Эрчис мөрөн
Эрчис мөрөн | |
---|---|
Эх | Алтайн нуруу |
Адаг | Обь мөрөн |
Усаа цуглуулдаг орнууд | Оросын Холбооны Улс, Казахстан, Хятад, Монгол |
Урт | 4248 км |
Урсац | 2150 м³/с (Тобольск орчимд) |
Ус цуглуулах талбай | 1643000 км² |
Эрчис мөрөн (Орос: Иртыш; хас. Ertis / Ертiс; Татар кирилл: Иртеш, латин: İrteş ; Chinese: É'ěrqísī hé / 额尔齐斯河) нь Сибириэр урсдаг, Обь мөрний хамгийн том цутгал гол юм. Эрчис мөрөнд цутгадаг голуудаас хамгийн том нь Тобол гол болно. Обь-Эрчис нь Азидаа томоохонд орох ай савыг бүрдүүлдэг бөгөөд баруун Сибирь, Алтайн нурууны ихэнх хэсгийг хамардаг. Монголын нууц товчооны 198-р зүйлд "Найманы Хүчүлүг хан улсаа алдаад цөөн хүнтэй дутааж яваа мэргидийн Тогтоатай уулзаж, Эрчис мөрний Бүхдэрмэ гэдэг газар хамтран цэргээ засаж байжээ" гэж дурьдагдсан байдаг. Улмаар "Эрчлэх, эрчлэн урсах" гэсэн үгнээс Эрчис голын нэр үүсчээ.
Хар Эрчис
[засварлах | кодоор засварлах]Монгол, Хятадын хилээс эх авч Зайсан нуурт цутгадаг Эрчис голын хэсгийг Хар Эрчис гэдэг.
Газар зүй
[засварлах | кодоор засварлах]Хятадын Шинжааны нутагт, Монгол Алтайн нуруунаас эх авах Хар Эрчис баруун хойш урсан, Зайсан нуурыг өнгөрөөд баруун Сибирьт Ханты-Мансийскийн орчмоор Обь мөрөнд цутгахаасаа өмнө Ишим гол, Тобол голуудыг өөртөө нэгтгэн, нийт 4248 км замыг туулдаг.
Эдийн засгийн хэрэглээ
[засварлах | кодоор засварлах]Ачаа болон зорчигч тээврийн хөлөг онгоцнууд мөрний ус хөлдөөгүй байх 4-р сараас 10-р сард мөрнөөр сүлжилддэг. Оросын төрийн өмчит Эрчис Мөрний Тээвэр компанийн төв оффис байрлах Омск хот нь Баруун Сибирь дэх хамгийн том боомт юм. Казахстан-Хятадын хилийн орчимд байх Усть-Каменогорск, Бахтарминск дэх усан цахилгаан станцууд Эрчис мөрний усаар тэжээгддэг. Усть-Каменогорскийн усан цахилгаан станцын даланг гатлах хөлөг онгоцнууд дэлхийн хамгийн гүнзгий 42 метрийн гүнтэй локоор нэвтэрдэг[1].
1960, 70-аад онд "ашиггүйгээр" Хойд мөсөн далай руу урсан одож буй гол мөрдийн усыг "үр дүнтэй" ашиглахын тулд Дундад Ази руу урсгах төсөл Зөвлөлт Холбоот Улсад хэрэгжиж эхэлсэн бөгөөд үүнд Эрчис мөрний усыг Казахстан, Узбекистан руу урсгах төлөвлөгөө багтаж байлаа. Тэрхүү аварга төсөл хэрэгжээгүй ч Эрчис-Карагандын суваг (Орос: Канал Иртыш — Караганда) 1962 - 1974 онд татагдаж, Казахын хуурай тал хээрийг усаар тэтгэн, тус орны аж үйлдвэрийн төвүүдийн нэг Карагандад хүрэх болсон.
2000-аад онд Хятадын засгийн газар Хар Эрчис - Карамайг холбосон суваг татахаар ярьж эхэлсэн бөгөөд Казахстан, Оросын зүгээс эсэргүүцэлтэй тулгарч буй[2].
Түүх
[засварлах | кодоор засварлах]Эрчис мөрний сав газраар Монгол, Түрэг үндэстнүүд эрт дээр үеэс нутаглаж иржээ. 13-р зуунд Их Монгол Улсын бүрэлдэхүүнд байсан тус нутагт 15-16-р зуунд Татарын Сибирийн ханлиг оршин тогтнож байлаа. Гэвч 1580-аад онд оросууд Сибирийн ханлигийг мөхөөжээ. 17-р зуунд Ойрадуудын байгуулсан Зүүнгарын хаант улс Оросын өмнөд хөрш болж, Эрчис мөрний дээд биеийг захирч байв. Тэр үед Сибирьт Оросын хотууд олноор байгуулагдаж эхэлсэн бөгөөд 1716 онд Омск, 1718 онд Семипалатинск, 1720 онд Усть-Каменогорск, 1752 онд Петропавловск хотууд бий болжээ.
Манж Чин улс 1750-иад онд Зүүнгарын хаант улсыг эзлэн авч, улмаар Орос-Чингийн хил 19-р зуун гэхэд тогтсон юм.
Цахим холбоос
[засварлах | кодоор засварлах]Эшлэл
[засварлах | кодоор засварлах]- ↑ "Archive copy". Archived from the original on 2011-07-26. Татаж авсан: 2011-05-17.
{{cite web}}
: CS1 maint: archived copy as title (link) - ↑ KAZAKHSTAN: ENVIRONMENTALISTS SAY CHINA MISUSING CROSS-BORDER RIVERS. By Gulnoza Saidazimova, 7/16/2006.