Jump to content

Уруд

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
(Урууд-с чиглүүлэгдэв)

Уруд аймаг нь 11-р зуунд үүссэн Нирун Монголын угсааны аймаг бөгөөд Начин баатрын хөвүүн Урудайн нэрээр байгуулсан аймаг юм. Монгол хэлэнд Уруд, Урууд, Уругуд гэх мэтээр бага зэргийн ялгаатай бичих явдал тохиолддог. Хамаг Монголын ханлигийн зүүн хэсэгт, Татартай ойр нутаглаж байжээ. Чингис хааны их цэрэг байлдахад мангудын Хуйлдар, урудын Жүрчидэй ноён нар дайн тулалдаанд ямагт манлайд явж, олон удаа гавьяа байгуулдаг байсан учир Их Монгол Улсыг байгуулахад мянгатын ноён болж, 4000 өрх уруд аймгаа үе улиран залгамжилжээ. Алтан улсын хойд нутгийг байлдан эзлэж, жалайрын Мухулайд улсын ван цол соёрхохдоо Монголын зүүн талаар нутагтай жалайр, хонгирад, ихирэс, уруд, мангуд аймгийн цэргийг захируулж, Алтан улстай байлдах хэргийг даатгасан нь хожим Юань улсын үед "зүүн гарын таван түшээ аймаг" гэж алдаршин аймгийн эзэд нь жүн ван цол үе улиран хүртэж, Өгэдэй хааны үед Уруд аймагт 1236 онд Дэжоугийн (德州) 20,000 өрх айл, 1281 онд Хубилай хааны зарлигаар Ляньжоу чөлгөөний (連州路) 21000 өрхийг[1] тус тус дайнд байгуулсан гавьяаг нь үнэлж хишиг болгон өгсөн. Хойд хятад дахь Дэжоугийн газраас жил бүр 2948 жин торго даавуу, Ляньжоу чөлгөөнөөс жил бүр 840 ембүү мөнгө[1] гувчуур татаж байсан.

Юань Улс мөхсөний дараа Уруд аймгийн урьдын сүр хүч сураг алдарч, Даян хаан уругудын Оручи шигүши ноёны охин Жимсгэнийг бага хатан болгон авч, Гэрэболд, Гэрэсэнз нэртэй хоёр хөвүүн төрүүлсэн. Гэрэболдод Цахарын Найман[2], Аохан[2], Уруд отгийг хувь болгон өгснөөр Уруд тайж гэж түүхийн шастирт нэр тодорсон. Гэрэболдын дараа Уругуд отог баруун түмэнд шингэж, түүнээс хойш хэрхсэн нь тодорхойгүй.

  1. 1.0 1.1 "Юань улсын судар: 95-р дэвтэр-Идээ ундаа 3-р бүлэг (元史/卷095)". zh.wikisource.org (Хятад хэлээр). Татаж авсан: 2025-11-03.
  2. 2.0 2.1 ., Саган сэцэн (2006). Эрдэнийн товч. Улаанбаатар. х. 137. {{cite book}}: |last= has numeric name (help)CS1 maint: location missing publisher (link)


Stub icon

Энэ өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.