Jump to content

Торгоны зам

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
(Торгон зам-с чиглүүлэгдэв)
Торгоны зам

Торгоны зам (монгол бичиг: [ᠲᠣᠷᠭᠠᠨ ᠵᠠᠮ Tôrgan Zam ] Error: {{Lang}}: text has italic markup (help); Англи: Silk Road, Хятад: 絲綢之路; пиньинь: Sīchóu zhī lù) гэдэг нь жин тээдэг замын сүлжээг нэрлэдэг бөгөөд түүний гол зам нь Газар дундын тэнгисээс төв азиар дамжин, зүүн азийг холбодог. 2000 гаруй жилийн өмнөөс ашиглаж байсан “Торгоны их зам” нь эртний Хятадын Хан улсын нийслэл Чанань (Иань) хотоос гараагаа эхэлж, Ганьсу муж, Синь цзя хотуудаар өртөөлөн Дундад Азийн улс орныг дамжин Энэтхэг, Перс, Араб, Газрын дундад тэнгис, Ром, Франц хүрдэг байжээ.

Чингис хаан “Их засаг” хуулинд “Монголын газар нутгаар дайран өнгөрч буй худалдааны жингийн цуваа нь дайсан орных байсан ч довтолж үл болно” хэмээн заасан байдаг ба тэдгээр худалдаачдыг орд өргөөгөөрөө дайруулан дэлхий дахинд болж буй бүхий л үйл явдлыг худалдаачдын ярианаас сонсож “мэдээлэл цуглуулдаг” байжээ.

Дэлхийн аль ч орны худалдаачдыг өөрийн нутгаар дайран өнгөрөхөд нь цэргээр хамгаалуулахаас гадна орд өргөөндөө урьж, худалдаалж буй бараа товарыг нь өндөр үнээр худалдан авах зэргээр тэднийг дэмждэг байв. Италийн аялагч Марко Поло энэхүү замаар аялаж Европчуудад Хятадын баялагийн талаар мэдээ хүргэжээ. Эзэнт гүрэн сулран доройтох хүртэл энэхүү замаар худалдаа наймаа хийдэг байсан байна. 1498 онд Васко да Гама Европоос Энэтхэг хүрэх далайн зам нээснээс хойш энэхүү Торгоны замын /хуурай газрын/ ач холбогдол эрс буурсан байна.

Торгоны зам нь НТӨ 115 оноос XIII зуун хүртэл хамгийн чухал худалдаа арилжааны зам байсан юм. Торгоны замаар зөвхөн худалдаачид, цэргүүд зорчиж байсангүй, харин бүхэл бүтэн соёл, нээлт, шашин шүтлэг зүүнээс баруун руу, баруунаас зүүн зүг рүү чиглэн “зорчиж“ байв.

Торгоны зам түүхийн урт хугацаанд “Тэмээн жингийн зам”, “Худалдааны их зам”, “Номингийн зам”, “Дармаа раднаа буюу Ном буян эрдэнийн зам” гэх мэтээр нэрлэгдсэн. Харин монголчууд өөрсдөө “Ариун мөргөлийн”, “хар элсний”, “түмэн уртын зам” хэмээн нэрлэж байсан түүхтэй.

1987 онд НҮБ-ын соёл боловсрол шинжлэх ухааны салбар байгууллага Юнеско Торгоны замын талаар иж бүрэн судалгаа хийх төсөл боловсруулжээ.

19-р зууны германы газарзүйч Фердинанд фон Рихтхофен өөрийн "China" (Хятад 1-р дэвтэр, 1877 он) хэмээх бүтээлдээ германaaр Seidenstrasse буюу "торгоны зам" хэмээх утгатай үгийг анх ашигласан байдаг боловч бүр түүнээс өмнө Византын эзэнт гүрний үед түүнтэй ижил нэршлийг хэрэглэж байжээ.

Торгоны замын чиглэл

Торгоны зам хэмээх нэрийг эхэн үед Дорнод Туркестан (одоогийн Хятадын Шинжаан Уйгурын өөртөө засах орон)-ыг зүүнээс баруун тийш огтолсон худалдааны зам хэмээх утгаар хэрэглэдэг байсан боловч хожмоо Хятадаас эхтэй олон улсын худалдааны замын ерөнхий нэр болон хувирсан байна.

 Commons: Торгоны зам – Викимедиа дуу дүрсний сан