[6] гэжээ.

1361 онд Эрчис мөрний сав, Алтайн нуруу хавийн нутгийг захирсан Яньди ван Ариунтөмөр өөрийн цэргээ удирдан бослого гаргаж, Тогоонтөмөр хаанд элчээр илгээн хэлүүлсэн нь

"Өвөг дээдэс дэлхий дахиныг чамд тушаан өгсөн атал чи нэгэнт их хагасыг алджээ. Хэрвээ улсын эрдэнийг надад өгвөөс би өөрөө зүтгэсүгэй" хэмээсэнд Тогоонтөмөр хаан "Тэнгэрийн бошго чамд байх болбоос чи зүтгэсүгэй хэмээвээс зүтгэгтүн"[7] гэж хэлээд хариу элч явуулжээ.

Ингээд Цэргийн явдлын хүрээлэнгийн сайд Тожинтөмөрт түмэн цэргийг захируулан бослогыг даруулахаар илгээсэнд, Тожинтөмөр ялагдаж Шанду хот руу зугтжээ. Бас цэргийн явдлын хүрээлэнгийн сайд Лаожанд арван түмэн цэрэг захируулж, монгол руу илгээж, Ариунтөмөрийн цэргийг ялж бослогыг дарж, цаазаар авчээ. Ариунтөмөрийн дараа дүү Худутөмөрийг "янь ди ван"-гаар өргөмжилсөн.

  • Мэлиг ноён
    • Туху ноён
      • Абдулла ноён
  1. 1.0 1.1 1.2 Фазлуллах, Рашид ад-Дин (2002). Судрын чуулган. Vol. 2. Translated by Ц, Сүрэнхорлоо (2 ed.). Улаанбаатар. p. 14.
  2. 張黛玉佔裡先生
  3. "Юань улсын судар: 3-р дэвтэр - Мөнх хааны цадиг". zh.wikisource.org (хятад хэлээр). Татаж авсан: 2024-03-27.
  4. "Юань улсын судар: 22-р дэвтэр. Хүлэг хааны цадиг". zh.wikisource.org (хятад хэлээр). Татаж авсан: 2024-03-27.
  5. "Юань улсын судар: 107-р дэвтэр". zh.wikisource.org (хятад хэлээр). Татаж авсан: 2024-03-27.
  6. "Юань улсын судар: 206-р дэвтэр. Урвасан түшмэдийн шастир". zh.wikisource.org (хятад хэлээр). Татаж авсан: 2024-03-27.
  7. Их Юань хэмээх Их Монгол Улс. Улаанбаатар: Степпе паблишинг ХХК. 2019. p. 156.